мэдээ
Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 6 сарын 30

47

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.
-УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийх дөхөж байна. Та хаврын чуулганаар ямар гол ажил амжуулав?
-УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тэрхүү ажлын хэсгийн ахлагчаар энэ оны нэгдүгээр сараас хойш ажиллаж байна. Энэ хүрээнд олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа нь ажиглагдлаа. Ажлын хэсгийн үндсэн ажил Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны суурь ажилтай яах аргагүй уялдаж байгаа юм. Хүн амын талаарх асуудлын үндсэн чиглэл нь ГБХНХЯ-д харьяалагдаж байгаа боловч том зургаар нь харвал энэ нь салбар дундын асуудал. Монгол Улсын бодлого хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэж байж энэ бодлого хэрэгжинэ гэдэг нь тод харагдаж байна. Бид энэ чиглэлээр өргөн хүрээнд судалгаа хийхийн сацуу УИХ-д хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар бэлдэж байгаа. Одоогоор эхний хуулийн төслөө өргөн барьчихаад буй. Нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиуд ГБХНХЯ-ны сайд асан Л.Энх-Амгалангийн үед багцлагдсан. Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудлыг багцаар нь авч үзэх нь зүйтэй гээд долоон багц хуулийг УИХ-д өргөн барьж байгаа юм билээ. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал, санаачлагаа тусгах, түүнтэй нийцүүлж бусад хууль тогтоомжийн өөрчлөх зэрэг ажлууд хийгдэж байна. Өнөөдөр манай улсад ямарваа нэгэн асуудалд онцгойлон анхаарал хандуулж байна гээд яам, агентлаг юм уу бүтцийнх нь нэрийг өөрчлөх байдлаар дотор нь шигтгээд өгчихөөр асуудал шийдэгдчихдэг юм шиг өнгөц ойлголт байна. Түүний нэг бол яах аргагүй хүн ам зүйн асуудал. Одоогоор ГБХНХЯ-нд хүн ам зүйн асуудлыг тусгайлан хариуцаж буй бүтэц, нэгж, чиг үүрэг гэх зүйл алга. Харин тодорхой чиглэлээр өөрчлөлт хийж, нэр усыг нь өөрчилж байгаа юм билээ. Хүн ам гэдэг бол зөвхөн гэр бүл биш шүү дээ. Хүн ам гэдэгт том агуулгаараа Монгол Улсын нийт хүн амын тухай асуудал яригдана.
Харин гэр бүл гэдэг нийгмийн жижиг нэгж. Манай улс хүн ам зүйн асуудлаа онцгойлон авч үзэхгүй л бол хүн амын өсөлтийн хурд жил ирэх тусам буурч байна. Үүний нөлөө одоогоос 20-30 жилийн дараа гарч манай улс ажиллах хүчгүй болох хэмжээнд хүрэх эрсдэл бий. Хүн амын өсөлт 2023 онд 1.3 хувь байсан бол 2024 оны жилийн эцсээр 1.1 хувь болж ганцхан жилийн дотор 0.3 нэгжээр буурлаа.
Төрөлтийн нийлбэр коэффициент 2.5 байна. Энэ нь монгол эмэгтэй хүн дунджаар 2-3 хүүхэд төрүүлж байна гэсэнтэй агаар нэг. Манай ажлын хэсгийнхэн төр засгийн бодлого шийдвэр гэр бүлийг дэмжих, тэр тусмаа олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих, хүн ам зүйн бодлогыг зөв авч явах, хүн амын өсөлтийг дэмжих, хүн амын насны суварга, бүтцийг эрүүл зөв байлгах тал дээр цогц бодлого, арга хэмжээ шаардлагатай байна гэсэн урьдчилсан дүгнэлтүүдийг гаргаад байна. Ирэх намрын чуулганд ажлын хэсгийнхээ үр дүнг нэгтгэж холбогдох байнгын хороод болон УИХ-ын даргад танилцуулахаар бэлтгэж байна. Энэ зун нэлээд судалгааны ажил хийгдэнэ.
-Улсын хөгжил, дэвшилд хүн амын тоо, өсөлт мэдээж маш чухал үүрэгтэй байдаг. Манай улс шиг хөгжиж буй орны хувьд хүн амын өсөлтөө дэмжих нь зүйн хэрэг. Хүн ам зүйн бодлогоо гэр бүл, нийгмийн бодлоготой хольчихоод байна гэж та ярьж байна. Хүн ам зүйн бодлогыг тусад нь авч үзэж, харьяа яамтай болгох байдлаар цаашдаа ажиллах уу. Энэ талаарх таны үзэл баримтлал юу вэ?
-Бид чиг үүргээ л оруулах ёстой. Төрийн захиргааны нэг байгууллага бүтэц ярихаас илүү чиг үүрэг нь яамдынхаа харьяалагдах асуудал дотор байх ёстой. Хүн ам зүй, гэр бүл, хүний хөгжил зэрэг нь нэг, нийгмийн даатгал, халамж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого зэрэг нь салангид байвал зохимжтой гэж хардаг юм. Аливаа улс орны тусгаар тогтнолын үндэс нь газар нутаг, хүн ам байдаг. Манай улсын тухайд хүн амын өсөлт, хүн ам зүйн бодлогын аюулгүй байдал гэдэг үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болчихсон гэж хараад байгаа. Энэ асуудлыг авч үзэж байгаа яаманд ч, төрийн бодлого шийдвэрт ч, энэ чиглэлийн боловсон хүчний бодлогыг бэлдэж буй байдалд ч тэр хаана хаанаа хүн амын асуудал хаягдаад байгаа нь нууц биш. 2001 оны үед МУИС-ийн дэргэд НҮБ-ын Хүн амын сантай хамтарч байгуулсан Хүн ам зүйн хүрээлэн гэж байсан. Тэрхүү хүрээлэн нь хүн ам зүй судлаачдыг бэлддэг, хүн амынхаа талаар судалгаа тооцоолол хийдэг, энэ талаар төр засгийн бодлого шийдвэртээ тусгадаг байхад чиглэж ажилладаг байсан. Тэрхүү хүрээлэн тухайн үедээ тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгч явсан. Гэтэл өдгөө татан буугдаад МУИС-ийн Угсаатны зүйн тэнхимд харьяалагдаж байх жишээний. Хүн ам зүйн чиглэлийн гарын арван хуруунд ч цөөдөхөөр судлаач эрдэмтэд байдаг. Хүн ам зүйн хүрээлэн татан буугдсанаас хойш энэ мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхээ больчихсон. Мэргэжлийг нь ч мэргэжлүүдийн жагсаалт, индексээс гаргачихсан байх юм билээ. Тиймээс энэ асуудлыг бид углуургаар нь нэг дор авч үзэж, хүн ам зүйн бодлогоо цогцоор нь барьж, боловсролын түвшинд, төр засгийн бодлого болон түүний хэрэгжилтийн түвшинд, хууль эрх зүйн орчны түвшинд цогцоор нь харахгүй л бол том асуудал болчихоод байна.
-Таны өргөн барьсан хуулийн төслүүд хүн ам зүйн бодлоготой уялдаж буй нь анзаарагдаж байна. Саяхан та 0-1 насандаа хүүхэд нь эндсэн ээжүүдэд “Алдарт эхийн одон” олгодог байх тухай хууль өргөн барьсан. Энэ нь хүн ам зүйн бодлогоо дэмжиж буй нэг хэлбэр биз дээ?
-Тэгэлгүй яахав. Дэлхийн улс орнууд хүн амынхаа өсөлтийг дэмжихийн тулд гурван үндсэн дэмжлэгийн бодлого хэрэгжүүлдэг. Түүнийг нь багцалж авч үзвэл нэгдүгээрт, хүүхэд төрүүлэх, өсгөх боломжийг нь олгохын тулд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг нь сайжруулах алхмуудыг хийж буй. Тухайлбал, олон хүүхэдтэй гэр бүлд татварын дэмжлэг үзүүлэх, эсвэл мөнгөн тусламж дэмжлэг олгодог жишиг бий. Хүүхэд 0-18 хүртэлх аль насандаа хамгийн өндөр зардалтай байна, үүнтэй уялдуулан тухайн насны бүлэгт тохирсон дэмжлэгүүдийг олгох ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, механикийн зохицуулалтуудыг хийж өгдөг. Тухайлбал, хүүхдээ харах боломжоор нь хангаж, ажлын цагийг бууруулж, хөнгөлөлт олгодог. Энэ нь манай улсын хууль, тогтоомжид ч бий. Цахим технологи хөгжчихсөн энэ үед онлайнаар ажиллах боломжийг нь бүрдүүлэх, ажлын цагийг нь хөнгөвчлөх, ажлын нөхцөлийг нь өөрчлөх гэх мэтчилэн зохицуулалтын механизм олон бий. Дан ганц мөнгөн дэмжлэг гэхээс илүүтэй зохицуулалтаар дэмждэг. Хүүхдээ харах боломжийг аавуудад олгох, жирэмсний амралт авсан ээжүүд ажилдаа эргээд ороход аав нь хүүхдээ хардаг байх зэргээр зохицуулалтын механизмаар дэмждэг туршлага бий. Гуравдугаарт, мотиваци өгөх буюу сэдэлжүүлэх, оюун санаанд нь өөрчлөлт хийх замаар нөлөөлөх оролдлогуудыг хийдэг. Нэг үгээр хэлбэл, олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн давуу талуудыг харуулах замаар нийгэмд зөв, эерэг мессэж өгөх контент хийдэг. Энэ нь ч эерэг нөлөөтэй гэж дэлхийн улс орнуудад үздэг юм билээ. Нөгөө талдаа олон хүүхэд төрүүлсөн эхийг урамшуулдаг, алдаршуулдаг манай улсын тогтолцоо, механизмыг хэрэглэдэг. Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хууль анх 1957 онд батлагдаж байсан түүхтэй. Энэ хууль хагас зуун жилийн түүхтэй манай улсын ууган хуулиудын нэг. Уг хуульд маш цөөхөн өөрчлөлт оруулахдаа тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан өөрчлөлтүүдийг л оруулж байсан. 1990-ээд оныг хүртэлх энэ хуулийн хэрэгжилтийг дүгнэхэд уг хууль үүрэг нөлөөгөө гүйцэтгэж чадсан. Монгол Улс нэг сая байхаас 3.5 сая иргэнтэй болох хүртэл энэ хуулийн үр нөлөө өндөр байсан гэж дүгнэж болохоор байна. Алдарт эх гэдэг бол хайр хүндлэлийн нэгээхэн хэлбэр. Аль хэдийнэ тогтчихсон энэ соёлыг бид тодорхой цаг хугацаанд хадгалж явах зайлшгүй шаардлагатай. Магадгүй одоо үед “Ийм шагналаар яадаг юм. Одон авах гэж хүүхэд төрүүлдэг хэн байх юм” гэсэн ойлголттой нэг хэсэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүүхэд төрүүлснийг маань төр засаг үнэлж байна гэдэг агуулгаар нь хүндэтгэлтэй ханддаг, үүнд нийгэм ач холбогдол өгдөг хэвээр байна. Тиймээс энэ хуулийг илүү сайжруулах, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх алхмууд зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн. Нөгөө талаас аливаа хууль тогтоомж хүний эрх, эрх тэгш байдлыг хангасан, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмаа барьж байх ёстой. 0-1 насандаа эндсэн хүүхдүүдийн эрхийн асуудал, 0-1 насанд нь үр хүүхдээ алдсан ээжийн сэтгэл зүйн асуудлыг харгалзан үзэх ёстой. 0-1 насандаа эндсэн хүүхдүүд айлын хэд дэх хүүхэд байсан талаар статистик бидэнд алга. Энэ хүүхдүүдийн нас барсан шалтгааныг нийтээр нь авч үзсэн судалгаа байгаа хэдий ч одонгийн хүүхэд нас барсан шалтгааныг статистикаар гаргаж чадахгүй байгаа юм. Нас барсан шалтгаан нь олон янз байна. Үүнийг зөвхөн ээжийн хариуцлагатай холбох нь зохимжгүй. Эмнэлгийн буруутай үйл ажиллагаа, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө, аваар осол уу, эсвэл ээж нь хариуцлагагүй хандаад үр хүүхдээ алдчихсан юм уу гэдгийг авч үзэх гэхээр үүнийг ялгаж салгаж чадахгүй байна. Хүүхэд төрүүлсэн боловчиг ой хүртэл нь өсгөж чадаагүй хариуцлагыг зөвхөн ээжид нь үүрүүлж буй нь туйлын буруу. Өөрийн эрүүл мэндээ золин байж зовлон үзэж төрүүлсэн үр хүүхдээ алдчихаад шаналалтай байгаа ээжүүдийг дахин гомдоож болохгүй л дээ. Тэр ээжүүдийн гомдлыг бид тайлах ёстой. Монгол ээж хүн, монгол эмэгтэй хүн төр засагтаа гомддог байж болохгүй биз дээ. Тиймээс хүн амын өсөлтөд нөлөө үзүүлсэн, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн одоо хэрэгжиж буй хуулийн эрх зүйн чадамжийг дээшлүүлье гэдэг байдлаар энэ хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан. Одоо хаврын чуулганд хэлэлцэх эсэхийг оруулж, ажлын хэсэг байгуулагдаад энэ зун хуулийн төсөл дээрээ ажиллаад намрын чуулганаар батлуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Дараагийн ажил бол гэр бүл, хүн амын өсөлтийг дэмжихийн тулд ялангуяа залуу гэр бүлд ямар асуудал тулгамдаж байгаад маш өргөн хүрээний судалгаа хийх ёстой. Өнөөдөр хүн ам яагаад өсөхгүй, төрөлт буураад, эмэгтэй хүн 2-3, эсвэл нэг юм уу хоёр хүүхэдтэй байхыг илүүд үзээд байгаад нийгэм, эдийн засгийн нөлөө хамгийн өндөр байна. Залуучуудаас хэдэн хүүхэдтэй байвал зүгээр вэ гэсэн судалгаа авахаар “Болж өгвөл гурав, дөрвөн хүүхэдтэй болчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байна” гэдэг. Яагаад болохгүй байна вэ гэхээр орон сууц, хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, яслийн чанар, хүртээмж зэргээр асуудал мундахгүй байна. 0-3 насанд нь хүүхдийг гэр бүлийнх нь хэн нэгэн заавал гэртээ харж суухаас өөр аргагүй. Үгүй бол хоёр ойтой болохынх нь алдад ах дүү, хамаатан саднаа гуйж хүүхдээ харуулдаг. Харамсалтай нь энэ насанд хүүхдийн өвчлөл хамгийн их байдаг. Нөгөө талаас хүүхэд өсгөх зардал, цэцэрлэг, сургуулийн төлбөр өндөр байна. Арван жилийн сургуулийн төлбөр их сургуулийн төлбөрөөс ч өндөр болчихсон. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ хүний дайтай, бусдаас дутахгүй амьдруулахыг хичээж эрдэм боловсролтой, бусдын зиндаанд зэрэгцэх хэмжээний боловсролтой болгочих юмсан гэж хичээж байгаа шүү дээ. Тиймээс өсгөж чадах, гаргаж чадах зардлынхаа хэмжээнд л хүүхэд төрүүлье гэсэн байдлаар төлөвлөлт хийж байна. Үүнд үзүүлэх дэмжлэг хууль эрх зүйн орчноор зохицуулагдахаас өөр аргагүй. Нийгмийн даатгалын ерөнхий хууль УИХ-аар хэлэлцэгдэхээр орж ирсэн боловч намар батлуулах гэж буй хуультайгаа хамтад нь хэлэлцье гээд буцаалаа. Татварын багц хуулийн асуудал яригдаж байна. Олон хүүхэдтэй гэр бүлийг дэмждэг байх тогтолцоо татварын бодлогоосоо эхлэх ёстой. Бүр олон хүүхэд гэж хэдэн хүүхдийг хэлэх юм бэ гэдгээс эхэлмээр байгаа юм. Одон олгож байгаагаараа дөрвөөс дээш хүүхэдтэй айлыг олон хүүхэдтэй гэх юм уу. Математикт бол хоёр ба түүнээс дээш тоог олон тоо гэж үздэг шүү дээ. Хүн ам зүйн онолын талаас авч үзвэл нэг хүүхэдтэй гэр бүлийг өөрсдийгөө ч нөхөж чадаагүй буюу хүн амын бууралтад нөлөө үзүүлж буй гэр бүлд тооцдог. Хоёр хүүхэдтэй гэр бүлийг зөвхөн эхнэр, нөхөр хоёр өөрсдийгөө л нөхлөө, хүн амын өсөлтийг тогтвортой байлгахад л хувь нэмрээ оруулж байна гэж үздэг. Харин гурван хүүхэд төрүүлбэл хүн амын өсөлтөд нөлөөлж байна гэж үздэг. Тэгэхээр дөрвөн хүүхэдтэй байхыг олон гэж үзэхгүйгээр гурван хүүхэд төрүүлсэн л бол дэмжлэг үзүүлж эхлэх хэрэгтэй. Гурав дахь, дөрөв дэх төрөлтийг дэмжих бодлого хамгийн чухал байна. Гэр бүл болсон хүмүүс эхний хүүхдээ төлөвлөөд төрүүлдэг бол амьдрал нь болж байна гэж үзээд хоёр дахь хүүхдээ төрүүлж байна. Харин гурав, дөрөв дэх хүүхдээ огт төлөвлөхгүй байна. Тиймээс энэ чиглэлд нь хууль эрх зүйн дэмжлэгүүдийг үзүүлж, татварын хөнгөлөлтөөс эхлэх ёстой гэж харж байна. Нөгөө талаар манай улсын орон сууцжуулах бодлого нь хүртэл олон хүүхэд төрүүлэх, олон хүүхэдтэй гэр бүл байхын эсрэг болчихоод буй нь харамсалтай. 80 м.кв-аас бага хэмжээтэй байр авбал ипотекийн зээл өгнө гэдэг. Гэтэл олон ам бүлтэй айл яаж 80 м.кв-аас дотогш амьдрах вэ дээ. Залуучуудыг дэмжих орон сууцны хөтөлбөрт хамрагдъя гэхээр 26 м.кв, 28 м.кв, 30 м.кв гэх зэргээр хэмжээ заачихдаг. Таван ханатай гэр гэхэд л 25 м.кв шүү дээ. Орчин цагт ийм зай талбайд залуучуудыг хуучин шигээ тав зургуулаа амьдар гэж шахаж болохгүй биз дээ. Орон сууцныхаа төлөвлөлтийг хийхээс эхлээд л хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгтэй байна. Энэ нь зөвхөн нэг яамны бус салбар дундын бодлого байх учиртай. Магадгүй үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд энэ асуудлыг авч үзэж, бүхий л хууль тогтоомж, эрх зүйн акт, төр засгаас гаргаж буй ард иргэд рүү чиглэсэн бодлого, шийдвэртээ хүн амын өсөлтийг дэмжсэн суурь бодлогоо барь гэсэн үндсэн чиглэл, үүрэг даалгавар өгч байж хэрэгжихээр болчихоод байна. Өнөөдөр гэхэд л энэ асуудлыг хариуцсан тусгай яам, агентлаг гэж алга. ГБХНХЯ-нд хүн амын асуудлыг ярьж эхлээд зарим нэг газар хэлтсийнхээ нэрэнд хүн ам гэдгийг оруулах тухай асуудал яригдаад байх шиг байна. Гэхдээ нэр зүүснээрээ биш, түүн дотор энэ асуудлын чиг үүрэг, бодлогыг хариуцах бүтэц байна уу, үгүй юу гэдэг л чухал.
-Та шинэ бүрэлдсэн 126 гишүүнтэй парламентад буй мэргэжлийн эдийн засагч цөөхөн гишүүний нэг. Энэ цаг үед төсвийн тодотгол яригдаж байна. Та төсвийн тодотгол дээр ямар байр суурьтай байна. Тодотголд юуг анхаарч оруулах ёстой гэж үзэж байна вэ?
-Миний ахалж буй ажлын хэсгүүдийн нөгөө талд нь хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал зайлшгүй яригдаж байгаа. Тиймээс үүнтэй уяад ярих нь зөв болов уу гэж бодож байна. Нийгэм, хүндээ мөнгө зарцуулъя, нийгмийн халамж хамгааллынх нь асуудлуудыг авч үзье гэхээр тэр мөнгийг хаанаас олох юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой гэдэг зүйл яригдана. Тиймээс олж буй орлогоо нэмэгдүүлэх ёстой болж хувирч байгаа юм. Эхлээд эдийн засгаа өсгөчихөөд дараа нь хүн амаа бодъё гэж бодож болдоггүй юм байна. Улс орны хөгжлийн бодлого хүнд суурилсан байх ёстой. Сая УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний хэрэгжүүлэх хамгийн том мега төсөл бол хүний хөгжлийн мега төсөл байх болно” гэж хэлсэн. Энэ агуулгын хүрээнд хүнээ хөгжүүлэхийн тулд мега төслүүдийг хийгээд байгаа юм. Хүнээ сайхан амьдруулахын тулд л эдийн засгийн өсөлтийг хангах гээд байгаа хэрэг. Тэгэхээр энэ хоёр бодлого зэрэгцэж явах ёстой. Нөгөө талдаа эдийн засгийн өсөлтөө хангахын тулд бид уул уурхайд, ялангуяа хоёрхон нэр төрлийн бүтээгдэхүүнд суурилсан эдийн засгаа солонгоруулах, тэлэхээс л эхлэх ёстой. Өнөөдөр нүүрсэнд суурилсан эдийн засагтай оронд нүүрсний үнэ савлахад эдийн засаг нь яаж унаж байна. Монгол Улс эдийн засгаа дотроо төлөвлөх боломж байхгүй. Манай улс гадны хүчин зүйлээс хамааралтай, хэт мэдрэг эдийн засагтай. Тэгэхээр бид бодлого төлөвлөлтийнхөө хүрээнд юу хийх талаараа урьдчилан төлөвлөх эрхгүй болчихсон явж байна. Яагаад гэвэл гадаад нөхцөл байдлаас шууд хамааралтай. Гэтэл гадна талдаа геополитикийн асуудалтай, бараг дайн үүсэх хэмжээнд очлоо. Өмнө нь Орос-Украины асуудал яригдаж байсан бол АНУ, Иран, Израилийн асуудал хүртэл хөндөгдөөд эхэллээ. Газрын тосны үнэ цаашдаа яаж өөрчлөгдөх нь ч бүрхэг байна. Эдгээр нь бидэнд ирээдүйд маш том сорилт, эрсдэл дагуулах нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Энэ цаг үед бид төсвийн хэмнэлт хийхээс өөр аргагүй. Гэхдээ хэмнэлтийн бодлогыг иргэдийн цалингаас эхлээсэй гэж бодохгүй байна. 14400 төрийн албан хаагчийг цомхотгоно гэж гэнэт тоо яриад эхэлсэн. УИХ-ын гишүүд өнөөдөр л төсвийн тодотголын төслийг и-мэйлээр хүлээж авч байна. Би хараахан танилцаж амжаагүй явна. Сайд нарын мэдээлж буй мэдээллээс харахаар хөрөнгө оруулалтын зардлыг 500-гаад тэрбумаар, урсгал зардлыг 1.8 их наядаар бууруулж байгаа юм байна. Ингээд 2.3 их наядын тодотгол хийх асуудал яригдаж буй. Хөрөнгө оруулалтын тухайд төрийн хэмнэлтийн горимоороо зургадугаар сарын нэгний дотор жинхлээгүй хөрөнгө оруулалтыг хасчихсан. Үүнд эрүүл мэндийн салбарын гол гол тоног төхөөрөмжүүд, хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай байсан 60-70 тэрбум төгрөг ч багтсан. Хийж чадаагүй нь тэнд ажил хариуцаж байсан хүмүүсийн хариуцлагын л асуудал шүү дээ. Түүнээс болж иргэдийг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гэсэн иргэдийг хохироож болохгүй. Үүнийг хасах дээр би эсрэг саналтай байна. Харин тэр ажлыг цагт нь хийж чадаагүй хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй. 14400 төрийн албан хаагчийг цомхотгоно гээд байгаа. Энэ бол шууд хасаад цомхотгочих асуудал биш л дээ. Манай дарга, сайд нар чуулганы индрээс “Квот тогтоогоогүй ээ” л гэж хэлж байгаа юм. Бодит амьдрал дээр орон нутагт нийгмийн хамгаалал, хүүхэд хөгжил, соёл гэх мэтчилэн салбар бүрд ажиллаж байгаа хэдэн хүнийг цомхотгох талаар квот ирсэн гэсэн зүйл яригдаж байгаа. Цомхотголд эрүүл мэнд, боловсролын салбар ороогүй. Эхний ээлжинд тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд хүн нэмж авахгүй байхаар, жирэмсний амралтаа авсан хүний орон тоонд хүн авахгүй байхаар ажил үүргийн хуваарийг нь зохицуулах хэрэгтэй. Иймэрхүү зохицуулалтыг хийхгүйгээр “Дарга нар хасаж байгаа. Дарга нарыг мэргэжилтэн болгож байгаа. Хохироогүй” гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл энэ нь бодитой харагдахгүй байна. Яаман дээр бүтцээ шинэчилж нягтруулж байгаа нь зүйн хэрэг. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яам 10 хэлтэстэй байж байгаад 28 газар, хэлтэстэй болчихсон байсан. Ийм асуудлыг цэгцлэх нь зөв. Сүүлд нэмсэн шаардлагагүй орон тоог хасах хэрэгтэй. Хяналтын менежер, бүтээмжийн менежер гээд гурван менежер байгаа. Намуудаас нийт 100 гаруй хүний талаар яриад байх шиг байсан. Аль намаас хэн томилогдох нь чухал биш. Зарчмын хувьд энэ бол буруу. Хэрэв цомхотгол хийх гээд байгаа юм бол буруу зарчим гаргасан бүтээмжийн хийгээд хяналтын менежерүүдээсээ л эхлэх хэрэгтэй. Тэр 112 хүнээсээ л эхэл л дээ.
–Тэгэхээр таны хувьд сүүлд шинээр бий болгосон ажлын байрнуудаасаа л цомхотголоо эхлэх нь зөв гэж үзэж байгаа юм уу?
-Тийм. Дээрээс нь улстөржиж гаргасан шийдвэрээсээ эхлэх ёстой. Энэ улс төрийн шийдвэр л байсан шүү дээ. Бид компанийн засаглалаа ойлгодог байж ярих хэрэгтэй. Менежерүүдээ төрийн өмчит компаниудад ажиллуулчихсан. Тэгчихээд “Төсвийн тодотголд төрийн өмчит компаниуд хамаагүй ээ” гэж яриад сууж болохгүй л дээ. Төрийн өмчит компаниудаас улсын төсөвт ногдол ашиг, татвар авч байгаа. Магадгүй энэ 112 хүний цалин, гаргаж буй зардал нь тэрэнд нөлөө бага байж болно. Гэхдээ нэг төгрөг байна уу, сая төгрөг байна уу гэдгээс үл хамаарч зарчмаа зөв болгохоос л эхлэх хэрэгтэй. Тэгэхээр менежерүүдийн тухайд компаний засаглалтайгаа нийцэхгүй л байгаа хэрэг. Яах гэж компанид ерөнхий захирал, гүйцэтгэх удирдлага байдаг юм. Тэд компанийг үр ашигтай, бүтээмжтэй ажиллуулах үүрэг хүлээсэн хүмүүс. Хэрэв тухайн компани үр ашигтай ажиллаж чадахгүй байгаа бол бүтээмжийн менежер тавихаас илүү захирлаа соль, захиралтай нь хариуцлага тооц л доо. Хяналтын менежерийн тухайд компани болгонд гүйцэтгэх удирдлагынхаа шууд харьяанд байдаг дотоод хяналтын нэгж байдаг. Яах гэж бүхэл бүтэн нэгж байдаг юм. Тэр нэгж нь байсаар байхад нэг хүн очоод хяналт хийх үү. Энэ бол худлаа. Тиймээс зарчмын асуудлаа авч үзэж, сүүлд улс төрийн зорилгоор томилсон албан тушаалтнуудаасаа цомхотголоо эхлэх хэрэгтэй. Түүнээс биш мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүмүүст ингэж хандаж хэрхэвч болохгүй. Нөгөө талдаа төсвийн хэмнэлт дээр төсвийн урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалт дээр өмнөх жилүүдээс үнэ нь өсөөд ороод ирсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг авч үзэх ёстой гэдэгт би хатуу байр суурьтай байдаг. Зарим нэг компаниудыг өмөөрсөн нөхдүүд гарч ирж байгаа. Тэд “Төрийн буруу байхад төсвийг нь 10 жилд хуваагаад тавьчихлаа шүү дээ” гэдэг зүйлийг ярьж байна. Төсөв хуваагаад тавих нь нэг хэрэг ээ. Тэрийг бид арилгах нь зөв. Тэр саналыг би дэмжинэ. Богино хугацаанд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг гаргаж нэн шаардлагатай эрэмбэлсэн ажлуудаасаа эхлээд хоёр жилийн дотор дуусгахаар төсвүүдийн хуваарийг тавьж өгөх нь зөв. Энэ жил тавьлаа, ирэх жил дуусга гэдэг байдлаар шахаад, тэр хэмжээний төсвийг нь тавьж өгөөд цөөхөн ажлуудыг богино хугацаанд хийж дуусгаад дараагийнх руу нь ордог байх нь зүйтэй. Баахан юм эхлүүлчихээд хаячихдаг. Магадгүй зураг төсөв нь тавигдаж байгаа ажлуудын зураг төслийнх нь мөнгийг эхлээд тавиад өгөх хэрэгтэй. Харин гүйцэтгэлийг нь хоёр жилдээ багтаагаад дуусгах хэрэгтэй. Хоёр, гурван жилийн хугацаатай гэрээ хийчихээд 10 жил болсон газруудыг л яриад байна. Орон нутгаар явахаар энд тэндгүй балгас болчихсон, эзэн холбогдогч нь тодорхойгүй маш олон бүтээн байгуулалтын ажил байдаг. Араас нь хөөцөлдөөч гэхээр “Энэ намын үед эхэлсэн юм. Тэр намынхан учрыг нь олох юм байгаа биз” гээд нөгөө орон нутгийн удирдлагууд нь хөөцөлдөхөө байгаад улс төржөөд хаячихсан.
-Нэг нам эхлүүлсэн ажлаа дараа дахиж гарч ирэхээрээ заавал давтаж хийдэг юм шиг ойлголттой болчихоод байгаа?
-Тэр үнэн. Орон нутагт, ялангуяа сумдад энэ байдал маш их ажиглагдаж байна. Бараг энэ намын эхлүүлсэн ажлыг манай нам хийчихээр тэдний ажлыг хийсэн болчих гээд байна гэдэг агуулгаар ханддаг болсон бүтээн байгуулалтын ажлууд маш их байна. Өдөр хоног өнгөрөх тусам суурь бүтэц, хийцдээ нөлөөлөөд дахиж ашиглагдах боломжгүй болж хэдэн тэрбумын хөрөнгө царцаж байна шүү дээ. Би ийм л зүйлийг цэгцлээч ээ гэж хүсээд байгаа юм. Цэглэх гэхээр компаниуд нь төсвийн өөрчлөлт, тодотгол, нэмэгдлийг хөөцөлдөөд гүйгээд байдаг, магадлал хийлгээд яваад байдаг. Магадлал хийж буй Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний төв, Автотээврийн үндэсний төвүүд гэсэн гурван төвд шүүмжлэлтэй хандаж байгаа. Замын, эрчим хүчний, барилгын ажлууд дээр магадлал хийгээд төсвийг нь нэмээд байдаг. Үүн дээр тодорхой бодит жишээ намайг ажиллаж байхад Эрдэнэт үйлдвэрт гарч байсан. Компаниудаас санал орж ирээд төсөвт өртгийн нэмэгдэл 19 ажил дээр 184 тэрбум төгрөгөөр өсөхөөр орж ирсэн. Нэгэнт Барилгын хөгжлийн төвөөр магадлачихсан ажлууд учраас Барилгын тухай хуулиараа эцсийн үнэ гэж үзээд төсөв тавьж өгөхөөс өөр арга байхгүй. Тэр үед би яг энэ үндэслэлээр төсөв тавьж байсан. Өнөөдөр Сангийн сайд бас л ийм юм яриад байгаа. Магадлачихсан юм чинь төсөв тавихаас өөр яах билээ. Би төсөв батлуулж л явсан. Яг доторх материалыг нь үзэхээр үнэхээр шаардлага хангахгүй, ийм мөнгө өгчихөж боломгүй санагддаг. Ингээд хөндлөнгийн аудитын байгууллагаар хяналт хийлгүүлэхэд 105 тэрбум төгрөг хэмнэсэн байсан.
-184 тэрбумаас 105 тэрбумыг хэмнэсэн гэж үү?
-Тийм. Тэгээд 79 тэрбумаар нэмэлтийн гэрээнүүд байгуулсан. Зарим нь шүүх дээр очсон, зарим нь арбиторат өгсөн. Энэ ажлын хэсэг бүтэн 10 сарын хугацаанд ажиллаад, бүх компанитай “Энэ үнээр л чадна үүнээс илүү үнээр чадахгүй ээ” гээд хэлцэл хийсэн. Үүнд хамгийн гол нь хэлцэл хийх л асуудал байгаа юм. Магадгүй тэр үед хуулиар эрх олгогдоогүй зүйл дээр ч хэлцэл хийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэмнэлт гаргасан. Эрх олгогддогүй зүйл дээр ажилласан байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч төсвийг үр ашигтай, хэмнэлтэй зарцуулах үүрэгтэй. Тэр хүрээндээ хэмнэлтээ хийж ажиллаж байсан. Ийм хэмжээний өсөлт байдгийг би мэдэж байгаа учраас өнгөрсөн оны төсөв батлах үед би хоёр цэцэрлэг дээр жишээ авч хэлж байсан шүү дээ. “Нэг нь 24 хувиар нэмэгдэж байхад нөгөө нь хоёр гурав дахин нэмэгдэж байдаг. Ийм зүйл байж болдог юм уу. Хоёрхон жилийн дотор инфляци, үнийн өсөлт нөлөөлөөгүй байхад төсөвт өртөг нь 90 тэрбумаас 150 тэрбум болж өсдөг зүйл байдаг юм уу. Үүнийг дэмжээд, төсөвт суулгаад яваад байдаг нь ямар учиртай юм” гэж хэлж байсан. Эндээс бид маш том хэмнэлтүүдийг хийх ёстой. Үндэсний аудитын газрын чиг үүрэгт байхгүй хэрнээ УИХ-ын тогтоол гаргаж өгөөд Үндэсний аудитын газрыг ийш оруулаад байгаа. Шаардлагатай бол бид олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагуудаар төсөвт өртгийг хэмнэж буй мөнгөний нэг хүрэхгүй хувиар зардлыг нь гаргаад, аудитын шалгалт оруулж болно. Шаардлагатай бол УИХ үүнд ажлын хэсэг гаргаад ажиллах хэрэгтэй. Нөгөө талдаа эзэн холбогдогчгүй, дуусаагүй байгаа барилгуудыг явж шалгаад эзэн хобогдогчийг нь тогтоож, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагууд нь үүрэг даалгаврыг нь өгч цэгцлэх цаг нь болсон. Засгийн газар энэ асуудалд хяналт тавьж байхгүй бол төсвийн хөрөнгө үнэ цэнэгүй болоод байна. Үүнд л би нэлээн акцент өгч байгаа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ





“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам...
7 цагийн дараа
Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрлээ. Таны х...
7 цагийн дараа
Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна
“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.06.30/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 150.000-200.000 төгрөг Хонь- 200.000-300.00...
6 цагийн дараа
Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус маргаашнаас эхэлж 07:00 цагт хөдөлдөг болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:1...
6 цагийн дараа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 01-ний өдөр Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо ор...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд