мэдээ
Л.Гантөмөр: Холын зорилго байхад ойрын зовлон байдаггүй

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 4 сарын 07

42

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны түүхт 35 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Тиймээс эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Танд баярын мэнд хүргэе. Та манай сониноор дамжуулан намынхаа нийт гишүүд, дэмжигчдэд хандаж баярын үгээ хэлнэ үү?
-Тантай дөрөвдүгээр сарын 7-ны өдөр ярилцаж б айгаадаа үнэхээр баяртай байна. Энэ өдөр бол Ардчилсан намын төрсөн өдөр. Олноо хүлээн зөвшөөрөгдөж, төр улсдаа бүртгэгдэж, гэрчилгээгээ авч, “Тэнгэрийн хүлэг” г эдэг цагаан морин жилийн түрлэгийн үзүүрт, тухайн үеийн Ардчилсан хувьсгалыг тээж явах үүрэг даалгавартайгаар түмэн олны хүсэл зоригоор Ардчилсан нам мэндэлсэн. Тийм болохоор өнөөдөр бид баярлаж, бахархаж байх ёстой. Монголын ардчиллын гал голомтыг сахиж явах үе үеийн хүмүүс нь тэр өдрийн түүхэн үйл явдлыг мартаж болохгүй гэдэг утгаараа их чухал ач холбогдолтой өдөр. Өнөөдөр бид түүхээ эргэж хардаг, туулсан замаа дүгнэдэг. Өнөөдрийн ардчиллын үйл явц дээр дүгнэлт хийж, ирээдүйнхээ зураг дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг юм. Тэгэхээр энэ чухал өдрийн халуун мэндийг танай сониноор дамжуулан намынхаа гишүүд, дэмжигчдэд хүргэж байна.
-Таны хувьд их ээдрээтэй цаг үед Ардчилсан намын дарга болсон. Өмнө нь хоёулаа ярилцаж байхад та өөрийгөө “Цавууны үүрэг гүйцэтгэж байна” гэж байсан. Тэгвэл одоо танай нам доторх ойлголцол ямар түвшинд хүрсэн бэ?
-Институцийн түвшинд нэгдмэл байх гэдэг бол теорем болсон. Нэгдмэл байхгүй байж болно, хуваагдъя, талцъя гэдэг үзэл санаа хаягдсан гэдгийг би итгэлтэйгээр хэлмээр байна. Ардчилсан нам одоо хэн нэгнийг дуурайж, аль нэг бүлэг фракцыг дагаж салж сарнидаг байдал зогссон. Үүнд маш олон хүн хүчээ өгч, тэвчээр гаргаж, ухаан зарлаа. Үнэхээр монголчууд саруул ухаантай гэдгийн нэг нотолгоо бол өнгөрсөн хоёр жилийн үйл явдал гэрчилнэ гэдэгт би итгэж байгаа. Ирээдүйдээ эргэлзэхгүй байна. Анх үүслээ, хаанаас гарав. Дараа нь ямар замыг туулав. Өнөөдөр бид ямар байна гэдгээ эргэж харах хэрэгтэй. Өнөөдөр бид эв нэгдлийг бэхжүүлж чадсан гэж хувьдаа ойлгож байгаа. Хувь хүмүүсийн зөрчил намын хэмжээнд гарч ирэхээ больсон. Хүмүүс хооронд зөрчил байлгүй яах вэ. Гэхдээ тэр нь намын зөрчил болтлоо томрох боломжгүй болсон шүү гэдэг нь том ололт. Бид үүн рүү л тэмүүлсэн. Одоо бид ардчиллыг, монголчуудынхаа эрх чөлөөг хэрхэн хамгаалах вэ, Монгол Улсаа босгож ирэх вэ, Монголын босох цаг гэж томьёолж байгаа. Монгол босох ёстой. Ингэхийн тулд Ардчилсан нам хэрхэн төлөвшиж, хүчээ өргөх вэ гэдэг асуудал байгаа. Мөн Ардчилсан нам маань хэрхэн шинэчлэгдэх вэ гэдэг асуудал байгаа гэдгийг хэлье.
-Өмнө нь ардчилсан үзэл санаатай таван нам нэгдэж байсан түүхтэй. Харин саяхан хоёр ч нам танайд нэгдлээ. Үүний ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улсын эрх ашиг нэгт гэдэг зарчмыг тал талдаа ойлгосны дохио гэж би бодож байна. Хоёрдугаарт намын эрх ашиг байна. Тэгэхээр эрх ашгийн эрэмбийн тухай энэ ойлголт яг одоо ардчиллын удирдагч асан С.Зоригийн хэлснээр болж чадаж байна гэсэн мэдрэмж төрж байгаа юм. Гуравдугаарт, энэ ойлголт бий болсны дараа институцийг хөгжүүлэхийн тулд хүн бүр хүчин зүтгэе. Хүн бүр үүрэг даалгавартай. Түүнийг биелүүлье гэсэн итгэл үнэмшил байна. ШИНЭ нам маань Ардчилсан намаас гараад буцаад нэгдлээ. Үүн дээр олон мянган гишүүний маань элэг нь дэвтэж байгаа гэж би хувьдаа харж байгаа. Салж сарних гэдэг өөрөө элэг эмтрэм зүйл шүү дээ. Гол нь нэгдэн нийлж байгаа нөхдийн маань намаа босгож ирэх гэсэн хүсэл тэмүүлэл нь биелэх нь ёстой. Тийм учраас нам цаашаа илүү нээлттэй, олуулаа болж алхана гэж хэлмээр байна.
-Та түрүүн хувь хүмүүсийн үл ойлголцол намын хэмжээнийх болтлоо томрохооргүй болсон гэсэн. Гэвч нийгэмд Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн хоёр хүний үл ойлголцол нэлээд хүчтэй байсаар байх шиг л анзаарагдах юм. Ер нь энэ хоёр хүний нөлөө танай намд хэр байна. Таны хувьд эдгээр хүмүүсийн блансыг хэрхэн тааруулж харилцаж байна вэ?
-Нэгдүгээрт, энэ баярт өдрөөрөө хувь хүмүүсийн асуудал яримааргүй байгаа юм. Хоёрдугаарт, таны хэлсэн энэ хүмүүс түүхэн хүмүүс. Яагаад гэвэл энэ нам мэндлэхэд, морин жилийн хувьсгалд, ардчиллыг нутагшуулж, бэхжүүлэхэд түүхэн үүргээ гүйцэтгэцгээсэн. Энэ хүмүүст түүхэн үүрэг талаасаа маш олон сайн зүйл бий. Хувь хүн талаасаа гаргасан алдаа нь ч бий. Тэгэхээр алдаа оноог түүх шүүдэг болохоос улстөрчид, ялангуяа намын дарга нь шүүгээд байх нь зүйд нийцэхгүй. Тийм болохоор энэ хүмүүсийн хувийн зөрчил маргаан хэрвээ байдаг бол тэр нь намын зөрчил маргааны хэмжээнд хүрэхгүй гэдгийг л хэлмээр байна.
-УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Нам, нам дотор жагсаалтаар гишүүн болсон “Толгойны өвчин” байх шиг харагдах юм. Танай намын жагсаалтад таны нөлөө хэр байсан бэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламентын засаглалыг илүү нутагшуулъя, энэ засаглал дээрээ илүү төвлөрье гэдэг итгэл үнэмшлээр хийсэн. Энэ бол МАН манлайлж хийсэн ажил. Бид хамтарч хийсэн. Шинэ 30 жил бол парламентын бүх сайн шинж чанар гарч ирсэн он жил байгаасай гэж хүсч байгаа юм. Ингэхийн тулд хувь тэнцүүлсэн тогтолцоогоор ард түмний хүсэл зоригийг бүрэн дүүрэн хангаж чадахуйц парламентыг байгуулъя гэдэг зорилготой. Жагсаалт гэдэг нэгдүгээрт, намын үнэт зүйлийг тээх ёстой. Хоёрдугаарт, Монголынхоо оюун ухааныг тээж байх хэрэгтэй. Гуравдугаарт, илүү мэргэжлийн түвшинд очоосой гэсэн үндсэн гурван бодлого дээр гарч ирдэг. Тэгэхээр би бол намынхаа үнэт зүйл буюу эрх чөлөөний мэдрэмжээ илүү тээж чадахуйц баг дэвшүүлж чадсан гэж бодож байгаа. Мөн илүү Монголоо гэдэг, мэргэжлийн хүмүүсээ шингээж чадсан. Тодорхой салбарын хүмүүсээ оруулж чадсан гэж хэлмээр байгаа юм. Энэ хүмүүс өнөөдөр намаа сөрж байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаагуураа саяны хэлсэн гурван даалгаврын төлөө байна гэдэгт би эргэлзэхгүй байгаа.
-Орон нутгийн сонгуульд их л хүнд байдалтай оролцчих шиг болсон. Намын даргын хувиар гарч ирж ярих гэхээр хамтарсан засгаа муулах болчих гээд байсан байх л даа. Орон нутгийн сонгуулийн үр дүн, алдаагаа хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ер нь орон нутгийн сонгууль гэдэг айхтар улстөржөөд байх зүйл биш. Яагаад гэхээр орон нутгийн бие даасан эрхийг хангах гэдэг бол Үндсэн хуулийн үзэл санаа. Үүнийг биежүүлэхийн тулд орон нутаг илүү бие дааж сонгуульдаа орох боломж, бололцоог нь хангаж өгөх хэрэгтэй. Урдуур нь ороод айхтар улстөржөөд, ард түмний амьдралыг айхтар савлуулах бол сайн зүйл биш. Тэгэхээр дараа, дараагийн орон нутгийн сонгуулиар тухайн аймаг, хот нь өөрөө амьдрал ахуйгаа ярьдаг. Түүнээсээ шийдлээ гаргадаг, илүү бүтээлч байгаасай. Ард түмэн юу хүсч байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Жишээлбэл, аймагт газрын албанд ажиллаж байсан залуу хотод ирж агентлагт ажилд орсон байна. Тэр залуу хөдөө байхдаа өдөрт 80 хүнтэй уулздаг байсан байгаа юм. Гэтэл хотод ирээд цаастайгаа зууралдаад хүнтэй уулзах нь хойш нь тавигддаг болсон. Энэ юуг хэлж байна гэхээр төв засаг гэдэг бол бодлогын газар юм. Орон нутаг болохоор яг амьдрал ахуй юм. Хэн ядарч байна, хэн даварч байна. Тэр бүрийг мэддэг, ялгаварлан гадуурхалтыг хойш нь тавьдаг. Бүх хүнд ижилхэн боломжийг олгодог болоосой гэж хүсч байгаа. Энэ үзэл санааг амилуулахын тулд бидэнд нэлээд их хичээл зүтгэл хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй дээрээс нь бүх зүйлд хутгалдаад байхаар тэнд талцаад байна. Сум, баг дээр талцаад байгаа нь тэндхийн хөгжил дэвшилд маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа. Гадуурхалт их байхаар бусдыгаа су орон нутгаа орхиж явахад хүргэдэг, ингээд эзгүйрдэг. Дахиад нэг жишээ хэлье. Увс аймгийн Малчин сумын Засаг дарга байсан манай н.Цэндсүрэн хэлж байна лээ. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй залууг сумаас нь дэмжиж, МУИС-д хууль, эдийн засгаар сургасан. Гэтэл өнөөдөр зөвхөн гурав нь аймагтаа ажиллаж байна гэж байгаа юм. Ингэтлээ улс төрийн талцал явагдаж, хүний нөөц, уураг тархиа алдаж байна. Тэгэхээр уураг тархийг зөвхөн Улаанбаатарт биш, задлахын тулд орон нутагт эрх мэдэл, бие даасан байдал, эв нэгдлийг аваачих ёстой гэдэг утгаар нь л хэлээд байгаа юм. Бид яг л авдаг саналаа авсан. Улаанбаатар хотын хувьд эрс ялагдал хүлээсэн. Хотын иргэдийн санал нэгдүгээрт байсан. Хоёрдугаарт, хотынхны ихэнх нь цагаан худаас өгсөн гэж харж байгаа. Ирц бага, оролцоогүй. Тэгэхээр нийслэлийнхэн маань яаж бие даасан хөгжлийнхөө оролцоог бий болгох вэ гэдэг дээр ард түмэн өөрсдөө сайн бодож, тунгаах цаг нь болсон болов уу. Улс төрийн намууд чирж гулдраад байлгүй хотын иргэдийнхээ оролцоог нэмэх хэрэгтэй. Хамтын шийдэл, оролцоо гэдэг зүйлийг яаж нэмэх вэ. Ялангуяа залуучуудын оролцоог хэрхэн нэмэх вэ. Ингэхийн тулд захим засаглалыг яаж бэхжүүлэх юм. Залуу хүмүүсийн давуу тал нь гар утас шүү дээ. Цахим ертөнц, мэдээллийн технологи тэдний давуу тал. Тэгэхээр үүн рүү чиглэсэн бодлогыг манай улс төрийн намууд бодож, Засгийн газар, дээд түвшнээс цахим засаглалыг нэлээд түлхэж байгаа нь дараа, дараагийн сонгуульд өөрчлөлт авч ирэх болов уу гэж найдаж байна.
-Тун удахгүй л Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацаа болно. Нэр дэвших магадлалтай хүмүүсийн таамаг ч яваад эхэлсэн харагдсан. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах комиссыг удахгүй гаргана. Ирэх сардаа багтаагаад гаргая гэж би бодож байгаа. Өнөөдрийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, шинэ дүрмийн хэлэлцүүлгийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд бид хэрхэн оролцох вэ. Ард түмэн Ерөнхийлөгчид ямар хүнийг хүсч, түүнээс юуг шаарддаг юм бэ г эдэг дээр судалгаа, хэлэлцүүлэг явуулна. Ингэж байж дараагийнхаа нэр дэвшигчийг нэлээд чамбайруулах, сонгуульд бүтэц, агуулгынхаа хувьд чамбай байх тал дээр Ажлын хэсэг гаргаад ажиллана. Ер нь нэр дэвших сонирхолтой олон хүн бий. Дэвшээд ялалт байгуулж чадах нь ч олон байгаа. Энэ утгаараа бүгдэд нь хаалгыг нь нээж өгөх хэрэгтэй гэж намын даргын хувьд харж байгаа юм. Чөлөөт марафон руу бид сонгууль дөхөхөөр орно. Тэгээд эцсийн дүндээ нэгдмэл байдлаар сонгуульдаа орж, ялалт байгуулах нь Ардчилсан намын туйлын зорилго байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна.
-МАН-тай хайнаа хагалах сонгууль болох байх, тийм үү?
-Цаашдаа бид парламент т өвтэй засаглалын хэлбэрээ хадгалахын тулд Ерөнхийлөгчийн институц хэрхэн хөгжих дээр нэлээд бодлого бодогдох болов уу гэж харж байгаа. Тэгэхгүй бол бланс барих гэдэг тал дээрээ нэлээд юм хойшоо тавигддаг. Эрх мэдлийн хуваагдал дээр зөрчил үүсдэг.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх тухай ярьж байна уу?
-Тэр тухай өнөөдөртөө ярихад эрт байгаа. Тийм болохоор байгаа хуулийнхаа хүрээнд Ерөнхийлөгч маань ямар хүн байгаад, хөтөлбөр дэвшүүлээд явах вэ гэдгээ ярих хэрэгтэй. Ямар ч байсан Засгийн газраас тусдаа мөрийн хөтөлбөр гаргаад, тэр нь мөргөлддөг байж болохгүй. Тэгэхээр хөтөлбөр, урт хугацааны бодлогын агуулгын хувьд нэгдмэл байх гэдэг тал дээр нэлээд анхаарч ажиллах нь зөв болов уу гэж харж байгаа. Тийм айхтар хайна хагална, ингэнэ гэхээсээ илүү Ардчилсан нам бол хүний эрхийн тал дээр илүү хүчирхэг, итгэл үнэмшилтэй, дуу хоолойтой нам. Үүнийг нь Ерөнхийлөгч маань илэрхийлдэг байвал хүний эрхийг хамгаалах ажил хүчтэй хийгдэх болов уу гэж бодож байгаа. Тэр утгаараа бид алдаж болохгүй сонгууль гээд байгаа юм.
-За хоёулаа ярилцлагын сэдвээ засаг, төрийнхөө ажил руу хандуулъя. Таны хувьд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байгаа. Анх удаа алдагдалгүй төсөв баталлаа гээд өнгөрсөн намар бид ярьцгааж байсан. Гэтэл одоогийн байдлаар юу, юугүй төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон гээд шуугиад байх юм. Ер нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай нөхцөл байдал айхтар ганхсан юм алга. Гэхдээ эрсдэл их өндөр байна. Олон улсад үнэхээр ёстой нэг тоосоо гартал гөвөлцөж байна шүү дээ. Орвонгоороо эргэж, бүх дүрэм журам арчигдаж байна. Ерөнхий төсөөлөл бүгд алдагдсан. Хамгийн эрсдэлтэй, ойлгомжгүй он жил бол 2025, 2026 байх нь гэдэг нь их тодорхой болчихлоо. Тэгэхээр ийм үед монголчууд бид их тодорхой, ойлгомжтой байх хэрэгтэй. Амьдралын төлөвлөлтөө сайн хийж, өдөр бүр оргилуун дарстай байх боломжгүй болсон шүү гэдгийг ойлгож учиртай байх хэрэгтэй болж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Засгийн газар маань 14 мега төслөө хэрэгжүүлэх, мөнгө санхүү дээрээ тодорхой байх, хөрөнгө оруулалтын шинэ хуулийн орчинг бий болгох, аж үйлдвэржих, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэдэг процессыг зогсоож болохгүй. Илүү хүчирхэг бодлогыг бид гаргаж байж суларч байгаа, ойлгомжгүй дэлхий ертөнц дээр өөрийнхөө байр суурийг бэхжүүлж чадна. Ойлгомжгүй байна гэдэг чинь бүх төр улс суларч байгаагийн хэлбэр. Энэ үед нь ойлгомжтой, тодорхой төр засаг л өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж чадна. Тийм учраас өөрсдийнхөө бодлогыг маш тууштай, з арчимтай, хурдтай хэрэгжүүлэх хэрэгтэй.
Төмөр замтай болъё. Хил холболтоо хийе. Эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлье. Нүүрсээ боловсруулъя, алт зэснийхээ олборлолтыг нэмэгдүүлье. Эдгээр ажлуудаа ямар ч хамаагүй аргаар хийж хэрэгжүүлж дуусгах ёстой. Бид энэ бүхнийхээ төлөө эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр алхах хэрэгтэй. Бид ойлгомжтой, тодорхой байснаараа илүү боломж олж авч болно. Эрсдэл, хүндрэл талаасаа бид магадгүй хүнд өдрүүдийг өнгөрөөж болзошгүй. Тэглээ гээд зугтана, халширна, ухарна гэсэн үг ерөөсөө биш. Биднээс маш их зориг шаардана. Худалдааны дайн гэдэг бодит дайнаасаа илүү хортой. Хүн болгон л ухамсартай байх хэрэгтэй байна. Бид ухамсартайгаар уураг тархиа шатаагаад нэгдвэл давж чадахгүй зүйл гэж байхгүй.
-Та сая цухасхан дурдаад өнгөрлөө. АНУ-ын ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа татварын бодлого бүх улс орныг илүү ухаалаг байхад шахаж байх шиг?
-Асар хүчтэй цохилт авч байгаа шүү дээ. Харин үүнийг ашигтай болгохын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Боломж бидэнд байгаа. Ямар ч сорилт хүнд боломж, уналт хоёрыг зэрэг өгч байдаг. Тийм болохоор харж зогсож байгаад унах биш, харай тэмцэж байгаад боломжоо олж авах ёстой. Монголын эдийн засгийг солонгоруулах гэдэг утгаараа бид Евразитай худалдааны хэлэлцээр хийж байна шүү дээ. Энэ мэтчилэн бидэнд нөөц боломж байна. Солонгос улс руу коксоо, Япон руу нүүрсээ гаргах гээд олон давуу тал бидэнд гарч ирж магадгүй. Зарим нэг нарийн технологийн үйлдвэрлэлийг нутагтаа хийх, Монголдоо гадны томоохон технологийн үйлдвэрүүдийг үйл ажиллагаа явуулах боломжийг олгох гээд байж болно.
Их тодорхой тоонууд харагдаж байна. Зарим улсад 25, заримд нь 30 хувь байна гэхэд Монгол Улсад 10 хувь байна гээд хэлчихлээ. Энэ зөрүүг арилгахад бидний дотоод ойлгомжтой, тодорхой байдал их чухал. Хоёрдугаарт, тээвэр ложистикийн хүндрэлийг бүрэн шийдэх шаардлага байна. Зардлыг нь эрс буулгах бодлого баримтлах хэрэгтэй. Гадаад харилцаагаа улам хүчирхэг, ойлголцлоо тодорхой болгох шаардлага байгаа. Энэ бүхнээ хийгээд жаахан ажилсаг байж чадвал боломж байна. Наад зах нь гэхэд Хятад улсад барилгын материалын үнэ буурч байна. Тэгэхээр манайд ч буурах ёстой. Ингэснээр бидэнд хямд орон сууцны боломж бололцоо гарч ирнэ.
-Нэг хэсэг таныг Евразийн эдийн засгийн холбооны гэрээнд гарын үсэг зурчихлаа гээд шуугьсан. Энэ чухам юу болсон юм бэ. Ер нь тус холбоонд орох нь дотоодын эдийн засагтаа сөрөг нөлөөтэй гээд байдаг шүү дээ. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Евразитай хийж байгаа хэлэлцээр манай хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг сэргээх, амь оруулах, экспорт хийх чадалтай болох гэдэг дээр олон жил ярьж, татаасын орчинд амьдруулж ирснийг хөл дээр нь босгох, 250 мянган малчин өрхийн амьдралыг дээшлүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Сүүлдээ Ч.Хүрэлбаатар сайд “ОХУ өөрсдөө эдийн засгийн хориг яриад байдаг. Гэтэл Монгол Улсын хувьд олон жил эдийн засгийн хоригт байлгасан шүү” гэж хүртэл хэлсэн. Үхрийн мах 50 хувь, дандаа 15-20 хувийн татвартай байсаар ирсэн. Үүнийг тэглэе гээд тэглэсэн. Ингэснээр манай экспортод боломж гарна. Харин зүгээр ажиллаж чадах уу , үгүй юу л гэдэг асуудал яригдана. Гомдол мэдүүлээд байгаа хүмүүсийг харахад манайхан ажиллаж чадахгүй шүү дээ гэсэн тийм үл итгэл байна. Тийм болохоор үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс маань жаахан итгэлтэй, зоригтой алхаж чадах юм бол төр засаг чинь бэлэн байдлыг авч ирж байна шүү гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт, дотоодынхоо тодорхой үйлдвэрлэлийг хамгаалах ёстой. Газар тариалан, хүнсний ногоог бүрэн хамгаалж, татвар, квоттой байлгахаар болсон. Илүү боломж өгөхгүй. Яагаад гэхээр тарьж байгаа хөрс нь тэнгэр газар шиг ялгаа байна. Яагаад манайх болохгүй байна гэхээр цэвдэгтэй байна. Энэ их цэвдэгтэй тариалангийн боломж хомс байдаг юм. Дээрээс нь ихэнх нь говь, хээрийн бүс. Үүнд усны их дутагдал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм болохоор газар тариалангийн салбараа хамгаалж байгаа юм. Хоёрдугаарт согтууруулах ундааг бид татвартай үлдээж байгаа. Учир нь татварыг нь багасгачихвал манай эрүүл мэндийн салбар засрах аргагүй болтлоо доройтно. Би очоод Евразийн сайдад манайх элэгний хавдраар дэлхийд тэргүүлж байна, үүний шалтгаан нь ногоо, хүнс гэхээсээ илүү согтууруулах ундаа гэдгийг хэлсэн. Тиймээс татвартай байх нь тодорхой шүү гэсэн. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн байна. Манайх одоо бэлчээрийн аж ахуйг яавал эрчимжүүлэх вэ гээд ярьж байгаа. Нэг үеэ бодоход дотоодынхоо сүүг уудаг болчихсон. Тийм болохоор сүүний үйлдвэрлэлийг дотооддоо үлдээе гээд татварыг нь хэвээр үлдээсэн. Ингээд манайд үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн гаргаж байгаа талдаа харьцангуй татварын орчныг нь хадгалсан шүү. Үүн дээр өндөг ч орж байгаа. Үүнийг би Евразид ойлгуулж чадсан гэж хувьдаа маш том итгэл үнэмшилтэй байгаа. Мэдээж техник, тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлж байгаа. Ингэснээр Монголын хөдөө аж ахуй, технологийн салбарыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үүн дээр нэг их алдагдал тооцоод орилж хашгираад байгаа хүмүүс үндсэндээ итгэлгүй, халширчихсан, түүндээ итгэчихсэн хүмүүс байгаа. Миний хувьд ноолуур, мах хоёр дээр нэлээд их өрсөлдөөн гарна. Магадгүй тэрбум ам.долларын борлуулалт хийх болов уу гэж бодож байгаа. Энэ талдаа Засгийн газрын зүгээс их ажил хиймээр юм билээ. Тэгэхгүйгээр гэрээ хийгээд орхичихоор гацчихдаг. Гэрээний хэрэгжилтийн төлөө их ажил хийх нь л чухал.
-Манай улсын нутгаар хийн хоолойг дамжин өнгөрүүлэх асуудлыг яриад нэлээд хэдэн жил болж байна. Энэ ажил чухам ямар шатандаа явна вэ. Үүнийг хийж чадвал гарах үр дүнг нь хэрхэн харж байна вэ?
-Энэ бол Монголын газар нутгаар агаар, төмөр болон авто замаар транзит тээвэр хийгээд манайх ашгаа олдогтой яг адилхан. Хийн хоолойг нутаг дэвсгэртээ байгуулаад ашиг олъё гэж байгаа юм. Энэ бол нэг төрлийн дэд бүтэц, транзит тээврйин бизнес. Зүгээр энгийн бизнес шүү. Нэг их улс төр хараад байх хэрэггүй юм билээ. Нийт 970 орчим км шугам барина, 8 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүний тал нь газар шорооны ажил гээд дотооддоо шингэх юм. Урт хугацаандаа 10 гаруй тэрбум ам.долларын өгөөж өгнө. Монголын эдийн засгийг тогтвортой байлгах их чухал нөлөө үзүүлнэ. Газар нутаг нь Монголынх байна. Хугацааны хувьд 25 байх уу, 60 байх уу гэдэг дээр худалдагч, худалдан авагч тал хийнэ. Бид бол гэрээгээ хурдан хийгээч гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энэ гэрээ хийгдэж, төсөл хэрэгжих ёстой. Үүн дээр нэг их айж цочоод, болгоомжлоод байх шаардлага байхгүй. Газар доогуур явах хоолой байна. Тийм болохоор малын хөл, бэлчээр суудалд нөлөөл үзүүлэхгүй. Төмөр зам дагасан кабелиар бид Хятад, Оросоо холбочихсон байгаа. Үүнтэй л адилхан юм.
-Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Эхнээсээ хөдөлж байх шиг байна. Эдгээр төслүүдийн явц ер нь хэр байна. Тулгарч байгаа хамгийн хэцүү хүндрэл нь юу байна вэ?
-Улстөржилтөөс болоод л хийгдээгүй ажлууд шүү дээ. Үүнээс гарахын тулд л хамтарсан юм. МАН-ын удирдлагын сонголт, хамтраад энэ ажлуудаа хийе гэсэн. Бид ч гэсэн ийм л бодолтой байсан. Өнөөдрийн байдлаар таван төсөл хэрэгжиж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэрийн мөнгө шийдэгдсэн. Хил холболтын төмөр замын асуудал шийдэгдсэн. Ораногийн шууд хөрөнгө оруулалт байна. Одоо Нүүрс-химийн үйлдвэрийн газар нь авагдаад, ТЭЗҮ нь зарлагдаад энэ жилдээ багтаад эхлэх гэж байна. Мөн хий дамжуулах хоолойн хэлэлцээр явж байгаа. Дараагийнх нь Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах асуудал явагдана. Бэрхшээл гэвэл өнөөдөр санхүүгийн загвар, аргачлал дээрээ л хэлэлцүүлэг өрнөж байгаа болохоос биш улс төрийн саад тотгор ерөнхийдөө байхгүй. Тиймээс бидэнд хийх эрмэлзэл л хэрэгтэй. Мөнгө санхүүгийн дутагдал эдгээрт байхгүй.
-Гэтэл нөгөө талдаа том төслүүдийг эсэргүүцсэн хүмүүс, тэдгээрийг дэмжсэн байдал их байх шиг л харагдах юм. Энэ тал дээр хэрхэх ёстой юм бэ?
-Одоо бид гурван том шилжилт хйинэ гэж зарлаад байгаа. Нэгдүгээрт, хүний нөөцийн шилжилт хийнэ. Илүү мэдээллийн технологийн эрин үед амьдрах чадвартай хүнээ бэлдэх ёстой. Хоёрдугаарт, ногоон эдийн засаг руу алхана. Бид одоо хав хар эдийн засагтай байгаа. Үүнийг хүрэн, тэгээд ногоон болгоно. Гуравдугаарт, мэдээллийн технологийн Монгол Улсдаа нутагшуулж, хөгжүүлэх ёстой гэсэн энэ гурван шилжилтийн хүрээнд энэ янз бүрийн эргэлзээнүүд арилах болов уу гэж харж байгаа. Гэхдээ өнөөдөр эргэлзэж байгаа хүмүүст буруу өгч болохгүй. Парламент, Засгийн газар өөрөө эргэлзэхгүй байх хэрэгтэй. Зоригтойгоор ажлаа хийх ёстой. Шүүмжлэл байлгүй яах вэ. Түүнийг нь сонсоно. Түүнд нь хариулж чаддаг мэдлэг, боловсрол Засгийн газарт хэрэгтэй.
-Аль нам сонгуульд оролцохдоо татварыг багасгадаггүй юм гэхэд нэмэхгүй л гэж орсон. Гэвч өнөөдөр татвар болоод төрийн элдэв хураамжууд нэмэгдээд иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна гэдэг зүйл яригдаад байгаа. Татварын багц хуулийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барих гэж байгаа гэсэн. Ер нь татварыг бодитоор буулгах боломж бий юу?
-Татварыг бодитоор бууруулахын тулд бид хоёр зүйл дээр алхам хийх ёстой. Нэгдүгээрт, халамж болоод тэтгэмжийг нэлээд багасгана. Цалингаа бид хасч болохгүй. Хоёрдугаарт, төрийн албаны цомхотгол хүчээр явна. Гуравдугаарт, зардлын хэмнэлт тасралтгүй үргэлжилнэ. Төрийн албаны цомхотголоо хэрхэн зөв хийх вэ, орлогоо нэмэх вэ, хэрхэн халамжаас татгалзах вэ гэдэг эр зоригоос л шалтгаална. Гэхдээ нэг зүйл их тодорхой боллоо гэдгийг олон түмэн ойлгоосой гэж хүсч байна. Тэр нь Монгол Улс уул уурхайгаа хөгжүүлнэ, тэндээсээ татвараа бүрдүүлнэ. Бусад салбар буюу хөдөө аж ахуй, үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, инновац их зөөлөн, бага татвартай орчинд явах юм байна гэдэг эргэлзэхгүйгээр тавигдчихсан суур шүү. Үүнийг бид Баялагийн сангаараа хийчихсэн. Тийм болохоор цаашдаа хүмүүс дунд хугацаандаа энэ салбаруудаа харж хүмүүсийг хөдлөөрэй гэж хэлье. Уул уурхай бол асар их ашигтай.
-Авлигаас ангид байя, ардчиллыг хөгжүүлнэ, бэхжүүлнэ гээд яриад л байдаг. Гэтэл манай улс сүүлийн хэдэн жил энэ хоёр үзүүлэлтээр байнга ухарч ирлээ. Үүний шалтгаан нөхцөл юундаа байна вэ?
-Манайх бол дэлхийн ардчилсан 30 гаруйхан улсын л нэг шүү дээ. Сонгуулиа хийж, нээлттэй байж чаддаг. Ард түмэн өөрсдийнхөө хүссэн төр засгаа байгуулдаг. Нөгөө талдаа индекс сайжрахгүй байгаа нь ч их олйгомжтой. Төрийн оролцоо их өндөр байна. Намуудын шинэчлэл харагдахгүй байна. Хамгийн ноцтой нь үг хэлэх эрх чөлөө хөндөгдөөд, зарим нэг шүүмжлэл хэлсэн хүмүүс шоронд ордог тогтолцоо байгаад байна. Тэгэхээр бид байгаа байдлаа харж буй учраас эдгээрийгээ засахын төлөө алхах л хэрэгтэй. Ер нь авлигыг алга болгож байж ардчилал амилна гэдгийг тал талдаа ойлгож, ухамсарлах ёстой юм билээ л дээ.
-Тэгвэл энэ талдаа төр засгаас ямар ажлууд хийж байна вэ?
-Авлигын үндэсний хөтөлбөр батлагдаад хоёр жил явж байна. Үүнийг яг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийх шаардлагатай. Би жишээлбэл Эдийн засаг хөгжлийн яам дээр нэг ч худалдан авалтыг хийхгүй гэсэн зарчимтай байгаа. Ингэснээр наад зах нь энэ яаманд ажилладаг хүмүүсийг тендерийн авлигад өртүүлэхгүй. Энэ бол наад захын алхам. Ингээд дор бүрнээ хичээх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлүүдийг онлайн болгож байна, зөвшөөрөл багасах ёстой. Эдгээр зүйлүүд хийгдэж байна. Зөвшөөрлийн хууль одоо УИХ дээр хэлэлцэгдэж байгаа.
-Ярилцлагынхаа төгсгөлд танд нэмж хэлмээр юм юу байна вэ?
-Ардчилсан нам өөрөө сэргэн мандалт, босолт уналт, үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх гээд сайн муу цаг ээлжилж байгаа. Гэхдээ манай нам институц болж, мянга мянган жилийн түүх бүтээх үүрэгтэй шүү. Одоо байгаа, тэнгэрийн оронд очсон, ардчиллын төлөө тэмцэж байсан олон мянган буурлынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх үүрэг бидэнд байгаа. Тийм болохоор хүн бүр илүү ухаалаг, тэвчээртэй, зөв байх шаардлага байна. Хүний хүүхдүүдтэй барьцаад байх шаардлага байхгүй. Тэнд нэг нөхөр авлига авч байна гэвэл дагаад авъя гэж бодож ерөөсөө болохгүй. Бид арай өөр үүрэг даалгавартай. Энэ цагт бид хүний эрх чөлөөг хангах, монголчуудынхаа эрхийг баталгаажуулах, ингэснээр улсынхаа тусгаар тогтнолыг нандигнан хамгаалах алтан үүргээ биелүүлнэ. Тэгэхээр энэ үүрэг хариуцлага бол бидэнд илүү хүчтэй байдаг. Бидэнд Монголоо гэсэн зарчим, улс орноо гэсэн зориг юу юунаас илүү чухал байна. Өнөөдрийг хүртэл эв нэгдлээ хамгаалж чадсан намынхаа гишүүдэд чин сэтгэлээсээ баярын мэнд хүргэе. Чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний ирээдүй их өнгөтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дарханхөвсгөл





E-Mongolia систем IBAN стандартад шилжлээ
IBAN дансны дугаарлалт гэж юу вэ ? 1. Улсын код: Монгол улсын хувьд MN байна. 2. Хяналтын орон: Тухайн данс зөв эсэхийг шалгах орон ...
4 цагийн дараа
СХД-т мөргөлдсөн машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Энэ туха...
3 цагийн дараа
АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 го...
3 цагийн дараа
“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ” гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл
Энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Интерполын нөхөн төлбөр” гэх цахим хаягаас “Онлайн залилангийн хохирогчдод нөх...
2 цагийн дараа
Мастеруудын ДАШТ-ээс 6 алтан медаль хүртсэн МУГТ Ц.Раднаа эх орондоо ирлээ
Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээнээс 6 алтан медаль хүртсэн Монгол Улс...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд