мэдээ
Ё.Азжаргал: “Шинэ хоршоо”-ны хүрээнд нийт 758 тэрбум төгрөгийн зээл гарсан, эргэн төлөлт маш сайн байгаа

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 3 сарын 19

82

“Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ё.Азжаргалтай ярилцлаа.
-“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ямар, ямар ажлуудыг хийв?
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 193 мянган малчин өрх байна. Нийт 300 гаруй мянган малчинтай. Өнгөрсөн 10 сарын хугацаанд хамгийн их нөөц шаардсан ажил малчин бүрд хүрч нүүр тулж ажиллах байлаа. Энэ ажил дээр Монгол Улсын Засгийн газар маш их хүч хаясан. Монгол Улсын Шадар сайд, “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханаар ахлуулсан баг хорь хоногийн хугацаанд сум бүрээр ороод ирэхэд нийтдээ 302 мянган км зам туулж байх жишээтэй. Малчид маань эх орныхоо өнцөг булан бүрд тархан байршиж, улирлаас улирлын хооронд буурь сэлгэн нүүдэллэж аж төрдөг хүмүүс. “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэхийн давуу талыг ойлгуулж, арилжааны банкуудтай хамтарч хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулж чадсан нь эхний нэг жилийн хамгийн чухал зүйл боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 330 сумаас 328 суманд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хөрөнгө оруулалтын зээл гарсан байна. Бид аймаг, сум, баг бүрээр явж ажиллаж байгаа. Малчид маань хоршоолохын давуу талыг бүрэн ойлгосон гэж хэлж болно.
-Уг төсөлтэй холбоотой сайн, муу ярианууд байдаг. Үр ашиггүй зээл өгөөд, түүнийг нь хүмүүс зориулалтын бусаар ашигладаг ч гэж ярьсан. Сонгуульд зориулсан амлалт байсан ч гэдэг?
Цаг хугацааны хувьд яалт ч үгүй Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль дамнаад гарсан учраас муу муухай харагдуулах гэж зарим хүмүүс оролдсон. Энэ дотроос хамгийн харамсалтай санагдсан нэг зүйл бол зарим нэг хөдөө явж үзээгүй шахам хүмүүс малчдаа маш их үгүйсгэсэн. Шуудхан хэлэхэд, монгол соёл руугаа нулимсан гэж хэлж болно. Малчид бол бидний үнэт зүйлүүдийн нэг болох нүүдлийн соёлыг биедээ тээж, өвлөн уламжлуулж, нар салхинд гандаж, байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдтэй улаан нүүр, гараараа тулж байдаг. Үүнийг хотын дулаан байранд амьдраад ухаалаг утасны цаанаас бүхнийг шүүдэг хэсэг хүмүүс бол ойлгохгүй. Бид саяхан сар гаруй хугацаанд нийтдээ 10 орчим аймаг, зарим аймгийнхаа сумдаар ажиллаад ирлээ. Богино хугацаанд 3000 гаруй малчинтайгаа уулзаж үгийг нь сонслоо. Хөрсөн дээрээ нөхцөл байдал маш өөр байна. Шинэ хоршоо хөдөлгөөний малчин хоршоологчид маань аймаг, орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулаад эхэлсэн. Өвөл, хаврын цагт учирч болзошгүй эрсдэлд маш сайн бэлдсэн байна. Хамтын хөдөлмөр эрхлээд, аж ахуй ажиллуулаад байгалийн сорилтыг хамтдаа даван туулах нь ямар чухлыг хэлж ярьж байна.
-Төсөлд хамрагдаж, зээл авсан хүмүүсээ хариуцлагажуулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Хариуцлага гэдэг үгийг та санхүүгийн сахилга бат талаас нь асуулаа гэж ойлголоо. Саяхныг хүртэл малчин хүнд арилжааны банкнаас малчны зээл гэдэг жилийн 20 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай олгодог санхүүгийн ганцхан бүтээгдэхүүн байсаар ирсэн. Өндөр хүүтэй ч энэ бол арилжааны банкны хамгийн эргэн төлөлт сайтай бүтээгдэхүүн. Дараа нь ипотекийн зээл ордог. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга бат талаас нь авч үзвэл малчид хамгийн хариуцлагатай хүмүүс. Зарим нэг өөрсдийгөө улстөрч гэх хүмүүс малчдад хөнгөлөлттэй зээл огт өгч болохгүй. Үрэн таран хийнэ, боловсролгүй гэх мэтээр доромжилсон. Харамсалтай нь тэр хүмүүс 22-ын товчооноос цааш явж үзээгүй шахам, хөдөөгийн амьдрал мэдэхгүй. Тэгсэн мөртлөө өөрсдөө ямар нэг сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэж гүйдэг нөхдүүд байсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хоршоологчдоос өнөөдөр зээлээ эргэн төлөх дээр асуудал гаргаж байгаа нэг ч хүн алга. Бид Монголбанк болон арилжааны банкуудтайгаа долоо хоног бүр мэдээлэл солилцдог. Бүгд төлөх ёстой хугацаанд нь төлөлтөө хийгээд явж байна.
-Ер нь малчид хоршоолоод голдуу юу, юуг хийж байна вэ?
-Өнөөдөр та хотын иргэн. Гэрийнхээ хажуу талын дэлгүүр рүү ороод хүнсээ цуглуулахад юу авдаг уу. Тэр бүхнийг хоршоологчид хийгээд эхэлсэн. Бидэн рүү залгаад зах зээлтэй холбож өгөөч гэж хүсэлт гаргаж байна. Хүнсний хувьсгал, Цагаан алт хөдөлгөөний үйлдвэрүүдэд яаж түүхий эд, бүтээгдэхүүнээ зарах вэ гэж асууж байна.
-Малчид, хоршоодын авч байгаа техник, тоног төхөөрөмжийн чанар баталгаа, аюулгүй байдал дээр яаж анхаардаг юм. Ер нь тухайн тоног, төхөөрөмжийг худалдан авахад танай зүгээс зуучилж өгдөг үү?
-Төр бүх ажилд нь оролцохоос аль болох татгалзаж байгаа. Зөв мэдээллийг хүргэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих талаар чухалчилж ажиллаж байна. Хоршоологчдоо тасралтгүй сургах, бүхий л төрлийн мэдээллээр хангах сургалтуудыг аймаг, сум, багийн түвшинд зохион байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Энэ жил тус хөтөлбөрийг дахин сунгаад нэг их наяд төгрөгийн зээл өгөхөөр болсон гэж сонссон. Ямар шалгуур тавих вэ?
Анх эхлэхдээ Монгол Улсын Засгийн газар таван жилийн, таван их наяд төгрөгийн хөтөлбөр гэж баталсан. Тэгэхээр жил, жилээр сунгах тухай ойлголт байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шинэ хоршоо хөдөлгөөн хэвийн үргэлжлэх зорилтууд тусгагдсан. Нэг зүйлийг тодруулж хэлэх ёстой. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хөрөнгө оруулалтын зээл бол арилжааны банкны өөрийн эх үүсвэрээс олгогддог бүтээгдэхүүн. Өнөөдрийн байдлаар нийт 758 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Эргэн төлөлт маш сайн байгаа.
-Цаашид ингэж хоршоолоод явахын ач тус нь юу байна вэ?
Хамгийн чухал үр дүн аль хэдийнэ гарсан. Малчин хоршоологчид маань өнгөрсөн өвлийг өнтэй давлаа. Малын зүй бус хорогдол гаргасангүй. Энэ бол өвөл өнтэй байж, малчид хоршоологчид ч маш сайн бэлтгэл хангасны үр дүн. Сүүлийн хоёр өвөл юу болсныг та мэдэж байгаа. Байгалийн сорилтыг хамтдаа давах юм байна гэсэн сэтгэлгээний өөрчлөлт гарч байна. Байгалийн сорилтын өмнө эдийн засгийн хувьд бие даасан байх нь чухал юм байна. Үүнд нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн туслах юм байна гэдэг нь одоо гарч байгаа үр дүнгүүдээр нотлогдож байна гэж хэлж болно.





“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урь...
3 цагийн дараа
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын х...
2 цагийн дараа
Ч.Батчулуун: Хөвсгөлийн хоёр настай хүүгийн харамсалтай хэрэг бидэнд маш том сургамж боллоо
Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүү сураггүй болж, эрлийн ажиллагаа найм хоног үргэлжилсний эцэст х...
2 цагийн дараа
Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ
Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ ха...
2 цагийн дараа
Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. ...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд