мэдээ
Вакциныг хэн, хэн эсэргүүцээд байна вэ?

Админ
2025 оны 6 сарын 30

56

Манай улсад улаанбурханы халдвар 21 аймаг, нийслэл хотод бүртгэгдсэнээр эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд 10 хонож байна. Энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурханы 9000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Одоогийн байдлаар энэхүү өвчний улмаас долоон хүүхэд эндсэн гэсэн мэдээлэл бий.
Нөхцөл байдал хүндэрсэн тул Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 22-ны өдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдуулсан. Тэр үеэрээ хүүхдүүдийг эрсдэлд оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгасан байдаг. Мөн өнгөрсөн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өгөхдөө “Одоогоор бид долоон сайхан хүүхдээ улаанбурханы улмаас алдчихсан байна. Вакцин эсэргүүцэж мэдэмхийрдэг хүмүүс амиа алдсан хүүхдүүдийн хариуцлагыг хүлээж чадах бол ард иргэдэд худал мэдээлэл тараагаад байгаарай” гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ “Ирэх намраас улаанбурханы вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт суулгахгүй” гэдгийг анхааруулсан юм. Наадмын өдрүүдэд улаанбурханы халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ч албаны хүмүүс хэлээд буй. Одоогийн байдлаар вакцинжуулалт улсын хэмжээд 30 гаруй хувьтай байгаа. Мөн улаанбурханы халдвар авсан хүүхдүүдийн 70 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй байсан гэх мэдээлэл бий.
Вакциныг илт эсэргүүцэгчдийн дунд 20 мянга гаруй дагагчтай “Zorigtbaatar Nergui Borjigon” гэх фэйсбүүк хаягтай иргэн бий. Тэрбээр “Ковид-19”, улаанбурхан, хүний папиллома вирусийн эсрэг вакцин гээд Монголд хийгдэж байсан, хийгдэж буй олон төрлийн вакцины талаарх өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан хүчтэй илэрхийлж байжээ.
Ингэхдээ ихэнхдээ эсэргүүцсэн байр суурийг илэрхийлдэг аж.
Мөн “Ulziitogtokh Tsedev” гэх 12 мянган дагагчтай фэйсбүүк хаягтай иргэн бий. Тэрбээр Монгол Улсын вакцин үйлдвэрлэгч цорын ганц “Биокомбинат” Улсын үйлдвэрийн газрын ерөнхий технологичоор 14 жил ажилласан нэгэн бөгөөд Монгол Улсын малын зөвлөх эмч юм.
Ц.Өлзийтогтох нь 2009 онд “Дархлаа ба вакцин судлалын үндсэн ойлголтууд” хэмээх ном бичиж байсан бөгөөд вакциныг олон жил эсэргүүцэж буй юм.
“Бадарч Бямбадулам” гэсэн фэйсбүүк хаягтай 8.1 мянган дагагчтай иргэн мөн вакцин эсэргүүцэн өөрийн цахим хаягаараа үзэл бодлоо тууштай илэрхийлдэг.
Тэрбээр Монгол Улсын малын зөвлөх эмч Ц.Өлзийтогтохтой вакцины талаар ярилцаж, “15-30 жилийн дараахь эрсдэлээс хамгаалдаг ямар ч вакцин дэлхийд байхгүй!” хэмээх гарчиг өгөн үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд цацаж байсан удаатай. Түүнчлэн цахим хаягаараа удаа дараа вакцин, уран хоёрыг эсэргүүцэж шууд дамжуулалт хийж байсан нэгэн юм.
“Khulan Richira” гэсэн фэйсбүүк хаягтай, би гэх ямар ч зураггүй, өөрийгөө “Эрүүл хоолны зөвлөх, паразит судлаач” хэмээн тодорхойлсон 3.3 мянган дагагч, 3000 орчим фейсбүүкийн найзтай цахим хаяг бас бий.
“Фэйсбүүкээр дүүрэн мөнгө гуйсан хавдартай хүүхдүүд бол товлолт вакцины золиос”, “Ямар ч вакцин хийлгээгүй, цэцэрлэгт яваагүй “онцгой” хүүхдээрээ хожим эцэг эх нь бахархах болно /Шагналтай/” гэх зэргээр сэтгэл сэртхийлгэм зүйлсийг цахим хаягтаа бичдэг. Тэрбээр дан ганц вакцин эсэргүүцээд зогсохгүй урантай холбоотой асуудалд ч эсрэг байр суурьтай явдаг нэгэн. Мөн вакциныг үгүйсгэсэн нийтлэл бүрийнх нь мэдэгдэл бүх дагагчдад нь очих тохиргоо хийдэг. Тэрбээр мөн “Khulan Richira” гэсэн нэрээрээ “Юүтүб” хуудас ажиллуулдаг бөгөөд түүндээ дандаа вакциныг үгүйсгэсэн Оросын нэвтрүүлгүүдийг оруулдаг аж.
Эд бол вакцин эсэргүүцдэг хүмүүсийн зөвхөн төлөөлөл нь. Вакцинтай холбоотой албан ёсны эх сурвалж бүхий мэдээллийн доор эсэргүүцсэн сэтгэгдэл үлдээдэг, хэн нэгэнд “Хүүхдэдээ битгий вакцин хийлгэ” гэж амаар ухуулга хийж буй олон хүн бий. Цахим орчинд ч, бодит амьдрал дээр ч маш олон хүн вакциныг дэмжиж бас эсэргүүцэж байна. Яахаа ч мэдэхгүй эргэлзсэн хүмүүс ч бий. Вакциныг эсэргүүцэж буй хүмүүс шинжлэх ухаанаар нотлогдсон баримт нотолгоотой зүйл ярих нь тун ховор. Хувь хүн өөрийн цахим хуудастаа юу бичиж нийтлэх нь тэр хүний эрхийн асуудал. Гэхдээ бичиж болох зүйл, болохгүй зүйл гэж бий. Вакцин эсэргүүцэгчдийн бичсэн иргэдийг төөрөгдүүлсэн, тэр тусмаа хүний амь насанд алсдаа аюул занал учруулж мэдэх зүйлсийг ч тэр, мэргэжлийн хүний хэлж буй үгийг ч тэр эргэцүүлэн бодож, зөв дүгнэлт хийх чадвар бидэнд хэрэгтэй байна.
Ө.АНХЗАЯА





“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам...
1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрлээ. Таны х...
1 цагийн өмнө
Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна
“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.06.30/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 150.000-200.000 төгрөг Хонь- 200.000-300.00...
2 цагийн өмнө
Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус маргаашнаас эхэлж 07:00 цагт хөдөлдөг болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:1...
2 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 01-ний өдөр Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо ор...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд