мэдээ
Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон “Халзан бүрэгтэй” орд явах ёстой

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 3 сарын 31

197

Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга, Аймгийн Ардчилсан намын дарга М.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцаа.
-Хаврын дунд сар гарлаа. Танай нутгаар энэ жилийн хавар ямар аятай болж байна вэ. Малчдын хувьд төл аваад шувтарч байгаа байлгүй?
-Манай аймгийн нутгаар өнгөрсөн өвөл харьцангуй их дулаахан, малчдын маань ярьж байгаагаар өнтэй сайхан жил болж өнгөрлөө. Тиймээс хаваржилт одоогийн байдлаар айхавтар хүндэрсэн зүйл алга байна. Цаашид урин цаг, ирж яваа цаг болохоор удахгүй шинэ ногоотой залгаад хүн, малын зоо тэнийх байх. Яг одоогийн байдлаар мал төллөлт аймаг, орон нутгийн хэмжээнд орчим хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн мал тооллогоор Ховд аймаг нийт 3.5 сая мал тоолуулсан. Энэ жилийн хавар төл бойжилт өмнөх жилүүдээ бодоход сайн явагдах шинж харагдаж байна.
-Ховд аймгийн хувьд цаг агаар харьцангуй дулаахан, салхи шуурга тогтуун байх шиг байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг. Энэ жилийн тухайд танай аймагт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажил юу байна вэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа 27 төсөл, арга хэмжээ үргэлжилнэ. Санхүүжилтээр нь тооцвол нийт 121 тэрбум төгрөгийн төсөвтэй. Харин орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Нөгөөтэйгүүр Ховд аймагт өрнөх хамгийн чухал томоохон бүтээн байгуулалтын ажил бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Удахгүй уг станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Эрчим хүчний хувьд ОХУ-аас баруун бүс хараат байдлаас гарахад энэхүү усан цахилгаан станцын хувь нэмэр их чухал гэж бид харж байгаа. Энэ утгаараа цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг явуулах тал дээр аймаг, орон нутгийн зүгээс чадах чинээгээрээ анхаарч ажиллаж байна. Түүнчлэн Ховд аймаг хогноосоо салах тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа. Үүнд орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг тусгасан. Мөн олон улсын байгууллагууд болон Европын сэргээн босголтын банк, Байгаль орчины яам дээр хэрэгжиж байгаа төслөөс илүү нэмэлт санхүүжилт босгож цогц байдлаар Ховд хотын хогны асуудлыг шийдэхээр ажиллаж байна.
-УИХ-ын хаврын чуулган эхэлчихсэн. Та бүгдийн зүгээс хаврын чуулганаар тойргийн гишүүдээрээ дамжуулан орон нутагтаа шаардлагатай байгаа эрх зүйн ямар өөрчлөлтүүдийг хийх бодолтой байгаа вэ?
-Тодорхой хуулийн төслийн санал одоогийн байдлаар явуулсан зүйл алга байна. Гэхдээ орон нутгийн хувьд бодсон, өөрчлөх ёстой эрх зүйн олон асуудал бий. Баруун бүсээс УИХ-д ард түмний төлөөлөл болж арван гишүүн сонгогдсон. Эдгээр гишүүд тойрог, бүсээрээ ирж ард түмнийхээ санал бодлыг сонсоод, холбогдох хуулийн төсөлдөө тусган ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр нэг зүйлийг таны асуулттай холбоотойгоор хэлье.
-Юу билээ…?
-Холбогдох хуулиудад зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага, асуудлууд орон нутгийн хувьд цөөнгүй бий. Өнгөрсөн жилийн хувьд улс төрийн хоёр том сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн үеэр ард түмэндээ авч хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байж сонгогчдынхоо итгэл, сонголтоор олонх болж гарч ирдэг. Тодорхой хэлбэл, өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам олонх болсон. Олонх болсон нам багаараа ажиллаж байж иргэд сонгогчдоо амласан амлалтандаа хүрч, бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадна. Гэтэл багаараа ажиллах тэр боломж нь эрх зүйн орчинд хаагдмал байгаа нь асуудал болж байна.
-Олонх болсон нам засаглах, удирдах түвшинд хүмүүсээ тавих нь улс төрийн тогтсон соёл байх. Гэхдээ бусад шатны төрийн албан хаагчдыг бүгдийг нь ялсан намын хүмүүсээр солих нь буруу байх л даа…?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Таны хэлдгээр бүх шатанд Ардчилсан намын хүн байх ёстой гэвэл энэ бол намчирхал. Үүнээс сайн зүйл огт гарахгүй. Тухайн ажлаа хийж чаддаг, мэддэг хүн бүхэн намаас үл шалтгаалаад ажлаа хийгээд явах ёстой. Үүнд миний хувьд хатуу зарчим баримтлан ажилладаг. Нөгөөтэйгүүр өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаараа олон жил засаглаад өөрсдийнхөө хүмүүсийг салбар бүрд байршуулсан талаар хэлж байна. Үүн дотор мэргэжлийн хүмүүс гэхээс илүү нам дагасан мэргэжлийн бус хүмүүс их байгаа юм. Эдгээр хүмүүсээ хуулиар хуяглаад хяналт, шаардлага тавих боломжгүй болгочихсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажлаа хийж чадахгүй байгаад нь хариуцлага тооцох боломжгүй болгочихсон гэсэн үг. Өөрчлөх ганцхан боломж нь өвчин туссан, нас барсан, өөрөө өргөдлөө өгснөөс бусдаар ажлаас нь чөлөөлөх ямар ч боломжгүй болгосон. Үүнээс болоод олон асуудал, маргаан өрнөж байна, орон нутагт. Тэгэхээр энэ чиглэлийн эрх зүйн орчныг бид эргэж харж, өөрчлөх шаардлага зайлшгүй бий болсон.
-Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт саад учруулж байна гэсэн үг үү?
-Түрүүний асуултад нэмээд хариулахад улс төрийн соёл харуулаад олонх болсон намдаа зайгаа тавьж өгөөд сайн дураараа явчихдаг болох хэрэгтэй. Гэтэл анхан шатны улс төрийн ийм соёл битгий хэл бодлого тодорхойлж байгаа намын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс зөрсөн, эсрэг явсан үйлдлүүд их байна. Ядаж урдах ажлаа сайн хийж чадахгүй байж хуулийн заалтаар түрий барьж сандал суудалтайгаа зууралдсан хүмүүс цөөнгүй байгаа юм. Ийм хандлагаас ажил, үр дүн гарна гэж байхгүй. Эцэст нь ард түмэн л хохирдог. Нөгөөтэйгүүр эдгээр хүмүүс сүүлийн найман жил албан тушаалтай зууралдсан. Үүний үр дүнд Ховд аймаг шударга байдлын үнэлгээгээрээ улсын хэмжээнд сүүлээсээ хоёрдугаар байрт орсон. Ингэж ажилласан хүмүүсийг шүүмжилж шүүмжилж иргэд сонголтоо сольсон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд итгэл хүлээлгэж олонх болгосон. Гэтэл олонх болсон нам ажлаа хийе, өөрчилье гэхээр ажил хийж байгаа энэ хүмүүс нь солигдохгүй болохоор яаж бодитой үр дүн гаргах вэ. Нөгөөтэйгүүр зөвхөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, орлогч дарга гурвыг л солих гэж сонгууль хийсэн мэт агуулга харагдаж байгаа юм. Сонгууль гэдэг бол энэ нам бүх түвшиндээ болохгүй байна, тиймээс дараагийн улс төрийн хүчнийг гаргаж, олонх болгоё гэдэг агуулгаар явдаг болов уу. Ажилдаа хайнга ханддаг, шаардлага тавихаар биелүүлдэггүй, хариуцлага тооцохоор шүүхэддэг. Шүүхдээд явахаар эцэстээ шүүхийн шийдвэр иргэний талдаа гардаг. Улмаар нөгөө хүнээ буцаагаад ажилд нь авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. Эргээд ажилдаа ирсэн хүн өмнөхөөсөө илүү хайнга, хариуцлагаггүй ажилладаг. Ийм нэг хуулийн заалтыг ашиглаж ажлыг цалгардуулдаг хүмүүс их байна.
-Гишүүдийн хувьд уг асуудалд анхаарч байгаа юу?
-Мэдээж зовлон, жаргалаа ойлголцож байж орон нутагтайгаа хамтарч ажиллах нь тодорхой. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гишүүдийн хувьд уг асуудалд анхаарч холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэж сонссон.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхэлнэ гэлээ. Ажил эхлэхэд асуудал байгаа юу. Станц хэзээ ашиглалтад орж эрчим хүчээ өгөх вэ?
-Төслийн үргэлжлэх хугацаа 3-4 жил гэж байгаа. Ер нь ирэх 2028 онд ашиглалтад орчих болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Өөр эрчим хүчний шинэ эх үүсвэр танай аймагт байгуулагдахаар байгаа юу?
-Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 100 Мвт-ын дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлнэ. Хөшөөтийн хувьд энэ жил дөрвөн сая тонн нүүрс экспортолсон. Уг станцыг барих ТЭЗҮ хийгдсэн. Дарви сумын нутагт байгуулна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд газар олгох хүсэлтээ илэрхийлээд явж байгаа. Эдгээр эрчим хүчний эх үүсвэрүүд бүрэн ашиглалтад ороод явбал баруун бүсэд, тэр дундаа Ховд хотод хөнгөн бөгөөд малын гаралтай түүхий эд боловсруулах олон үйлдвэрүүд шинээр бий болох нөхцөл нь бүрдэнэ. Дан ганц хөнгөн үйлдвэр ч гэлтгүй хүнд үйлдвэрүүд хөгжих боломжтой.
-Хөшөөтийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудалд тал талын байр сууриас хандах хүмүүс их. Яг одоогийн байдлаар тус уурхайн үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдаж байгаа вэ. Цаашид үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, эдийн засгийн илүү өндөр үр өгөөжийг хүртье гэвэл яах ёстой вэ?
-Хөшөөтийн нүүрсний уурхай сүүлийн 10 жил үйл ажиллагаа нь тогтвортой явлаа. Ховд аймгийн эдийн засгийн эргэлтийг нэг их наяд төгрөгөд хүргэхэд уг уурхайн экспорт голлох байр суурийг эзэлнэ. Одоогийн байдлаар “Трампын 25 хувь” гээд нэрлэгдчихсэн татвар байгаа. Үүнээс шалтгаалаад БНХАУ-ын гангийн зах зээл тодорхой хэмжээгээр хумигдсан. Хятад улсын хувьд жилдээ тэрбум орчим тонн ган үйлдвэрлэдэг гэдэг. Үүнийгээ 50 сая тонноор бууруулахаар болсон гэж байгаа. Тэгэхээр Хөшөөтийн болон Монгол Улсаас авч байгаа нүүрсний экспортод төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу гэж харж байна. Гэхдээ үнийн хувьд бага зэрэг буурах байх. Одоогийн байдлаар нүүрсний үнэ 30-40 хувь хүртэл буурчихсан байна. Хөшөөтийн нүүрсний уурхайтай бид өнгөрсөн жил хамтран ажилласан гэрээний дүгнэлтээ дуусгасан. Одоо дахиад хамтран ажиллах асуудлаар ажлын хэсэг ид ажиллаж байгаа. Удахгүй уг гэрээг үзэглэнэ. Хөшөөт бол аж ахуйн нэгж. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар үнэ нь буурвал үйл ажиллагаа нь буурна. Эсвэл үнэ сайжирвал үйл ажиллагаа, үр өгөөж нь нэмэгдээд явах болов уу гэсэн бодолтой байна.
-Уул уурхайтай холбоотой өөр нэг том төсөл бий. Тэр нь Халзан бүрэгтэй. Яг одоогийн байдлаар уг төслийн үйл ажиллагаа ямар шатандаа яваа бол. Иргэдийн эсэргүүцэл, ойлголцол ямар байна вэ?
-Дэлхий нийтээрээ хамгийн их сонирхож байгаа уул уурхайн бүтээгдэхүүн бол киритекал менериал буюу энэхүү газрын ховор элемент болчихсон байна. Салбарын сайд Ц.Тувааны хувьд ч энэ талаар тодорхой хэлсэн байна лээ. Нөгөөтэйгүүр газрын ховор элементийг ашиглах асуудал нь өөрөө Монгол Улсын Засгийн газрын бодлогод орчихсон байгаа. Энэ утгаараа улсын хэмжээнд зургаан тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд байдаг гэж ойлгосон. Үүнээс хамгийн том нь манай аймагт байх Халзан бүрэгтэй орд газар. Уг орд газарт өмнөх Засаг дарга Э.Болормаагийн үед хайгуулын ажил эхлээд явсан юм билээ. Ингээд өнгөрсөн намар тухайн орд газар дээр иргэд, аж ахуйн нэгж хооронд хүчтэй маргаан өрнөсөн. Маргаан өрнөсөн учраас миний хувьд аймгийн Засаг даргын захирамж гаргаж уг хайгуулын үйл ажиллагааг зогсоосон байсан. Гэхдээ энэ бол Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудал. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдаар батламжлуулан үүрэгт ажилдаа ордог аймгийн Засаг даргын хувьд Засгийн газрын бодлого, шийдвэрийг дагахаас өөр сонголт байдаггүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй хүн гэсэн үг. Хоёрдугаарт, тухайн орон нутагт болон аймаг, цаашлаад Монгол Улсын эдийн засагт үсрэнгүй хөгжил авчрах энэ салбарыг гацааж, зогсоох нь учир дутагдалтай гэж боддог.
-Халзан бүрэгтэйг эхлүүлье гэхээр ойр орчим байгаль, хүн, малд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг байдлаар иргэд эсэргүүцдэг. Гэтэл уг асуудлыг дэмжиж байгаа нэгнээ ч нутаг орноо сөнөөх гэж байна гэж харах, шүүмжлэх хүмүүс их байна л даа…?
-Ард түмнийхээ эрүүл мэндийг хохироочихъё, мал сүргээ өвчлүүлчихье, хүрээлэн байгаа орчныг хордуулчихъя гэдэг сэтгэлгээтэй Засаг дарга битгий хэл нэг ширхэг монгол хүн ч байхгүй болов уу. Нөгөөтэйгүүр УИХ-аас өнгөрсөн намрын чуулганаараа Оронагийн төслийг дэмжиж, одоо Улаанбадрах суманд уг ордын үйл ажиллагаа эхлээд явж байна. Үүнтэй холбоотойгоор уран болон газрын ховор элемент хоёрын ялгаа юу вэ гэдэг мэдээллийг ард түмэнд эхнээс нь өгөх шаардлагатай байсан. Энэ мэдээллийг л эхнээс нь үнэн зөв өгөөгүйд өнөөгийн эсэргүүцэл өрнөж байгаа шүү. Халзан бүрэгтэй гэдэг цэвэр ураны орд газар огт биш. Энэ утгаараа иргэдэд зөв мэдээлэл өгөх, газрын ховор элемент гэж чухам юу болох талаар ойлголтоо сайн өгөх хэрэгтэй гэдгийг холбогдох аж ахуйн нэгжид нь хариуцлагатай хэлсэн. Аймгийн Засаг даргын хувьд ч уг асуудлаар ойлголт мэдээлэл аль аль талдаа авах ёстой гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулж өгсөн байгаа. Ажлын хэсэг хоёр ч удаа хуралдсан. Ажлын хэсэгт тэмцээд байгаа тэмцэгчид, ард түмний төлөөлөл, сум, орон нутгийн төлөөлөл, аж ахуйн нэгж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэд, судлаачид, хөндлөнгийн шинжээчид гэх мэт олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн гол зорилго нь аль аль талдаа мэдээллийг зөв бодитойгоор ойлгох, ойлголт авахад чиглэгдэж байгаа юм.
-Газрын ховор элемент гэдэг нь таны ойлгож байгаагаар яг юу байх шиг байна вэ?
-Нэг зүйлийг би ч, тэр иргэд ч тэр сайн мэдэж байгаа. Тэр нь эдийн засгийн үр өгөөж нь асар өндөр байх юм гэдгийг. Нөгөө талдаа дэлхийн газрын ховор элементийн зах зээлийг БНХАУ бүрдүүлдэг. Саяхан шуугиан болоод байгаа Украины ерөнхийлөгч болон АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалт энэхүү газрын ховор элементтэй холбоотой байлаа. Дэлхийн том аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татаж байгаа ганцхан зүйл нь энэ байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээрээ газрын ховор элементийн эрэлт, нийлүүлэлтийг сонирхон судалж анхаарч байна. Мөн уг элементүүд орчин үеийн үсрэнгүй хөгжиж байгаа технологийг дагаад эрэлт нь өдөр ирэх тусам өсч байгаа юм. Цахилгаан автомашинаас эхлээд дижитал техник технологи бүрд мөн сэргээгдэх эрчим хүчний хураагуурт газрын ховор элементүүд ашиглагдаж байна. Тиймээс бид дэлхийн анхаарлын төвд байгаа зах зээлээс боломжоо ашиглан оролцох нь чухал. Хоцорч лав болохгүй.
-Ард түмэн мэдээлэлгүй байна гэдэг. Мэдээлэл өгье гэхээр хүлээн авах дургүй байгаа юм биш үү. Мөн мэдээлэлтэй болъё гэсэн хандлага сул байх шиг санагдсан…?
-Аймгийн Засаг даргын хувьд ард иргэдээ үнэн зөв мэдээлэлтэй байгаасай л гэж хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг хүлээн авчихаад нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх ёстой байх аа. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр попорсон нөхдүүдийн үгээр үг хийгээд яваад байж болохгүй. Нөгөө талдаа хуулиараа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ажилд саад учруулах, зогсоох эрх сумын Засаг дарга ИТХ-ын даргад болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт байхгүй шүү. Тиймээс цаашид хуулийн хүрээнд ажлаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох боломж байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
-Хөшөөт, Эрдэнэбүрэн гээд томоохон уул уурхай болон бүтээн байгуулалттай холбоотой төслүүд эхлэхдээ олон жил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Энэ удаагийнх нь Халзан бүрэгтэй болж байх шиг. Эцэстээ ажлууд нь эхлээд үр өгөөжөө өгөөд явдаг. Наад зах нь Хөшөөт арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, аймгийн эдийн засгийг нэг их наяд төгрөгт хүргэхэд том байр суурь эзэлж байна гэж та хэлсэн шүү дээ. Тэгвэл энэхүү эдийн засгийн эргэлтийг хоёр их наяд хүргэх, бүр хорь, гучин их наяд хүргэхийн тулд эрчим хүч болоод уул уурхайн том төслүүд хэрэгжих л шаардлагатай байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Хөшөөтийн уурхай 2014 онд анх үйл ажиллагаа нь эхэлсэн. Тэр үед миний хувьд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байлаа. Мөн л тухайн үед иргэдийн мэдээлэл дутуу, ойлгодоггүй байсан. Олон өдрийн хурал, уулзалт, мэдээлэл өгөх ажлын үр дүнд иргэдтэйгээ ойлголцож уг төслийг эхлүүлж байсан. Одоо Ховдын ард түмэн “Хөшөөт рүү нэг автомашин оруулчих юмсан” гэсэн яриатай л болчихсон явж байгаа. Энэ нууц биш. Үр өгөөжтэй болохоор, иргэд орох боломжтой болохоор л ийм яриаг хэн хүнгүй ярьж явдаг байх. Тэгэхээр одоо 10 жилийн дараахь өнцгөөс нь эргээд би харахад тухайн үед зөв шийдвэр гаргасан нь нотлогдож байгаа юм. Ард түмэн эсэргүүцдэг. Гэхдээ л ойлголцдог. Зөв ойлголтод хүрдэг юм шүү. Эрдэнэбүрэн ч ялгаагүй. Нэг хэсэг малчдын өвөлжөө хаваржаа сөнөлөө л гэж ярьж байсан. Аль аль талдаа мэдээллээ солилцоод, ойлголцолд хүрсэн. Өнөөдөр ажил нь эхлээд явж байна. Үүнтэй адил Халзан бүрэгтэй асуудал зарчмаараа явагдаж байгаа. Иргэд мэдээлэлгүй болохоор мэдээлэл авахын тулд эсэргүүцэж байгаа юм. Мэдээллийг нь, ойлголтыг нь зөв өгчихвөл энэ төсөл мөн адил хэрэгжээд л явна. Эцэст нь Ховдын ард түмэн, цаашлаад улс даяараа үр өгөөжийг нь хүртээд явах болно.
-Аливаа газар оронд эхэлсэн том төслийн үр шимийг нийтээрээ хүртэх нь тодорхой байх. Гэхдээ тухайн нутаг орны иргэд илүү үр өгөөжийг нь хүртдэг байх асуудлыг хэн хүнгүй ярьж байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?
-Энэ зөв зарчим. Халзан бүрэгтэйн асуудал явна. Энэ жилийн тухайд хайгуулын ажил нь хийгдээд ирэх жилээс ашиглалтад ороод явлаа гэж бодъё. Тэгвэл үр шимийг нь Ховдын ард түмэн хүртэх ёстой шүү. Олон угсаатны өлгий ховдчууд, тэр дундаа мянгадчууд уг ордын үр шимийг хэн хүнээс илүү түрүүлж хүртэх ёстой. Үүнийг миний хувьд төслийн багийнханд байнга хэлж байгаа цаашид ч хэлсээр байх болно. Үнэхээр төрсөн нутаг нь өвөлжөө, хаваржаа нь байдаг гэдэг нь тодорхой. Энэ хүмүүс бүр илүү үр шимийг нь хүртэх ёстой. Ийм орд газруудаа том төслүүдээ хөдөлгөж байж сум орон нутаг улс орон хөгждөг. Гэтэл Халзан бүрэгтэйгээс цэвэр уран олборлох гэж байна, уран гаргаад бүгдийг нь хордуулах гэж байна гэдэг цуурхал бол монголчуудын эсрэг явуулж байгаа, зөвийг буруу болгож, энэ ядарсан амьдралаас шим шүүсийг нь хүртдэг хоосон сэтгэлтнүүдийн хортой үйлдэл шүү. Аливаа хөгжлийн эсрэг явж байгаа ард түмнийг ядуу амьдруулах хүсэлтэй, түүндээ хүрэхийн төлөө ард түмний нутгаа гэсэн сэтгэлийг ашиглагчдын худал ташаа үгэнд битгий автаарай гэж хүсье. Бид бүхэн хуулийн дор амьдардаг. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон энэхүү Халзан бүрэгтэй орд явах ёстой шүү гэдгийг аймгийн Засаг даргын хувьд ард түмэндээ хариуцлагатай хэлж байна.
Э.МӨНХТҮВШИН





Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж Замын-Үүд сумын эрчим хүч тасалджээ
Өчигдөр буюу 2025 оны 3 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт байрлах 110 кВ-ын цахи...
6 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээ...
6 цагийн өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард олгоно
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг энэ сард олгохоор болжээ. Энэ сарын 28-нд Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн хурал болох бөг...
7 цагийн өмнө
ЦЕГ: Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна
Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна. Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк ...
7 цагийн өмнө
“Тусгаар тогтнол” шүлгийг Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд