Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Муу Шар аа…

trend

Админ

img

2025 оны 4 сарын 29

img

56

news-img

Одоогоос олон жилийн өмнө анх Увс аймагт хөл тавьж байсан маань санаанаас гардаггүй юм. Бөхмөрөн гэж жижигхэн сумын нутаг руу гүн шөнөөр явж орсон. Гэрэл цахилгаан байхгүй, тас харанхуй суурин… Тухайн үед Тувачууд шөнөөр хил давж орж ирээд, буу шийдмээр айлган, мал хуйг нь дээрэмдэн одсон хэрэг гарч байсан болохоор дотроо жихүүдэстэй л явсан. Монголын хязгаар нутгийн сумд нэгдсэн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй үе байсан болохоор шөнө орой ийн таг харанхуй байдаг байв. Одоо бол залуучуудын ой тойнд ийм байдал буухгүй л дээ.

Сумын төвд айлд хоноод, өглөө эртлэн босож дахиад цаашаа хөдөө явлаа. Төд удалгүй “Үүрэг” хэмээх алдарт нуурын эрэгт, хэдхэн хоногийн өмнө хоёр хүүхэд морьтой юутайгаа живчихсэн эмгэнэлт хэрэг явдлын халуун мөрөн дээр зогсож байлаа.

Үүрэг нуур бол баруун Монголын Алтайн нурууны салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох битүү хотгорт тогтсон, гадагшаа урсгалгүй гүн хөх нуур. Дотогшоо юу эсийг тээн буй нь үл мэдэгдэх эл нууранд харамсалтайгаар үйн одсон тэр хүүхдүүд 17-18 насны залуус байсан юм. Намар хот руу сургуульд явах гэж байсан, нуурын эрэгт болзож байгаад харамсалтайгаар тийн амиа алдсан гэхээс өөр мэдээлэл үгүй.

Нуурын эрэгт тусгайлан анхааруулсан ямар нэгэн тэмдэгт самбар юу ч байгаагүй. Тэдэн метрээс илүү ойртож болохгүй ч юм уу, уг нуурын хөлтэй эсэх, хүн мал орж болох эсэх гэх мэт ямар нэгэн мэдээлэл, сэрэмжлүүлэг хайгаад олоогүй. Одоо эрхбиш байгаа биз ээ.

Нууранд болсон гунигт явдлаас холдон, харгана бутаргана дундуур хад чулуу үсэргэн давхисаар нэгэн айлд хүрч очив. Тэндхийн бүх юм надад цоо шинэ. Үнэндээ үг яриаг нь ч ойлгох гэж маш их хөдөлмөр зарж байснаас гадна, орчуулагч шаардагдаж байсан гэвэл хэтрүүлэгтэй санагдах байх. Гэвч энэ бүхэн үнэн юм шүү.

Цай уухаас баахан залхаж байсан ч аягаа тавихаар л асуух ч үгүй дүүргэчихээд болохгүй болохоор нь сүүлдээ гадаа гараад зогсоно. Зан заншил, ахуй соёл нь манай нутгаас тэс өөр орчин болохоор хэрхэх учраа сайн олохгүй явсаар л буцсан юмдаг. Очсон эхний өдөр болсон явдал. Гэрийн хаяанд тарвага өвчиж байсан эр гэнэт “Муу Шар”-аа гээд хамаг байдгаараа хашхиран дуудлаа. Би ямар ч эргэлзээгүйгээр гэрийн эзнийг нохойгоо дуудаж байна л гэж бодсон. Гэтэл биедээ ямар ч хувцасгүй, нүүр ам нь халтартсан, гурав орчим насны нүцгэн шар хүүхэд гүйгээд ороод ирлээ. Нүдээ томруулан харах надад зориулан мөнөөх эр “Манай энэний дээр таван хүүхэд гараад хүн болоогүй юм. Энэ яахыг тэнгэр л мэдэх байх” гэж хэлэв. Юу гэсэн ч үг юм…Миний сэтгэл өөрийн эрхгүй хачин болсон. Хүүхдийн тухай, хүний тухай ярьж байгаа шинж огт алга. Яаж ийм байж чадаж байна вэ…Хүүхдээ яагаад нохой шиг ингэж дуудна вэ. 21 дүгээр зуун гарчихаад явж байна шүү дээ…гэх зэрэг үй олон хачирхалтай асуултад ээрэгдсээр машиндаа суун хөдлөхөд “Муу Шар” жижигхэн шар нүдээрээ цоо ширтсээр үлдсэн.

Энэ явдал миний санаанаас ер гардаггүй юм. Хүүхдээ хурганаас дор үздэг нүүдэлчдийн энэ хачирхалтай сэтгэлгээ одоо хүртэл бидний амьдралаас бүрмөсөн салаагүй л байгаа гэж боддог. Хэзээнээсээ манайхан хүүхдийн асуудлыг төрсөн цагаас нь авахуулаад дур мэдэн шийдэж ирсэн заншилтай. Ээж нь дураараа өөрөөрөө овоглоно, эмээ өвөө нь зоргоороо хүнд өргүүлээд явуулчихна…сургуульд сургах эсэх зэргийг асуух ч үгүй шийднэ…гэх мэт ой тойнд багтамгүй хэрэг явдлууд тоо томшгүй олон. Эмэгтэй нь сургууль соёлын мөр хөөнө биз, эрэгтэй нь малаа дагаг гэх мэтээр л хүүхдийн хувь заяаг шийдвэрлэх энүүхэнд байв.

Өнөөдөр ч морин дээр хөлийг нь холбоод мордуулчихдаг тухай бид ярьсаар л байгаа шүү дээ.

Хүүхдийн эрхийн тухайн конвенцод хүүхэд гэж хэнийг хэлэх, тэд ямар эрх эдлэх, тэдгээр эрхийг хэрэгжүүлэхэд Төр ямар үүрэгтэй болохыг маш нарийн заасан байдаг. Хүүхдийн бүх эрх хоорондоо салшгүй холбоотой, бүгд эн тэнцүү ач холбогдолтой, тэдгээрийг хүүхдээс булаан авах эрх хэнд ч байхгүй. Гэтэл бид амьд явах, эрүүл саруул өсөх эрхэд нь өөрсдийн гараар халдсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Налайх тосгонд иргэн Э.Мөнхнасангийн хүү машинд дайруулан гэмтэж, эмнэлэгт бие нь тун тааруу эмчлүүлж байна. Зөвхөн энэ хүүгийн ангиас гэхэд гурвын гурван хүүхэд Налайхын зам дээр машинд дайруулж гэмтсэн байгаа юм. Нэг нь бүр эмээтэйгээ хамт хоёулаа зам гарч яваад машинд дайруулж хүнд гэмтсэн. Яахаараа гэгээн цагаан өдрөөр хүүхдүүдээ машинаар дайрах гэмт хэрэг зогсохгүй гарсаар байна вэ. Хүүгийн аав Э.Мөнхнасан хэргийн газрын бичлэгийг ч үзэж чадахгүй зүрх шимширч байна хэмээн уйлан хайлан ярьж байна. Төр засаг минь Налайхын зам дээр хүүхдүүд осолддог энэ явдлыг таслан зогсоож өгөөч… хэмээн эцэг эхчүүд арга тасран гуйж байна.

2025 он гарсаар эхний гурван сарын байдлаарх статистикийг хараад юу хэлэхээ мэдэхээ байв. Зөвхөн хүүхэд өртсөн зам тээврийн осол 183 бүртгэгдэж, тэднээс 11 хүүхэд нь амь насаа алдчихаад байна шүү дээ. 11 бяцхан зүрх зөвхөн зам тээврийн ослоос болон зогсож, энэ хорвоогийн амьдралыг томчуудын харгислалаас болж орхин одчихоод байна. Монгол дайн тулаангүй орон шүү дээ. Гэтэл…

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд ямар аймшигтай хэргүүд гарав. Төв аймгийн Жаргалант суманд хүүхдүүд гэртэйгээ шатсан эмгэнэлт хэргийн талаар өнөөдөр бид харуусан, харуусан ярьцгааж байна. Яаж ч бодоод Лениний төрсөн өдрөөр коммунист суботник зарлаж байдаг сумын засаг дарга одоо цагт байна гэхэд ойд буумгүй. Гэхдээ байна… Бид бүгдээрээ харлаа. Ингэхэд өөрсдөө тэр өнгөрсөн нийгэмд нэг өдөр ч амьдарч үзээгүй байж яахаараа ийм галзуу гэмээр үйлдлүүдийг хийгээд байдаг юм бол.

Өнөөдөр хүүхдүүдийг битгий хэл хуулиар шийтгүүлсэн ялтнуудыг ч хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр дайчлан ажиллуулах асуудал байхгүй болсон.

Энэхүү эмгэнэлт үйл явдал Төв аймгийн Жаргалант суманд болсон бөгөөд сумын Засаг даргын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээ зарласан байжээ. Нийтийн тэрхүү цэвэрлэгээнд дөрвөн хүүхэдтэй цэцэрлэгийн багш дайчлагдсан бөгөөд бага насны дүү нараа харж байсан зургадугаар ангийн охиныг нь ч мөн сургуулиас нь цэвэрлэгээнд дуудсан байна. Охин гэртээ дүү нараа цоожлон үлдээгээд сургууль руугаа явсан үеэр гал гарсан бөгөөд галын аюулыг зогсоох машин техник юу ч хэргийн үеэр очоогүй. Ийм л харамсалтай явдал гараад байна. Дэндүү харуусалтай явдал учраас нийгэм даяараа тэр сумын Засаг даргыг буруутган шүүмжилж байгаа юм. Шүүмжлэх ч ёстой. Хэрэв хэвлэл мэдээлэл эрх чөлөөгөө олж, нээлттэй хөгжөөгүй байсан бол энэ мэт хэрэг явдлуудын дийлэнхийг ард иргэд мэдэхгүй өнгөрдөг байсан гээд бод. Одоо хажуугаар нь нийгмийн сүлжээ гэх том хяналт зэрэгцэн орших болсон. Үүний ачаар нийгмийн хяналт илүү хурц, илүү мэдрэг болсон.

Ийм эмгэнэлт явдал гарчихаад байхад хамгийн хачирхалтай нь хүүхдийн байгууллагууд таг чиг. “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар” гээчийн байр суурь, дуу хоолойг бид лав олж харсангүй.

Хүүхдүүдээ ингэж зүй бусаар алдсаар байхад хүүхдийн нэрээр овоглож, томчууд даргаар нь залардаг хэдэн арван байгууллага байгаад ч яах юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд маань ч бусадтайгаа яг адилхан нэр төртэй амьдралын сайн сайхныг эдлэх боломж өнөөдөр манай улсад байхгүйтэй адилхан байна. Энэ бол тусдаа сэдэв.

Өнгөрсөн онд зөвхөн зам, тээврийн ослоор 69 хүүхэд энджээ. Энэ хэвийн зүйл гэж үү ?

Энэ улсад хүүхдийн амьд явах эрх ийм эмзэг түвшинд оршсон хэвээр л байх уу ?

Намрын тод улаан наран доогуур жижигхэн шар нүдээ анивчсаар намайг ширтэж зогссон Муу Шар одоо байгаа болов уу… Яагаад ч юм би ингэж эргэлзэнгүй боддог. Сархад уун хөлчүүрхсэн эцгийнх нь паргиа хоолойгоор яг нохойгоо дуудаж байгаа юм шиг Муу Шараа… хэмээн хашхирч байсан дуу одоо ч чихэнд минь сонсогддог учраас тэр…

Аймшигтай бүдүүлэг аашилж байна гэдгээ тэр эр даанч нэг ажрахгүй сууж билээ…Ай хөөрхий гэж…

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан...

img

8 цагийн дараа

Уул уурхайн салбарт “Улсын баатар” цол өгье

Хорин есөн жилийн өмнө буюу 1996 онд Засгийн газрын жилийн төсөв 270 тэрбум төгрөг байж. Гэтэл өнгөрсөн онд төсөв 27 их наяд хүрлээ ...

img

7 цагийн дараа

НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эх...

img

7 цагийн дараа

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үнд...

img

7 цагийн дараа

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажил...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд