гадаад
Анита Хиппер: Путин бол гэмт хэрэгтэн

Админ
2025 оны 3 сарын 31

150

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нар “Хүсэлтний эвсэл”-д нэгдсэн 31улсын дээд хэмжээний уулзалтыг Парист зохион байгуулав. Уг уулзалт Оростой энхийн гэрээ байгуулсан тохиолдолд Украинд өөрсдийн цэргийг оруулж, Оросыг дахин халдлага хийхээс сэргийлэх баталгааны асуудлыг авч хэлэлцэв. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украинд нэмэлт 17 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх, Киевт нэмж хоёр сая ширхэг их бууны сум нийлүүлэх, үзүүлж буй дэмжлэгээ Украины хэрэгцээнд нийцүүлэх, Европын улс хоорондын уялдаа холбоог сайжруулахаар болов.
Үүнээс гадна Европын удирдагчид Украины батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Украины цэргүүдийг сургах Европын ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцов. Уулзалтын дараа Макрон “Дээд хэмжээний уулзалтаар бид Украин болон түүний армийг үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцсон бөгөөд Орост болон түүний сүүдрийн флотод дарамт шахалт үзүүлэхээр болсон” гэж мэдэгдэв.Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер “Украинд энх тайвныг тогтоохын тулд манай тив бүхэлдээ дайчлагдахаар тохиролцсон.Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс түншүүдийнхээ дэмжлэгийг авч, олон арван жилийн турш харагдаагүй хэмжээнд энхийн үйл явцыг дэмжихийн тулд Европ тив дайчлагдаж байгаа явдал юм” гэж хэлэв. ВВС-ийн олон улсын сэтгүүлч Жереми Боуэн түүнээс Их Британийн Ерөнхий сайд болон АНУ-ын Ерөнхийлөгчийн хооронд энх тайвны төлөөх үзэл бодлын зөрүү байгаа эсэх талаар асуухад тэрээр “Ерөнхийлөгч Трамп бас тогтвортой энх тайвныг хүсэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт энэ талаар тодорхой ахиц дэвшил гаргасан.Хүн бүр мөнхийн энх тайвныг хүсч байна. Иймээс хэлэлцээрийн ширээний ард суухын тулд Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ нь хэдэн сарын хугацаанд биш өдөр, долоо хоногийн дотор хэрэгжиж байх ёстой.
Учир нь хоёр долоо хоног гаруйн өмнө Украин 30 хоногийн гал зогсоохыг зөвшөөрсөн ч ОХУ-аас ямар нэгэн хариу өнөөдөр ч ирүүлээгүй хэвээр байна. Иймээс Их Британи, Франц, Германы Батлан хамгаалах яамны тэргүүн нар ойрын хугацаанд Украинд уулзаж, Киевт цаашид үзүүлэх дэмжлэгийн талаар тохиролцох болно” гэж хариулав. Энэ үеэр Европын Холбоо дахин “Ардчиллыг алдагдуулж, хүний эрхийг зөрчиж, Беларусь улсад хэлмэгдүүлэлт явуулсан, Украинд довтолсон Оросын цэргийг дэмжсэн гэх үндэслэлээр Орос, Беларусь улсын нийт 25 хүн, долоон компанид хориг арга хэмжээ авч байгаагаа зарлав.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин цөмийн шумбагч “Архангельск” хөлөг онгоцны далайчидтай ярилцах үеэрээ “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төдийгүй Украины бусад эрх баригчид ч хууль бус.Дэлхийн практикт тус улсад түр зуурын хөндлөнгийн гадаад хяналт бий болгох боломжтой бөгөөд энэ нь энхийн замаар зохицуулах хэлэлцээ хийх боломжийг нээж өгч магадгүй. Ийм практик байдаг бөгөөд зарчмын хувьд НҮБ-ын ивээл дор АНУ, Европын орнууд болон бусад улсууд Украинд түр менежмент нэвтрүүлэх боломжийг хэлэлцэж болно” гэж мэдэгдэв. Тэгвэл Украинд шилжилтийн Засгийн газар байгуулах тухай Владимир Путины энэхүү саналыг Берлин эрс буруушааж, Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт “Кремль Украины удирдагч Владимир Зеленскийг хууль бус гэж удаа дараа зарлаж байгаа ч Украины эсрэг өдөр бүр дайралт хийж байгаа нь Путины зорилго бол энэ улсын ардчиллыг устгах явдал гэдгийг баталж байна.
Зеленский бол Украины хууль ёсны ерөнхийлөгч, өөр хэний ч бус Украины ард түмний нэрийн өмнөөс хэлэлцээр хийж байгаа хүн” гэж мэдэгдэв. Европын Холбоо“Путины мэдэгдлийг бид худал суртал ухуулга гэж үзэж байгаа учир ямар нэгэн тайлбар хийх шаардлагагүй” гэж мэдэгдэв. Европын комиссын төлөөлөгч Анита Хиппер сэтгүүлчдэд “Бид Украины талд зогсож, урт удаан, шударга энх тайвныг хангахад анхаарлаа хандуулж байна. Путин бол гэмт хэрэгтэн, түүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрэн сурвалжилж байгаа” гэж мэдэгджээ.
Ерөөс Путин энхийн хэлэлцээр хийх эхний нөхцөл болгож ОХУ-ыг дэлхийн банкны системээс хассан хоригийг хэсэгчлэн цуцлахыг шаардаж байгаа билээ. Энэ нь Оросын эдийн засаг шалдаа буусан гэсэн үг. Харин Европын улсууд яг түүний хүслийн эсрэг шийдвэр гаргав. ОХУ-ын төсөв оны эхний хоёр сарын байдлаар 2.7 тэрбум рублийн алдагдалтай гарч, энэ хоёр сард батлан хамаалах салбарынхаа жилийн төсвийн хагасыг үрж, гиперинфляци явагдаж, эдийн засаг нь дампуурч байгаа нь тодорхой болоод байна. Энэ нь Оросын түүхэн уламжлал болох “Ордны эргэлт” нэг их удахгүй гарч, Путин суудлаасаа бууж, түүний оронд өөр хүн Оросыг төлөөлж Зеленскийтэй гэрээ хийх болно гэсэн үг юм.





Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж Замын-Үүд сумын эрчим хүч тасалджээ
Өчигдөр буюу 2025 оны 3 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт байрлах 110 кВ-ын цахи...
2 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээ...
3 цагийн өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард олгоно
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг энэ сард олгохоор болжээ. Энэ сарын 28-нд Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн хурал болох бөг...
3 цагийн өмнө
ЦЕГ: Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна
Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна. Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк ...
4 цагийн өмнө
“Тусгаар тогтнол” шүлгийг Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

зочин
Украйнд хууль бус төрийн эргэлт хийж , Оросын эсрэг дайсагналцуулж, Домбасын 20,000 иргэний аминд хүргэж, 8 жил дайнд бэлтгүүлсэн нь гэмт хэрэг биш үү? Үүний уршигаар украйны 20-иод сая иргэн дүрвэж, 1,0 сай гаруй цэрэг алагдаж, олон хот тосгон сүйрч, одоо дэлхийн 3-р дайн эхлэх дээрээ тулаад байгаа юм биш үү? ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТЭН БУРУУТАН НЬ ХӨГШИН ЕВРОП, НАТО, АНУ, АНГЛИ………….