мэдээ
Төрийн хонжины унах бор морь наадмын нээлт, хаалтад 16 дахь жилдээ оролцохоор бэлтгэлдээ гарчээ

Админ
2025 оны 6 сарын 30

56

Их сургуульд хамт сурч байсан гадаад охин “Монголчууд наадмын баяртаа ихээхэн ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг юм билээ. Ер нь монгол хүн яаж нааддаг вэ?” гэж надаас асууж байсан юм. Тухайн үедээ би энэ асуултад их л өнгөцхөн хариулсан юм шиг санагддаг. Нум сум харваж, бөх барилдаж, морь уралдаж, хуушуур идэж, монгол дээлээ өмсөж бид нааддаг гэж хэлж байв. Магадгүй тэр охин монгол хүний дотор үндэсний их баяр наадам нь ямар утга учиртай оршдог талаар мэдэхийг хүсээд л энэхүү асуултыг асуусан байх. Тухайн үед бол бусад залуучуудын адил наадмаар олон хоног амрах нь надад сайхан санагддаг байлаа. Нөгөө талд гадаад охины асуултад унахгүй гэсэндээ ингэж муухан шиг хариулаад өнгөрсөн юм. Гэхдээ монгол хүн яаж нааддаг юм бол… Хамгийн гол нь наадмын утга учир нь юунд оршдог юм бол… Ингээд бодохоор эрэгтэйчүүдийн хувьд хэний морь айраг түрүү авч, аль гэдэг бөх түрүүлэх нь эрийн гурван наадмын утга учир байх жишээтэй. Эмэгтэйчүүдийн хувьд сайхан торгоор дээл хийж өмсөөд талын цэцэг шиг оршин байх нь сайхан. Харин залуучуудын хувьд наадам жил бүр зүгээр л болоод өнгөрдөг нэг хэвийн үйл ажиллагаа юм шиг ээ.
Эмэгтэйчүүдийн хувьд сайхан торгоор дээл хийж өмсөөд талын цэцэг оршин байх нь сайхан. Харин залуучуудын хувьд наадам гэдэг жил бүр зүгээр л болоод өнгөрдөг нэг хэвийн үйл ажиллагаа юм шиг ээ.
Тэр нэг жилийн наадмын өдөр талбайн баруун талд алхаж явлаа. Олон хүн цуглаж, зурагтаар л хардаг байсан наадмын нээлтийн үйл ажиллагаа явагдаж байв. Их л сүртэй харагдсан учир хурсан олны дунд орон зогсов. Удалгүй наадмын зогсолтгүй давших аятай зэрэгцэн улаан, цэнхэр өнгийн хувцастай нөгөө хүндэт харуулууд Төрийн ордноос есөн хөлт цагаан тугаа залсаар гарч ирэв. Есөн хөлт цагаан тугийг өв тэгш барьсан хүндэт харуулуудын цэгцтэй нэгэн жигд алхаа наадмын хүчирхэг аятай хоршин явах нь хараа үл салгам сүрлэг байлаа. Эргэн тойрноо сайн ажиглавал есөн хөлт цагаан туг монгол хүн бүрийг соронз адил өөртөө татаж байх юм. Монгол хүн бүр энэ тугийн дор жагсах ёстой мэт залуучууд хүртэл зөнгөөрөө энд цуглажээ. Энэ үед элдэв өөр хөдөлгөөн хийж зүрхлэх хэн ч байсангүй. Бүгд л есөн хөлт цагаан тугийн хүчинд автан эх орон, элгэн саднаа бодож байлаа. Энэ мөчид хүн бүр хөлсөө арчин амьсгаа даран цээжиндээ багтаж ядах бахархал, омогшлоо барьж дийлэхгүй байгаа нь мэдрэгдсэн юм. Олны дунд гадаадын жуулчид ч камер барин өвөр зуураа ямар нэгэн зүйлийг ярилцан зогсож байв. Хүндэт харуулууд есөн хөлт цагаан тугаа залсаар мориндоо мордон төв цэнгэлдэхийн зүг чиглэн төв зам руу ороход цугласан олон нэгэн зэрэг хурай, хурай, хурай хэмээв. Яг л дайснаа дараад баатар цолоо мандуулсаар ирж буй дайчдаа хүлээн авч буй мэт. Ажаад харвал хүн бүр есөн хөлт цагаан тугтай ойр явахыг хүсч байгаа бололтой төв цэнгэлдэх рүү хүндэт харуулуудыг даган явна. Нэгэн өвөө ачдаа хандан “Есөн хөлт цагаан тугандаа ойр яв. Төрийн минь сүлд миний хүүг ивээнэ” хэмээн хэлэв. Үнэхээр л төрийн минь сүлд биднийг нэгтгэдэг юм байна гэдгийг тэр жилийн наадмаас л харж авсан юм. Монгол хүн бүр есөн хөлт цагаан тугаа амь шиг хайрлан шүтэж, дээдэлж, итгэн залбирч явдгийн баталгаа энэ ажгуу.
Наадмаар есөнхөлт цагаантугийг цэнгүүлэх торгон цэргүүдийн бэлтгэл рүү цахилж явна
Тэр жилийн наадмаас үлдсэн дурсамжаа бодсоор 2025 оны наадмын туг цэнгүүлэх бэлтгэлийн үйл ажиллагааг сурвалжлахаар дархан цаазат Богд хан уулын Шажин хурахын ам руу цахилж явна гэж зүүдэлж ч байсангүй. Амьдрал гэдэг гэнэтийн явдлаар дүүрэн аж. Сүүлийн хоёр хоног Улаанбаатар хотод аадар бороо орсон хэдий ч энэ хавиар гандуу байх юм. Ингээд удалгүй бид зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлагч, байлдагч нар наадмаар цэнгүүлэх есөн хөлт цагаан тугийн бэлтгэл хийж байгаа газарт ирлээ. Машинаас буун эргэн тойрноо ажиглавал мод элбэгтэй газар гэдэг нь шууд нүдэнд тусна. Мөн дөрвөн майхан, гурван гэр босгожээ. Хамгийн доод талд нэг монгол гэр, нэг майхныг гал тогоо болгон ашиглаж харагдав. Уламжлалын дагуу гэр, майхнуудаас чанх урд нэлээд зайдуу морины уяа босгожээ. Майханд хоёр эмэгтэй ногоо арилгасаар сууна. Харин гэр дотор аар саар зүйл янзлах нэгэн эмэгтэй өөрийгөө тогооч хэмээн бидэнд танилцуулав. Тэдний гар хөлийн үзүүрт гурван цэрэг тус дэм болон гүйнэ. Цэрэг тогооч нар хотод орсон бороо энд огт ороогүй гэлээ. Тиймээс газар нэлээн гандуу байгаа нь энэ аж. Гэхдээ наадмын морьд тарга тэвээрэг сайтай байлаа. Тэнгэр бүрхэг байгаа хэдий ч халуун агаар төөнөөстэй. Биднийг ирэхээс өмнө цэргүүд өглөөний гимнастикаа хийгээд аль хэдийнэ цайлж дуусаад морины уяаныхаа наахна талд туг залах үндсэн бэлтгэлээ хийж байв.
Хэнтий аймгаас хоёр загал, бараа бологч морьдоо сонгон шалгаруулж авчирсан гэж ангийн захирагч, хурандаа Э.Билигсайхан хэллээ. Тэрбээр энэ жил төрийн хонжингийн үүргийг анх удаа гүйцэтгэж байгаа гэнэ. Төрийн хонжин гэдэг нь тугийг цэнгүүлэх ёслолыг удирдан явах хүнийг хэлдэг ажээ. 1206 онд Тэжүүжинг Чингис хаанд олноо өргөөд анх есөн хөлт цагаан тугийг бүтээж байсан гэдэг. Тухайн үед төрийн есөн хөлт цагаан туг, төрийн хар сүлдийг сахидаг сахиул буюу бүх үйл ажиллагааг удирдан оролцдог ноёныг төрийн хонжин хэмээн нэрлэсээр эдүгээ хүртэл уламжлагдан ирснийг ангийн захирагч онцлон хэлсэн юм. Төрийн хонжины унаж байгаа бор морь 16 дахь жилдээ наадмын нээлт, хаалт болон туг цэнгүүлэх ажиллагаанд оролцож байгаа гэнэ. Хамгийн удаан энэхүү үйл ажиллагаанд оролцсон нь төрийн хонжины бор морь аж. Харин их тугчийн бор морь 12 жил үүргээ гүйцэтгэж байгаа гэв. Шарга морьдоос хамгийн бага нь гурав дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалтад шинээр орсон морь байхгүй. Мөн аливаа саад бэрхшээлийг урьдаас харах боломжгүй учраас зургаан нөөц морь авчирч наадамд оролцох морьдтойгоо давхар бэлтгэл сургуулилт хийгээд явж байна хэмээв.
Торгон цэргүүдийн бэлтгэл үргэлжилсээр байна. Тэдний бэлтгэлийн үйл ажиллагааг хэсэг ажиглан харлаа. Төрийн хонжингийн араас есөн хөлт цагаан тугийг гурав, гурваар нь эгнүүлэн залж явна. Ингэхдээ их цагаан тугийг голд нь Их тугч авч явдаг. Харин тэдний араас бараан зүсмийн морь унасан торгон цэргүүдийн ахлагч болон торгон цэргүүд жагсаалаар явна. Төрийн хонжин тушаал өгч, хөл тавин алхсаар тугны суурийг тойрон зогсов. Бэлтгэлд ашиглаж буй тугны суурийг өмнө жилүүдийн наадамд хэрэглэж байсан гэнэ. Торгон цэргүүд төрийн туганд ёсолж, хүндэтгэл үзүүлсний дараа тугчид жижиг тугуудыг авлаа. Улмаар их туганд бусдыг нь гурвантаа бөхийлгөн хүндэтгэл үзүүлээд их тугчин тугаа авдаг байна. Ингээд жагсаалаар алхаж явсаар морьд дээрээ ирэхэд морьдыг нь барьж байсан торгон цэргүүд тугийг шилжүүлэн авч тугчдыг мордсоны дараагаар эргүүлэн өгнө. Торгон цэргүүд өөрсдийн морин дээрээ очсоны дараа төрийн хонжин мориндоо гэсэн тушаал өгч, мөнгөн ташуураа өргөн жагсаалын эхэнд сүр бараатайгаар явах аж. Морины уяа, майхан, гэрээ тоос татуулан бүтэн тойрч ирээд өнөөх сууриндаа тугуудыг байрлуулав. Тэдний тугаа барин алхах бүрд тоос манарсаар, халуун агаар төөнөсөөр байлаа. Гэсэн хэдий ч торгон цэргүүдийн нүүрэнд ядарсан, залхсан шинж огтоос ажиглагдсангүй. Биднийг ирснээс хойш тэд энэ сургуулилтаа зогсолтгүй хийсээр байгаа нь энэ юм. Дундаа 10 минутын амралттай. Цэргүүд амралтынхаа дундуур өөрсдийн алдаа эндэгдэл болоод дараагийн удаа юун дээрээ анхаарах талаар нухацтай ярилцан зогсоно. Есөн хөлт цагаан тугийг эгц шулуун өндөрт морин дээрээ өргөж явахад асар хүч хөдөлмөр, тэвчээр хатуужил шаарддаг гэдгийг торгон цэргүүдийн бэлтгэл батлан харуулна.
Торгон цэрэг Б.Цэвээнхүү: Бэлтгэл бүрдээ омогшиж, бахархсансэтгэл хөдлөлөөр хийдэг
Бид энэ жил шинээр торгон цэрэгт явж буй Б.Цэвээнхүүтэй цөөн хором ярилцлаа
-Таныг энд байгаа цэргүүдээс ганцаараа Улаанбаатар хотоос татагдаж ирсэн гэсэн. өмнө нь морь унадаг байсан уу эсвэл энд ирээд сурсан уу?
-Тийм ээ, би Хан-Уул дүүргээс татагдаж ирсэн. Энд бэлтгэл хийж байгаа цэргүүдээсээ ганцаараа хотынх. Манай нөхөд ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн учраас моринд үнэхээр эрэмгий. Миний хувьд хотод өссөн ч зуны амралтаараа хөдөө морь унадаг байсан. Үүнийхээ ачаар би төрийн наадамд есөн хөлт цагаан тугаа залах ёслолд оролцох аз завшааны эзэн болж чадсан. Учир нь төрийн наадамд оролцох хүндэт харуулуудын нэг болоход морь сайн унадаг байх ёстой. Ер нь бол есөн хөлт цагаан тугийг залах аз завшаан хэр баргийн аавын хүүд тохиохгүй ховорхон хувь заяа шүү дээ. Тиймээс би энэ боломжоо алдахгүй байхыг хичээж байгаа. Бэлтгэл бүрдээ омогшиж, бахархсан сэтгэл хөдлөлөөр хийдэг. Цаанаасаа л омогшоод ирдэг дээ. Одоо ингэж байгаа юм чинь наадмын нээлтийн үеэр хүндэт харуулын улаан хувцсаа өмсөөд, тугаа бариад морин дээрээ явахад ямар мэдрэмж төрөх бол гэж их төсөөлдөг. Өөрийгөө эр хүн болжээ гэж бодож болох ч юм шиг санагдаж байгаа. Бас гэр бүлийнхэн маань намайг хараад бахархана даа гэж бодохоор их догдолдог. Өмнөх жилүүдийн бичлэгийг үзсэн. Ийм хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа өөрөөрөө үнэхээр бахархаж байна. Морь бид хоёр давгүй дасаж байгаа. Анх бол жаахан үргэдэг байсан. Одоо бол ямар ч хөдөлгөөнгүй зогсдог болсон. Өмнө нь бол наадмыг үзэгчийн зүгээс хардаг байлаа. Харин наадмын үйл ажиллагаанд өөрөө гар бие оролцож үзээд л ямар их хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг болохыг ойлгосон.
Торгон цэрэг Э.Өсөхбаяр: Бид төрийн торгон цэрэг гэдэг утгаараа энэхүү торгон агшинд нэг ч алдаа гаргаж үл болно
-Оюутан цэрэг гэсэн. Яагаад цэргийн алба хаахаар шийдсэн бэ?
-Би Хөвсгөл аймгаас татагдаж ирсэн. Ер нь бол нэг жилийн хугацаанд цэргийн алба хаахдаа амьдралынхаа цаашдын төлөвлөгөөг гаргая гэж бодсон юм. Мөн сонгосон мэргэжлээ зөв, бурууд нь эргэлзсэн болохоор жаахан завсарлага авсан. Бага байхдаа хурдан морь унадаг байлаа. Саяхан л сонгосон мэргэжил, амьдралд эргэлзэж явсан би наадмын нээлтэд оролцоод есөн хөлт цагаан тугийг залах үүрэг гүйцэтгэнэ гэж зүүдлээ ч үгүй байсан. Үнэхээр өөрөөрөө бахархаж байгаа. Есөн хөлт цагаан тугийг шалгарсан аавын хүү залдаг гэдэг шүү дээ. Энэ утгаараа тэдний нэг нь өөрийгөө гэж бодохоор омогшил төрдөг.
– Энэ сайхан мэдээгээ гэр бүлдээ дуулгасан уу?
-Туг шилжүүлэх үүрэгт томилогдсон гэдгээ бол хэлээгүй байгаа. Наадам дөхүүлж байгаад гэнэтийн байдлаар мэдэгдэх бодолтой байна. Надад хариуцуулан өгсөн морь нь ууртай халзан гээд хүрэн халзан морь байгаа. Анх бол морь маань их үргэдэг байсан. Одоо бол морьтойгоо элгэмсүү дотно болж чадсан. Миний хувьд морь унах туршлагатай хэдий ч энд ирээд бэлтгэл хийхэд бүх зүйл цоо шинэ байсан. Хэчнээн сайн морь унадаг байсан ч илүү их бэлтгэл хийх ёстой гэдгээ мэдэрсэн. Туг шилжүүлэх, тугаа бариад морин дээрээ цэх явна гэдэг бэлтгэл, бэлтгэл бас дахин бэлтгэлийн үр дүнд бий болох чадвар юм билээ. Бид нэг ч алдаа гаргаж болохгүй шүү дээ. Бидний бүх үйлдэл төгс байх ёстой. Тиймээс өөрийн бүхий л сэтгэл зүрхээ зориулан бэлдэж байгаа. Би цэрэгт ирэхээсээ өмнө наадамд тийм ч ач холбогдол өгч байгаагүй. Болоод л өнгөрдөг нэг баяр гэж боддог байсан. Харин цэрэгт ирээд бүр ард түмнээ цэнгүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг болж үзээд л наадам гэдэг ямар их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг болохыг ойлгосон. Бид төрийн торгон цэрэг гэдэг утгаараа энэ торгон агшинд нэг ч алдаа гаргаж үл болно.
Үнэхээр төрийн наадамд есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ажиллагаа гэдэг торгон цэргүүдийн асар их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрийн нуруун дээр бүтдэг аж. Бороо, шороо, халуун нарыг үл ажран өдөр бүр бэлтгэлээ хийнэ. Алхаа, гишгээ, үйл хөдлөл хийгээд харцаа хүртэл нэгэн жигд болгох ёстой байдаг гэв. Тиймдээ ч шалгарсан аавын хүүд тохиох аз гэдэг нь үнэн ажээ. Төрийн сүлд залж явах нь битгий хэл хажуугаас нь адис авахыг сэтгэлдээ тээн явдаг монгол хүн олон бий. Гэтэл тэд үнэхээр ховорхон хувь заяатай торгон цэргүүд аж. Харин нөгөө талдаа бол монгол түмнийхээ итгэл найдвар, сүсэг бишрэлийг өргөн яваа торгон цэргүүд юм. Есөн хөлт цагаан туг үгүй бол наадамд эхлэл гэж үгүй шүү дээ. Аливаа улс үндэстний баяр наадам ард түмнийхээ итгэл дээр тогтдог. Төрийн сүлд үгүй бол монголчууд юунд итгэн наадах билээ. Юунд итгэн залбирч, адис авахыг хичээх вэ. Энэ үед л монголчууд есөн хөлт цагаан тугаа цэнгүүлэн, хийморь сүлдээ сэргээн, бахархан омогшиж нааддаг юм байна гэдгийг ойлгосон юм. Манайхаас өөр ямар ч оронд есөн хөлт цагаан туг байдаггүй шүү дээ. Төрийн сүлдээ залах уламжлал, дэг ёс ч байдаггүй. Тиймээс л бид бусдаас ялгарах өөрсдийн уламжлал, ёс заншлынхаа дагуу зуны дэлгэр цагт нааддаг. Чин үнэндээ бол хүүхэд хөгшидгүй бүгд монгол хүн гэдгээ мэдэрч, төрийн сүлдэндээ ивээгдэх гэж нааддаг ажээ. Тиймдээ ч бид дэлхийд ганцхан монгол наадамдаа ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлэх нь аргагүй юм.
Сүр жавхлантай торгон цэргүүдтэй хамт өнжсөн нэгэн өдөр ийн өнгөрлөө. Бэлтгэл сургуулилтаас өөр зүйлд үл сатаарах цэргүүддээ амжилт хүсээд машиныхаа зүг хөдлөв. Энэ үед тэнгэр жаахан бүрхэж, борооны үүл хуралдаж эхэлж байв. Хэдий наадмын морьд тарга тэвээрэг сайтай ч жаахан тамирдах гээд байгаа учраас ангийн захирагч утсаар нэмэлт тэжээл захиж байлаа. Бид ч хотын зүг жолоогоо залав.
А.Даваадулам





“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам...
7 цагийн дараа
Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрлээ. Таны х...
7 цагийн дараа
Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна
“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.06.30/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 150.000-200.000 төгрөг Хонь- 200.000-300.00...
7 цагийн дараа
Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус маргаашнаас эхэлж 07:00 цагт хөдөлдөг болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:1...
6 цагийн дараа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 01-ний өдөр Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо ор...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд