Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Ж.Батсуурь: АН Засгийн газарт орсон ч баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 4 сарын 30

img

20

news-img

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Хот байгуулалтаас хоёулаа яриагаа эхэлье. Гуч гаруй жилийн өмнө бид ардчилсан тогтолцоонд шилжин орсон. Үүнээс хойших Монгол Улсын хөгжил, тэр дундаа хот байгуулалтын асуудал яригдах болсон болов уу гэж бодож байна…?

-Монгол Улсыг хот байгуулалтаар нь хувааж үзвэл хоёр өөр ойлголт гарч ирнэ. Тухайлбал, хүн амынх нь талаас илүү хувь нь нэг дор төвлөрсөн Монгол Улс. Харин тал хувь нь тарж суурьшсан Монгол Улс гэж хоёр хувааж ойлгохоор болж. Нөгөөтэйгүүр хэт төвлөрөл нь хөрсний бохирдол, агаарын бохирдол, түгжрэлийг бий болгож байна. Яагаад төвлөрөл бий болчихов. Анхнаасаа зөв төлөвлөж болоогүй юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж төлөвлөж байсан байх. Гэхдээ анх хот төлөвлөт хийгдэх үед нийгмийн тогтолцоо маань өнөөдрийнхөөс тэс өөр байлаа. Өөрөөр хэлбэл, хувийн өмч гэдэг ойлголт байгаагүйгээс болоод төлөвлөт хийгдсэн нь өнөөдрийн асуудлыг бий болгосон гэж ойлгож болно. Өнөөдөр орц болгонд тэнд амьдарч байгаа өрх бүхэнд 2-4 автомашин байна. Энэ утгаараа ганцхан автомашинаар орц, гарцаа төлөвлөсөн хотод асуудал үүсэх нь тодорхой. Нөгөө талдаа шилжилтийн үед өнөөдрийн асуудал үүснэ гэдэг ойлголт хэнд ч байсангүй, хэн ч санасангүй. Ингээд өмчгүй үеийн нарийн зам дээр 3-4 дахин хүн ам нь өссөн, дагаад хөрөнгө нь өсөхөөр асуудал үүсч байгаа юм. Нэмээд дөрвөн уулын дунд Улаанбаатар хотыг төлөвлөж байгуулсан гэхээр анхнаасаа хот байгуулалтын бодлого буруу явсан гэсэн үг.

-Нэгэнт ийм нөхцөл байдал руу орчихсон Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудлыг цаашид яаж шийдэх вэ. Хүн ам цөөрнө гэж байхгүй. Улам л нэмэгдэнэ шүү дээ…?

-Шийдэл нь дагуул хотууд байгуулах. Мөн бусад томоохон аймаг, хотуудад Улаанбаатарын алдааг гаргахгүй байх ёстой. Тэр бүү хэл сумын төв хамаагүй гэдэг байдлаар дур дураараа газар олгохгүй байх шаардлагатай. Учир нь хэдхэн жилийн дараа сум нь аймаг шиг, аймаг нь хот шиг өргөжөөд ирнэ. Тиймээс бид энэ алдааг огт давтаж болохгүй.

-Хамтарсан Засгийн газарт АН-аас томилогдсон хэдэн сайд нар л ажил хийж байна гэж харагдахаар. Хийж байгаа учраас л шүүмжлүүлж байгаа байх, тийм үү?

-Магадгүй. Хамтарсан Засгийн газар ажлаа хийж байгаа. Манай салбарын хувьд хот байгуулалт, барилга, орон сууцын салбарт олон жил явж ирсэн завхрал буюу салбарын уналт зогссон. Одоо яаж хурдан засаж залруулах вэ. Яаж чөлөөт нийгмийн эдийн засаг дээр суурилсан, хувийн өмч дээр суурилсан, хүний эрхийг дээдэлсэн аз жаргалтай хотыг байгуулах вэ. Ядаж л түгжрэлгүй байх ёстой. Жишээ нь, дагуул хотод энэ алдсан алдааг хэзээ ч хийж болохгүй.

-Хэт төвлөрөл нэмэгдэх тусам хүний эрхийн зөрчил тэр чинээгээрээ өсдөг. Үндсэн хуулиар олгогдсон хүн аюулгүй, эрүүл орчинд амьдарна гэдэг заалт хором бүр зөрчигдөж байна. Юуны түрүүнд хүний эрхийн зөрчлийг багасгахын тулд ямар бодлого барьж ажиллах юм бэ?

-Тийм. Ерөөсөө эхэлж хүнээ хөгжүүлэх ёстой. Хүний хөгжил ярихын тулд амьдрах орчин буюу орон байрын асуудлыг нь ярих шаардлагатай болно. Ядаж бид нийтийн жорлонгоосоо салах ёстой биз дээ. Тухтай орон байранд, утаагүй орчинд амьдрах эрхийг нь хангах хэрэгтэй. Үнэхээр төдийгөөс өдийг хүртэл бид хот төлөвлөлтийн асуудлыг орхисон байна. Хаана ямар зай байна байшин, барилга барьдаг байж, тийм үү. Харин одоо ядаж л хотын төвд шинэ барилга, байшин баригдаж эхлэхгүй байх ёстой. Газар байхгүйдээ хотын төв рүү чихэлдээд байгаа юм байхгүй шүү дээ. Тиймээс бид Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Баянзүрх гэх мэт дэд төвүүдийг барьж байна. Сэлбэ дэд төвийг барья. Ерөөсөө тэнд 20 минутад эмнэлгийнхээ үйлчилгээг авчихдаг, цагдаагийнхаа үйлчилгээг авчихдаг байлгая. Хүүхэд нь хотын баруун захаас зүүн тийш сургуульд явдаг, хотын урдаас хойшоо цэцэрлэгт явдаг байдлыг зогсооё. Ингэхийн тулд Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг барих хэрэгтэй. Ингэснээр түгжрэлгүй болно. Дэд төвүүдээ эхлүүлэхтэй зэрэгцээд тойрог замуудыг барих ёстой. Ийм тодорхой бодитой бодлогуудыг явуулж байж өнөөдрийн асуудал шийдэгдэхээс биш хэлбэр төдий өөрчлөлтүүд хийгээд асуудалгүй болно гэвэл худлаа.

-Ипотекийн зээлийн асуудлыг та тодорхой бодлогоор шийдэхээ зарласан. Уг асуудалд салбарын сайдын хувьд барьж байгаа бодлого тань юу юм бэ?

-Хүнээ хөгжүүлье гэвэл эхлээд амьдрах аятай тухтай орчин, орон байрын асуудлыг нь шийдэх хэрэгтэй гэж би түрүүн хэлсэн. Жишээ нь, ипотекийн зээл бол бүх хүнийг орон сууцжуулдаг зээл огт биш. Анх удаа орон сууцанд орох гэж байгаа өрхөд зориулагдсан зээл. Ингэхдээ тухайн өрхийн орлогод нь нийцсэн байх шаардлагатай. Түүнээс биш 80 м.квадрат байртай өрхийг 160 м.квт болгох, эсвэл 160-ыг 200 болгох гэж байгаа хөтөлбөр биш. Шинээр гэр бүл болж байгаа болон ЖДҮ эрхэлж байгаа хүмүүс эхнийхээ 50-60 м.квадрат байртай болох асуудал. Улмаар өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр энэхүү зээлээ дарамт багатайгаар төлж дуусгах ийм чиглэл рүү оруулах ёстой юм. Түүнээс биш 100 м.квадраттай хүн ипотекийн зээл дахиж авч яах юм. Ийм хүн дахиж байр авах гээд энэхүү зээлийг хөөцөлдөж, бүр авч байна гэхээр нөгөө чиний юм уу миний боломжийг булааж авч байна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг салбарын сайдын хувьд хатуу бөгөөд оновчтой зөв бодлогоор шийдэж ажиллаж байна. Нөгөөтэйгүүр уг зээлийг хотын төвд байр худалдан авах хүмүүст олгохгүй. Орон нутагт буюу аймагт, сумдад орон сууц худалдан авах хүмүүст олгох бодлого барьж байгаа. Ингэвэл Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас наашаа шилжих сонирхол байхгүй болно. Тухайн хүн орон нутагтаа өөрийн эрхэлж байсан бизнесээ хийгээд, ах дүү, аав ээжтэйгээ аятай тухтай амьдрах боломж нь бүрдэнэ. Товчхондоо Улаанбаатарт ямар боломж байна, орон нутагт тэр бүх боломж нь нээгдэнэ гэсэн үг. Ийм л болгох юм бол хотын төвлөрөл аажмаар цэгцэрнэ. Нийслэлчүүд утаанаасаа сална. Ингэснээр хүний эрхийн зөрчил буурч, Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхээ бодитой эдэлнэ гэсэн үг.

-Орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг төрийн бодлогоор дэмжиж байгаа. Нөгөө талдаа орон нутгаас нийслэлд амьдрах сонирхолтой хүмүүст энэхүү бодлого ялгаатай үйлчилж байна гэдэг зүйлийг ярих болсон…?

-Монгол Улс бол өргөн уудам газар нутагтай. Нэг хүнд нь хуваагаад үзвэл дэлхийд тэргүүлнэ. Харин Улаанбаатар хотын хувьд энэ байдал эсрэгээрээ. Улаанбаатар хот нягтрал ихтэй дэлхийн том хотуудтай адилхан байна. Том хотуудын асуудал манайд ч яг адилхан. Манайх бүр илүү ч байна. Үүнийг шийдэх хэрэгтэй. Гэхдээ шийдэл нь захиргааны арга байж болохгүй.

Өөрөөр хэлбэл чи тийшээ яв, та тэндээс шилжиж болохгүй гэж захиргааны аргаар тогтоож огт болохгүй. Тэгэхээр бид иргэдэд сонголтыг нь олгох хэрэгтэй. Жишээ нь, суманд сайн багш хэрэгтэй байж болно. Аймагт сайн инженер, Сангийн аж ахуйд сайн зоотехникч хэрэгтэй гэвэл иргэдийн сонголтыг орон нутаг руу чиглүүлэх бодлогыг л төр явуулах учиртай. Энэ сонголтыг гаргаж өгөхийн тулд эдийн засгийн хөшүүрэг ашиглах ёстой юм. Өөрөөр хэлбэл, орон нутагт ипотекийн зээл хотоос илүү хурдан олддог байх гэх мэт.

-Хамтарсан Засгийн газар гал авсан асуудлаа АН-ын сайд нараар хийлгэж байна гэх шүүмжлэл явж байна. Нэг талдаа асуудлыг шийдүүлж байгаа мэт боловч нөгөө талдаа уснаас хуурай гарах гэсэн эрх баригч намын улс төрийн бодлого юм биш үү?

-Бүх л юм хоёр талтай. Нийгэм өөрөө загасны санах ойтой гэж ярьдаг, тийм үү. Энэ утгаараа өмнөх есөн удаагийн сонгуулийн үр дүнг ерөөсөө ярьдаггүй. Сая л хамтарчихсан юм шиг л ярьж байна. 1992 онд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар хамтарч байсан. Дараа нь С.Баярын Засгийн газар хамтарсан. Мөн Сү.Батболдын Засгийн газар хамтарч, сүүлд нь Н.Алтанхуягийн Засгийн газар хамтарсан. Энэ хамтралуудад өнөөдөр шиг асуудлыг цочир хүлээн авч ярьж байгаагүй биз дээ. Нөгөөтэйгүүр энэ хамтралууд яагаад тухайн үедээ тогтвортой байж чадаагүй юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь маш ойлгомжтой. Тэд зорилгоо тодорхойлоогүй л байсан. Яах гэж хамтарч байгаагаа, хамтарчихаад юуг шийдэх вэ гэдгээ тодорхойлж чадаагүй учраас улстөржилт нь дийлж салж байсан. Харин энэ удаагийн хамтрал бол өмнөхөөс өөр. Нийгэмд, улс орны хөгжилд тулгамдсан олон асуудал байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Харин тэрхүү мөнгийг хаанаас олох вэ. Өмнөх есөн удаагийн сонгуулийн үр дүнд гарч ирсэн эрх баригчид мөнгө олох буюу эдийн засгаа тэлэх, өсгөх бодлогод нь бие биедээ дэгээ тавьж ирсэн нь үнэн. Жишээ нь, Эрдэнэбүрэнг хөдөлгөе гэхээр нэг нь гацаадаг. Гучин жилийн маргаан болсон Тавантолгойг явуулъя гэхээр нэг нь гацаадаг. Тавдугаар цахилгаан станцыг бас нэг нь гацаадаг. Гашуунсухайтыг мөн нэг нь гацаадаг. Ингэж явсан учраас мөнгө олох боломжоо боомилж ирсэн. Тиймээс энэхүү хамтрал мөнгө олдог крантуудаа нээе гэж байгаа юм. Нээх боломжийг нь гацаадаггүй байя гэж байна. Энэ утгаараа гучин жил маргаад байсан Орона явсан уу, явсан. Хорин жил маргасан Эрдэнэбүрэн хөдөлсөн үү, хөдөлсөн. Хэзээ ч бүтэхгүй, болохгүй гэж ярьж байсан Гашуунсухайт явж байна. Гашуунсухайт нь явчихаар Шивээ хүрэн, Ханги, Бичигт явна. Ингээд нэг сувгаар гарч ордог эдийн засаг тав, цаашлаад бүр 10 сувгаар зэрэг гарч орохоор Монгол Улсын эдийн засаг тэлнэ биз дээ. Эдийн засаг тэлснээр буюу мөнгөтэй болсноор нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх боломж нь бий болно. Түгжрэл, утаа, орон сууцжуулалт, иргэдийн цалин хөлс, амьжиргаа, эрүүл мэнд, боловсрол гээд бүгд шийдэгдэнэ. Ийм л асуудал байгаа юм.

-Хамтарсан нь олз болжээ гэж та хэлж байна уу?

-Ер нь хэзээ байхдаа орон нутагт ипотек өгнө гэж байсан юм. Хэзээ байхдаа сумдад орон сууц барина гэж байсан юм. Хэзээ байхдаа хотын төвд ипотек өгөхгүй гэж байсан юм. Хэзээ байхдаа дэд төвүүдийг барья гэж байсан юм. Барилгын зөвшөөрөл 200 гаруй хоногт авдаг барилгачид өнөөдөр 7-10 хоногийн дотор сайдын гарын үсэггүйгээр шууд онлайнаар болон цахим машинаас зөвшөөрлөө авдаг болгож байна. Цаашилбал, Хархорин хотыг бий болгоё гэж байна. 21 аймаг, хотод Улаанбаатарын, Дарханы, Эрдэнэтийн алдааг давтмааргүй байна. Дахиад цаана нь байгаа сумдад аймагт гарсан алдааг давтмааргүй байна. Нөгөөтэйгүүр ардчилсан нийгмийн нэг давуу тал гэх үү, эсвэл дутагдалтай тал гэх үү, мэдэхгүй. Дандаа болохгүй, бүтэхгүй зүйлийг нь ярьдаг, шүүмжилдэг. Ингэж ярьж байгаагийн буруу бас биш. Нөгөө талаа шүүмжилснээрээ, болохгүй, бүтэхгүй байна гэж ярьснаараа бид асуудлыг зөв шийдэж явна. Харин дэглэмтэй, эсвэл нэг хүний гарт орчихсон оронд дандаа болж байгааг ярьдаг. Гэхдээ төгс юм гэж байхгүй. Хүн ч өөрөө төгс биш. Дэлхий дээр төгс юм байхгүй. Дэлхий ертөнц өөрөө л төгс байх. Нөгөөтэйгүүр хамтраагүй байя гэж үзье. Тэгвэл өнөөдөр Орона хийгдээгүй л байгаа. Нөгөө найман хөлтэй тугалаа ярьсаар л байна. Эрдэнэбүрэн, Гашуунсухайт эхлээгүй өргөн нарийн цариг гээд маргалдсаар л байна. Гашуунсухайт эхлээгүй байхад бусад нь эхлэхгүй. Ингээд амьдрал бахь байдгаараа л байна, шүү дээ. Магадгүй улс байна жилдээ нэг хэдэн төгрөг орно. Тэрийгээ тойрогт тавина, цалин тавина, тэгээд гишүүд зодолдоно. Арай бяртай нь орон нутагтаа, гарч ирсэн тойрогтоо алд зам тавиулна. Ингээд явж ирсэн нөгөө замаараа л гэлдэрнэ. Гэхдээ миний хувьд Засгийн газарт орчихоод хамтарсан нь хамгийн зөв гэж үзээд байгаа хэрэг огт биш. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн эдгээр асуудлуудыг шийдэх л байсан, хийх л байсан.

-Саяхан танай нам намын их хурлаа хийлээ. Өнгөрсөн хугацаанд АН Их хурлаа хийх битгий хэл асуудалтай явж байлаа шүү дээ. Одоо нам доторх эв нэгдэл, уур амьсгал ер нь ямаршуухан байна вэ?

-Манай нам бол үндэсний хэмжээний нам. АН-ын үйл ажиллагаа идэвхтэй явж байна уу, идэвх сул байна уу гэдэг зүйл л яригдана уу гэхээс АН байхгүй болно гэсэн асуудал хэзээ ч байхгүй. Асуудалтай, дотоод зөрчилтэй байсан ч сонгуульд зэрэгцээд ороход бараг адилхан суудал авч байна. Мэдээж сонгуулийн үр дүнгийн дараа АН хүчтэй сөрөг хүчин болсон. Зарим дэмжигч, иргэдийн хувьд сөрөг хүчний ажлаа л сайн хий гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ ч бас буруу биш. Гэхдээ бид 2016-2020 онд сөрөг хүчин байсан шүү дээ. 2020-2024 онд мөн л сөрөг хүчин байсан. Энэ хугацаанд тэгээд том төслүүд хөдөлсөн бил үү гэдгийг бид бодох хэрэгтэй. Улс төрийн намын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ утгаараа АН-ын генсек албажлаа. Ирэх долдугаар сар буюу наадмаас өмнө бид намын дүрмээ шинэчлэх гэж байна. Улс төрийн намын тухай хуульдаа суурилагдаад дүрмээ бүрэн шинэчилж, өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, намын даргаа яаж сонгох вэ, Үндэсний бодлогын хороогоо яаж сонгох юм бэ гэх зэргээр. Ингээд дүрмээ баталчихъя. Тэгэхээр шинэ дүрмээрээ шинэ удирдагч нар гарч ирэх нөхцөл бололцоо нь бий болно. Улмаар жараад оных нь өрсөлдөнө үү далаад оных нь мөн 80, 90-ээд оных болон эрэгтэй, эмэгтэй нь өрсөлдөнө үү хамаагүй. Ямартаа ч олонхоороо шийдээд удирдлагадаа гаргаж ирнэ.

Ингээд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2028 оны УИХ-ын сонгуульд бэлдэнэ. Гагцхүү бидний нэг хөдөлшгүй зарчим бол баруун төвийн үзэл баримтлал. Нөгөөтэйгүүр бид хэдийгээр хамтарсан Засгийн газарт орсон ч гэсэн баруун төвийн үзэл баримтлал, ардчиллын зарчим, хүний эрхийн зарчмаасаа хэзээ ч ухрахгүй. Үнэхээр байдал хүндрээд ирвэл, эсвэл бидний зорилгоос хазайвал энэ Засгийн газраас гарч ч бас болно.

Э.МӨНХТҮВШИН

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник т...

img

8 цагийн дараа

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг цурманд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг цурманд /2025.04.30/ 04:00 цагт ор...

img

7 цагийн дараа

Маргааш “Хуульчийн Про боно-2025” болно

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” б...

img

7 цагийн дараа

Ж.Батбаатар: Аливаа үйл явдал бол сэтгүүл зүйн “Бурхан тэнгэр” нь юм

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, профессор Ж.Батбаатартай уулзаж хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал, учир...

img

6 цагийн дараа

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд