мэдээ
Ч.Батчулуун: Хөвсгөлийн хоёр настай хүүгийн харамсалтай хэрэг бидэнд маш том сургамж боллоо

Админ
2025 оны 9 сарын 30

48

Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүү сураггүй болж, эрлийн ажиллагаа найм хоног үргэлжилсний эцэст хүүгийн цогцос олдсон харамсалтай хэрэг гарсан. Иргэд эрлийн ажиллагааны зохион байгуулалт муу байсан учраас цаг хугацаа их алдсан гэх шүүмжлэлтэй байна. Энэ талаар Онцгой байдлын ахмад ажилтан хурандаа Ч.Батчулуунтай ярилцлаа.
-Энэхүү харамсалтай хэрэгт эрлийн ажиллагааны тактик буруу байсан хэмээн олон нийт шүүмжилж байна. Та энэ асуудалд мэргэжлийн хүний зүгээс ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүү ор сураггүй алга болсон хэрэг хэд хоногийн турш нийгмийг цочроосон билээ. Эрлийн ажиллагаа олон хоног үргэлжилсэн ч хүүгийн цогцос олдсон. Одоо энэ харамсалтай хэргийг Монголд мэдэхгүй хүн ховор биз. Эрлийн ажиллагааны хувьд алдаа, эндэгдэлтэй зүйлс ажиглагдаж байна. Энэхүү эрлийн ажиллагаанд манай Төрийн цэргийн болон Хууль сахиулах төв, орон нутгийнхан гээд асар их хэмжээний хүч хурдан хугацаанд цуглаж эрлийг газар дээр нь зохион байгуулсан юм билээ. Миний хувьд багахан хэмжээний газар дээр маш богино хугацаанд олон хүн цугласныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараад хүүг хурдан олдчих байх гэсэн бодолтой байсан. Гэвч үр дүн ямар байгааг бүгд мэднэ. Тиймээс ямар нэгэн ажлын дараа бид юун дээр алдсанаа дүгнэж, сургамж авах ёстой.
Түүнчлэн би Оросын онцгой байдлын албан хаагчийн бичсэн зүйлийг харсан. Ер нь бол эрлийн ажиллагаа эхлэхдээ тактикийн хувьд буруу байсан. Жишээ нь, анх хоёр настай хүү алга боллоо гэх дуудлага хүлээн авмагцаа хэрэг гарсан объектыг маш сайн хамгаалалтад авах ёстой байсан юм. Тус объектод олон хүн бужигнуулж яасан ч болохгүй. Үүний дараа эрэлч нохдыг яаралтай авчирч тавих ёстой. Яагаад заавал эрэлч ноход вэ гэвэл тэдний онцлогоос хамаарч байгаа юм. Учир нь эрэлч ноход хэрэг дөнгөж гараад удаагүй буюу шинэ сэргэг үед ажиллаж, ул мөрийг тогтоож, хурдан хугацаанд илрүүлдэг онцгой чадвартай. Гэтэл энэ онцлогийг харгалзаж үзэлгүйгээр хэргийн ул мөр бүдгэрч, баларсан хойно эрэлч нохдыг авчрахаар үр дүн угаасаа муу байна. Хамгийн гол нь хүүгийн цогцос өмнө нь эрлийн ажиллагаа явагдаж байсан газраас гарч ирсэн гэх зүйл яригдаад байгаа шүү дээ. Эрлийн ажиллагаа эхэлнээс хоёр, гурав хоногийн дараа эрэлч ноход ирсэн гэх мэдээлэл байна.
-Тэгвэл эрлийн үйл ажиллагаа энэ үе шатыг алгассан учраас үр дүн муу гарахад нөлөөлсөн гэсэн үг үү?
-Хамгийн гол нь ул мөрийг шинэ, сэргэг байх үед нь эрэлч нохдыг тавих ёстой. Энэ хооронд энд, тэндээс баахан хүн цуглаад, хоол унд болж, зүг зүгт хайгаад ул мөрийг бүдгэрүүлсэн. Бараг эрэл биш олон хүн салхинд гарсан ухааны зүйл болсон гэх шүүмж яваад байгаа шүү дээ. Мэдээж, би бол үүнийг нүдээр хараагүй. Олон нийтийн шүүмж ийм байсан. Хэрэв үнэхээр ингэж бужигнасан бол ул мөр бүдгэрнэ. Гол нь эрлийн ажиллагаа эхлэхдээ энэ хэсгийг алгасаж хэт олон хүн бужигнаснаар хэргийн газарт байсан ул мөр арилах, будилах байдал үүссэн. Үүнээс үүдэн эрлийн ажиллагаа сунжирч хүүг олох нөхцөл байдал удааширсан гэдэгтэй би санал нэг байгаа. Ямар ч хэргийн объектод мэргэжлийн бус олон хүн бужигнахыг таслан зогсоох ёстой. Хүү алга болсон тийм давчуухан газарт 300-400 орчим хүн цугласан байсан. Бараг зүү хаясан ч эрээд олчихоор хүч цугласан мөртлөө гарсан үр дүн нь ямар байгаа билээ.
-Ер нь эрлийн үйл ажиллагаанд хэт их сэтгэл хөдлөлөөр хандсан уу?
-Ерөөсөө л хүүг маш хурдан олъё гэж хэт яарч ажилласнаас ийм алдаа гарав уу гэх нэг өнцөг бий. Өмнө нь Дүнжингаравын осол дээр ч манай гал сөнөөгчид хурдхан давхиж очоод тухайн объектыг унтраана гэж бодсоноос биш тэр машин дэлбэрвэл өөрсдөө аюулд орно гэдгээ тооцоолж чадаагүй. Яг үүнтэй адил орон нутгийн иргэд, эрлийн багийнхан хүүг амьд байхад нь хурдхан олоод авъя гэж бодоод бүгд нэг дор, ямар ч зохион байгуулалтгүй бужигнасан. Угтаа бол тухайн газрыг хамгаалалтад аваад хэргийн газрын ул мөрийг шинэ, сэргэгээр нь байлгасан бол хүүг олох боломж байсан. Яагаад эцэст нь үр дүн ийм гарав гэдэгт мэргэжлийн байгууллагууд тодорхой хэмжээнд дүгнэлт хийж байгаа байх. Хоёр настай хүүгийн энэхүү харамсалтай хэрэг бидэнд маш том сургамж боллоо. Цаашдаа иймэрхүү тактикийн алдаа гаргаад байвал сураггүй алга болсон хүнийг амьд, мэнд олох боломжоо цаг хугацааны хувьд алдаж байна гэсэн үг. Тиймээс бид бүхэн аль аль талдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад аль, аль талдаа гэж хэлж байна вэ гэвэл хүүг алга болсноос хойш олон хүн цахим сүлжээнд үнэн, худал мэдээлэл бичсэн байсан шүү дээ.
-Эрлийн ажиллагааны үеэр олон хүн сошиалд өөрийн зургаа нийтэлж, үнэн худалд нь мэдэгдэхгүй мэдээлэл өгсөн. Энэ нь ч эрлийн ажиллагаа будилахад нөлөөлсөн үү?
-Хамгийн их нөлөөлнө. Мөн хамгийн буруу үйлдэл. Хүүхэд алга болно гэдэг бол маш ноцтой хэрэг шүү дээ. Гэтэл хэргийн газарт зургаа дарж, өөрөө өөрийгөө сурталчлах нь эрлийн ажиллагааг сулруулж, төөрөгдүүлэх эрсдэл өндөр байдаг. Мөрийг баллаж, бүдгэрүүлж, эрлийн ажиллагааг мухардалд оруулж, буруу чулуу хөөлгөх нөхцөл байдал үүсгэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс дараа, дараагийн үйл ажиллагааны үеэр иргэн хүнийхээ үүргийг ухамсарлаасай. Зөвхөн эрх бүхий байгууллагаас эрлийн үйл ажиллагааны мэдээллийг өгнө үү гэхээс хувь хүн ийм, тийм байна гэж мэдээлэх бол буруу.
-Хоёр настай хүүхэд 9км зам туулах боломжтой юу?
-Явганаар явахад 9 км газраас хүүгийн цогцос олдсон гэж яриад байгаа шүү дээ. Жаахан хүүхэд уйлаад гүйхэд 5 км замыг туулах боломжтой. Анх би энэхүү хэргийг гарахад бодож байсан юм л даа. Тухайн үед надад хоёр настай хүү мөлхөөд явахад ч олчихмоор юм шиг л санагдаж байсан. Гэхдээ салхины чиг хаана байгаа билээ. Газрын уруу, өөд хаанаа байгаагаас хамаараад талийгаач хүү 5-9 км газар явсан байхыг үгүйсгэхгүй. Яг нарийн асуудлыг бол би мэдэхгүй байна. Ямар ч тохиолдолд хүү алга болсон цэгээсээ газрын өөд мөлхөөд явна гэж байхгүй. Газрынхаа уруу, тэгш тал руугаа л явна шүү дээ. Энэ бол хэний ч мэдэх асуудал.
А.Даваадулам





“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урь...
2 цагийн өмнө
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын х...
2 цагийн өмнө
Ч.Батчулуун: Хөвсгөлийн хоёр настай хүүгийн харамсалтай хэрэг бидэнд маш том сургамж боллоо
Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүү сураггүй болж, эрлийн ажиллагаа найм хоног үргэлжилсний эцэст х...
3 цагийн өмнө
Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ
Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ ха...
3 цагийн өмнө
Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. ...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд