мэдээ
Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Админ
2025 оны 6 сарын 30

54

Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байна. Түүний хувьд улс төрийн маш ээдрээтэй үед Ерөнхий сайд болсон. Тэр агуулгаараа Г.Занданшатарын Засгийн газрын зам жинхэнэ утгаараа амаргүй байхаар байна.
Гэхдээ яг ийм цаг үед түүнээс өөр хүнийг Ерөнхий сайдаар сонгож томилох бараг боломжгүй юм. Хувь улстөрчийнх нь үзсэн туулсан, сурсан мэдсэн, ёс суртахуун, зан төлөв нь өнөөгийн дотоодын улс төрийн ээдрээт нөхцөлд тохирч буй. Г.Занданшатарыг зөвхөн энэ томилгооны өмнө ЕТГ-ын дарга байснаар харах учиргүй. Тэр 2017-2019 онд ЗГХЭГ-ын дарга байсан. 2019-2024 оныг хүртэл УИХ-ын даргаар ажилласан. УИХ-д аль 2004 онд орж ирсэн. УИХ-аас гадна Засгийн газрын удирдлагад шинэ хүн биш. Магадгүй Засгийн газрын гал тогоог барьж, урьд нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан учраас энэ үүрэгт ажилд хамгийн тохиромжтой сонголт болсон биз. Тийм л учраас Засгийн газрыг тэргүүлэх үүргийг түүнд тохоосон нь тодорхой. Ерөнхий сайдаар томилогдох гээд УИХ-аар хэлэлцэж байх үед гишүүдийн асуултад хариулж буйгаас бүх зүйл харагдсан л даа. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсон нь нэг талаас ийм учиртай байна.
Нөгөө талаас Монгол Улсын эдийн засаг нэн хүнд үетэйгээ тулсан. Энэ хүндрэлийг хэн Ерөнхий сайд болж гэтлэх нь туйлын чухал.
Тийм ч учраас тэрээр томилогдоод хамгийн түрүүнд БНХАУ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзаж санал солилцсон. Мөн “Рио Тинто”-гийн Зэсийн группын захиралтай уулзсан.
Учир нь эдийн засаг зөвхөн дотоодын улс төрөөс болж доголдож унаад байгаа юм биш. Үүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар “Геополитикийн сөргөлдөөнт байдал Иран-Израилын зэвсэгт мөргөлдөөнөөр өргөжиж, дэлхийн эдийн засгийн төлөвт эрсдэл учрууллаа. Нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүслээ. Энэ нөхцөл байдал цаашид даамжирч болзошгүй байна. Хэрэв төсөвт яаралтай тодотгол хийж, төсвийн үр ашиггүй, тэвчиж болох урсгал зардлаа танаж, импортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй тохиолдолд инфляц улам эрчимжиж, төгрөгийн ханш суларч, улмаар ард иргэдийн аж амьдрал, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд томоохон эрсдэл учирч болзошгүй байна” гэж тайлбарласан. Энэ бол бодитоор үүссэн хүндрэл. Бидэнд ч мэдрэгдэж эхлээд байна.
Тийм учраас “Өнөөдөр төсвийн алдагдал оны эцэст 3.2 их наяд төгрөгт хүрсэн тохиолдолд импортын хэмжээ нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, инфляци үргэлжлэн өсөх эрсдэлтэй байгааг урьдчилсан тооцоо харуулж байна” гэж тэр мэдэгдлээ.
Цаашлаад “Үр ашиггүй, тэвчиж болох зардлаа танах, татаас, шилжүүлгээ бууруулах, нийгмийн халамжаа оновчтой болгох, хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Ийм учраас Монгол Улсын хувьд дээрх төсвийн нэн шаардлагатай бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бодит шаардлага тулгарлаа. Бидний хувьд нүүрсний экспорт үргэлжлэн буурах, шатахууны үнэ нэмэгдэх, төсвийн орлого тасалдах, гадаад валютын нөөц багасах зэрэг эрсдэлийн түвшин эрс нэмэгдлээ. 2025 оны төсвийг баталж байх үед нүүрсний үнийг 105 ам.доллараар төсөөлж байсан бол БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч, нүүрсний үнэ даруй 40 гаруй ам.доллараар буурч 70 ам.доллар болж, ойрын 1-2 жилд энэ түвшиндээ хадгалагдахыг олон улсын байгууллагууд сануулж байна. Орос-Украины дайн дуусах, Европ руу чиглэсэн манай худалдаа, экспортын гацаа түгжрэл арилах нааштай хандлага ажиглагдахгүй байна. Засгийн газар төсвийн сахилга бат, ил тод, нэгдмэл байдлыг чанд сахих, зардлаа танах, төрийн бүтцийг цэгцэлж, цомхон чадварлаг болгон бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгахаас ажлаа эхэлж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш ердөө долоо хоног өнгөрч байна. Тухайлбал, ийм тодорхой бус нөхцөл байдалд монголчууд бид орлогоо дайчлах, зарлагаа тэвчих, боломж нөөцөө дайчлахаас өөр гарц бидэнд байхгүй” гэв.
Ингээд Хэмнэлтийн тодотголоо УИХ руу оруулж ирсэн. УИХ зарим төслийг нь унагаж шийдвэрлэв. Төрийн алба хаагчдын цомхотгол, хэмнэлттэй холбоотой заалтыг батлахаас болгоомжилсон. Ерөнхий сайд “Хэмнэлтийн тодотголоор цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн алба бий болох шинэчлэлийг эхлүүлж байна. Монгол Улсад төрийн албан хаагчдын тоо 2024 оны байдлаар 230 гаруй мянгад хүрсэн нь манай улсын нийт хүн амын 6.5 хувь, ажиллах хүчний 16 орчим хувьтай тэнцэж байна гэсэн үг. Энэ тоо нийт хүн амын өсөлт, төрийн үйлчилгээний цар хүрээ, хүртээмжээс хамаардаг нь үнэн. Гэхдээ зохистой түвшинд байх учиртай. Энэ шалгуурыг бид хангаж чадаж байгаа юу, үгүй юү гэдгийг төр өөрөөсөө асуух цаг нэгэнт иржээ. УИХ-аас баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй нийцүүлэн, багш эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар хэмнэлтийн тодотголд тусгалаа. Энэ хүрээнд дарга нарын тоог бууруулах, тэтгэвэрт гарсан, эсвэл сул орон тоонд хүн авахгүй байх, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, давхардал, хийдлийг арилгах, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх гэх мэт арга хэмжээг авснаар төсвийн зардал 300 гаруй тэрбум төгрөгөөр буурна гэж тооцож байна. Төрийн албан хаагчийн орон тоог бууруулах нь төр, түмнийхээ төлөө зүтгэж буй хувь хүн, айл гэрийн амьдралд тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй. Төсвийн хэмнэлтийг төрийн албан хаагчдаа ажил, амьдралаар нь хохироох замаар хийж болохгүй гэсэн шүүмжлэл ч гарна. Гэхдээ төрийн алба гагцхүү ур чадвар, мэдлэг туршлагад суурилсан, цомхон бүтэцтэй, бүтээмж өндөртэй байх талаар олон жил зүгээр л ярьсаар ирсэн. Бодит ажил, алхам бараг хийгдээгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Үүнийг яг одоо хийх, эхлэх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэдэг нэг л үнэн байна” гэсэн. Гэвч хасаад батлав. Төрийн алба хаагчдаар оролдох нь улс төрийн хувьд гал авна. Гишүүд түүнээс болгоомжилсон хэрэг. Чуулган дээр ч тэгж илэрхийлсэн гишүүд олон байв. Гэвч Ерөнхий сайдын оруулж ирсэн Хэмнэлтийн тодотголын зарчмыг гишүүд ч, ард түмэн ч ойлгож аваад үлдсэн.
Ер нь л цаашдаа,
-Төр өөрөө бүсээ чангалах хувилбарыг сонголоо.
-Төрийн зардлыг хэмнэж, бүтэц, бүрэлдэхүүнээ цомхотгох нь дан ганц эдийн засгийн шаардлага бус, Монгол төрийн баримтлах ёс зүйн хэм хэмжээний нэгэн илэрхийлэл.
-Төрийн бүтцийг тооноос чанарт шилжүүлэхдээ төсвийн зарлагыг механикаар хасаж тайрах биш, дунд хугацааны төсвийн тогтвортой байдалд чиглүүлэх бодлогыг Засгийн газар баримтална.
-Төрийн бүтцийг цэгцлэх зорилтыг хэрэгжүүлэхдээ төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх зарчмыг хатуу баримтална.
-Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг хөгжүүлэх бодлогын шинэчлэл эхэлж байна. Энэ шинэчлэлийн үр дүнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бий болно.
-Хэмнэлтийн тодотгол нь хувийн хэвшлийг дэмжих хамгийн бодит алхам.
Ерөнхий сайд Г.Занданшатарын эдгээр зарчмыг нийтээрээ ойлгож авсан.
Гэсэн ч түүний тэргүүлсэн Засгийн газрын цаашид туулах зам хүнд. Дотоодын улс төрийн нөхцөл эв түнжин муутай байна. Улстөржилт энэ Засгийн газарт илүү мэдрэгдэх магадлалтай. Гадаад эдийн засаг, геополитикийн нөхцөл хэцүү. Нүүрс бууж, ам.доллар ховордох шинж ажиглагдаад эхэлж. Гэхдээ хүнд үе хүчтэй удирдагчийг төрүүлдэг гэдэг дээ…
Р.Санжаажамц





“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам...
5 цагийн дараа
Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрлээ. Таны х...
5 цагийн дараа
Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна
“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.06.30/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 150.000-200.000 төгрөг Хонь- 200.000-300.00...
5 цагийн дараа
Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус маргаашнаас эхэлж 07:00 цагт хөдөлдөг болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:1...
4 цагийн дараа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 01-ний өдөр Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо ор...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд