мэдээ
Б.Нарантулга: Гар утсан дотроосоо өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг олж ашиглаж байх хэрэгтэй DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 28

30

Гар утасны хэрэглээ хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар сэтгэл зүйч Б.Нарантулгатай ярилцлаа
Сүүлийн жилүүдэд гар утасны брэндүүд жил бүр шинэ загвараа танилцуулж, хүмүүсийн гар утасны хэрэглээ ч нэмэгдэж, илүү өргөн хүрээг хамардаг болсон байна. Үүнийг дагаад гар утас хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна сэтгэл зүйд ч нөлөө үзүүлж байна. Энэ талаар тодруулбал?
-Анх хүмүүс зөвхөн холбоо барих зорилгоор гар утсыг ашигладаг байсан бол одоо гар утас илүү ухаалаг болж, доторх функцүүд нь ч олширчээ. Ухаалаг утас хүнд хоёр төрлийн байдлаар нөлөөлж байна. Гар утсыг сөрөг, муу талаас нь дандаа хардаг байж болохгүй. Эерэг, сөрөг хоёр талтай. Яагаад гэвэл гар утас хүмүүсийг богино хугацаанд холбож, харилцааг ойртуулж байна. Гар утас гараагүй байхад харилцаа холбоо тогтооно гэдэг маш хэцүү байлаа шүү дээ. Түүнчлэн гар утас мэдээллийг богино хугацаанд олж авах, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгодог гэх мэтчилэнгээр олон давуу талтай. Сайны хажуугаар саар гэгчээр сөрөг тал ч бий. Хүүхдүүд гар утас ашиглахаараа л түргэн ууртай, хурдан хариу үйлдэл үзүүлдэг болчихоод байна гэдэг нь ч үүнтэй холбоотой. Гар утас нэгдүгээрт, хүнийг хэт их хөөрүүлж байна. Хоёрдугаарт, анхаарал төвлөрөх хугацааг багасгаж байна. Богино бичлэг үзээд дадчихсан хүнд бодит амьдрал уйтгартай, сэтгэл хөдлөлийн хувьд тааламжтай бус болж эхэлдэг. Нөгөөтэйгүүр гар утас харилцааны хэв загварыг маш их өөрчилж байна. Өмнө нь хоёр хүн бие биетэйгээ харилцаад амьд мэдрэмж авдаг байсан. Гэтэл одоо гар утасны хэрэглээ хүүхэд, залуучуудын дунд их байгаатай холбоотойгоор тэдэнд гар утаснаасаа богино хугацаанд солигдож байгаа дүрсийг харах, хурдан хэмнэлтэй хөгжмийг сонсох нь илүү зугаатай байж эерэг, сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрэх ямар ч боломж олгохгүй байна. Хүмүүс амьд харилцаа үүсгэхээр сэтгэл хөдлөл, мэдрэмж шаарддаг учраас тэдэнд төвөгтэй мэдрэмж төрдөг учраас энэ мэдрэмжийг мэдрэхгүйн тулд гар утсаа ашигладаг тал бий.
–Өсвөр насныхан хоногт гурваас бага цагийг нийгмийн сүлжээ болон видео тоглоомд зарцуулахад сэтгэл зүйд нь аюулгүй. Харин энэ цагаас хэтэрвэл стресст өртөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна лээ. Энэ тухайд та юу гэж бодож байна вэ?
–Хугацаа маш чухал. Бага насны хүүхдээр 10 минут гар утас хэрэглүүлээд, 20 минут завсарлуулахыг зөвлөдөг. Зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэтэрвэл тухайн зүйлээсээ хамааралтай болж эхэлдэг. Сошиал ертөнц ид хөгжиж буй энэ үед амьдарч байгаа хүүхдийг бид хязгаарлах боломжгүй. Хорвоо ертөнц тэр аяараа цахимд шилжиж байгаа учраас бид үүнд зохицож амьдрах ёстой. Хүүхдүүд бага ангиасаа эхлээд хичээл сургуульдаа цахим платформ ашиглаж байна. Гэтэл эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ эрүүл мэндийг хэт их анхаараад гар утас ашиглуулахгүй гээд даалгаврыг нь хийлгэхгүй байж болохгүй. Эцэг эхчүүд хүүхдэдээ хэдэн цаг гар утас ашиглуулах вэ, хэдэн цаг амраах вэ гэдгийг л зохицуулах ёстой.
– Гар утсаа юунд ашиглах нь чухал юм билээ. Тус судалгаанд цахим хэрэгслийг танин мэдэхүйн, эсвэл боловсрол олох зорилгоор өдөрт 60-119 минут хэрэглэх нь стрессийн түвшинг бууруулдаг тухай дурдсан байна лээ?
-Хүн уншсан номоосоо хүний амьдралын бүхий л сэтгэл хөдлөлийг түлхүү мэдэрдэг байсан бол одоо гар утаснаасаа энэ мэдрэмжийг авдаг болсон. Цахимаас аймшгийн контент үздэг, богино хугацаанд давдаг тоглоом тоглодог хүүхдүүд сэтгэлзүйн төвүүдэд зөвлөгөө авахаар хандах нь их байдаг. Эцэг эхийн хайр халамж хангалттай биш, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай, сэтгэл зүйн гэмтэл, шархтай хүүхдүүд, хүмүүс цахимд донтох магадлалтай. Хүний тархинд шагнал, шийтгэлийн систем байдаг. Тухайлбал, хүн цахим тоглоом тоглохдоо нэг үе давахад солонго цацрах, сальют буудах байдлаар тухайн хүндээ ялсан, чадсан, шагнагдсан мэдрэмж өгдөг. Энэ мэдрэмжийг дахин, дахин авахын тулд тоглохоо зогсоож чадахгүй байгаа юм. Гар утасны тоглоомууд жижиг саадыг давах замаар шагнал авах боломжтой байхаар программчлагдсан. Ингэснээр тухайн хүн өөрийгөө чадсан, ялсан, хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмжийг байнга авдаг. Ингэхээр бодит амьдрал дээр хэнд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй удаан явсан хүн цахим тоглоомоос дутагдаж байсан мэдрэмжээ аваад байгаа болохоор донтоод байгаа юм. Нөгөөтэйгүүр гар утас бол бодит амьдралын асуудлуудыг түр ч болов мартахад нэмэртэй байдаг.
-Гар утас хэрэглээд хүнд ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмж төрвөл яаж бууруулах вэ?
-Гар утас гэдэг зөвхөн хэрэглэгдэхүүн. Үүний цаана сошиал медиа гэдэг зүйл яригдаж байгаа шүү дээ. Тухайн хүн сошиалд донтсон болохоор сэтгэлээр унаад байна уу, өөрийгөө бусадтай харьцуулаад сэтгэлээр унаад байна уу гэдэг ялгаатай. Хэрэв өөрийгөө бусадтай харьцуулаад сэтгэлээр унаад байвал цахим хэрэглээгээ багассан нь дээр. Өөр бусад шалтгаанаар сэтгэлээр унаж байгаа бол өөртэйгөө тулж ажиллах, мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Энэ үед бидний хийж чадах хамгийн энгийн үйлдэл бол бие махбодоо маш сайн хөдөлгөж, хөлсөө ялгаруулах явдал. Биеэ сайн хөдөлгөх нь стрессийг бууруулдаг. Гар утсан дотроосоо өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг олж ашиглах хэрэгтэй. Цахим хөгжиж байгаа энэ үед хүүхдээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг хүсэхгүй байгаа бол хорих боломжгүй. Хамгийн чухал нь сошиал ертөнцөд өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Өөрийнхөө аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Мөн шөнийн цагаар гар утас хэрэглэх нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Тархи хөөрөлд орсноор нойр хулжих магадлал өндөр. Тиймээс унтахаасаа хоёр цагийн өмнө гар утас оролдохгүй байх ёстой. Тухайн өдрийн мэдээллийг тархи шөнө нь боловсруулдаг. Түүнчлэн ажил, хичээлдээ явахаас өмнө сонссон сөрөг мэдээлэл нь тухайн өдөрт нөлөөлж болно.
Ө.АНХЗАЯА





Улаанбурхан өвчнөөс сэргийлье DNN.mn
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд ма...
3 цагийн өмнө
Сар шинийн баяраар 947 автобусаар иргэдэд үйлчилнэ DNN.mn
Энэ сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Уг з...
4 цагийн өмнө
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаагаар урьдчилсан байдлаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ DNN.mn
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран гурав да...
5 цагийн өмнө
Могой жил дурсгалын зоос худалдаанд гарлаа DNN.mn
Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийг угтан “Могой жил” 1 унцын 999.9 со...
6 цагийн өмнө
Цахилгааны шөнийн хөнгөлөлтийн хугацааг 21-09 цаг болгов DNN.mn
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмснийг УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.
...6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд