мэдээ
Г.Уянга: Өөрийнхөө ээж шиг хүн рүү ёс бус үгээр дайрч “Чи ингэж байхаар үхээч” гэж хэлсэн

Админ
2025 оны 9 сарын 30

216

Иргэн Г.Уянга цахим орчинд сургуулийн насны хүүхдүүдийн ёс бус үг хэллэг, харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тухайн үед юу болсон талаар түүнтэй ярилцлаа.
-Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?
-Харилцаа яаж эхэлсэн бэ гэвэл тухайн өдөр манай байрны тоглоомын талбай дээр том хүн суррон уначихсан орж ирсэн юм. Тэгээд би “Та хүүхдүүдэд юу үлгэрлээд байгаа юм бэ” гэдэг шаардлага тавьж очтол хажуунаас хүүхдүүд “Яагаад бид тоглоомын талбай дээр тээврийн хэрэгсэл унаж болдоггүй юм бэ” гээд над руу хандаад хэлсэн. Гэтэл нөгөө хүүхдүүд цахилгаан скүүтер түрээслээд, гулсуурын талбай, элсний талбай хоёрыг тойроод эхэлсэн. Үүнд нь би удаа дараа шаардлага тавьтал том хүнээс эмээж байгаа зүйл ажиглагдаагүй. 30 орчим минут болоход тэр хүүхдүүдийн үйлдэл зогсоогүй. Харин ч яасан ч яадаг юм гэдэг байдлаар хандаж, сүүлдээ над руу маш муухай үг хэллэг ашиглан, орилж эхэлсэн. Бүр эмэгтэй хүний эмзэг эрхтнийг доромжилсон байдлаар хараалын үг хэлсэн. Би тэр үед хариу өгөөгүй. Тухайн үед юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Тэгээд нөгөө хүүхдүүд явсны дараа нэг хүүхэд нь буцаж гүйж ирснээ “Чи ингэж байхаар амиа хорлож үхээч” гэж хэлсэн.
-Хэд орчим насны хүүхдүүд байсан юм бэ?
-14, 15 орчим насны хүүхдүүд байсан байх.
-Дараа нь сургууль руу нь хандсан гэсэн. Сургууль ямар арга хэмжээ авав?
-Тэр үед над руу ингэж орилоод байхаар нь Нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан руу “Бүлэг хүүхдүүд над руу ингэж орилоод байна, ирэх боломж байна уу” гэж хандсан. Гэтэл маргааш өглөө нь миний сошиал хаягийн зургийг оруулаад “Царай шигээ байгаач, нэгнийх нь ээж нь байгаа даа, хүүхэд нь ээжийгээ аваач” гэсэн пост оруулсан байсан. Тэгээд нийгмийн ажилтан руу нь холбогдоод “Танай сургуулийн хүүхдүүд үү” гэтэл “Тийм байна” гэсэн юм. Тэгээд надад “Эцэг эхтэй нь холбогдлоо, та постоо устга” гэдэг шаардлагыг тавьсан
Тухайн үед би ямар арга хэмжээ авахыг нь ярилцах хэрэгтэй гэж бодоод дөрвөн цагаас тохироод уулзсан юм. Тухайн үед болсон үйл явдлаа ярьтал урдаас “Чи хүүхдийн зураг сошиалд тавьсан” гэдэг асуудал ярьсан. Бид ийм арга хэмжээ авах гэж байгаа талаараа нэг ч үг дуугараагүй. Маргаашнаас нь эхлээд над руу “Та үхэж болох уу” гэх мэт маш аймаар үг хэлж, хүүхдүүд орж ирсэн. Эхэндээ нэр нүүрээ нуухгүйгээр халдаж байсан бол сүүлдээ хуурамч хаягнууд болж хувирсан. Үүний дараа хуурамч хаяг нээсэн томчууд миний ар гэрийн зургийг ашиглаж над руу дайрсан. Тэгээд би үүнийг юу гэж харсан бэ гэхээр энэ бол Нэгдүгээр сургууль дээрэлхэлтийн соёл нь юм байна. Томчууд өөрсдөө таслан зогсоох биш, хөхиүлэн дэмждэг юм байна. Үүгээрээ урамшаад ийм байж болно гэсэн итгэл үнэмшилтэй юм байна гэж дүгнэсэн. Үүнийг таслан зогсооход одоогийн удирдлага нь үнэхээр чадамж нь хүрэхгүй юм билээ. Яагаад гэхээр тэд өөрсдөө ийм үйлдэлтэй шүү дээ. Мэргэжлийн зүгээс харахад нийгмийн сэтгэл зүйд ярьдаг шиг энэ асуудал гэмт бүлгийн шинж агуулсан байна. Өөрийнхөө ээж шиг хүн рүү айдасгүйгээр ёс бус үг хэлж “Чи үхээч” гэж хэлж байгаа нь анхны үйлдэл нь биш гэсэн үг.
Нийгмийн ажилтан Г.Галнаран: Бидэнд тухайн хүүхдүүдийг өмөөрөх ямар ч шаардлага байхгүй
Үүсээд буй асуудалтай холбогдуулан Нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Галнарангаас тодруулсан юм.
-Танай сургуулийн хүүхдүүд шаардлага тавьсан эмэгтэй рүү ёс бус үг хэллэг хэлсэн гэх асуудал үүсээд байна л даа. Үүнтэй холбогдуулж сургуулиас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой хичээл тарсны дараа сургуулийн урд талын тоглоомын талбайд болсон үйл явдал юм байна. Сургуульд албан ёсоор гомдол хараахан гаргаагүй байх үедээ олон нийтийн сүлжээнд тухайн эмэгтэй нийтэлсэн байсныг бид маргааш өглөө нь харсан. Ингэхдээ хүүхдүүдийн зурагтай нь хамт байрлуулсныг олж мэдсэн. Сургуулийн бус орчинд, хичээлийн бус цагаар болж байгаа үйл явдал гэсэн үг. Ингээд бид тухайн хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагчийг авчирч, хүүхдүүдтэй мөн уулзсан. Боловсролын ерөнхий газрын тушаалаар эцэг эхтэй байгуулах хамтарсан гэрээ байдаг. Хичээлийн цагаар, анги танхимд суралцагчдын аюулгүй ажиллагаанаас эхлээд бүх зүйлийг сургууль хариуцан ажиллаж байгаа. Гэтэл орой үдэш, эцэг эхийн хяналтад байх ёстой цагаар талбай дээр хүүхдүүд тоглож байх явцдаа нэг сурагч түрээсэлдэг мопед унаж гэртээ харих гэж байсан гэж ярьсан. Гэтэл нэг эмэгтэй шаардлага тавьж, асуудал үүссэн. Бидэнд тухайн хүүхдүүдийг өмөөрөх ямар ч шаардлага байхгүй. Хоёр хүүхдийн зургийг зэрэг постолсон байсан. Өглөө нь хэний ангийн, хэн гэдэг сурагч вэ гээд ангийн багш нар луугаа холбоо барьсан.Тэгээд … дугаар ангийн хүүхэд гэдгийг мэдэж авсан. Эцэг эхтэй нь холбогдсон. Тэгээд Уянга гэдэг эмэгтэй рүү холбогдоод, уучлалт гуйсан. Хүүхдүүдтэй ч уулзсан. Хэзээ ч олон нийтийн дунд зүй бус үг хэллэг хэлж болохгүй гээд сурагчийн дүрэмд байдаг. Хүүхдүүд маань буруугаа хүлээгээд, ээж нь тухайн хүнтэй утсаар яриад манай хүүхэд буруутай гээд уучлалт хүссэн байсан.
-Өмнө нь ийм асуудал үүсч байсан гэх мэдээлэл олны дунд яригдаад байна л даа?
-Бичсэнийг хараагүй учраас хэн ямар гомдол гаргасныг мэдэхгүй байна. Дээрэлхэлт гэдэг яриа гарч байгаа энэ үед манай сургууль маргаан, зөрчил хүүхдүүдийн дунд нэг удаагийнх нь байна уу, ганцаараа байна уу, бүлгээрээ байна уу, давтамжтай байна уу гэдгийг судалж хариу арга хэмжээ авч байгаа. Манай сургууль сэтгэл зүйчтэй. Хүүхдүүд дунд янз бүрийн хүүхэд бий. Одоогоор ямар нэгэн санал гомдол сургуульд ирсэн юм алга. Харин дарамт шахалтыг гаргахгүйн төлөө шат шатандаа багш сурагчид, эцэг эх хамтарч ажиллаж байгаа. Манай сургуульд хэдэн мянган хүүхэд сурч байгаа учраас тэр хүүхдүүдийн аюулгүй орчныг хангахын тулд бүх хүчээ л дайчлан ажиллаж байгаа.
-Нэгдүгээр сургуульд баян чинээлэг айлын хүүхдүүд сурдаг учраас дээрэлхэлтийг өөгшүүлдэг гэх асуудал нийгэмд яригдаж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Бид Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн. Хүүхдийг баян чинээлэг, хоосон, боломжгүй гэсэн яриа хэзээ ч гаргаж болохгүй. Бид харьяандаа суралцаж байгаа хүүхдүүдтэйгээ л ажилладаг. Энэ бол боломжтой айлын хүүхэд гэж хэзээ ч харж байгаагүй. Би өөрөө энэ сургуульд олон жил ажилласан. Нэгдүгээр ангид орохоос нь эхлээд хүүхдүүдээ мэддэг. Тийм учраас аль болохоор ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл байж болохгүй, бүх зүйл ялгаатай байдаг. Харин үүнд хүндэтгэлтэй хандаарай гэдэг зарчим дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ маргаанд хүүхдүүдээ эцэг эхчүүд нь төлөөлнө. Хууль, цагдаагийн байгууллагаар шалгагдаж, хянаж шийдвэрлэгдэх асуудал. Хүүхдүүдийн ёс зүй, дүрэм журамтай асуудлыг сургууль анхааран ажиллаж байна. Зөрчлийн шинжтэй асуудлыг мэргэжлийн байгууллага шалгана байх.
Сэтгэл зүйч О.Тэгшжаргал: Зөвхөн хүүхдүүдийнхээ сурлагаднь анхаарах биш сэтгэл хөдлөл, мэдрэмжид анхаарах хэрэгтэй
Энэ асуудалтай холбогдуулж өсвөр насны хүүхдүүд ямар учраас ийм үйлдэл гаргадаг талаар сэтгэл зүйч О.Тэгшжаргалтай ярилцлаа.
–Хүүхдүүдийн зан байдалд юу хамгийн их нөлөөлдөг юм бол. Жишээ нь, өөрийнхөө ээж шигээ хүний өөдөөс ёс бус үг хэллэг хэлсэн гэх асуудал гарлаа л даа?
-Хүүхдийн зан байдалд олон зүйл нөлөөлж болно. Гэхдээ суурь шалтгаан нь хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ хангагдсан уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Бага насандаа сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдсан, тайван орчинд өссөн, ээж аав нь анхаарал халамж тавьдаг хүүхэд өөрийгөө илэрхийллж, сэтгэл хөдлөлөө удирдаж чадсан байдаг. Гэтэл аав ээж нь анхаарал халамж тавьдаггүй, ажил гээд явчихдаг, эсвэл ярилцдаггүй, мэдрэмжийг нь хайхраагүй бол бусад хүний мэдрэмжийг чухалд тооцдоггүй. Тэр хүнд ямар санагдах бол гэж бодохгүйгээр үг хэлнэ гэдэг өөрөө яагаад ийм сэтгэл хөдлөл гаргаж байгаагаа ч ойлгоогүй байдаг. Тэгэхээр өнөөдөр өсвөр насны хүүхдүүдийг энэ насан дээрээ л болохгүй байгаа гэж яриад байгаа боловч бага насандаа сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдсан хүүхдүүд ийм асуудал гаргахгүй гэж ойлгож болно. Бас манай нийгэм асар их нөлөөлж байна. Эцэг эхчүүд олон цагаар ажилладаг хэрнээ цалин багатай учраас гэр бүлдээ гаргах цаг бага байдаг. Нийгмийн хүчин зүйл эцэстээ гэр бүл дээр буугаад, хүүхэд дээр ирдэг. Үүнээс болоод нийгмийн гажуудал, гэмт хэрэг гэх мэт асуудлуудын эхлэл нь тавигддаг.
-Тэгвэл хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг яаж тогтвортой байлгах вэ?
-Нэгдүгээрт, би энд аюулгүй байх юм байна гэдэг мэдрэмжийг хүүхэд авах нь чухал. Энэ асуудалтай холбогдуулж үүсдэг асуудал нь үе тэнгийн дээрэлхэлт байдаг. Үе тэнгийн дээрэлхэлт бол гаднаа илүү хүчирхэг юм шиг харагдахыг хүсдэг. Тэгэхээр зөвхөн хүүхдүүдийнхээ сурлагад нь анхаарах биш сэтгэл хөдлөл, мэдрэмжид анхаарах хэрэгтэй байна. Энэ бол биднийг амьтнаас ялгаруулж, хүнлэг болгож байгаа зүйл. Сургууль дээр асуудал гаргаад байгаа хүүхдүүдийг нэр дурдаад цоллочихдог. Ингэж болохгүй. Харин юу тохиолдож байгаа юм, сэтгэл санааны байдал нь ямар байгаа юм гэдгийг ойлгож ярилцах хэрэгтэй. Хүүхэд ямар нэгэн шалтгаангүйгээр сөрөг үйлдэл хийдэггүй. Хүүхдийн асуудал бол эцэг эхчүүдийн асуудлын шинж тэмдэг байдаг. Асуудал гаргаад байгаа хүүхдэд юу тохиолдсон, юу хүсэж мөрөөдөж байгааг шүүмжлэхгүйгээр сонсох хэрэгтэй. Түүний дараа яавал туслахаар байгааг асууна. Тэгэхээр эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүйг тайван байлгах хэрэгтэй. Стресс бухимдал, сөрөг мэдрэмж байвал хүүхдийн сэтгэл санаа ч тогтвортой байдаггүй.
Г.БАЛГАРМАА





“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урь...
2 цагийн өмнө
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын х...
2 цагийн өмнө
Ч.Батчулуун: Хөвсгөлийн хоёр настай хүүгийн харамсалтай хэрэг бидэнд маш том сургамж боллоо
Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүү сураггүй болж, эрлийн ажиллагаа найм хоног үргэлжилсний эцэст х...
3 цагийн өмнө
Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ
Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ ха...
3 цагийн өмнө
Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. ...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд