мэдээ
НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ

Админ
2025 оны 4 сарын 29

25

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа даргалсан.
Энэ өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.
Нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129-131 дүгээр зүйлийг баримтлан Нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сонсголыг даргалж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Х.Болормаа, Х.Булгантуяа, Д.Ганмаа, М.Ганхүлэг, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ж.Чинбүрэн, Б.Энхнасан, С.Эрдэнэбат нар оролцсоныг дурдлаа.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч Баяраагийн Рагчааг Улсын Их Хуралд санал болгосон. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.8 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Хоролсүрэнг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 саналаар томилсон. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг, ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд нэр дэвшигч Б.Рагчааг мэргэшлийн хувьд шалгуур хангахгүй ч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шалгуур хангаж байгаа талаарх дүгнэлтээ сонсголд танилцуулсан. Нэр дэвшигчийн танилцуулга, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан сонсголд оролцсон гишүүд болон урьдчилан асуулт асууж, үг хэлэхээр бүртгүүлсэн иргэдийн төлөөлөл асуулт асууж, хариулт авсныг тайлангийн танилцуулгад дурдсан байв.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшигч Б.Рагчааг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн дэмжсэнийг А.Ариунзаяа гишүүн танилцуулгадаа онцоллоо.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен асуулт асуув. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь уг салбарын тулгамдсан асуудал болсныг онцлоод тус зөвлөлөөс гаргасан шийдвэрээр нийслэл, аймаг, дүүргийн томоохон нэгдсэн эмнэлгүүдийн санхүүжилтийн 30-40, хувийн эмнэлгүүдийнхийг 40-50 хувийг хассанаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ цалгардах нөхцөл байдал үүссэнийг дурдав. Иймд зөвлөлийн гишүүнээр томилогдвол иргэд, даатгуулагчийн эрхийг хамгаалахад хэрхэн анхаарч ажиллахыг тодруулсан. Нэр дэвшигч Б.Рагчаа, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилогдсон нөхцөлд эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарч буй асуудалд онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн нэн тэргүүнд хөндөж тавих нэлээдгүй асуудал байна хэмээн хариулсан.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан нэр дэвшигчийг томилох саналыг дэмжиж, итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс оношийн төрлөөс хамааруулан эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгож буй асуудлаар өөр өөр шатлалын эмнэлгийнхэнтэй уулзахад, олон талын саналыг хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээс оношийн төрлөөс хамааруулан зарим өвчний тусламж, үйлчилгээнд үзүүлэх зардал хасагдсан. Энэ нь эмнэлгийн байгууллагууд зардалдаа тааруулан тухайн өвчнөөр өвдсөн хүнийг хүлээн авахгүй эсвэл цалингийн төсөв нь хүрэхгүй болсон тул даатгалд хамрагдаж буй эмчилгээ, үйлчилгээнд илүүтэй анхаарах зэрэг асуудлууд үүсэж болзошгүйд анхаарах шаардлагатай гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж буй сувилал, уламжлалт болон сэргээн засах тусламж, үйлчилгээний үнэлгээ, уялдаа холбоог нэн түрүүнд ялгаж, салгах шаардлагатай байгааг дурдахын зэрэгцээ даатгалын үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөртэй уялдуулмаар байна. Тодруулбал, нэг өвчин тусахад хоёр дахь эрсдэл бий болдогт анхаарч, хагалгаанд орсон, хавдрын дараах эмчилгээ, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн яах вэ гэдэг нь хоёр дахь урьдчилан сэргийлэлт мөн. Үүнийг цэгцлэх нь чухал гэж байлаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг группт оруулахын тулд үзлэг, оношилгоонд оруулсан талаарх мэдээллийг эргэж ашигладаг болох нь чухал тул энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг захив.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдоод жил гаруйн хугацаанд ажиллаж байсан хүний хувьд, холбогдох хууль тогтоомжид үндэслэн шийдвэр гаргахаас өмнө даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахын тулд эрүүл мэндийн шатлалын эмнэлгүүдээр явж, бодит байдалтай танилцаж, санаачилгатай ажиллахыг хүсэв. Нөгөөтээгүүр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн хувьд чадалтай эмч нарын багаас гадна, сайн менежерүүдийг ажиллуулах, улмаар эмнэлгүүдийн даатгалын санхүүжилт, зарцуулалт, хуваарилалтад хяналт тавихад онцгойлойн анхаарах шаардлагатай гэв. Мөн өнгөрсөн оны төсвийг хэлэлцэх үед Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн хэдий ч эмнэлгүүд энэ төсвийг олгоогүй, хассан зэрэг асуудлыг тавьж буйд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хэвтрийн хүнд өвчтэй, хөнгөвчлөх үйлчилгээний заалттай иргэдэд өрхийн эмнэлгүүдээс гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээг дүгнэхдээ урамшууллыг нэмэгдүүлэх зэргээр асрахуйн үйлчилгээнд даатгалын шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.
Ингээд Б.Рагчааг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.





АХМАДУУД: Тэтгэврийн бид чинь зээл авч байж л амьдарч байна
Өнгөрсөн сард өр, орлогын харьцааг нэмэгдүүлэх Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарсан байдаг. Ингэхдээ арилжааны банкууд тэтгэври...
7 цагийн дараа
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дундж...
7 цагийн дараа
Маргааш дараах байршилд цахилгаан хязгаарлана
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-ны лхагва гаригт Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүрэг болон Төв...
6 цагийн дараа
“20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ“ гэх зарын дагуу холбогдож, 18 сая төгрөг залилуулжээ
“Сугалаа бөглүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийн фэйсбүүкт хууль бусаар халдаж, бусдыг залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ. Өн...
6 цагийн дараа
УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмын талаар сэтгүүлчдэд танилцууллаа
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Дэд дарга Э.Л...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд