Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Дональд Трамп НҮБ дээр уур амьсгалын өөрчлөлтийг “Дэлхийн хамгийн том луйвар” гэж мэдэгдэв

trend

Админ

img

2025 оны 9 сарын 30

img

25

news-img
Нүүрсний эдийн засагтай манай улс ямар байр суурьтай байх ёстой вэ?

Редакцийн тайлбар

Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний бодлого өнөөдөр зөвхөн Европ, АНУ-д биш, нүүрсэнд түшиглэдэг Монгол зэрэг орнуудад ч шууд нөлөөлөх сэдэв болоод байна.

Монголын нүүрсний ирээдүй дэлхийн уур амьсгалын бодлогын чиг хандлагаас хамааралтай хэвээр байна.

Таны бодлоор бид ямар зам сонгох ёстой вэ?

Доорх нь Нью-Йорк Таймсын нийтлэл юм.

Трампын мэдэгдэл ба дэлхийн цочрол

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс уур амьсгалын өөрчлөлтийн талаар шүүмжилж, түүнийг “Дэлхийн түүхэнд тохиолдсон хамгийн том луйвар” гэж нэрлээд, дэлхийн дулаарлын тухай шинжлэх ухааны дүгнэлтийг “тэнэг хүмүүс” зохиосон хэмээн мэдэгдэв. Тэрээр мөн АНУ-ын ойрын холбоотнуудыг ч багтаасан зарим улсуудыг сэргээгдэх эрчим хүч хэрэглэх болсон гэж шүүмжилсэн юм.

Энэ нь дулааны давлагаа, түймэр, үер зэрэг сүйрлийг улам дордуулж буй шатах түлшнээс татгалзах шаардлагыг үл тоомсорлосон төдийгүй дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний өргөжилтийн бодит нөхцөлтэй үл нийцсэн хурц мэдэгдэл байв.

Трампын илтгэлийн хоёр гол бай нь цагаачид болон “ногоон эрчим хүч” байлаа. Тэр хоёрыг “хоёр сүүлтэй мангас” гэж нэрлээд Европыг сүйрүүлж байна гэж нотолгоогүйгээр мэдэгдэв. Эдгээр сэдэв нь Бүгд Найрамдах намын дэмжигчдэд нь таалагддаг. Гэвч тэрээр ийм мэдэгдлээ дэлхий дахины өмнө хийсэн нь онцгой үйл явдал байлаа.

“Хэрэв та агуу байхыг хүсвэл хатуу хил хязгаар болон уламжлалт эрчим хүч хэрэгтэй” гэж тэр хэлэв. “Би Европын талаар санаа зовж байна. Би европчуудыг хайрладаг. Харин эрчим хүч, цагаачлалын бодлогоороо сүйрч байгааг харахад харамсалтай байна.”

Түүний сэргээгдэх эрчим хүчийг эсэргүүцсэн мэдэгдэл нь Европын Холбооны хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хууль ёсны зорилтуудыг сааруулах, Европын эрчим хүчний шинэчлэлийн эсрэг улс төрийн эсэргүүцэл өдөөх оролдлого гэж ажиглагдаж байна.

Хараат бус эрчим хүчний шинжээчдийн үзэж буйгаар нар, салхины эрчим хүч нь өнөө үед дэлхийн олон хэсэгт хамгийн хямд эх үүсвэрийн тоонд ордог бөгөөд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт нь нүүрс, нефть, хийд оруулж буй хөрөнгө оруулалтаас давсан байна.

“Трамп АНУ-ыг олон улсын тавцанд дахин эвгүй байдалд оруулж, Америкийн ард иргэдийн эрх ашгийг доройтуулж байна” гэж Байдены засаг захиргааны уур амьсгалын бодлогын захирал асан Жина Маккарти мэдэгдэв. “Тэрээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт үзэгдлээс америкчуудыг хамгаалах төрийн хариуцлагаа үгүйсгэж байна.”

Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тэйлор Рожерс бичгээр өгсөн мэдэгдэлдээ “Үүнийг дэлхийн хөргөлт, дэлхийн дулаарал, эсвэл уур амьсгалын өөрчлөлт гэж нэрлэсэн ч бай, радикал уур амьсгалын хөтөлбөр дэлхийн олон агуу улсыг сүйрүүлсээр байна” гэж Трампын мэдэгдлийг өмөөрсөн байна.

Ерөнхийлөгч Трамп ажил хүлээн авсан эхний өдөртөө л 200 орчим орны хүлэмжийн хийг бууруулах сайн дурын Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан бөгөөд энэ алхмыг хийсэн цорын ганц улс болсон юм. Түүний засаг захиргаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг гацааж, салхи, нарны эрчим хүчний татварын дэмжлэгийг хүчингүй болгож, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг төрийн цахим хуудсуудын агуулгаас устгасан. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг багасган харуулах зорилготой тайлан гаргуулсан.

Европын хууль тогтоогчид сэргээгдэх эрчим хүчний өргөжилтийг эрчим хүчний аюулгүй байдлаа хангах гол хэрэгсэл гэж харж байна. Харин Трамп Европыг АНУ-аас илүү их нефть, хий худалдан авахыг уриалжээ. Европын Холбоо жил бүр Трампын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд 250 тэрбум ам.долларын эрчим хүч худалдан авахаар амлаж, үүний хариуд АНУ гаалийн татвараа бууруулах тохиролцоонд хүрчээ.

АНУ өнөөдөр дэлхийн хамгийн том хийн экспортлогч, хамгийн их нефть олборлогч улс бөгөөд Трампын засаг захиргаа улам илүү олборлолт хийхийг дэмжиж байгаа. Трамп мөн хамгийн бохир түлш гэгддэг нүүрсийг олборлох, шатаахыг өргөжүүлэх тушаалд гарын үсэг зурсан.

Шинжлэх ухааны өргөн хүрээний дүгнэлтээр нүүрс, нефть, хийг түлэх нь дэлхийн дундаж температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1 хэмээс давуулан нэмэгдүүлж, хэт халалт, түймэр, үер зэрэг сүйрлийг улам нэмэгдүүлжээ.

Гэсэн ч Трамп уур амьсгалын өөрчлөлтийг “дэлхийн түүхэнд тохиолдсон хамгийн том луйвар” гэж нэрлэж, дэлхийн дулаарлын эсрэг олон улсын хэлэлцээрийг дагаж мөрдөж буй улс орнуудыг буруутгасан. АНУ нь аж үйлдвэржилтээс хойш хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулсан улс гэдгийг бодолцвол энэ нь бүр ч анхаарал татсан үйл явдал байлаа.

“Би бүх зүйл дээр зөв байсаар ирсэн. Хэрэв та энэ ногоон эрчим хүчний луйвраас холдохгүй бол улс орон чинь дампуурна гэж хэлж байна” гэж тэр мэдэгдэв.

Тэрээр байгаль орчны идэвхтнүүдийг “бүх үхрийг алахыг хүсдэг” хэмээн дайрсан бөгөөд энэ нь баримт нотолгоогүй мэдэгдэл байлаа. Үхэр үнэхээр метан хий ялгаруулдаг ч зарим идэвхтнүүд хүмүүсийг махны хэрэглээгээ багасгахыг уриалснаас өөр юм байхгүй.

Түүний илтгэл 56 минут үргэлжилсэн нь НҮБ-ын индэр дээр улс орнуудын тэргүүнд олгодог 15 минутын хязгаараас даруй гурав дахин урт байв. Тэрээр Европын улсуудыг сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцээ өргөжүүлсний төлөө шүүмжилсэн юм.

“Герман цагаачлал, мөн эрчим хүчний бодлогоороо маш буруу замаар явж байна” гэж Трамп мэдэгдэв.

Германы уур амьсгалын өөрчлөлтийн төлөөлөгч асан Женнифер Морганын хэлснээр Европын орнууд сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний аюулгүй байдал болон эдийн засгаа тэлэх боломж гэж харж байна. Түүний хэлснээр “хүмүүсийг гэр орноосоо дүрвэхэд хүргэхгүй байхын тулд” уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь зайлшгүй зүйл юм гэжээ.

Трампын илтгэлийн урт хэсэгт “нүүрстөрөгчийн мөр” буюу хувь хүн болон бүлгүүдийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг тооцох ойлголтын талаар дурдсан. Тэрээр үүнийг “муу санаатай хүмүүсийн зохиосон луйвар” гэж нэрлэсэн юм.

Энэ ойлголтыг олон жилийн өмнө нефтийн компаниуд өөрсдийн брэндийг өөрчлөх сурталчилгааны хүрээнд түгээж байсан гэдэг.

 

2025.09.23

Энэхүү нийтлэл нь The New York Times сонинд анх нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.

Орчуулсан: М.Мядагбадам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урь...

img

22 минутын өмнө

Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай

Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын х...

img

1 цагийн өмнө

Ч.Батчулуун: Хөвсгөлийн хоёр настай хүүгийн харамсалтай хэрэг бидэнд маш том сургамж боллоо

Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүү сураггүй болж, эрлийн ажиллагаа найм хоног үргэлжилсний эцэст х...

img

1 цагийн өмнө

Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ

Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ ха...

img

1 цагийн өмнө

Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. ...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд