мэдээ
О.Сийлэгмаа: Гэрээний үүргээ биелүүлбэл зээл нь тэтгэлэгт хөвөрч, эргэн төлөхгүй байх хувилбарыг журмын өөрчлөлтөд тусгана DNN.mn
МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 1 сарын 12
52
Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаатай ярилцлаа.
-Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэх асуудал сүүлийн үед яригдах боллоо. Ажлын хэсгээс ямар санал гарч байна вэ?
-2024 оны гуравдугаар сард батлагдсан Засгийн газрын 102 дугаар тогтоолын хэрэгжилтийг судлаад Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэлтийг хийхээр хоёр ч ажлын хэсэг байгуулагдсан. Яагаад гэвэл, уг тогтоолтой холбоотой өргөдөл, гомдлууд УИХ-ын гишүүдэд нэлээд ирж байгаа юм байна. Миний хувьд ажлаа хүлээж авснаас хойш дээрх 102 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад хүний эрхийн зөрчлөөс авахуулаад нэлээд кейсүүдтэй тулгарсан. Боловсролын зээлийн сангийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан УИХ дахь Байнгын хорооны ажлын хэсгийг О.Батнайрамдал гишүүн ахалж байгаа юм билээ. Мөн Боловсролын яаман дээр Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд сангийн зээл, тэтгэлэгтэй холбоотой журмын төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа.
Боловсролын зээлийн сангаас 2024 онд олгосон нийт санхүүжилтийн 86 хувь нь тэтгэлэг, харин зээл нь дөнгөж 14 хувьтай байна. Тодруулбал, дотооддоо 2801 суралцагчид 4.3 тэрбум төгрөгийн зээл өгсөн бол харин гадаадад 193 оюутанд 12 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосон байх жишээтэй. Нэг хүнд хүртэх боломж гэдэг утгаар нь харвал УИХ-ын гишүүд сая манайд ажиллахдаа цөөнгүй асуулт тавьж байсан. Өөрөөр хэлбэл, гадаадад бакалаврт суралцагчдад их зээл өгөх нь эргэж харах шаардлагатай тухай бас ярилцсан. Яагаад гэвэл, ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд дээд сургуульд орохдоо шууд хилийн дээс алхахаар олон асуудалтай тулгарч байна. Дээд сургуулийн орчны ойлголт, мэдлэг, хүрээлэлгүй болохоор сэтгэл зүйн хямралд орохоос эхлээд сурлагын амжилтад нь сөргөөр нөлөөлж байгаа. Эдгээр асуудлаас болоод санхүүжилтийг нь бууруулах, зогсоох гэх зэргээр мэдээлэл дутмаг, ойлголтын зөрүүгээс харилцааны хүндрэл буюу гэрээний үүргийн биелэлт хөндөгддөг. Нөгөө талд гадаадад суралцаж буй 190 оюутанд 12 тэрбум төгрөгийн зээл өгч байгаа хэрнээ дотоодын 2800 оюутан залууст дөрвөн тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа асуудал буюу санхүүжилт боловсролын хүртээмжтэй байх зарчмаар зорилтот эзэндээ яг очиж байгаа эсэхийг эргэж харах, судлах ёстой. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Байнгын хорооны гишүүдээс гаргаж байгаа бас нэг санал гэвэл, энэ зээлийг бакалаврт өгөхөө багасгая, ахисан түвшинд гадагшаа сурч буй суралцагчдад өгөх нь зөв юм байна гэж байсан. Хоёрдугаарт, шууд тэтгэлэг олгочихоор тухайн суралцагч төгссөнийхөө дараа гэрээний үүргээ биелүүлж буцаж эх орондоо ирж байна уу гэдгээс хариуцлагын асуудал бас хөндөгдөнө. Тиймээс тэтгэлгийг зээл болгох саналыг Байнгын хорооны гишүүд гаргаж байсан, бид ч бас журмандаа энэ асуудлаар тодорхой өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.
-Засгийн газрын тогтоолтой холбоотой хүний эрхийн зөрчлүүд, иргэдийн санал, гомдол ирж байна гэлээ. энэ нь ямар асуудлууд байна вэ. мөн тэтгэлэг авч яваад эх орондоо ирж ажиллахгүй бол тэрийг нь эргүүлэн төлдөг болгох журмын өөрчлөлт олон нийтийн бухимдлыг дэвэргэх янзтай байна шүү дээ?
-Боловсролын зээлийн сангийн одоогийн мөрдөгдөж байгаа журмын хүрээнд Засгийн газрын 102 дугаар тогтоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах санхүүжилтийг анх удаа бие даасан хөтөлбөрөөр тусгаж өгсөн. Гэвч 2024 онд төсөвгүй байсан учраас хоёр иргэн шалгаруулалтын хугацаанд материал ирүүлж гадаадад суралцаж байгаа бол дотоодод буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр хэрэгжсэн. Харин 2025 онд энэ хөтөлбөрт төсөв хуваарилагдсан тул мэдээллээ сайжруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ суралцагчийн сурч байгаа сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх, сурлагын хэсгээр 50 хувиар эрэмбэтэй байх зэрэг шалгуур ХБИ-ийн эрхийг хязгаарлаж болзошгүй заалтууд бий. Журамд нэг өрхийн гишүүн сурах ёстой гэсэн заалт байгаа нь нэг өрхийн тухай одоогийн зохицуулалтаар нэг хаяг дээр бүртгэлтэй хэд хэдэн өрхийн гишүүдээс нэг хүн л сангийн зээл, тэтгэлэгт хамрагдах болчихоод байгаа энэ заалтыг зөв тодорхойлох хэрэгцээ гарч байгаа гэх зэрэг журмын олон асуудал бий. Журмыг хэрэгжүүлэх явцад олон кейс амьдралаас урган гарч, цөөнгүй өргөдөл гомдлууд манай байгууллага дээр болон гишүүдэд ирсэн байгаа. Тиймээс ХЭҮК, ЕТГ, ЗГХЭГ, БЯ, сангийн албан хаагчид зэрэг олон талын оролцоотой ажлын хэсэг сайдын тушаал байгуулагдан журмын өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг өрх гэдэгт нэг хаяг дээр байгаа гурав, дөрвөн айл хамаардаг. Энэ дөрвөн айлын аль нэгийнх нь хүүхэд зээлээр сурчихаар бусад гурвынх нь хүүхдүүдийн боломж хаагдчихдаг байж болохгүй. Дараагийн журмын өөрчлөлттэй холбоотой асуудал гэвэл олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарласан буюу хэрэгжүүлэхээр зээл авах суралцагч цөөрч ОХЗийн төсөв татагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, яг адилхан нөхцөлтэй тэтгэлэг зээл гэсэн хоёр санхүүжилтээс иргэн тэтгэлгээ л сонгох нь мэдээж. Энэ нь нэг талаас гэрэээний үүргээ биелүүлэх буюу төгсөөд орон нутагт гурав, нийслэлд таван жил ажиллах гэсэн гэрээний үүргээ биелүүлээгүй бол сан яаж тэтгэлгээ төлүүлэх вэ, нөгөө талаас зээл авч Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр хариуцлагатай иргэнийг сургах боломж буюу зээлээр суралцах иргэд хумигдаж байна гэж харж байна. Учир нь Оюутны хөгжлийн зээл буюу дотоодод суралцагчид зээлээ 99 хувьтай төлж байхад тэтгэлгийн суралцагчид гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлдөггүй. Боловсролын зээлийн сангийн тэтгэлгийн санхүүжилтээр багш мэргэжлээр суралцаж төгссөн хүн сумандаа гурван жил ажиллаж байна уу гэдгийг судлаад үзэхэд биелэлт нь ердөө 40 хувьтай байна. Гэрээний үүргийн хэрэгжилтийн мэдээлэл танилцуулгын хүрээнд багтсан байсан тул мэдээлэл авсны дараа гишүүдийн зүгээс хариуцлагатай иргэн бэлдэхийн тулд энэ тэтгэлгийн зээл болгох санал мөн гарсан. Гэрээний үүргээ биелүүлбэл зээл нь тэтгэлэгт хөрвөх буюу зээл эргэн төлөхгүй байх боломжтой нөхцөлийг санал болгосон. Харин гэрээний үүргээ биелүүлэхгүй бол тэтгэлгийн зээл эргэн төлөгддөг байдлаар журамд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдсөн.
Гадаадад бакалаврын түвшинд суралцагчид ихэвчлэн 100-200 мянган ам.долларын зээл, тэтгэлгийн санхүүжилт авч байгаа нь 500 саяас нэг тэрбум давсан дүн. Гэтэл тухайн хүнийг тав, арван жилийн дотор зээлээ төл гэхээр иргэнд санхүүгийн дарамт болж зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүснэ. Тэр зээлдэгчийн хувьд гадаадад сурч ирээд Монголд ажиллах боломж нь ажилласан жилийн шалгуур, эсхүл бага цалин зэрэг нь хязгаарлагдмал. Иймээс энэ асуудлаар гадаадад сургууль төгсч ирээд Монголдоо ажилласан тохиолдолд ажилласан жилээс хамаарсан зээлийн эргэн төлөлтийн хөнгөлөлт тооцох боломжийг журамд тусгахаар ажиллаж байна. Жишээ нь, одоогийн суралцагчдыг эх орондоо нэг жил ажиллавал таван хувь, хоёр дахь жилдээ бол 10 хувь гэх мэтээр хөнгөлөлтийн асуудлаар буцаж ирж ажиллах боломжийг бүрдүүлэх журмын өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна.
Дараагийн бас нэг тулгамдсан асуудал гэвэл гадаад бакалавр, магистрт суралцагчид амжилттай суралцаж байж дараагийн улирлын санхүүжилтээ авах ёстой. Гэтэл дүнгийн мэдээллээ ирүүлэхгүйгээр мөнгө л авч байх ойлголттой хилийн дээс алхчихсан хүмүүс олон байна. Сурлагын дүн нэхэмжлэлээ ирүүлэхгүй хэрнээ мөнгөө нэхдэг. Бид тэдэнд сургалтын зээл, тэтгэлгийг нь өгөхийн тулд журамласан шалгуур болох өмнөх санхүүжилтээр судалсан хичээлийн дүнгийн мэдээлэл шаардана. Энэ тохиолдолд материал бүрэн ирүүлээгүй санхүүжилтээ авахаар шаардаж буй иргэн сангийн албан хаагчдын хооронд харилцааны хүндрэлүүд үүсч багаа юм. Хилийн дээс алхчихсан бакалаврын түвшний суралцагчид сурч байгаа сургуулиасаа нэхэмжлэхээ ч авч чадахгүй, дүнгээ ч явуулж мэдэхгүй байна. Сан материалаа ирүүлээгүй хүнд мөнгө өгөх боломжгүй. Гэтэл суралцагчдын эцэг, эх хүүхдийнхээ үүргээ биелүүлж материал ирүүлээгүйг мэдсээр байж сайд дарга нарт алтан хошуу хүргэж, энэ иргэний зөрүүтэй(өөрсдийгөө зөвтгөсөн, буруу мэдээлэл) мэдээллээр дээд шатны байгууллагад хандсаны улмаас шат шатны удирдлагатай тухай бүр тайлбарлахад хугацаа орох, харилцан ойлголцоход зарим тохиолдолд амаргүй байна. Иймэрхүү дарамт, шахалтууд надад ч, сангийн албан хаагчдад ажлын хүндрэл болж, хүний нөөцийн хөдөлгөөний бас нэг том шалтгаан болж ажил удаашрах, саатах нөхцөл бүрдэж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд гадагшаа бакалаврын түвшинд суралцах нь сангийн санхүүжилтэд ч багагүй дарамт буюу олон хүнд санхүүжилтээ хүртээж чадахгүй болно. Ер нь нэг, хоёрдугаар курстээ Монголдоо дээд боловсролоо эзэмшээд, магадгүй 2+2 хөтөлбөрт хамрагдаж гадагшаа сурвал илүү бие даах чадвар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихсон байх тул сурлагын амжилт, санхүүжилтийн хувьд ч эргэн төлөхөд хүндрэл бага байх боломжтой гэж харж байна.
-Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцагчид заавал монголдоо ирж ажиллахаас өөр гарцгүй болж байгаа юм байна. Тэгэхээр гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс монголд ийм бага цалингаар яаж зээлээ төлөх юм бэ. Тэр их хэмжээний мөнгийг цалингаасаа илүүчлэх цуглуулах боломжгүй. гадаадад сурч төгсөөд тэндээ ажиллаад зээлээ төлж болохгүй юу?
-Бид хөнгөлөлттэй нөхцөлөөр хүнээ сургасны хэрэггүй болчихож байгаа юм. Уг нь гадаадад сургууль төгсгөсөн залуусаа эх орондоо буцаж ирүүлж эзэмшсэн мэргэжлийнх нь мэдлэг чадварыг ашиглах зорилгоор тэдний боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Өөрөөр хэлбэл, арилжааны зээлтэй харьцуулахад хүү байхгүй, төгсөж ирснээсээ хойш графикийн дагуу эргэн төлөлтөө хийгээд явна. Оюутны хөгжлийн зээлээр дотоодод төгсөгчид 4-6 жилийн дотор, гадаадад төгсөгчид 2-10 жилийн хугацаанд зээл төлөх зохицуулалтай. Тэгэхээр гадаадад ажиллаад байх юм бол хөнгөлөлттэй нөхцөлөөр хүнээ бэлдэж авах бидний зорилго маань биелэхгүй болчих гээд байна. Иймд тухайн төгсөгч эх орондоо ажилласан жилээс нь хамаараад зээлээс нь хөнгөлөх саналыг журамдаа тусгаж байгаа.
-Хэлний бэлтгэлд тэтгэлэг өгч байгаа бил үү?
-БЗС дээд боловсролын санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх буюу бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрийн ангид суралцаж байгаа хүмүүст зээл олгогдох ёстой. Гэтэл 2022 оноос өмнө үүнийг зөрчөөд хэлний бэлтгэлд явчихсан зөрчил бий. Гэтэл Ерөнхийлөгчийн илгээлт хөтөлбөрөөр бүр 2-3 жил хэлний бэлтгэлд суралцсан кейс байна. Энэ нь Үндэсний аудитын газрын дүгнэлтэд ч зөрчлөөр туссан баримттай. Яг одоо 2022 оноос хэрэгжиж ирсэн Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн дотоодын хэлний бэлтгэлд тэтгэлэг өгөх зохицуулалтай буюу сум, хороо болгоноос шалгарсан хүүхдүүд Монголд зургаан сар хэлний бэлтгэлд суугаад гадагшаа сургуульд явна. Дотооддоо хэлний бэлтгэлд сургахын давуу тал олон, хөрөнгө мөнгө, цаг хугацаа ч хэмнэнэ. 2024 оноос бас нэг хэлний бэлтгэлийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар Засгийн газрын 102 дугаар тогтоол дээр заагаад өгчихсөн байна. Төрийн албан хаагчийг магистр, докторын түвшинд сургах бол магистрын өмнөх хэлний бэлтгэлд хамруулна гэж. Үүнийг бид 2025 оноос хэрэгжүүлнэ, учир нь төрийн албан хаагчаа тухайн байгууллага дотооддоо шалгаруулж, захиалгаа санд ирүүлэх журмын зохицуулалттай учраас өнгөрсөн онд хэрэгжүүлээгүй.
Энэ тал дээр эрх зүйн зохицуулалтын зөрчил байна уу гэж, Боловсролын зээлийн сан дээд боловсролыг санхүүжүүлэх ёстой ч хэлний бэлтгэл сургах нь дээд боловсролын санхүүжилт мөн үү гэдэг асуулт гарч байгаа гэх мэт олон асуудлаар бид журмын шинэчлэл хийж байгаа.
-Цаашид Боловсролын сангаас бакалаврт олгох тэтгэлгийг шууд зогоох юм уу?
-Үгүй дээ. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 бол 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан зургаан жил хэрэгжих хөтөлбөр. Ер нь хэлний бэлтгэлийн чанарыг сайжруулж байж, гадны бакалаврын сургалт авч чадахуйц болсон хойноо тэтгэлэгт хамрагдах нь зохистой гэсэн зарчмыг цаашид баримтлах нь иргэний хилийн дээс алхаад чанартай суралцах туршлага бүхий боломж болон төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалт болох юм гэдэг санаа юм.
-Тэгвэл олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид харьцангуй хэлний чадвар сайтай байдаг шүү дээ. Тэд бакалаврын түвшинд гадагшаа явж суръя гэвэл Боловсролын сангийн тэтгэлэг үйлчлэхгүй гэсэн үг үү. Энэ чинь үндсэн хуулиар олгосон хүний сурч боловсрох эрхийг боомилж, ялгаварласан асуудал болохгүй юу?
-Одоогоор Ерөнхийлөгчийн илгээлтээр бакалаврт сурах хүүхдүүдийн хэлний бэлтгэл болон гадаад тэтгэлгийн асуудал нь зөвхөн харьяа дүүрэгтээ сурсан төгсөгчдөд хамаатай. Кембрижийн болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудад суралцагчид ихэвчлэн харьяаллын бус байдаг. Тэдгээр хүүхдүүдийн хувьд дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад нь зээлийн хөтөлбөр хэвээр байгаа. Оролцох боломж нь нээлттэй.
-Ингэхэд Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлэгт хамрагдагсдад ямар шалгуур тавьж байгаа билээ?
-Дотоодод зөвхөн сургууль, хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн болон үргэлжлүүлэн суралцагч бол голч дүн 2.8-аас дээш байх гэсэн ерөнхий шалгууртай. Гадаадын суралцагчдын хувьд ерөнхийдөө дараахь шалгуур байна. Энд Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцагчид хэлний бэлтгэлээ амжилттай дүүргээд дэлхийн шилдэг Их, дээд сургуулиудаас урилга авсан байх, хэлний оноо тодорхой босготой. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдаагүй, Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид гадаадад болон дотоодод төгссөнөөс үл хамааран сонгон шалгаруулалтад орох боломжтой. Тэр нь дэлхийн шилдэг их сургуулиудын топ 50-иас үндсэн ангийн урилга авсан байх шаардлагатай. Дэлхийн шилдэг дээд сургуулиудад тэнцсэн бол хаана байгаагаасаа үл хамааран сонгон шалгаруулалтад оролцох боломжийг журмын өөрчлөлтдөө тусгахаар ажиллаж байна. Тухайн суралцагч дэлхийн хаанаас ч манай программ руу материалаа илгээж болно гэсэн үг.
-Зээлээ төлөөгүй төгсөгчдийн мэдээлэл И-Монголиагаар ирдэг болсон байна лээ. зээлийн хугацаа хэтэрсэн хүмүүсийг монголбанкны хар жагсаалтад оруулж байгаа юу?
-1992-2016 он хүртэлх хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн хүмүүсээс зээлээ төлөөгүй 12 мянга гаруй хүн бий. Тэд 100 мянга, дээд тал нь хоёр сая төгрөгийн зээлийн өртэй. Тиймээс тэднийг “Зээлээ төлж дипломоо авах шаардлагатай тухай 2024 оны 9 дүгээр сард Сангийн сайтад, 2022 оны 11 дүгээр сард цахим шуудангаар мэдээлэл хүргэсэн. Учир нь сан Монголбанк руу зээлдэгчийн мэдээллийг нийлүүлэх ажил хийгдэж байгаа тул урьдчилан мэдээлэл хүргэж байгаа ажил. Гадаадад суралцаж төгссөн хүмүүсийн мэдээллийг бас л зээлийн мэдээллийн санд нийлүүлэх бэлтгэл ажил бас адилхан хийгдэж байна. (тухайн зээлдэгчийн регистрийн дугаар, зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь зөв бэлдэх) Энд 1997-2020 онд элсэн гадаадад суралцагсад зээлээ төлөөгүй бол тэдгээр иргэдийн мэдээллийг төв банк руу нийлүүлэх бэлтгэл ажил хийж байна. 2016 оноос хойш зээл авсан суралцагчийн мэдээлэл анхнаасаа системээр бүртгэлтэй олгогдсон тул Монголбанк руу тухай бүр нийлүүлээд явчихсан. Дотоодын зээлүүд нэлээд төлөгдөөд байгаа ч зээлийн эргэн төлөлт бага дүнтэй тул төсөвт туссан жил бүрийн 30 тэрбумын төлөвлөлт хэрэгжсэн удаагүй. Харин гадаадад суралцагчдын зээл өндөр дүнтэй тул нэг хүний эргэн төлөлт хийхэд хагас тэрбумаар зээлийн эргэн төлөлт өссөн дүнтэй. Ийм өндөр дүнтэй зээлийг гэрээний үүргийн дагуу төл гэсэн шаардлага тавихаар бидэнд ирэх шахалт, дарамт үнэхээр ширүүн байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагчид хэн нэгний үгийн бай, лайвны үзүүр болохыг хүсэхгүй байна. Иймээс сангийн гадаад зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд хуулийн баг ажиллуулах боломжоор хангах нь зүйтэй гэж харж байна. Мөн сан зээлийн эргэн төлөлтөөр өөрийгөө санхүүжүүлэх боломжийг тусгасан эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна.
М.Мөнхцэцэг
ЦЕГ: Найз охиноо удаа дараа зодсон иргэн Ж-г баривчилж, шалгаж байна DNN.mn
Цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Манай дүүг найз залуу нь зодсон байна” гэх дуудлага мэдээлл...
5 цагийн дараа
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Төрийн ордонд болж байна DNN.mn
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл д...
35 минутын дараа
Нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлдэг DNN.mn
Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж...
29 минутын дараа
Инфляци 9 хувьд хүрчээ DNN.mn
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин 9 хувьтай гарч, өмнөх сараас 1.2 хувиар өслөө. Улсын инфляцад бензин, түлшнэ...
28 минутын өмнө
М.Наранбаатар: Киног маань үзээд гарч ирж буй эмэгтэйчүүд нүдэндээ нулимстай, эрчүүд сэтгэлдээ огшилтой байна DNN.mn
Шинэ он гарсаар кино театруудын дэлгэцнээ цацагдсан анхны кино болох “В1 давхар” УСК-ны ерөнхий найруулагч М.Наранбаатартай ярилцлаа...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд