Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

П.Ганцоож: Хотын даргын гаргасан шийдвэр бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 14

img

52

news-img

“Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо”, “Эко автомашин импортлогчдын холбоо”-ны зүгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халдсан хэмээн зарга мэдүүлж, шүүхэд хандсан. Уг гомдлын дагуу шүүхээс хотын даргын эд хөрөнгө болох нэг тэрбум төгрөгийг битүүмжлэх захирамж гаргасан байна. Уг маргаантай холбоотойгоор “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн П.Ганцоожтой ярилцлаа.


-Нийслэлийн засаг даргад танай холбоо гомдол гаргаж, шүүхэд хандсан. Ер нь энэ маргаан юунаас болсон талаар эхлээд ярихгүй юу?

-2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсан. Үүний дагуу 2024 оны НИТХ-аас Улаанбаатар хотын дугаартай автомашины тоог 730 мянга байна гэж заасан. 2024 оны хоёрдугаар сард хотын дугаартай автомашины тоо 705 мянга байсан. Бидний хувьд 730 мянга гэдэг тоогоо барих юм байна гэж бодсон. Гэтэл бариагүй. Хотын дарга НИТХ-аас гаргасан шийдвэрийг огт биелүүлээгүй. Уг нь биелүүлэх ёстой хүн нь Х.Нямбаатар мөн үү гэвэл мөн. Биелүүлээгүй явсаар нэг зун өнгөрсөн. Ингэж явсаар хотын дугаартай автомашины тоо 805 мянгад хүрчихсэн. Машины бизнес эрхлэгчдийн хувьд энэ шийдвэр биелэгдэх боломжгүй, хэрэгжихгүй юм байна гэж ойлгосон учраас зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ хангахын тулд Японоос татан авалтуудаа хийсэн. Гэтэл аравдугаар сарын 28-ны өдөр гэнэт Х.Нямбаатар даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улсын Их Хурлын индэр дээрээс “Арваннэгдүгээр сарын 8-наас эхлээд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй. Зөвхөн шалгуур үзүүлэлтээр олгоно” гээд шалгууруудаа яриад эхэлсэн. Тухайн үед “Таван богд”, “Мөнххада”, “Киа Моторс”, “HYUNDAI” ХХК, 22-ын товчооны авто цогцолбор, “Да хүрээ” гээд нийт 2500 гаруй иргэн, аж ахуйн нэгж тухайн үед 37 мянган машины худалдан авалт хийчихсэн байсан. Энэ гэнэтийн шийдвэр нь бизнес эрхлэгчдийг бизнесээ урьдчилж төлөвлөх ямар ч боломж өгөөгүй.

-Тухайн үед хотын даргад хандсан уу?

Тухайн үед бид Х.Нямбаатар даргад хандсан. “Гэнэт ийм шийдвэр гарчихлаа. Бидний татан авалтыг яагаад бодсонгүй вэ. Шалгуур үзүүлэлтээрээ мэргэжлийн холбоодоо оруулж болоогүй юм уу” гээд Хотын даргатай уулзах хүсэлт тавьсан боловч орлогч Т.Даваадалайтай уулзсан. Бидэнд “Үүн дээр бид алдаа гаргасан байна. Та бүхний 37 мянган машинд номер олгохоор ярилцъя” гэсэн юм. Үүний дараахан Х.Нямбаатар дарга ИТХ-ын индэр дээрээс бид бүхнийг дайснууд мэтээр янз бүрийн үгээр хэлсэн.

Үүний дараа бид “Бизнес эрхлэгчдийг ажил хөдөлмөр, нийгмийн давхаргаар нь ялгаварлан үзэж болохгүй гэсэн үндсэн хуулиа зөрчөөд байна. Та биднээс уучлалт гуй” гээд хэвлэлийн бага хурал хийсэн ч ерөөсөө хариу өгөөгүй.

Хэрэв та хариу өгөхгүй бол шүүхэд хандана гэдгээ тухайн үед нь хэлсэн. Тэгээд шүүхэд хандсан. Шүүхээс нэг тэрбум төгрөг битүүмжлэх захирамж гарсан. Үүнд Х.Нямбаатар дарга гомдол гаргасан байна лээ. Тэр гомдолдоо “Үүнийг би хариуцахгүй. Энэ бол нийслэлийн захирагчийн албаны ажлын хэсэгт хамаарна. Намайг биш нийслэлийн ажлын хэсгийг шүүхэд өгөх нь зүйтэй юм биш үү” гэсэн утгатай гомдол гаргасан байна лээ. Тэр гомдол нь иргэний хэргийн шүүхээр шийдэгдэх байх.

-Улаанбаатар хотын дугаарын олголттой холбоотой гаргасан шийдвэр бизнес эрхлэхэд нөлөөлж байна уу. Ямар хүндрэл гарч байна вэ?

-Улаанбаатарт 10-аад гаалийн талбай байдаг. Тэр бүх талбай дээр машинууд хахчихсан байна. Нэг контейнер гэхэд өдрийн 35 ам.долларын торгууль төлж байгаа. Улаанбаатарын дугаар олгохгүй байгаа болохоор машины борлуулалт эрс муудсан. Дугаар олгохоо больсон гэдгээ бидэнд урьдчилаад хэлсэн бол татан авалтаа багасгах, шалгуур үзүүлэлтэд нь таарсан машинуудыг оруулж ирэх байсан. Гэнэтийн ийм шийдвэрээс болоод бүх гаалиуд дүүрчихсэн байгаа. Төлж байгаа торгуулийн мөнгө нь Монгол Улсын гааль руу ордоггүй. Хятадын тээвэр зуучийн компани руу ордог. Ер нь хотын даргын гаргасан шийдвэр бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна. Банкны зээлийн хүү, түрээс, тог цахилгааны төлбөрөөс эхлээд хүнд байдалд орчихоод байна. Түүнээс бид хууль зөрчөөд хулгайгаар автомашин оруулж ирээд зараагүй. Монгол Улсын хуулийн дагуу төлөх ёстой татвараа төлдөг. Зах зээлд ороод 30 жил болчихоод байхад эргээд коммунист нийгэм рүүгээ яваад байна. Энэ бол ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл.

-Энэ гомдол үр дүнгээ өгнө гэж найдаж байна уу?

-Манай холбоо 2500 гишүүнтэй. Энэ хүмүүсийн нэр төрд халдчихаад байна. Түгжрэлийг шийдэхийн тулд бизнес эрхлэгчдийг яагаад дайсан мэтээр харагдуулаад байгаа юм бэ. Зах зээлийн нийгэм чинь эрэлт нийлүүлэлтээрээ явдаг. Бид Японоос үнэгүй машин авчирч тараагаад, зам дээр өрж тавиагүй шүү дээ. Худалдаж авч байгаа, зарж байгаа хоёр хүний бизнесийн зарчим нь энэ. Гэтэл үүнийг захиргааны аргаар ингэж шийдээд байгаа нь үндсэн хуулиар буруу, хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Ер нь хотын дарга хавьтсан, ойртсон бүхнээ загнадаг, доромжилдог байж болохгүй. Манай холбооноос гомдол гаргаж байгаагийн цаад шалтгаан нь нэг тэрбум төгрөг авсан ч бай, аваагүй ч бай төрийн өндөр албан тушаалтан иргэдийг хийж байгаа ажил хөдөлмөрөөр нь битгий гадуурхаасай, ийм жишиг Монголын төрд дахин битгий гараасай гэсэн үүднээс бид шүүхэд хандсан. Энэ нь ч үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

-Түгжрэлийг бууруулахын тулд гаргасан шийдвэрүүд таны хувьд хэр оновчтой гэж бодож байна вэ?

-Х.Нямбаатар дарга саяхан монголчуудыг залхуу, хойргоор нь дуудаад алхаж яв гэсэн. Гэтэл алхах, унадаг дугуй унах талбай нь байна уу. Түгжрэлээ шийдээгүй байж гэнэтхэн хүний эд хөрөнгөд дураараа халдаад байгаад нь л эгдүүцээд байгаа юм. Яагаад бизнес эрхэлж байгаа ААН-үүд рүүгээ түгжрэлийг түлхээд байгаа юм бэ. Үе үеийн Нийслэлийн засаг дарга нарын хийсэн ажлын үр дүн нь одоо илрээд байгаа юм. Жишээ нь, нэг хотхонд тав, арван мянган айлын орон сууц барьчихна. Өглөө долоон цагт тэндээс таван мянган машин хүүхдүүдээ өөр дүүрэг, сургууль руу зөөж байна. Хэрэв хотхон дотор нь цэцэрлэг, сургууль барьчихсан байсан бол өглөө таван мянган машин тэндээс хөдлөхгүй. Ямар ч замбараагүй шийдвэр гаргачихаад түүнийхээ буруутанг олохын тулд иргэдийг хооронд талцуулдаг. Ийм байж болохгүй.

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно DNN.mn

Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Ула...

img

4 цагийн дараа

Дундговь аймагт 1603 малчин хоршоологч 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар  (2025.03.13) Дундговь ай...

img

4 цагийн дараа

Чансаа өндөр 64 бөхийн барилдааны түрүү бөх 20 сая төгрөг гардана DNN.mn

Үндэсний үйлдвэрлэгч “Бест Буйдан” компанийн нэрэмжит “Best buzzer-2025” өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн...

img

3 цагийн дараа

Хүнсний ногооны урамшуулалд 8.2 тэрбум төгрөг олгоод байна DNN.mn

Тариаланчдыг дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан хүнснийн ногооны урамшууллыг олгожээ. Хүн...

img

3 цагийн дараа

Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэли...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд