мэдээ
АХМАДУУД: Тэтгэврийн бид чинь зээл авч байж л амьдарч байна

Админ
2025 оны 4 сарын 29

94

Өнгөрсөн сард өр, орлогын харьцааг нэмэгдүүлэх Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарсан байдаг. Ингэхдээ арилжааны банкууд тэтгэврийн зээлд хязгаарлалт хийж, тэтгэвэр авагчдад зээл олгохдоо хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй буюу 495.0 мянган төгрөгийн тэтгэврийг сар бүр тэтгэвэр авагчийн дансанд үлдэж байхаар тооцож, үлдсэн хэсэгт нь зээл олгож байхаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, сард 700.0 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн зээл авахаар бол 495.4 мянган төгрөг дансанд нь үлдэж, гар дээрээ авч байхаар тооцоолж, үлдсэн 204.6 мянган төгрөгийг тэтгэврийн зээл болгож өгч байхаар болсон гэнэ. Үүнээс шалтгаалан ахмадуудын дунд “Банкууд тэтгэврийн зээл олгохгүй байна” гэх шүүмжлэл гарч эхэлсэн. Энэ талаар ахмадууд ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.
Иргэн Д.Цэрэнпил:
-Ахмадууд бид чинь өөрт хэрэгтэй болоод л тэтгэврээ зээлж байгаа шүү дээ. Түүнээс мөнгөө үрэх гэсэндээ биш. Миний хувьд одоогоор нэг жилийн хугацаатай зээл авсан байна. Зээлээ төлөөд гар дээрээ 200 мянган төгрөг авч байгаа. Тэтгэврийн мөнгөөр болж байгаа юм ер алга. Хаанаа ч хүрэхгүй байна.
Амьжиргааны доод түвшинг 485 мянга гэж тогтоосон. Гэвч энэ мөнгө ганцаараа амьдардаг надад хүртэл хүрэхгүй байна. Хоол хүнс, байрны мөнгө, тог, цахилгаанаас эхлээд ямар үнэтэй байгаа билээ. Хэдэн хүүхэд л нэмэр болж байгаа тулдаа өдий зэрэгтэй явж байна. Түүнээс биш ганцхан тэтгэврээр амьдарна гэдэг хэцүү. Эм тарианд гэхэд 200 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Өдөр ирэх тусам юмны үнэ өсч байна.
Одоо мах ямар үнэтэй болсон байгаа билээ. Ядаж тэтгэврийн доод хэмжээг нэг сая төгрөг болгочихвол арай дээрдэх юм болов уу. Тэгээд ч цалин, тэтгэврээ нэмэхээр юмных үнэ дагаад өсчихдөг гэж сонссон.
Л.Чимэдмаа:
-Юмны үнэ ямар айхтар өсч байна аа. Тэгэхээр тэтгэврийн бид чинь хэдэн төгрөгөө өөрсдөдөө ч зарцуулж чадахгүй байна. Жишээ нь, гэрлийн мөнгө ямар их гарч байна аа. Охин маань өглөө цайгаа чанаж уучихаад гараад явна, оройдоо ирж хоолоо хийгээд аль болох тог бага хэрэглээд байхад л сарын 80 мянган төгрөг гарчихсан байх юм. Аргагүйн эрхэнд төлөхөөс яах вэ. Иргэн
Я.Отгонсүрэн:
-Тэтгэвэрт гарсан цагаасаа эхлээд бид тэтгэврээрээ л амьдарч байгаа шүү дээ. Нааш цааш явах, эм тариа гээд мөнгөний их хэрэгцээ гардаг. Тэтгэвэр бол энэ бүхэнд зарцуулагдах ёстой. Миний хувьд өөртөө аль болох илүүдэл хэрэгцээ бий болгож, тэтгэврийн зээл авахыг боддоггүй. Зээл авах нь өдөр тутмын амьдралдаа дараа болно гэж боддог. Үнэтэй бараа бүтээгдэхүүн авахад тэтгэвэр хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ тэтгэврийн зээл авснаараа урьдчилж хэрэгцээний зүйлээ худалдаж авна гэдэг бол нэг талаараа өрөөсгөл ойлголт.
Х.Энхтуяа:
-Ахмадууд бид чинь зээл авч байж л амьдарч байна. Нэг жилээр биш, хоёр жилээр авдаг болчихвол арай дээр байх гэж бодоод байна. Доод тал нь 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн сардаа хүрэлцэхгүй болохоор л зээл авч байгаа шүү дээ. Энэ зохицуулалтаар бол 500 мянган төгрөгийг нь гар дээрээ аваад үлдсэнийг нь зээлээр авах юм билээ.
Уг нь өмнөх шигээ л зээл өгдөг болгочихвол сайн юмсан. Бидэнд тэтгэврийн зээлээс өөр ямар ч зээл олддоггүй. Намайг тэтгэвэрт гарч байх үед хувь тэнцүүлсэн гэдгээр тооцуулаад 580 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгуулсан. Одоо энэ мөнгөний 50 хувиар нь зээл авна гэхээр хаанаа ч хүрэхгүй. Байр, тогны үнээ төлөөд л таарч байгаа юм. Ер нь хэдэн хүүхдүүдээсээ л зулгааж амьдарч байна даа. Шийдвэр гаргадаг хүмүүс нь энэ зохицуулалтаа эргэж хараасай гэж бодож байна.
Б.Энх-Амгалан: Өр, Орлогын харьцааг 50/50 хувь болгохгүй бол хэт өндөр өртэй байх нь өрийн дарамтад орох эрсдэлтэй
Тэтгэврийн зээл олголтод ямар зохицуулалт орсон талаар эдийн засагч Б.Энх-Амгалангаас тодруулсан юм. Түүний хувьд энэхүү зохицуулалтын багт орж ажилласан аж.
-Тэтгэврийн зээлийн хувь хэмжээг багасгасанд ахмадууд эсэргүүцсэн байр суурьтай байна.таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Санхүүгийн зохицуулах хороонд зээлийн хувь хэмжээ 70/30 гэсэн харьцаатай, арилжааны банкинд 60/40-тэй байсан. Сүүлд Монголбанкны зүгээс өр, орлогын харьцааг 50/50 болгоно гээд өөрчилсөн. Зээлийн хувь хэмжээг 50/50 болгоход хоёр талын шийдвэрийг харгалзаж үзсэн. Нэгдүгээрт, улс орон талаасаа авч үзвэл бидний хэрэглээ хэт өндөр байгаа. Энэ нь манай улс үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон учраас өрийн хэмжээг өндөр байлгаж, импортыг нэмэгдүүлнэ гэсэн үг.
Тэр хэмжээгээрээ ч зах зээл дээр их хэмжээний мөнгө нийлүүлэгдэж байгаа. Энэ талаас нь авч үзвэл одоо үүсээд байгаа нөхцөл байдал болох валютын ханш өсч, валютын хомсдолд орж байгаа нэг шалтгаан. Хэрэглэгч талаас нь авч үзвэл, өр орлогын харьцааг 50/50 хувь болгон барихгүй бол хэт өндөр өртэй байх нь өрийн дарамтад орох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, орлого өсөөгүй байхад хэрэглээгээ өсгөнө гэсэн үг. Зээл нь өндөр учраас их хэмжээний хүүний дарамтад орно. Эдгээрийг харгалзаж, өр орлогын харьцааг баримталж үзээд ийм шийдвэр гаргасан. Олон улсад өр, орлогын харьцааг ихэнхдээ 50/50 хувь гэж баримталдаг. Манайх харьцангуй сул байснаа одоо л олон улсын жишиг рүү дөхөж байна. Ахмадууд зээлээ төлөөд үлдсэн орлого нь ахуй амьдралд нь хүрэлцдэггүй учраас тэтгэврийн зээл олголтод зохицуулалт хийсэн.
-Амьжиргааны түвшингийн доод хэмжээг 495.400 төгрөг гэж тогтоосон. Энэ нь одоогийн нийгэмд иргэдийн амьжиргааны түвшинд нийцэж байна уу?
-Амьжиргааны доод түвшинг илэрхийлж байгаа мөнгөн дүнг Үндэсний статистикийн хорооноос жил болгон гаргасан судалгаагаар тогтоодог. Энэ судалгаа нь хүний наад захын хэрэгцээгээ хангах мөнгөн дүнг илэрхийлсэн ү зүүлэлт. Тэгэхээр тэтгэвэрт гарсан иргэдийн хувьд амьжиргааны доод түвшингээр амьжиргаа нь баталгаажиж байж амьдрах боломжтой гэдэг дүгнэлт гарсан. Үүнээс давсан тэтгэвэртэй бол зээл авч болно. Харин үүнээс доош орлоготой бол амьжиргааны түвшингээ дордуулж болохгүй.
Өмнө хийгдсэн судалгааны ажлуудыг харахад тэтгэвэр авагчдын дийлэнх нь сургалтын төлбөр, орон сууцны урьдчилгаа, машины зээл гэх зүйлд тэтгэврээ зарцуулсан байдаг. Энэ нь тэтгэвэр авч байгаа хувь хүнд өөрт тэтгэвэр нь наалдахгүй болчихоод байгаа юм. Тэтгэвэр авч байгаа хүмүүсийг хамгаалах, нийгмийн баталгааг нь бүрдүүлэх ёстой. Иргэдийг зээл ав гэх биш, амьдралынхаа нөхцөлийг хангаарай гэдэг утгаар тэтгэврийн зээл олголтод зохицуулалт хийсэн. Гэтэл тэтгэврээ хүүхдүүд, танил тал, хамаатандаа хэрэглүүлэх нь хэр зохистой вэ гэдэг зүйл яригдана. Тэр утгаараа ийм шийдвэр гаргасан гэж ойлгож болно.
Олон улсын туршлагаас аваад үзэхэд тэтгэврийн зээл гэдэг зүйл байдаггүй. Манайд л ийм өвөрмөц ойлголттой болчихсон. Үүнийг тэтгэвэр авч байгаа хүмүүс зөвөөр ойлгож, хүлээж аваасай гэж бодож байна. Тэтгэврийн зээлийн зохицуулалт нь ахмадуудын нийгмийн баталгаа гэдэг талаас нь хараад ийм шийдвэр гаргасан.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа





АХМАДУУД: Тэтгэврийн бид чинь зээл авч байж л амьдарч байна
Өнгөрсөн сард өр, орлогын харьцааг нэмэгдүүлэх Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарсан байдаг. Ингэхдээ арилжааны банкууд тэтгэври...
2 цагийн дараа
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дундж...
1 цагийн дараа
Маргааш дараах байршилд цахилгаан хязгаарлана
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-ны лхагва гаригт Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүрэг болон Төв...
43 минутын дараа
“20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ“ гэх зарын дагуу холбогдож, 18 сая төгрөг залилуулжээ
“Сугалаа бөглүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийн фэйсбүүкт хууль бусаар халдаж, бусдыг залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ. Өн...
18 минутын дараа
УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмын талаар сэтгүүлчдэд танилцууллаа
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Дэд дарга Э.Л...
17 минутын өмнө
Сэтгэгдлүүд