мэдээ
104 настай буурай Г.Лхамсүрэн: Монгол түмэн минь миний өндөр насыг аваарай. Буян хишиг нь тогтох болтугай, могой жилдээ эрүүл энх байгаарай DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 28

65

Өдгөө Төв аймгийн Эрдэнэсант суманд суугаа 104 настай Г.Лхамсүрэн буурайтай Сар шинийн босгон дээр ярилцлаа.
-Та Өвөрхангай аймгийн аль суманд төрсөн бэ?
-Би 1921 оны долдугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Олон нуурын гол” хэмээх газар ард Гончигийн хоёрдугаар охин болж төрсөн. Миний аавыг нутаг усныхан нь “Бүлтгэр” хэмээн нэрийддэг байлаа. Намайг төрөнгүүт аавын маань төрсөн эгч үрчилж авсан ч би ааваараа овоглосон юм. Үрчилж авсан аав, ээжийгээ өнгөрсний дараа дахин аавынхаа төрсөн эгчийнд очсон. Миний бага балчир нас бусад монгол хүүхдүүдийн адилаар мал маллах, сааль саах зэрэг ажилд суралцаж, нутгийн хэдэн нөхөдтэйгөө хөөцөлдөн тоглож өнгөрсөн. 1948 онд одоогийн Эрдэнэсант суманд хань Магилжавтайгаа танилцаж, ханилан суугаад 10 хүүхэд төрүүлж, өсгөн хүний зэрэгт хүргэсэн. Нөхөр минь 1940-өөд оны хэлмэгдүүлэлтэд өртөж эрүүл мэндээрээ хохирсон тэр цаг үе хамгийн хүнд байлаа. Хүүхдүүд балчраараа, эр нөхрөөсөө алсарсан, тэвдүүхэн, давчуу цаг үеийг туулж гарсан юм шиг ээ. Хийгээгүй ажил байхгүй ээ. Нэгдэлд төлчин, саальчин, тоосгочин, сүү машиндах, цэцэрлэгт угаагч, асрагч гээд. Хүмүүс намайг одоо 104 настай гэхээр амьдралын замналыг минь их сонирхоод байх шиг санагддаг юм. Яг л бусдын адил амьдарсаар явна даа. 1975 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан.
-Та үр хүүхдүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Яривал дуусахгүй юм болно (инээв). Манайхан олуулаа. Одоо ач, гуч, зээ нар нийлээд 130 гаруй болсон. Тэд минь Монгол Улсынхаа өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа.
-Таныг багасаа хурдан морь унадаг, эрэмгий эмэгтэй байсан гэсэн. Энэ нь таны урт насалж буйн суурь шалтгаануудын нэг үү?
-Тийм ээ (инээв). Би 5-13 нас хүртлээ хурдан морь унасан. Уг нь айлын эрх, танхи охин байсан ч морь унах, морь уургалах дуртай байж билээ. Мөн идэр залуу насандаа бусдын л адил адуу малд их явдаг байсан. Ер нь монгол хүүхэд морин дэл дээрээ хүн болдог юм. Одоо Цагаан сар болох гэж байна. Бүгдээрээ морио унаад хамаатан садан, нутаг усныхнаараа орж, гарч байвал сайхан даа. Ер нь урт насална гэдэг сэтгэлийн хүч юм шүү дээ. Үргэлж сайн сайхан зүйл бод. Залуучуудыг хараад байхад сэтгэл, санаа нь нэг л тавгүй, бухимдсан, давчидсан байх юм. Хэрэв бухимдаад л байх юм бол эрүүл мэндээрээ хохирно. Үүн шиг том гарз хохирол гэж хаана ч үгүй.
Хүний сэтгэл санаа бие махбодтойгоо нягт холбоотой байдаг юм. Амьдралаас нэг их зүйл хүсэх шаардлагагүй. Зүгээр л сайхан салхи татуулаад морио унаад давхи. Тачигнасан хүйтэн өвлийн улиралд сэтгэлээ онгойтол давхи. Чихрээс илүү цагаан идээгээ амьдрал ахуйдаа хэрэглэж хэвш. Баран идэхээр, мэрэн ид. Орой хүнд хоол битгий ид. Архи, сархдыг тохируулж хэрэглэ. Аль болох хоолоо удаанаар сайн зажилж ид. Халуун хоолны араас хүйтэн ус, цай, ундааг бүү уугаарай. Урт насалъя гэвэл ердөө л энэ.
-Таныг цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд “Бүдүүн багш” хэмээн нэрийддэг байсан гэсэн?
-(Инээв). Одоо ч гэсэн “Бүдүүн багш” гэж дууддаг. Би бол энэ нэрэндээ их хайртай. Намайг хүндэтгэж, дотночилж, өхөөрдөж өгсөн нэр байгаа юм. Нутаг усныхан минь миний энэ нэрийг анддаггүй.
-Хүндэтгэнэ гэснээс та 2023 онд Алтан гадас одонгоор шагнагдсан. Энэ таны хамгийн сүүлд авсан шагнал уу?
-Тийм байх шүү. Анх Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиудаар шагнагдаж байхдаа бөөн баяр болж билээ. Хөл газар хүрэхгүй. Дараа нь Төв аймгийн 90 жилийн ойн медалиар шагнуулсан. Дахин Төв аймгийн “Галын бурхан ээж” хүндэт тэмдэг хүртсэн. Бас болоогүй ээ, БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр ч шагнуулаад амжсан. Алтан гадас авахаас өмнө “Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг” -ээр шагнуулсан юм байна. Надад бол энэ шагналууд минь бүгдээрээ үнэ цэнэтэй санагддаг. Амьдралынхаа бас чамгүй хугацааг хүүхэд багачууд дунд өнгөрөөсөн. Тиймдээ ч энэ сайхан шагналуудыг хүртсэн байх гэж боддог.
-Та нийт монголчууддаа хандаж үг хэлэхгүй юу?
-За, баярлалаа. БүгдээрээСар шинэдээ сайхан шинэлээрэй. Монгол төр минь амгалан байж, Төрийн сүлд минь үргэлж ивээж, түмэн олон минь жаргалтай байж түвшин сайхан амьдрах болтугай. Бүгдээрээ миний өндөр насыг наслаарай. Буян хишиг нь тогтох болтугай. Луу жилдээ монгол түмэн минь эрүүл энх байхыг хүсэн ерөөе





Улаанбурхан өвчнөөс сэргийлье DNN.mn
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд ма...
3 цагийн өмнө
Сар шинийн баяраар 947 автобусаар иргэдэд үйлчилнэ DNN.mn
Энэ сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Уг з...
4 цагийн өмнө
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаагаар урьдчилсан байдлаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ DNN.mn
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран гурав да...
5 цагийн өмнө
Могой жил дурсгалын зоос худалдаанд гарлаа DNN.mn
Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийг угтан “Могой жил” 1 унцын 999.9 со...
6 цагийн өмнө
Цахилгааны шөнийн хөнгөлөлтийн хугацааг 21-09 цаг болгов DNN.mn
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмснийг УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.
...7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд