гадаад
Украины дайны бодит үнэн DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 20
40
ОХУ-ын суртал ухуулагчид “Оросын арми амжилттай давшиж, Украины хот, тосгодыг ээлж дараалан эзлэн авч байна” гэж өдөр шөнөгүй сурталдаж байна. Харин Америкийн Дайн судлалын хүрээлэн (ISW) Оросын цэргүүдийн сүүлийн жилийн хугацаанд эзэлж авсан газар нутгийг тодоор будаж харуулсан газрын зураг энэ байна. Киевийг гурав хоногт, Украиныг долоо хоногт эзэлнэ гэж байсан Оросын армийн байдал үнэндээ гурван жилийн дараа ч гайхуулаад байх зүйл алга. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сирский өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд “Оросын цэргүүд 2024 онд 427 мянган цэргээ алдсан” гэж мэдэгдсэн ч, харин эдгээрийн хэд нь амь үрэгдсэн болохыг дурдаагүй. Дайтагч талууд дайсны алдагдлыг хэтрүүлэх хандлагатай байдаг тул энэ мэдээлэлд бүрэн найдах боломжгүй юм. Гэхдээ Оросын армийн “ялалт” маш өндөр үнээр ирж байгааг нотлох өөр баримтууд бий. Тухайлбал, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд 2024 онд “Батлан хамгаалах яамтай 440 мянган хүн шинээр цэргийн алба хаах гэрээ байгуулсан байна” гэж мэдэгдсэн. ISW “Энэ нь Орос улс цэргийн өндөр хохирлоо нөхөх цэрэг элсүүлж байгааг харуулж байна” гэж дүгнэсэн. Мөн энэ онд Оросын бүс нутгийн эрх баригчид цэрэгт элсэх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн нь өндөр хохирол амсаж буйн хамгийн том баталгаа юм. Бас оросууд Сталинградын тулаанд өдөрт 1200 орос цэрэг амиа алдаж байсан рекордыг өнгөрсөн жил 1500 болгож шинэчилснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Оросын арми цэрэггүй болж байгаа учир Хойд Солонгос, стан улсуудын цагаачдаас гадна Балба, Сири, Афганистан, Энэтхэг улсын иргэдийг цэрэгт дайчилж буй нь тодорхой болсон. Тухайлбал, Энэтхэгийн Гадаад хэргийн яам “Оросын армиас Украины эсрэг дайнд оролцуулахаар элсүүлсэн Энэтхэгийн 12 иргэн нас барсан” гэж мэдээлсэн. Энэтхэгийн Мөрдөн байцаах төв товчоо 2024 оны хавар “Ажлын санал гэсэн нэрийдлээр Энэтхэгийн иргэдийг Оросын армид элсүүлдэг гэмт бүлгийн сүлжээг илрүүлсэн. ОХУ-ын армид 18 Энэтхэгийн иргэн алба хааж байгаагийн 16 нь сураггүй алга болсон байна” гэж мэдээлж байсан. Мөн ВВС Оросын эрх баригчид дайнд амь үрэгдсэн энэтхэгчүүдийн гэр бүлд нөхөн төлбөр олгож эхэлсэн талаар дэлгэрэнгүй нийтлэл бичсэн. Харин Европын Холбооны голлох улсууд Батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлж, тэдний Украинд үзүүлэх цэргийн тусламж өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ялангуяа баруунтай хамтарсан Украины зэвсгийн үйлдвэрүүд, усанд болон хуурай газарт цохилт өгөх янз бүрийн дронууд, мөн тийрэлтэт дроны тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер өнгөрсөн пүрэв гаригт Украины нийслэлд хүрэлцэн ирж, хоёр улсын хооронд 100 жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Мөн дайны гурав дахь жилийн эцэс гэхэд Оросын цэргийн техник хэрэгслийн хомсдол улам бүр мэдрэгдэж байна. Тухайлбал, Оросын дайныг дэмжигч “Военный осведомитель” тelegram суваг “Өдөр бүр фронтын замууд дээр хангамжийн болон тулалдаанд шууд оролцож байгаа энгийн тээврийн хэрэгсэл улам олон болж байна. Эдгээр машинууд нь дайсны дроны шууд цохилт, эсвэл мина дэлбэрсэн тохиолдолд нэг удаагийн хэрэгсэл болдог” гэж бичжээ. Оросын арми зөвхөн хуягт тээврийн хэрэгсэл төдийгүй танк, их буу, агаарын довтолгооноос хамгаалах системийн хомсдолд орж, олон ангиудын техникийн түвшин байх ёстой стандартаас хол хоцроод байна. Москва ЗХУ-аас үлдсэн хүнд зэвсгүүдээ Украинд устгуулсан учир үлдсэн цөөхөн холбоотнуудаасаа зэвсэг худалдаж авахаас өөр аргагүй болсон. Жишээлбэл, Хойд Солонгосын 170 мм-ийн өөрөө явагч их буу болох “M1989 Коксан” саяхан Украины фронтод гарч ирэв. Барууны орнуудын цэргийн хангамжаас хараат Украины нөхцөл байдал үүнээс нэг их сайнгүй байна. Ерөнхийлөгч Владимир Зеленский баруунд сургалтад хамрагдан аль хэдийнэ байгуулагдсан цэргийн ангиудыг зэвсэг, техникээр хангах боломжгүй байгаа талаар удаа дараа гомдоллож байсан. Эцэст нь хэлэхэд, агаарын хамгаалалт ч хоёр талд маруухан талдаа байна. Украины агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаа нь барууны хангамжаас шууд хамаарч байгаа учир Украины зэвсэгт хүчин Оросын агаарын довтолгоог бүрэн няцаах боломжгүй байсаар байна. Агаараас хамгаалах системүүд нь бэлэн байгаа ч хангалттай пуужингүй байгаагаас Украин Оросын пуужин, дроны цохилтод өртсөөр байна. Орос улсын хувьд ч агаарын халдлагад өртөх тоо нь эрс нэмэгдэж, өнөөдөр гэхэд дөрвөн нефтийн агуулах шатаж байна. Гэхдээ энэ бүхэн Арабын улсууд, Африк тивд нөлөөллөө алдаж, Кавказын нуруунаас хөөгдөхдөө тулаад байгаа Путины дэглэмийн гол дайсан биш юм. Мэдээж Путины хамгийн гол дайсан бол яг 1992 онд болж байсан шиг Оросыг эдийн засгийн дампууралд хөтөлж эхэлсэн гиперинфляци. ОХУ 1992 онд дефолт болоход тэдэнд АНУ харамгүй тусалсан. Харин энэ удаа оросуудад хэн ч туслахгүй. Учир нь өнөөдөр Оросын эсрэг Израиль, Япон, Өмнөд Солонгос, Швейцарь улсыг оруулаад дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй 54 улстай хамт Украин зогсож байна. Харин Кремлийн хоёр дахь том аюул бол яах аргагүй “Ногоон шаантаг” билээ.
Орост Европын улсуудаас хамгийн сүүлд буюу 1861 онд боолчлолыг устгаж, өөрсдийнх нь бичсэнээр “агуу шинэчлэл” хийж, хамжлагат ёсыг халсан. Гэхдээ юм болгоныг “тахир, дутуу” хийдэг Орос ёсоор, барууны улсуудаас ялгаатай нь түрээсэлж байсан тариалангийн газрыг нь тариачдад өгөлгүй тэднийг хоосон орхисон билээ. Ийнхүү хамжлагаас салж чөлөөтэй болсон орос тариачид газрын эрэлд мордов. Цагаан хааны эзлэн аваад байсан Алс Дорнодын өргөн уудам газар нутгийн Хятад, Солонгос, Японы цагаачид дээр Оросын эзэнт гүрний өнцөг булан бүрээс латви, эстон, белорус, орос цагаачид ирж олонх болсон бөгөөд харин тэдний 70 гаруй хувь нь украинчууд болов. Эдгээр украин гаралтай Хабаровскийн хязгаарын иргэд 2020 оны долдугаар сарын 9-нд баривчлагдаж, Москвад хүргэгдсэн тус мужийн амбан захирагч асан Сергей Фургалд Кремль эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцэж олон хоног бүх нийтийн жагсаал зохион байгуулсан. Учир нь Оросын Алс Дорнодын эдгээр иргэд түүхийн явцад өөрсдийгөө Украинаар Шинэ Украин, Ногоон Украин, Алс Дорнодын Украин бас Зелений Клин буюу Ногоон шаантаг, Ногоон гурвалжин улс гэж нэрлэн Оросоос тусгаарлах гэж олон удаа оролдож, тэмцэж ирсэн юм. Бас нэг гол учир нь олон мянган жилийн турш Оросын удирдлага өөрийн нутгийн зүүн талын байгалийн баялгийг баруун тийш гаргаж өөрсдөө баяжиж ирсэн учир орон нутгийн иргэд тэдэнд дургүй байдаг болсон. Гэтэл энэ удаа Путин байгалийн баялгаа баруунд гаргадаг замыг хааж, зөвхөн Хятад руу зөөдөг болгож орхив. Өөрөөр хэлбэл, орон нутгийнхан Москвагийн “гарыг харах” шаардлагагүй болсон. Мэдээж Алс Дорнодын эдгээр украин гаралтай иргэд Украин улс шигээ ардчилсан тогтолцоотой улс байгуулж байж л Хятадаас гадна, худалдан авах өндөр чадвартай Япон, Өмнөд Солонгост байгалийн баялгаа зардаг болно. Энэ бүхэн 2025 онд Оросын арми нэгмөсөн ялагдаж, өнөөдөр 195 үндэстнээс бүрдэж буй ОХУ задарна гэдгийг батлан харуулж байна. Харин энэ бол Украины дайны бодит үнэн юм.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА
Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа DNN.mn
Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан са...
8 цагийн дараа
Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47196, мөрдөн байцаалтын 193...
8 цагийн дараа
Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна DNN.mn
Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу бай...
7 цагийн дараа
2025 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ DNN.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэ...
7 цагийн дараа
Монгол байцай, сонгины үнэ буурчээ DNN.mn
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд