мэдээ
Ү.Хүрэлбаатар: Гүрбазар Монголоо гоёсон найрагч. Тэр бол дорнын гэгээ, домгийн шувуу DNN.mn

НОРОВЫН ГАНТУЛГА
2025 оны 2 сарын 23

58

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч нэрт сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарын тухай соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, доктор Үржингийн Хүрэлбааатартай ярилцлаа.
–Хүрлээ ах аа хоёулаа Гүрээ ахын тухай ярья ?
-Ойрд бүр ч их яримаар, хамт суугаад хөөрөлдмөөр санагдаад болдоггүй. Санаа зовоод тэр байх.
–Бие нь чилээрхүү, гадаадад эмчлүүлж байгаа болохоор тэр байх даа?
-Тийм ээ, хагас зуун жил ханилж яваа андууд гэдэг чинь ахан дүүс, амраг ханиас дутуугүй дотносож харцаараа ярьж, сэтгэлээрээ сэрж мэдэрдэг болчихдог юм байна.
–Бие нь ямар байна?
-Онош нь аюулт өвчин гэж тогтоогдсон. Хүнд эмчилгээтэй байгаа. Хөгжилтэй орны анагаахын дэвшил, алтан гарт эмч нарын сэтгэлийг л түшиж сууна даа. Бид хоёр өдөр бүр холбоотой байгаа. Одоо ч цахим ертөнц цэцэглэж харилцаа холбоо харилцаа холбоо хангалттай болсон тул дүрсээ харж байгаад л санаа бодлоо солилцох болж.
–Гүрээ ахын “Монголоо гоёсон Гүрээ” гэсэн чин сэтгэлийн тоглолт болох гэж байна. Эмчилгээнд нь зориулсан тоглолт. Мэдээж сайхан болно?
-Хандивын тоглолт бол бол сэтгэлийн давлагаа, хандлага, үнэлэмж юм шиг санагддаг. Мэдээж энэ бүхнийг холбож буй зангилаа нь монголчуудын энэрэнгүй сэтгэл, тусархаг чанар, ахан дүүсийн халуун нөмөр юм. Гүрээд маань монголчууд хайртай. Хүн бүр л хичээж байх шиг байна. Тоглолтын тасалбар худалдаж аваад зориод ирнэ гэдэг ерөөл мэт хайр халамж, тус дэм юм. Хүн бүрийн ийм сэтгэл надад дусал тарианы амин дусал юм шиг санагддаг. Монголчуудын нүүдэлчин удмын хамгийн нандин өв нь ядарч явахад өргөх өөдрөг өгөөмөр сэтгэлгээ юм. Тиймээс “Тэнхлүүн явахадтэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэж цэцэлж байна.
-“Би Монголоо гоёсон” гэж Гүрээ ахыг хэлсэн нь их оносон санагдсан. Үнэхээр Гүрбазар гэж бол арга байхгүй. Монголоороо гоёж, өөрөө мөн Монголоо гоёсон найрагч мөн дөө ?
-Монголоороо гоёж, Монголоо гоёно гэдэг Гүрбазар найрагчийн ертөнцийн гүн мэдрэмж. Яруу найргаар ярууссан сэтгэлийн гоёл шиг үнэн бөгөөд тансаг гоёл гэж хаана ч байхгүй. Тийм торгон нэхээсийг Гүрээ маань л урлаж чадна. Яагаад гэвэл тэр дорнын гэгээ, домгийн шувуу юм. Дотогшлох тусам уужрах яруу найраг, Дорноговиос ургасан яруу найрагч юм.
–“Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи”, “Миний Монгол наадам” гээд тэр олон гоё дуунуудынх нь тухай та яриач. Гүрбазар гэхээр л Монгол минь, Монголын үнэртэй салхи минь цээж рүү ороод ирдэг?
-Монгол хэмээх бахархал бол Гүрбазарын дууны яруу найргийн сүлд хийморь нь. Тэр гоо сайхан, яруу сэтгэлгээ, утгын тодотголоо ийм хэмжүүрээр хэмжиж, үнэлж дүгнэж байх шиг санагддаг. Бахархалд үнэ цэн гэж байх учиртай. Түүнээ л илэрхийлж буй хэрэг. Яруу найрагчийн Монголоо гэх сэтгэл үндэстний үнэлэмж болоод ирэхийн цагт төрийн шагналын босгыг давдаг юм билээ. Эдгээр дуунд Монгол Улсын Төрийн шагнал хүртээснийг би хувьдаа ингэж хүлээж авсан. Бусад хүмүүс ч надтай адилхан байсан гэдэгт итгэж байна. Дуу бүхэн төрсөн намтар, түмэнд түгсэн өөр өөрийн замтай. Жишээ нь “Би Монголоороо гоёдог” шүлгийг 2002 оны “Болор цом” яруу найргийн наадамд уншиж байсан санагдана.
Тэр шүлэгт:
“Би хөхөөтэй зуны цэцгийн
алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам
жавхайгаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан
нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлтсэн шар толгодын
алтан хормойгоор хаяагаа гоёдог
оо” гэж байдаг юм.
Үүнийг “Хурд” хамтлагийн дуулсан “Би монголоороо гоёдог” дууны үгтэй харьцуулаад үзээрэй. Чухам энд л Гүрбазар дууны яруу найрагт хэрхэн боловсруулалт хийдэг, ая дангийн зохицлыг хэрхэн мэдэрдгийг харж болно. Тэгэхээр эдээр дуунуудыг гоё дуу гэхээсээ монгол хүний бахархлын дуу гэвэл зохистой санагдана. ”Миний Монголын наадам”-ын үеэр “Монголын үнэртэй салхи” цээж рүү сэвшээ салхи шиг нэвчиж байвал тэр чинь Гүрээгийн сэтгэлийн шивнээ гэсэн үг.
–Ингэхэд Мэнд-Ооёо ах та хэд чинь “Гал” нэгдлийнхэн. Гүрээтэйгээ анх танилцсан тухайгаа ярихгүй юу. “Гал” нэгдлээ ярихгүй юу та?
-Би УБДС-иа төгсөөд Шинжлэх Ухааны Академийн хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт театр судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдсон юм. Тэгэхэд Ш.Гүрбазар, Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Б.Сундуй бид хэд дээд сургуулиа төгссөн, бусад нь оюутан байсан үе. Тэр үед буюу 1977 оны аравдугаар сарын 25-ны өдөр миний бие 10 зүйл бүхий санал дэвшүүлсэн хоёр хуудас бичиг боловсруулж нөхдүүддээ тарааж уншуулж санал арваннэгдүгээр сарын 8-ны өдөр хурал хийж, протокол хөтөлж уран бүтээлийн “Гал” нэгдлийг байгуулсан юм. Одоо энэ хурлын бүхий л бичиг баримт надад эх навтрагаараа байж байна. Ингэж албажуулаагүй бол бидний нөхөрлөл оюутан цагийн дурсамж болоод үлдэх байсан байж мэднэ.
Гүрбазартай анх танилцсан нь 1973 оны намар. Оюутан болсон алтан үе. Намрын ажилд Гүрээ маань шүлэг уншиж шуугиан тарьж байсан цаг. Арав төгссөн хүүхэд гэхэд ядам хуруундаа хуримын бөгжтэй, хэзээний бие даасан амьдралын босго алхчихсан хэрсүү нөхөр байсан. Бид нэг жилийн төл, нэг ангийн оюутан төдийгүй утга зохиолын нэг дугуйлангийнхан болсон тул тэр дороо л танилцсан хэрэг. Таван зуун айлд байх манай гэрт бид хоёр анх шүлэг зохиол ярилцаж, бас таван минутын шүлэг бичиж бие биеэ сорьж байсан санагдана. Тэгэхэд Гүрээ маань биднээс дэндүү хол тасарчихсан уран уншигч, шүлэгч болчихсон байсан юм шүү.
-“Зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав дээ Зүүдлээд сэрэхэд миний ижий дэргэд минь байвал жаргалдаа” гэдэг ч юм уу, Гүрээ ахын ижийдээ зориулсан олон шүлэг нь дуу болсон. Ээж амьтай найрагч. Ээжтэй нь та уулзаж байв уу ?
-Гүрбазар бид хоёр Улсын багшийн дээд сургуулийг нэг жил төгсөж монгол хэл-уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн. Ромбоны найрыг ээж минь тэмдэглэж бид хоёрт зориулж гэртээ ул боов бүхий тавгийн хоёр идээ засч тэмдэглэж байсныг би мартдаггүй юм. Гүрбазар маань сургуулиа төгсөөд Монголын Зохиолчдын Эвлэлийн Үлгэрийн танхимд хуваарилагдсан тул тэр намар аав, ээж хоёр нь Улаанбаатарт нүүж ирсэн юм. Бид ч бөөн баяр. Гүрээ бид хоёр нэг анги төдийгүй бид хоёрын хань Эрдэнэ, Мөнхцэцэг хоёр бас УБДС-ийн нэг анги. Гэр бүлийн найзууд гэсэн үг. Тэгэхээр аав ээжтэй нь уулзаж учирч явалгүй яахав.
Гүрбазарын аавыг Орхоодой Гомбын Шагдарсүрэн гэдэг. Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн. Айлын том нь, доороо дөрвөн дүүтэй гэдэг байх аа. Насаараа манаач хийсэн эгэл, даруухан, дуугүйхан ёстой л “Хоршоо Дэрэм” шиг хүн байсан. Ээжийг нь Нацагийн Цэгмид гэдэг. Дорноговь аймгийн Их хэт сумынх.Тахиа жилтэй, гэмтлээс бол хазгар болчихсон хүн байсан. Улсын бага хурлын нарийн бичгийн дарга Баярын төрсөн ах Лайхан ганц охин юм гэнэ лээ. Баяр улс төрийн хэлмэгдэлд өртөхөд бас л сэтгэлийн зовлон эдэлсэн хүмүүсийн нэг. Гүрбазар ээждээ хайртай байхаас аргагүй.
Учир нь ээж нь хоёр охин төрүүлсэн боловч хүн болгож чадаагүй, хорвоогоос алдчихсан. Түүний дараа Гүрээ маань мэндэлсэн. Голомт залгах ганц хүү нь. Өмнө нь айхтар үрийн хагацал амссан аав, ээж хоёр ганц хүүгээ хүн болгох гэж их бэрх замыг туулсан. Наад зах нь гэрийнхээ хаалганд дээс татаж гурван жил хөл хорьж Гүрээг өсгөсөн гэдэг. Таван нас хүртэл нь Алтанширээд тэгж яваад аймгийн төвд нүүж ирсэн юм.Хоёр хөгшин Улаанбаатарт ирж ганц хүүгээ дагаж айл айлын халаасны өрөө дамжиж, дараа нь хүүгийнхээ сайн сайхан явахыг үзэж насныхаа жаргалыг амссан даа. Үрийнхээ төлөө бүхий л амьдралаа тултал нь зориулсан хүн бол түүний аав, ээж хоёр гэж баталгаатай хэлж болно. Ээж амьтай хүн гэвэл Гүрээг шууд нэрлэнэ.
–Гүрээ бол тийм нэг эмзэг,маш мэдрэмтгий гоё хүн. Хүн нь өөрөө гоё хүн. Ямар сайндаа л гавьяат авахдаа Төрийн ордонд нулимс цэлсхийгээд гараад ирсэн. Сандрахдаа халаасандаа явсан 00-ын цаасаар нулимсаа арчиж билээ. Морь тайлбарласан ч, нэвтрүүлэг хийсэн ч, найр хөтөлсөн ч бүх л зүйл нь ард түмний сэтгэлд хоногшсон. Жинхэнэ ард түмний хайртай хүү шүү дээ…
-Хар багаасаа авъяас нь тодорч түүнээ насан туршдаа зүлгэж, зөвтгөж, зөнгөөр нь хөгжүүлсэн ховор хүмүүсийн нэг нь Гүрбазар. Аль эрт авьяас нь тодорсон ч асаад унтарсан, аль эсвэл авьяасаа таньж, нээж чадалгүй арилж буй үй олон тохиолдлыг амьдрал дээр бид харж байна. Гүрээгийн хувьд авьяасаа хувилгаан хүн шиг хувилж, хувиршгүй бүтээл болгон хувиргаж ирсэн юм. Энэ бол үзэгдэл. Тиймээс авьяасын оч хурим найр хөтлөх, хурдан морь тайлбарлахаас эхлээд уран зохиол, сэтгүүл зүйн салбарт ямар ч тохиолдолд асгарч, асаж байдагюм. Авьяас гэгч байгалийн өгөгдөл боловч байршуулж, баяжуулж хөгжөөх нь тухайн хүний ухаарал, сэхээрлийн зам мөр билээ. Ард түмэн яагаад түүнд хайртай байдаг гээч, уяхан сэтгэлд нь, ухаарал сэхээрэлд нь, урмын бурманд нь автдаг учраас тэр.
–Гүрээтэйгээ олон бүтээл дээр та хамт ажилласан. Нэг хэсэг Гүрээ ах та хоёр шүлгийг нь бичээд Балхжав хөгжмийг нь хийгээд ёстой супер дуунууд төрж байсан. Гүрээтэйгээ холбоотой амьдралын олон гоё дурсамжаасаа хуваалцаач?
-Сая Германаас холбогдохдоо ингэж хэлнэ билээ. “Хүрлээ, чи бид хоёрын амьдрал нь уран бүтээл, уран бүтээл нь амьдрал болсон хоёр шүү” гэж. Тэр үнэн. Бид хоёр үерхээд 52 жил болжээ. Хагас зуун жил. Энэ чинь цаг хугацааны шүүлтүүр биш гэж үү. Ийм босгыг бид хоёр даваад явж байна. Гүрээ бид хоёр Дундговь аймагт төгсөлтийн дадлага хийж сургуулиа төгссөн. Дадлагын дараа Улаанбаатар хотын Төв шуудангийн өөрөө хүлээн авах хайрцаг долоо хоног бүр сурагчдын захидлаар дүүрч, шуудангийн хүүхэн бид хоёрыг зад загнаж байж билээ. Одоо ч тэр захидлуудаас нэлээд нь надад бий. Хар багын анд минь бие эрүүл, сэтгэл цолгиун болоод удахгүй эх орондоо хүрээд ирнэ ээ. “Бидний цөөхөн монголчууд бие биенээ хайрлах учиртай” гэж Мишигийн Цэдэндорж хэлсэн. Цөөхний доторх цөөхөн авьяастнуудаа цөхрөлтгүй хайрлахсан даа. Шагдарсүрэнгийн Гүрбазар бол дорнын гэгээ, домгийн шувуу юм шүү дээ.
Ярилцсан Н.Гантулга





“Цолны хишиг”-ийг энэ жилээс сэргээн олгоно DNN.mn
Монголын үндэсний бөхийн холбооны 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолт...
1 цагийн дараа
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn
Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулхад тогтво...
10 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг хаажээ DNN.mn
“Ажлын хэсэг цахим мөрийтэй тоглоомны эсрэг хурдтай, шуурхай ажилласаар байна. Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт с...
1 цагийн өмнө
Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална DNN.mn
Ирэх долоо хоногт цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор 2025 оны хоёрдугаар сарын 24-ний Даваа гарагаас 27-ны өрийг хүртэ...
1 цагийн өмнө
Бүргэдийн баяр ирэх сарын 8,9-нд “Чингис хааны хүрээ” цогцолборт болно DNN.mn
Монголын аялал жуулчлалын сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд гол...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

Ж.Батсайхан
За болж дээ, сайхан үерхэл нөхөрлөлийн түүх юм шүү. Сайхан нараа дагаж хөөрч л явнам заа
Гүрээ ах босоогоороо эргээд Эх орондоо ирнээ