гадаад
Доналд Туск: Европ сэрлээ! DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 07

528

Цагаан ордны Зууван танхимд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар хамтран өөр улсын ерөнхийлөгчтэй хэрэлдэж буйг дэлхий нийт анх удаа харж, үүнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Телевизийн сайхан шоу боллоо” гэж дүгнэв. Харин Украины ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгчийг “дэмжигч” АНУ-ын удирдлагын талд бус Европын Холбоотой хамт байгаагаа батлав. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Зууван танхимд хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа АНУ-ын дэмжлэггүйгээр Украин цэргийн ажиллагаа явуулж чадах эсэх талаар асуусан сэтгүүлчид “АНУ-ын дэмжлэггүйгээр бидэнд хэцүү байх болно. Гэхдээ бид ард түмнээ, өөрийн үнэт зүйлээ, эрх чөлөөгөө алдаж болохгүй” гэж хариулав. Харин Цагаан ордны Зууван танхимд болсон хэрэг АНУ-д хагарал үүсгэв. Тухайлбал, Аляск мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатор Лиза Мурковски өөрийн X хуудсанд “АНУ-ын засаг захиргаа манай холбоотнуудыг орхиж, Путиныг тэвэрч байгаад үнэхээр их гомдож байна” гэж бичжээ.
Нью-Йоркийн Бүгд найрамдах намын төлөөлөгч Майк Лоулер энэ уулзалтыг “АНУ болон Украины хувьд боломжоо алдсан явдал” гэж нэрлэжээ. Бүгд найрамдах намын өөр нэг конгрессмен Небраска мужийн Дон Бэкон энэ үйл явдлыг “Америкийн гадаад бодлогын хамгийн муу өдөр” гэж нэрлэв. Бүгд найрамдах намын Конгрессын гишүүн Жасмин Крокетт Төлөөлөгчдийн танхимын хуралдаан дээр “Ноён дарга аа, бид: “Ноён ерөнхийлөгч өө! Оросууд Украин руу довтолсон” гэж үнэнийг хэлэх цаг болсон. Манай намын төлөөлөгчдөд энэ үнэнийг хэлэх зориг байна уу? Тэгэхгүй бол манай ерөнхийлөгчийн Путины талд зогсож байгаа байр суурь биднийг олон улсын хямрал руу түлхэж байна. Баримт бол хөдөлшгүй зүйл. Бид дэлхийн дайн руу явж байгаа юм биш үү?!” гэж хэлэхэд Төлөөлөгчдийн танхим чив чимээгүйн дунд умбав. Мэдээж Ардчилсан намын төлөөлөгчид Цагаан ордныхны үйлдлийг бараг бүгд толгой дараалан буруушаав. Тухайлбал, Сенатын танхимын цөөнхийн удирдагч Чак Шумер “Трамп, Вэнс нар Путины бохир ажлыг гардан хийж байна”, Сенатор Крис Кунс өөрийн X хуудсанд “Ардчиллын тэргүүн эгнээнд тэмцэж буй үндэстнийг удирдаж байгаад Зеленскийд бид талархах ёстой байсан” гэж бичжээ. Трампын багийнхан ерөнхийлөгчөө зөвтгөн Украины ерөнхийлөгчийг муулж, зарим нь бүр “Зеленский огцрох ёстой” гэж мэдэгдсэн нь энгийн иргэдийн дургүйцлийг дэврээж, АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, Лос Анжелес, Бостон зэрэг хэд хэдэн хотод Трампын үйлдлийг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдав. Мөн хэрүүл маргаанд оролцсон гол хүмүүсийн нэг болох дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс амралтын өдөр цанаар гулгах гэж байсан Вермонт мужийн Уэйтсфилд хотод түүнийг эсэргүүцсэн жагсаал болж, тэрээр гэр бүлтэйгээ өөр цанын бааз руу явахаас өөр аргагүй болов. Цагаан ордны ойролцоох жагсаалд оролцогч нэгэн иргэн сэтгүүлчдэд “Манай ерөнхийлөгчийн ардчиллын эсрэг үйлдлээс би үнэхээр айж байна. Энэ бол аймшигтай бас зэвүү хүргэсэн үйлдэл. Тэр бидний итгэл үнэмшлээс урваж ардчиллыг биш, алуурчин, дарангуйлагчийг дэмжигч!” гэж хэлсэн нь дэлхий даяар цацагдав.
CNN агентлаг Зууван танхимын дуулианд хэн хамгийн их буруутайг тодруулах санал асуулга явуулав. Хэдхэн цагийн дотор 112 мянга гаруй хүн асуултад хариулсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 50 хувь нь Трампыг, 42 хувь нь Вэнсийг, ердөө дөрвөн хувь нь Украины ерөнхийлөгч Зеленскийг буруутай гэсэн бол үлдсэн дөрвөн хувь нь бүх талууд адилхан буруутай гэсэн байна. Европын улсуудад ч Трампын засаг захиргааг эсэргүүцэж, Украиныг дэмжсэн олон арван жагсаал болж өнгөрөв. Мөн Зууван танхимын үйл явдлын дараа Европын бүх улс төрчид Украиныг дэмжсэн үг хэлсэн бөгөөд Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон “Украиныг дайны хариуцлага хүлээх ёстой гэж байна гэдэг бол солиорол. Аварга загасны хоол болох шахсан хүнийг аврага загас руу дайрсан гэж буруутгаж буйтай адил зүйл” гэж хэлсэн нь хамгийн оновчтой тодорхойлолт болов.
Цагаан ордны энэхүү хэрэг явдлын дараа Их Британийн ерөнхий сайд Европын зэвсэг үйлдвэрлэдэг гол улсуудын болон Канадын удирдагч, Туркийн Гадаад хэргийн сайд, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, Европын комиссын дарга, Европын зөвлөлийн тэргүүн оролцсон ээлжит бус чуулганыг Лондонд зохион байгуулав. Энэ уулзалтын өмнө Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба “Стармер, Зеленский нар Лондонд болсон дээд хэмжээний уулзалтын өмнө Их Британи, Украин хоёр 2.26 тэрбум фунт стерлинг буюу ойролцоогоор 2.84 тэрбум ам.долларын зээл олгох гэрээнд гарын үсэг зурлаа” гэж мэдээллээ. Энэ зээлийг Оросын битүүмжилсэн хөрөнгийн ирээдүйн орлогоос төлөх бөгөөд Владимир Зеленский “Энэ мөнгө Украинд зэвсэг үйлдвэрлэхэд зориулагдана. Энэ бол шударга явдал. Дайны зардлыг дайн эхлүүлсэн хүн төлөх ёстой” гэж мэдэгдэв.
Нийт 19 улс, байгууллагын тэргүүн нар оролцсон Лондоны ээлжит бус чуулган “Дайн үргэлжилсээр байвал бид Украинд үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлж, Орост үзүүлэх эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлнэ”, “Урт удаан энх тайван нь Украины бүрэн эрх, аюулгүй байдлыг хангах ёстой бөгөөд Украин уг хэлэлцээрийн ширээний ард суух ёстой”, “Хэрэв энхийн хэлэлцээр батлагдвал Европын удирдагчид ирээдүйд Оросууд Украин руу довтлохоос урьдчилан сэргийлэхийг бүх талаар хичээн ажиллах болно”, “Украиныг хамгаалж, тус улсын нутагт энх тайвныг бүрэн хангахын тулд “Улсуудын сайн дурын эвсэл” байгуулна” гэсэн дөрвөн зүйл дээр санал нэгдэв. Үүний дараа уг чуулганыг санаачлан зохион байгуулсан Кейр Стармер “Европ хүнд ачаа үүрэх ёстой” гээд “Их Британи Европын орнуудын хүчин чармайлтыг хэрэгжүүлэхийн тулд Украины газар дээр өөрийн цэргийн “гутал”, агаарт нь өөрийн цэргийн нисэх онгоцоор хамгаалах болно. Бидний гаргасан энэ энхийн төлөвлөгөө бол АНУ-тай хамтран ажиллаж, АНУ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх төлөвлөгөө юм. Манай засгийн газар Британийн агаарын довтолгооноос хамгаалах 5000 гаруй пуужин худалдан авахад зориулж Украинд нэмж 1.6 тэрбум фунт стерлинг буюу ойролцоогоор 1.94 тэрбум евро хуваарилж байна. Учир нь Орос улс амархан “эвдэх” Минскийнх шиг сул дорой гэрээг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв. Харин Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Өнөөдөр бид түүхийн уулзвар дээр байна. Энэ бол хоосон яриа хийх цаг биш. Иймээс бид аюулгүй байдлын зардлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг бид хэрэгжүүлэх хэрэгтэй” гээд тэрээр мөн Лондоноос АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хандан “Бид ардчиллыг хамгаалж, хууль дээдлэх ёсыг сахин хамгаалахын төлөө хамтрах хэрэгтэй. Энэ нь та хөршдөө халдаж, хилээ хүчээр өөрчилж болохгүй гэсэн үг” гэж хэлэв. Польшийн ерөнхий сайд Дональд Туск Лондонд болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа өөрийн Х хуудсандаа “Европ сэрлээ!” гээд “Лондонгийн чуулганд оролцогчид Украинд үзүүлэх тусламж, Атлантын далай дамнасан нягт хамтын ажиллагаа, зүүн хилийг бэхжүүлэх асуудлаар нэгдсэн” гэж бичжээ. Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони “Бидний хүлээн зөвшөөрөх ёсгүй ганц зүйл бол Украины удаан үргэлжлэхгүй, түр зуурын энх тайван. Иймээс бидний хийх гэрээ амар амгаланг эвдэх үү гэдэг дээр анхаарах ёстой. Учир нь бид ийм зүйл болдгийг өнгөрсөн хугацаанд харсан” гэж хэлэв. Германы канцлер Олаф Шольц “НАТО нь АНУ, Канад, Европын хувьд аюулгүй байдлын “түлхүүр” хэвээр байна” гэж тэмдэглэв. Нидерландын ерөнхий сайд Дик Шуф “Европ тивийн аюулгүй байдлыг хангахад бид илүү их үүрэг гүйцэтгэх ёстой” гэж онцлоод “Атлантын далайг дамнасан сайн харилцаа ч бас хэрэгтэй” гэж хэлжээ. Ийнхүү Европын тэргүүлэх улсууд Канадтай хамтран Лондонд Орос, Америкийн энхийн хэлцэл болох “deal”-ийг энхийн гэрээ буюу “agreement” болгож орхив. Ингэснээр Дональд Трамп тэргүүлж байсан байр сууриа алдав. Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа “Украинд үзүүлэх цэргийн тусламжаа түр зогсоож байна” гэж мэдэгдсэн нь АНУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл болсноос гадна Трампын “Дайнд олон хүний амь үрэгдэж байгааг зогсооно” гэсэн нь огт худал зүйл гэдгийг харуулсан явдал болов. Гэхдээ бид АНУ-ын шинэээр томилогдсон хуучин ерөнхийлөгчийг зөв ойлгох ёстой юм. Түүний хувьд гол асуудал нь Хятад улс. Бас Ойрхи Дорнод гэж түүний нэг “шүдний өвчин” бий. Иймээс Дональд Трамп Оросын удирдагчийн аюулгүй байдлаар наймаалцаж, ОХУ-ыг Хятадаас салгахаар яарав. Ийм учраас л тэрээр Украины дайн зогсоох асуудлыг хэлэлцээр гэхгүй наймаалцал буюу хэлцэл гэж нэрлээд байсан билээ. Гэхдээ өөрийн хүчинд хэт итгэсэн Трампын гол алдаа нь Путиныг эзлэн түрэмгийлэгч гэж нэрлэхээс татгалзаж, Москвад Украины ерөнхийлөгчийг Цагаан ордноос хэрхэн хөөн гаргаж буйгаа харуулсан теле шоу байв. Трамп ийнхүү Европын Холбоонд санаачилгаа алдаж, дэлхий нийтэд өөрийн төдийгүй АНУ-ын нэр хүндийг “шороотой хутгаж” орхив. Энэ нь Трампын баг эрдэмтэн Альберт Эйнштейний “Зохисгүй аргыг зөвтгөх зөв зорилго гэж байдаггүй” гэж анхааруулсныг огт мэддэггүй гэсэн үг болж таарав. Нөгөө талд “Росстат” он гарснаас хойш “ОХУ-д сарын инфляци 1,5-2 хувьтай байна” гэж зарлаж байгаа нь өөрөө том тоо. Гэтэл эдийн засагчид өргөн хэрэглээний болон бусад барааг нийлүүлэн тооцож үзэхэд инфляци зургаан хувьтай буюу жилийн 75-80 хувь болох бүр том бодит тоо гарсан байна. Мэдээж Орост инфляци эрчимтэй явагдаж байгаа учир энэ тоо долоо хоног бүрээр нэмэгдэж жилийн эцэст 100 хувь хол давна. Үүнийг эдийн засагт стагфляци буюу мөхөл гэдэг. В.Путин чухамхүү өнөөдрийн энэхүү гиперинфляци буюу маргаашийн дефолтоос айж АНУ-аар зуучлуулан барууны улсуудтай өөрийн аюулгүй байдлыг Кремлийн суудал, атомын бөмбөг, ОХУ-ын хувь заяагаар наймаалах гэсэн нь бүтэхгүй болж А. Гитлертэй адил дайн дуустал суудалдаа сууж байхаас өөр аргагүй болов. Гэхдээ тэрээр нэг их удахгүй “сайн дураар” суудлаа өгөх байх. Учир нь Оросын аль ч төр үзэл суртал, арми, баруунд зардаг байгалийн баялгийн орлого гэсэн гурван тулгуур дээр тогтож ирсэн. Гэтэл улсынхаа гурван тулгуурыг нэгэн зэрэг устгаж буй Оросын удирдагч сүүлийн хагас мянган жилд анх удаагаа гарч ирсэн нь Путин болж байна. Сүүлийн жилд байнга довтолж, дэлхийд болж байсан бүх дайны рекордыг эвдсэн хохирол хүлээсэн Оросын арми туйлдаж, фронтыг ганц ч цэгээр нь сэтэлж чадаагүй түүний генералууд тэр энэ тосгон, сууринг эзэлсэн хэмээн Путинд худал зүйл илтгэдэг болов. Энэ нь Оросын талаас фронт удахгүй энд тэндгүй нуран унах болно гэсэн үг. Үүнийг болон ОХУ-ын эдийн засгийн байдлыг маш сайн мэдэж байгаа Европын Холбоо Украины дайныг зогсоох Трампын наймаа буюу хэлцлийг “Путин үг дуугүй бууж өгөх хэлэлцээ” болгох шийдвэр гаргаж Орос, Америкийн төлөөлөгчдийн уулзалтуудын үр дүнг үгүйсгэж орхив. Иймээс энэ бүх болж өнгөрсөн явдалд хамгийн их сэтгэл дундуур үлдэж байгаа ганц хүн бол олон улсад “Кремлийн хоригдол” гэгдэх болсон Владимир Путин болж байна. Учир нь Оросын нийгэм, улс төр, соёл, урлагийн нэрт зүтгэлтнүүд болон Жанжин штабт өндөр алба хашиж байсан генералууд Путиныг дайн эхлүүлэх гэж байгааг эрс эсэргүүцэж “Оросын арми ялагдаж, ОХУ задарна” гэж анхааруулж байсан нь ийнхүү хэрэгжиж эхлэв.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА





Л.Хуягбаатар: Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга бол вакцин DNN.mn
Сүүлийн үед гадаадад аялаад ирсэн хүмүүсээс улаанбурхан өвчин илэрч байгаа талаар мэдээлж буй. Энэ өвчний талаар ХӨСҮТ-ийн Цочмог ге...
6 цагийн дараа
Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй DNN.mn
Түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Баатархүүтэй ярилцлаа. -Монгол хүн ёс суртахуун, үнэт зүйлгүй болчихлоо гэж бид ярьсаар байга...
6 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр бич өдөр DNN.mn
2025.03.16 / Ням гараг ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР Үс засуулвал: Өнгө зүс доройтно Наран ургах, шингэх: 07.03...
5 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна DNN.mn
Хур тунадас: 16-нд Хэнтийн уулархаг нутгаар, 18,19-нд Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 10-нд баруун, төв...
5 цагийн дараа
Гадаад өр өмнөх оноос 7.4 хувиар өсчээ DNN.mn
Улсын нийт гадаад өр 2024 онд 37.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2.5 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 1.5 тэрбум ам.доллароо...
12 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

тоймч Б.Цэндаюуш
Улс төрийн удирдагчдын хийж буй үйлдэлүүд дандаа маш өргөн цар хүрээг хамарч холыг харж хийдэг.Тэр өөрөө ганцаар шийдвэр гаргадаггүй.Бүхэн бүтэн шинжилгээ үнэлгээний институт ажилладаг.Тийм болохоор олон нийтийн санаа бодол тийм ч чухал биш бөгөөд эцсийн эцэст олон нийт л ялагддаг.Бид үүнийг байнга хардаг бас зэвүүцдэг.Гэхдээ яаж ч чаддаггүй.Манай Монгнолын эрх баригчид хулгай хийдэг,авилгалч,худалч хуурамч,гэмт хэрэгтэн олонхи нь гэдгийг мэдсээр байж саналаа өгч сонгодог.Энэ чинь хүссэн хүсээгүй тэд дийлдэг гэдгийн баталгаа.Энэ удаа ч Трамп ялна.Тэр хүссэнээ хийлгэх л болно.Харин гүйцэлдүүлж буй бодлого нь Америкт хэр ашигтай вэ гэдгийг бусад орны удирдагчдын үйл ажилгаатай холбоотой болно.Яагаад гэвэл Путин,Ши Жин Пин нар ч хүчирхэг удирдагчид.Миний бодлоор Америк хожиж байна.Трамп Европод та нар шулсаар байгаад биднийг 30 ихнаядын өрөнд оруулсан гэж шууд хэлж байна шүү дээ.Улс орноо нэг дугаарт тавьж анхаардаг удирдагч л жинхэнэ ЭХ ОРОНЧ байна шүү дээ.Трамп бол ЭХ ОРОНЧ.Украйн бол Америкийн хувьд яахав дээ зүгээр л нэг газрын баялаг.Ер Украйныг энэ дайнаас өмнө Европ тоож байлуу?Мэдэх ч үгүй л байлаа шүү дээ.

Жийгээ
Сэтгэл сэргээчихлээ баярлалаа.