мэдээ
О.Анхбаяр: Хэн ч өөрийнхөө гэм бурууг өөрөө нотлох үүрэггүй DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 06
17
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН (MJL Attorneys хуулийн фирм)-ийн партнер, өмгөөлөгч О.Анхбаяртай цагдаагийн байгууллага дахь эрүү шүүлтийн талаар ярилцлаа. Тэрбээр өмгөөлөгчөөр найм дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд түүнээс өмнө 10 жил цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байсан юм.
-Өнгөрсөн жилийн дүн мэдээгээр эрүү шүүлт тулгасан хэргээр хариуцлага хүлээсэн албан тушаалтнуудын дийлэнх хувийг цагдаагийн байгууллагын алба хаагч эзэлсэн гэсэн судалгаа бий. Цагдаа нар ямар байдлаар энэ хэрэгт холбогдож байна вэ?
-Цагдаагийн алба хаагч аливаа хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг саатуулсан тохиолдолд мэдүүлгээ аваад, үргэлжлүүлж хорих шаардлагатай бол прокурор, шүүхээс зөвшөөрлийг нь гаргуулаад хорих ёстой. Гэтэл цагдаа нар иргэнийг цагдаагийн хэлтэс дээрээ удаан хугацаанд байлгадаг буюу мэдүүлэг авчихаад явуулахгүй байх нь эрүүдэн шүүлтийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Дараагийн хэлбэр бол хэргийг нь хүлээлгэх зорилгоор ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх явдал. Тухайлбал, гар дээр нь суниалгах, цахилгаан бороохойгоор айлгах зэргээр хүч хэрэглэж айдас төрүүлэх зэрэг үйлдэл юм.
-Цагдаагийн байгууллага иргэнээс хэдэн цаг мэдүүлэг авах зохицуулалттай вэ?
-Манай улсын иргэд баривчилгааг кинон дээр гардаг шигээр л төсөөлж, ойлгоод байдаг. Дэлгэрүүлбэл, гарт нь гав зүүгээд, эрхийг нь танилцуулаад, машинд суулгаад явдаг шүү дээ. Гэхдээ Монголд баривчилгаа ингэж явагддаггүй. Монголд асар их баривчилгаа хийгдэж байгаа. Цагдаа нар тухайн иргэний ажил дээр нь юм уу гэрт нь очоод “Амрыг эрье. Би тэр газраас явж байна. Та намайг дагаад яваач” гэхээр иргэд дагаад явчихдаг. Энэ бол баривчилгаа. Гэвч үүнийг иргэд баривчилгаа явагдаж байна гэж мэддэггүй. Иргэнийг зургаан цагаас удаан хугацаагаар хэлтэс дээрээ байлгаж болдоггүй. Нэр, хаяг нь тодорхойгүй хүнийг л зургаан цаг хүртэл хугацаагаар байлгаж болно. Ерөөсөө л цагдаагийн алба хаагч дагаад яв гэсэн цагаас хойш зургаан цаг хүртэл хугацаагаар байлгах боломжтой. Мэдүүлэг авч дууссан мөчөөс эхлэн иргэн тэнд нэг минут ч эрх чөлөөгөө хязгаарлуулаад сууж болохгүй.
-Цагдаа нар иргэнийг эрүүдэн шүүж байгаа эсэхийг хэрхэн мэдэх, хаана хандах талаар мэдээлэл их байдаг. Ер нь энэ талаарх иргэдийн боловсрол хэр байдаг юм бол?
-Энэ талаарх иргэдийн мэдлэг ойлголт маш бага байдаг. Иргэд эрүүдэн шүүлтэд өртөөд байгаагаа ч мэддэггүй. Эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр бол өдөр бүр дууддаг байдал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хүнийг зөвхөн хэргийн ажиллагаанд оруулах зорилгоор л дуудна гэж заасан байдаг. Тухайлбал, шинжээчийн дүгнэлт танилцуулах, мэдүүлэг авах, үзлэг нэгжлэгт байлцуулах зэрэг зорилгоор л дуудах ёстой. Цагдаа нар тухайн хүнийг өрөөндөө олон цагаар суулгаад байхад л эрүүдэн шүүгдэж байгаагаа мэддэггүй, намайг суулгах л ёстой юм байна гэж бодоод байдаг. Гэтэл бодит байдал дээр тухайн хүний эрх чөлөө нь хязгаарлагдаад, хууль бусаар хоригдож байгаа хэрэг.
-Иргэн буруугүй бол заавал цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгөх, шалгуулах шаардлага бий юу. Ер нь цагдаагийн алба хаагч иргэнийг “Буруугүй л юм бол ирээд шалгуулчих л даа” гэдэг зүйл байж болох уу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар бүлэгт тэр чигээрээ иргэнийг цагдаагийн байгууллагад ямар тохиолдолд хэрхэн дуудан ирүүлэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах талаар нэг бүрчлэн заасан байдаг.
Мөрдөгч тухайн иргэн рүү утсаар яриад ир гээд байдаг. Гэтэл Монгол Улсын иргэн цагдаагийн алба хаагчийг утсаар дуудахад нь очих үүрэггүй. Утсаар ярихад нь очихгүй байсны төлөө ямар нэгэн албадлага, хүчирхийллийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гаргах эрх мөрдөгчид байхгүй. Утсаар яриад ирэхгүй байгаа хүнийг прокурорын дуудах хуудсаар дамжуулж дуудна. Тухайн хуудсыг гардуулж өгчихөөд байхад иргэн цагдаагийн байгууллага руу очихгүй байвал албадан ирүүлэх нөхцөл үүсч шүүгч албадан ирүүлэх захирамж гаргана. Энэ тохиолдолд иргэнийг байгаа газраас нь эсэргүүцэл үзүүлсэн ч эсэргүүцлийг нь нухчин дараад цагдаагийн хэлтэст авч ирэх эрх үүснэ. Эрүүгийн хэрэг шалгах процессын үед иргэн хүнд ямар ч эрх байхгүй. Гэтэл хууль хүчний байгууллагад хэргийг илрүүлэх, нотлох маш олон арга хэрэгсэл, хүч техник байдаг. Тийм ч учраас хууль хүчний байгууллагын алба хаагчид өөртөө оногдсон давуу эрхээ ашиглан иргэний гэм буруутай эсэхийг нотлох ёстой болохоос буруугүй юм бол ирээд шалгуулчих гэдэг бол Үндсэн хуулийн хэмжээний зөрчил. Яагаад гэвэл манай улсын хуульд хэн ч өөрийнхөө гэм бурууг өөрөө нотлох үүрэггүй гэж заасан байдаг.
-Хэрэв цагдаагийн алба хаагч иргэнийг эрүүдэн шүүсэн бол хаана хандах ёстой вэ?
-АТГ авлигын хэрэг шалгахаас гадна эрүүдэн шүүлт гэх мэтчилэн цагдаагийн алба хаагчид холбоотой хэргүүдийг шалгаж байгаа. Эрүү шүүлтийн талаар АТГ-ын 110 дугаарын тусгай утас руу залгаж мэдээлэл өгөх боломжтой.
-Иргэн хууль хяналтын байгууллагад тайлбар, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй юу?
-Эрхтэй. Хэрэв мэдүүлэг авах явцад иргэнийг гэмт хэрэгт холбогдуулсан байдалтай асуулт асуугаад эхэлбэл шууд мэдүүлгийн үйл ажиллагааг зогсоогоод юу ч ярихгүй байх, өмгөөлөгч авах эрх иргэнд нээлттэй. Харин иргэн гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхгүй. Хэрэв гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзвал өөрт нь эрүүгийн хэрэг үүснэ.
-Хуульч, өмгөөлөгчгүйгээр байцаалт өгөх нь иргэнд ямар эрсдэл дагуулж болох вэ?
-Иргэний хамгийн эхний мэдүүлэг нь үнэнд ойрхон байх өндөр магадлалтай байдаг. Тиймээс эхний мэдүүлэг маш чухал ач холбогдолтой. Тэр мэдүүлгийг үнэн зөв гэдэгт илүү итгэдэг. Хэрэв таныг ямар нэгэн байдлаар АТГ, ТЕГ, ЦЕГ-ын мөрдөгч дуудсан бол өмгөөлөгч авах нь зүйтэй. Өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ тэдний эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг. Наад зах нь байцаагч нар мэдүүлэг авч байгаа хүндээ мэдүүлэг өгөхдөө ямар эрх эдлэх ёстой талаар нь тухайн иргэнд дутуу дулимаг тайлбарлах тохиолдол байдаг. Манай улсын мөрдөн шалгах процесс мэдүүлгийг тахин шүтэж, мэдүүлгээр хэргийн үнэн мөнийг нотлох гэж оролддог арга хэрэгсэлтэй. Энэ бол сүүлийн 70 жилийн хугацаанд тогтчихсон арга барил. Өөр бусад нотолгооны арга хэрэгсэл байгаа боловч одоог хүртэл мэдүүлгийг чухалчилж үзсээр байгаа.
-Олон улсад мэдүүлэг авах ямар сайн жишиг байдаг юм бол?
-Би БНСУ-ын Сөүл хотын төв цагдаагийн газрын мөрдөгчийн хичээлд сууж байсан. Солонгост мэдүүлэг төдийлөн чухал биш. Харин хэргийн газрын үзлэг, биологийн дээж, шинжилгээнд маш их анхаардаг. Манай улсын цагдаагийн хэлтсүүд мэдүүлэг авах тусгай өрөөтэй болж, хяналтын камер тавьж эхэлж байна. Гэхдээ хяналтын камерууд нь ажиллахгүй байна. Мөн өрөөний хүрэлцээ муутай. Харин ТЕГ болон АТГ хангалт сайтай учраас мэдүүлэг авах өрөөгөө бүрэн тоноглочихсон байдаг. Гэхдээ хяналтын камерыг унтрааж байгаад иргэдтэй зүй бус харьцдаг явдал байсаар л байна. Зарим цагдаагийн хэлтэс 20 мөрдөгчтэй, гурван мэдүүлгийн өрөөтэй байх жишээтэй. Энэ байдлаас үүдээд байцаагч нар өөрсдийн албан өрөө тасалгаандаа мэдүүлэг авахаас өөр замгүй болж байгаа юм.
-Иргэнийг эрүүдэн шүүсэн хүнд ямар хариуцлага тооцдог юм бол?
-Энэ хэргийг үйлдсэн этгээдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл болох Эрүү шүүлт тулгах гэсэн зүйл ангиар шийтгэдэг. Төрийн албан хаагч иргэнд эрүү шүүлт тулгасан бол 5.4 сая төгрөгөөс 27 сая хүртэлх төгрөгөөр торгоно. Эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай. Шүүх байгууллага хэргийн байдлыг харгалзан үзсэний эцэст торгох уу, хорих уу гэдгийг шийддэг.
Ө.Анхзаяа
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөвдэх жилдээ хэрэгжиж...
8 цагийн дараа
Он гарснаас хойш 289 хүн цана, чарганаас унаж бэртжээ DNN.mn
2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 5-ыг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яар...
7 цагийн дараа
Түрээс, орлогын зохистой харьцаа алдагджээ DNN.mn
Ипотекийн зээлийг боломжтой иргэн 3-5 удаа авч хэрэгцээнээс гадуурх байраа түрээсэлж орлого олох зарим нь түрээслээд ипотекийн зээлэ...
7 цагийн дараа
Ч.Уртнасан: Менингитийг үүсгэгч нян хоолойн орчимд 2-8 хоног байдаг DNN.mn
Мнингококкт халдварын талаар ХӨСҮТ-ийн томуугын албаны тархвар судлаач Ч.Уртнасан мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн томуугын албаны тархвар ...
6 цагийн дараа
Дамжин суултын талаар асуусан зорчигчийг загнасан жолоочийг 25 мянгаар торгожээ DNN.mn
Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн Н.М-ээс нэгэн гомдол иржээ. Тодруулбал “Зорчигч тээвэр-4” ОНӨАА...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд