мэдээ
Цагаан зун

Админ
2025 оны 6 сарын 30

42

Уржигдар буюу зургадугаар сарын 28-ны өдөр нь улсын хэмжээнд 14 түймэр асаж байлаа. Гэтэл унтаад сэрэхэд дөрвөн түймэр шинээр нэмэгдээд хоносон байв. Ингээд 18 түймэртэй нүдэлдсээр, өчигдрийн байдлаар тавыг нь унтрааж, тавыг нь цурманд оруулаад байна гэж ОБЕГ-аас мэдээлж байна.
Монгол нутагт маань ёстой юм юм болж байна. Найр наадам, даншиг, сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн, хотын дэд бүтцийн засварууд, бас ой хээрийн түймэр дүрэлзэн асаж, газар нутаг маань га га-гаараа шатаж байна. Гамшгийн бүс нутгуудад орон нутгийн Онцгой байдлын ажилчид, цэргийн ангийнхан, нутгийн иргэд ажиллаж байгаа. Манай иргэдийн хувьд түймрийн талаар мэдлэг багатай. Гал гарчээ, унтраажээ гэх төдий ойлгож байгаа нь анзаарагддаг юм. Түймрийг цурманд оруулжээ гэхээр …за за унтраачихсан юм байна гэх маягаар ойлгодог л гэсэн үг. Үнэндээ ил тачигнан ассан гал нь цохигдож, хөрсөн доогуураа шатах явц нь үргэлжилж байна гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Моддын үндэс, өвс ургамал ёзоороороо шатаж, хөрсөн доогуураа хуйгаараа нурманд идэгдэж шатаад, гишгэх төдийд доош цөмрөн нурж байдаг. Энэ нурангин дор үүрээ зассан амьтад аврагдаж чадалгүй шатан үрэгдэж, тэндээс сэтгэл шимшрэм гаслан орь дуу тавин сонсогдож байдаг юм билээ. Түймрийн голомтод хоёр ч удаа сурвалжилгаар ажиллаж байхдаа энэ бүхнийг нүдээр үзэж байв. Гурав хоногийн өмнө эх шувуу хэдэн өндгөө даран нугдайсаар амь эрсэдсэн байхыг аврагчид харуулж байна билээ. Цахим орчноос та бүхэн үзсэн байх. Ямар ч шувуу цурамнаас зугтаад гарчихаж дөнгөнө. Гэвч эх шувуу өндгөө хамгаалан дарсаар өөрөө эрсэдсэн байхыг харах ямар аймшигтай юм бэ. Хэвлээр явагч амьтад, шувууд, бусад ан амьтад, ой мод, ургамал жимстэйгээ хамт ийнхүү улаан галд шатаж байна.
* * *
Энэ удаагийн их түймрийг манайхан зогсоож хүчрээгүй байна. Нэг хэсгийг нь унтраахад нөгөө хэсэгт дахиад шинээр түймэр дэгдэж байна. Хамгийн харамсалтай нь энэ зуны гамшигт 20 гаруй жилийн турш нөхөн сэргээсэн домогт Тужийн нарс өртчихлөө. Одоогоор галыг унтраасан ч хохирлын хэмжээ хараахан гараагүй байна. Ийнхүү Монгол орны ойн сан дөрөвдүгээр сараас хойш ээлж дараалан шатаж орон нутгийн удирдлагууд, иргэд аж ахуйн нэгжүүд нөөц боломжоо шавхан хамаг чадлаараа ажиллаж байгаа ч галын гамшгийн өмнө хүчин мөхөстөж байна. Тужийн нарсыг аврах ажиллагаанд ОБЕГ, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн 141 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн захиргааны болон хувийн хэвшлийн 124 хүн, 22 автомашин, зургаан мотоцикл, нийт 265 хүн ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажилласан гэж мэдээлжээ. Энэ өгүүлбэрээс уншигч та эл зуны их түймэртэй тэмцэж буй ерөнхий хүчийг багцаалдчих.
Ер нь техник технологийн энэ зуунд түймэртэй улаан гараараа шахам ингэж нүдэлдэж байгаа улс орон манайхаас өөр байхгүй л дээ. Монголчууд бид л унаж очсон машины жаахан ус, тэрийгээ дуусангуут араас нь бараг хүрмээ тайлж бариад нүдээ аниад л нүдэлддэг хэвээрээ.
Онцгой байдлын алба маань орон байрны гал дээр ажиллах техникийн хувьд жаахан гайгүй болсон ч ой хээрийн түймэрт бол хуучнаараа л үзэж байх шиг байна.
Үнэндээ бид юм юмаар дутуу байна. Юм юмтай болох ёстой байдаг. Амьдрал цаанаасаа стандарт шаардаж байна. Гэвч бидэнд мөнгө нь алга. Төслүүд юмаа хөдөлгөе, шууд утгаараа мөнгөтэй болъё гэхээр хөдөлгөдөггүй хар хүч хүлчихээд байдаг. Бид бусдын ид ажиллаж байдаг, ажлаа урагшлуулж байдаг цагаар улсаараа архидан найрлаж, амарч цэнгэдэг. Өвлийн ид тэсгим хүйтнээр бүх газрууд нь, бүр театрууд нь хүртэл ажиллах бөгөөд, хүүхдүүдээ томуу өвчнөөр алдаж, хүнд хэцүүгээ дуудан гасалцгааж байдаг. Манай бүх амьдрал бусдынхаас ийм эсрэг тэсрэг. Бидний амьдралд төлөвлөлт гэж байдаггүй. Цагийнхаа аясанд туугдаж амьдардаг. Бас бид хардлага сэрдлэг, хэрүүл тэмцэлд идэгдэн мухарч яваа. Бид аливаа мэдээллийг жаахан л лавхан хараад дэнсэлчихийн оронд шууд мэдээллийн дайн дэгдээдэг. Тэр шуурган дотроо суунаг татуулан аж төрцгөөдөг болсон. Өнөөдөр ч бид нарлаг зунаа, найр хуримд гарцгаах цагаа өчүүхэн ч сэтгэлийн түгшүүргүй, сурснаараа хөөрөл хөөсрөл дүүрэн угтаж байна. Гэвч бид үүргийнхээ дагуу анхааруулах ёстой.
* * *
Энэ сард манай ихэнх нутгаар олон жилийн дунджаас давж халах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Зарим бүс нутгаар хур тунадас ихтэй байх бөгөөд үер усны аюулаас мөн сэрэмжлүүлж байна.
Зүүн хойд хэсэг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын зарим сум, мөн баруун өмнөд хэсэгт орших Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудын зарим сумд хур тунадас олон жилийн дунджаас их байх төлөвтэй байгаа бол бусад нутгаар хур тунадас дундаж түвшинд орно. Харин агаарын температурын хувьд Дорнодын өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн зүүн хэсгээр олон жилийн дундаж, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Түүнчлэн, Хөвсгөлийн зүүн хэсэг, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудад хур тунадас харьцангуй их байх бөгөөд Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр ч адил нөхцөл байдалтай байна. Говийн бүс нутагт газар хэт хуурай байгаа учраас гэнэт бороо орвол үер буух эрсдэлтэй тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Томоохон гол мөрний хөндийгөөр хүчтэй бороо орвол усны түвшин нэмэгдэж, үер болох магадлалтай боловч нийт нутгийн хэмжээнд үер усны аюул харьцангуй бага байх хандлагатай гэнэ.
Хүчтэй салхи, аянга, мөндөр зэрэг агаарын түргэн өөрчлөгддөг үзэгдлүүдийг нарийвчлан урьдчилан таамаглах боломжгүй тул иргэд, ялангуяа малчид, тариаланчид цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг тогтмол авч, мэргэжилтнүүдийн анхааруулгыг мэдээллийн байгууллагын үүргийн дагуу уншигчдадаа дахин хүргэж байна.
* * *
Энэ их түймрийн араас их халалт залгаж үндсэндээ гандах нь ээ. Гандана гэдэг ган руу орно л гэсэн үг. Агаар хална, дагаад хаталт явагдана. Тэгэхээр энэ их хөлгүй найр наадмаа жаахан хэмжээ дамжаатай өнгөрүүлмээр байна. Мал сүргээ таргалуулж авах,хадлан бордоогоо базаах, газар тариаландаа анхаарах гээд нөр их ажил залгаад хүлээж байгааг мартаж болохгүй. Байгаль дэлхийгээ уншчихаж чаддаг байсан малчдын үе ч дуусч, нөгөө талаас эх дэлхий өөрөө гарт баригдахаа больсон. Хөгшчүүд энэ зуны шинж тэмдгүүдийг цагаан зун руу эргэчих вий дээ гэж хэлцгээж байна. Магадгүй санагдана.
Жишээ нь, НҮБ-ын шинжээчид сүүлийн 20 жилд манай гариг дээр тохиож буй ган гачгийн давтамж 29 хувиар нэмэгдсэн болохыг тогтоосноо хэдэн жилийн өмнө мэдээлсэн.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх захирлын мэдээлснээр, ган гачгийн үргэлжлэх хугацаа, давтамж, үр дагавар улам нэмэгдэж байна. Дэлхийн дулаарлын томоохон үр дагавруудын нэг нь байгалийн гамшигт үзэгдлүүд юм. Эрдэмтэд үүнд өвөл цагийн онцгой дулаарал, зуны хэт халалт, олон долоо хоногоор үргэлжлэх аадар бороо, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийг нэрлэж байгаа юм.
Ирэх жилүүдэд ган гачгийн давтамж улам нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. 2030 он гэхэд 700 сая хүн “уур амьсгалын дүрвэгч” болж 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 орчим хувь нь байнгын болон үе үе болох ган гачигт нэрвэгдэнэ. Тиймээс хүн төрөлхтөн хамтран ган гачгийн үр дагавартай тэмцэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна гэж дэлхийн эрдэмтэд үзэж байна.
* * *
Муу амлаж байна гэж зарим хэлэмгий доломгой уншигчид маань аашилж мэдэх юм. Тэгэхээр “Ган” гэдэг ер нь юу юм гэдгийг бяцхаан тайлбарлах гэж оролдъё.
Ган бол хөрс, ургамал, агаар мандлын чийгийн солилцооны нэлээд түвэгтэй процесс аж. Дулааны улиралд унах хур тунадас хэвийн хэмжээнээс багасаж удаан хугацаанд хэт халуун болж, хөрсний чийг ихээр алдагдан хуурайшсанаас болоод өвс ургамал хатаж, мал аж ахуй, газар тариаланд хохирол учруулдаг үзэгдлийг ган гэнэ хэмээн бичжээ. Ганг агаарын, хөрсний гэж хоёр ангилдаг юм байна. Агаарын ган гэдэг нь удаан хугацаагаар дулаарч, хур тунадас орохгүй байснаас агаарын чийглэг эрс буурахыг хэлнэ. Харин хөрсний ган гэдэг нь хөрсөн дэх чийг их хэмжээгээр ууршиж, хатах үзэгдэл юм байна. Манай оронд бүс нутагт унах хур тунадасны хэмжээ нь өөр өөр байдаг. Хэрвээ тэр хэмжээ 50 хувиас бага байвал гантай гэж үздэг юм байна. Ган ойн болон хээрийн түймэр дэгдэх урьдач нөхцөл нь болно. За тэгээд, гангийн давтамж нь өвөл болдог зудтай уялддаг. Өөрөөр хэлбэл, зун нь ган болсон бол өвөл нь зуд болох хандлага түгээмэл.
Тэгэхээр амралт зугаалгаа жаахан татаж, араа бодоцгооё. Ашгүй бороо орж байна. Өглөө гэхэд энд тэндгүй асаж буй энэ олон түймэр унтарсан байгаасай.





“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам...
4 цагийн дараа
Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрлээ. Таны х...
4 цагийн дараа
Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна
“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.06.30/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 150.000-200.000 төгрөг Хонь- 200.000-300.00...
3 цагийн дараа
Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус маргаашнаас эхэлж 07:00 цагт хөдөлдөг болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:1...
3 цагийн дараа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 01-ний өдөр Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо ор...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд