мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Админ
2025 оны 4 сарын 25

29

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орны эдийн засаг, иргэд, аж ахуйн нэгжүүдэд томоохон хувь нэмэр оруулах чухал төслийг гардан хэрэгжүүлэгч инженер, техникийн ажилтнуудад ажлын амжилт хүсэв.
Хаврын бүтээн байгуулалтууд төлөвлөгөөний дагуу идэвхжиж, Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэх томоохон төсөл, бүтээн байгуулалтууд үе шаттай эхэлж байгаагийн нэг нь энэхүү түүхэн бүтээн байгуулалт гэдгийг Ерөнхий сайд онцлов. Нийслэл Улаанбаатар хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Хүннү хотыг шинээр байгуулах эхлэл болж буйгаараа уг төсөл онцгой ач холбогдолтой төдийгүй орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа, тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, Улаанбаатар хотын ачаа тээврийн үндсэн зангилааг Богд уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийн нэг болж байгааг тэмдэглэв.
УИХ-аар 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хөгжлийн дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2025 оны 21, 86 дугаар тогтоолын дагуу төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн томоохон зангилаа логистик төвийг байгуулж, дамжин өнгөрүүлэх болон экспорт, импортын ачаа эргэлтийг хангах зорилгоор Багахангай өртөөний 3-р замаас салаалж, Төв аймгийн Сэргэлэн сум дахь Хөшигийн хөндий чиглэлийн 3-р зэрэглэлийн салбар төмөр замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж байна.
Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү бүтээн байгуулалт юм. Төмөр зам нийт 102,5 километр урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2,5 километр урт гүүрэн байгууламжтай, манай улсад баригдаж буй анхны салбар төмөр зам юм.
Төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах болон ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцна. Бүтээн байгуулалтыг ирэх аравдугаар сард дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөснийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав.
Төмөр замын бүтээн байгуулалтыг “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх бөгөөд нийт 294.8 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлнэ.
Бүтээн байгуулалтын үед 3000 орчим түр, 420 байнгын ажлын байр бий болно. Дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй ажилтан, 1,500 орчим техник, машин, механизм ажиллана.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлэхээс гадна Хөшигийн хөндийд баригдах “Тээвэр логистикийн төв”, Хүннү хотыг барьж байгуулах суурь нөхцөл, тээврийн дэд бүтцийн боломж бүрдэнэ.
Төсөл хэрэгжсэнээр жилд өссөн дүнгээр 3.5 – 20 сая тонн ачааг Улаанбаатар хотод оруулахгүй, шинээр баригдах “Тээвэр логистикийн төв” рүү тээвэрлэнэ гэж төлөвлөж байна. Ингэснээр Нийслэлийн төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 21-120 минутаар багасгаж, автозамын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө.
Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь зөвхөн тээврийн төслийн хүрээнд биш, Улаанбаатар хотыг тэлэх бодлоготой шууд уялдаатай, иргэд дагуул хотуудад шилжин суурьших, ажиллаж амьдрах, бизнес эрхлэх шинэ төв болгож хөгжүүлэхэд дэд бүтцийн гол хөшүүрэг болно гэж үзэж байна.





Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Баянхошуу хо...
4 цагийн дараа
“ТҮЦ эрхлэгчдийн эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг хуулийн байгууллагуудаар тогтоолгоно” гэв
Иргэдийн шударга шүүх ТББ, Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ТҮЦ эрхлэгч...
3 цагийн дараа
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олим...
3 цагийн дараа
Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн есөн дүүргийн 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагт з...
2 цагийн дараа
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ер...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд