мэдээ
Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 4 сарын 29

46

Ардчилсан намын бүлгийн хурлаар Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуй гэсэн шаардлага гаргасан. Энэ талаар Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханаас тодрууллаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн гишүүн Ж.Баярмаатай чуулганы хуралдаан дээр зүй бус харьцсан гэж танай намын бүлэг дээр хэлэлцсэн юм байна. Бүлгийн хурлаар хэлэлцээд ямар шийдэлд хүрсэн бэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн баасан гаригийн хуралдааны үеэр хэлсэн үг нь зөвхөн Ж.Баярмаа гишүүнтэй холбоотой асуудал биш юм. Энэ бол бүхэлдээ УИХ-ыг үл хүндэтгэсэн, түүний гишүүний Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг үгүйсгэсэн, ард түмний элч, төлөөлөгч гэдэг агуулгыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэлбэр.
Манай намын бүлэг УИХ-ыг үл хүндэтгэсэн, Засгийн газар нь УИХ-ын өмнө ажлаа тайлагнаж, хариуцлага хүлээнэ гэдэг Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Цаашид УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах, парламентат ёсыг сэргээн тогтоохын тулд АН-ын бүлгийн гишүүд санаачилгатай ажиллаж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах хуулийг АН-ын бүлгийн бүх гишүүд гарын үсэг зурж дэмжсэн. Тиймээс уг хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Энэ бол маш чухал асуудал. Мөн Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы танхимд өөрийн биеэр Монголын ард түмэн, УИХ, Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх шаардлага тавьсан.
-Танай намын бүлгээс гаргасан шаардлагад Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэсэн байсан. Гэвч үүнийг хүмүүс хоёр талтай хүлээн авч байна. Улсын ажил явах ёстой гэж байна шүү дээ. Тиймээс шаардлагадаа арай өөр зүйл тусгаж болоогүй юу. Яагаад заавал ингэж шийдсэн юм бэ?
Улсын ажил явах ёстой. Гэхдээ улсын ажил зөв явахын тулд УИХ, Засгийн газар өөр, өөрийн байх ёстой зарчим, байр суурь дээрээ байх ёстой. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Ерөнхий сайд нь, Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүдийг загнаж зандардаг, янз бүрийн үгээр дайрч доромжилдог байж таарахгүй. Байдал ийм байгаа учраас иргэд, олон нийт УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс болчихлоо гэж шүүмжилж байна. Улсын ажил явах ёстой, гэхдээ бас зөв явах ёстой гэдгийг дахин хэлье. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний төлөөлөл. Энэ зарчим алдагдвал бүх зүйл буруу тийшээ явна, хэлж засах хүн байхгүй болно.
-Энэ асуудлаар танай намын бүлгийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандах уу?
Үндсэн хуулийн Цэцэд хандах асуудлыг энэ удаагийн бүлгийн хурлаар яриагүй. Хэрэв Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Цэцэд хандах эрх нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаад ч, иргэдэд ч бий.
-УИХ-ын даргыг ийм нөхцөлд парламентын гишүүнээ хамгаалж чадаагүй гэж буруутгах хүмүүс ч байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?
УИХ-ын дарга бол УИХ-ын чуулганы дэгийг сахиулах хуулиар хүлээсэн үүрэгтэй албан тушаал. Д.Амарбаясгалан дарга УИХ-ын гишүүний бүрэн эрхийг үгүйсгэж байхад тухайн үед нь таслан зогсоогоогүй эс үйлдлээрээ өөгшүүлсэн явдал гэж харж байгаа. Өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрт мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдыг уучлалт гуйх асуудлыг зохион байгуулах ёстой гэж тусгасан.
-Ардчилсан намын гишүүд дэмжигчдээс та бүхнийг хамтарсан засгаас гар гэсэн шахалт ирж байгаа гэдэг үнэн үү. Ер нь АН одоо засгаас гарах нь зөв үү?
-Би тойргоос сонгогдсон гишүүний хувьд орон нутагтаа ажиллаад ирлээ. Зөвхөн Ардчилсан намын гишүүд ч биш, сонгогчид ч энэ асуудлыг хөндөж, шүүмжилж байна. Хамтарсан засаг байгуулагдах үед олон жил улстөржиж гацсан асуудлууд шийдэгдэж, эдийн засаг сэргэх юм байна гэсэн хүлээлт өндөр байсан. Харамсалтай нь өнөөг хүртэл бодит үр дүн муу байна. Цаашид хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх шаардлагатай.
Т.ДАРХАН





“Шинэ Мөрөн” төвийн худалдаачдын 5.2 тэрбум төгрөгийн хохирлыг УОК-оос гаргана
Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төвд энэ сарын 15-нд гал гарсан. Тус төвд лангуу түрээслэн ажиллаж байсан иргэд олон сая төгрө...
8 цагийн дараа
Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан...
7 цагийн дараа
Уул уурхайн салбарт “Улсын баатар” цол өгье
Хорин есөн жилийн өмнө буюу 1996 онд Засгийн газрын жилийн төсөв 270 тэрбум төгрөг байж. Гэтэл өнгөрсөн онд төсөв 27 их наяд хүрлээ ...
7 цагийн дараа
НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эх...
7 цагийн дараа
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочлов
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үнд...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд