Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Ж.Батбаатар: Аливаа үйл явдал бол сэтгүүл зүйн “Бурхан тэнгэр” нь юм

trend

ДЭМБЭЭГИЙН ОЮУНТУЯА

img

2025 оны 4 сарын 30

img

107

news-img

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, профессор Ж.Батбаатартай уулзаж хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал, учир шалтгаан, хуулийн төслийн шинэчилсэн найруулга хийгээд сэтгүүл зүйн мэргэжлийн бусад асуудлаар тайлбар авч ярилцсанаа хүргэж байна.


-Монгол Улс сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр тогтмол уруудаж ирсэн нь ардчилсан улс орнуудын жагсаалтаас хасагдахад хүргэлээ гэх мэдээлэл ч сонсогдох боллоо?

-Жил бүр олон улсын нэр хүнд бүхий байгууллагаас дэлхийн 180 гаруй орныг хамруулан хийдэг судалгааны дүнгээс харахад манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2021 онд 68 дугаар байрт жагсаж байсан бол 2022 онд 90, 2023 онд 88, 2024 онд бүр 109 дүгээр байрт орсон хэвлэлийн эрх чөлөөний бодит байдлыг харуулж байна. Олон улсад эдийн засаг, санхүүгийн хувьд зээлжих зэрэглэл гэдэг үзүүлэлт ямар чухал байдаг шиг хэвлэлийн эрх чөлөөний индекс нь тухайн улсын ардчилал, хүний эрхийн байдлыг харуулах ихээхэн чухал үзүүлэлт, хэмжүүр нь болдог. Тиймээс дээрх таагүй дүн мэдээ нь Монгол Улс дахь ардчилал, эрх чөлөөний үнэлэмжид мэдээж сөрөг нөлөө үзүүлж байгаа.

-Олон улсын “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” энэ жил ямар уриан дор болж байгаа вэ. МСНЭ хэвлэлийн эрх чөлөө хомстсон энэ үед чөлөөт хэвлэл, үг хэлэх, үзэл бодолтой байх эрхийн төлөө ямар акц, арга хэмжээ зохион байгуулах гэж байна?

-МСНЭ чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийнхээ мэргэжлийн эрх ашгийг байнга хамгаалж ажилладаг байгууллагын хувьд олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийг ЮНЕСКО-гоос онцлон зарласан “Шинэ ертөнцөд мэдээлэхүй-хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөөн дэх хиймэл оюуны нөлөө” уриан дор тэмдэглэн, нийгэм олон нийтэд хэвлэлийн эрх чөлөөний төлөөх дуу хоолойгоо хүргэн оролцоно. Гэхдээ баяр гэхээсээ илүү салбарын өмнө тулгамдсан асуудлуудаа тодорхойлж, гарц шийдлийг хайн “Монголын хэвлэл мэдээлэл-асуудал, шийдэл” сэдэвт илтгэл-хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Өнөөгийн сэтгүүл зүйн хөгжлийн байдал, хандлага, сорилт бэрхшээл, ялангуяа эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлыг сэтгүүлчид тунгаан хэлэлцэх юм. Энэ нь “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхийн өмнө болж байгаагаараа онцлог бөгөөд зарим сэтгүүлч гишүүд ч илтгэл хэлэлцүүлж оролцох байх.

Чөлөөт хэвлэлийн хөгжилд эрх зүйн орчин их чухал гэж үзэн сэтгүүлчид Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө уг асуудлыг хэлэлцэх нь ээ дээ?

-Тийм ээ, хэвлэлийн эрх чөлөөнд хууль, эрх зүйн зөв орчин чухал нөлөөтэй, тэгээд ч 30-аад жилийн өмнө батлагдсан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг Их хурлаар хэлэлцэх гэж байгаа цаг үе давхцаж байна. Иргэдийн суурь эрхийн асуудал учраас чухал байхаас аргагүй.

-Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар судлаачийн хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?

-Эхэнд нь хэлэхэд, хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн мөн чанар болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний үндсэн эрхэд хамаарна. Аливаа эрх чөлөө гэдэг юу ч гэмээр юм бэ дээ, гарт баригдах, хэмжигдэхүйц ойлголт биш учраас түүний зохицуулалт нь ч нарийн төвөгтэй. Өөрөөр хэлбэл, ихэд бодитой, тодорхой санхүү, мөнгөний харилцаа шиг яг таг, яс тас зааж зохицуулахад бэрхтэй “эмзэг” зүйл гэж болно. Тиймээс хүний нийгэм дэх бүхий л эрх, эрх чөлөө, түүний дотор илэрхийллийн эрх, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт нь хууль тогтоогчоос ихээхэн философилог ур ухаан, торгон мэдрэмж шаардах юм. Яагаад урьтал болгож энийг хэлээд байна вэ гэхээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд туйлын анхаарал, болгоомжтой хандах ёстой, муу хууль гаргачихвал хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах хамгаалалт биш, хэвлэлийн эрх чөлөө, цаашлаад иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн аранга болох эрсдэл ч бий учраас ингэж онцлоод байна.

Хуулийн төслийн тухайд сэтгүүл зүйн салбарынхнаар хэлэлцүүлж бидний гаргасан олон саналыг тусган сайжруулж, бас ч гэж боломжийн хувилбар болсон гэж бодож байна. Гэхдээ алдаатай, ташаа зүйлүүд ч байна билээ. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйл буюу сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчим гэсэн хэсэг бүхэлдээ илүүц юм. Энд заасан баримтад тулгуурлах, шударга байх, хараат бус, тэнцвэртэй мэдээлэх зэрэг зарчим нь тэртэй тэргүй сэтгүүл зүйн үйл ажиллагааны үндсэн дүрэм бөгөөд хэвлэлийн өөрийн зохицуулалт буюу мэргэжлийн ёс зүйгээр зохицуулагдаж байдаг, харин нууцад хүндэтгэлтэй хандах, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол зэрэгтэй холбоотой “зарчим”-ууд нь холбогдох бусад хуулиар зохицуулагдаад явах боломжтой учраас энд давтан оруулах шаардлагагүй юм. Нууцын тухай асуудалд холбогдуулж хэлэхэд, манайд сэтггүүлчийг төрийн нууц задруулсан гэх хэргээр эрүү үүсгэн шалгасан тохиолдол олон удаа гарлаа. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд харш, байж болшгүй зүйл, нууцын хариуцлагыг олж нийтэлсэн хэвлэл, сэтгүүлч биш түүнийг хамгаалж хадгалах ёстой субьект нь хүлээдэг байх хуулийн зохицуулалттай байх ёстой.

Мөн хуулийн төслийн захиалгат, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн тухай 11.4-хэсэгт “…захиалагчийн эсхүл төлбөр төлсөн этгээдийн нэрийг дурдана” гэж заасан нь зохисгүй юм. Олон улсын нийтлэг практикт хэвлэл нь тухайн нийтлэл, нэвтрүүлгийг захиалгат, эсвэл төлбөртэй болохыг илэрхийлэх тэмдэглэгээ хийх үүргийг л хүлээлгэдэг. Энэ нь уншигч, хэрэглэгчдэд энэ нь редакц, цэвэр сэтгүүл зүйн бус захиалгатай, магадгүй тодорхой эрх ашиг, “зорилготой” мэдээлэл шүү гэдгийг сануулж байдаг онцлогтой. Түүнээс захиалагчийн нэрийг шууд тавьж зарлах нь иргэний мэдээлэл, хэвлэн нийтлэхдээ нэрээ нууцлах, нууц нэр ашиглах эрхийг хөндөхөөс гадна шударга ёс, нийгэм олон нийтийн тусын тулд илчлэн шүүмжлэх мэдээллийг хаан боогдуулж мэдэх зэрэг сөрөг үр дагаврыг нь ч давхар тооцож үзэх ёстой. Энэ ч гэсэн хариултын эхэнд учирлан тайлбарласан тэр хүрээнд л хамаарах юм.

-Гадаад, дотоодын олон хүн хэвлэлийн эрх чөлөөний хуулийн энэхүү төслийг алдаа, дутагдал ихтэй гэж шүүмжилж байна?

-Хэвлэлийн эрх чөлөөний нарийн төвөгтэй харилцааг хуулиар зохицуулахад туй-лын болгоомжой хандах хэрэгтэй учраас л гадаад, дотоодын судлаач, шинжээчид олон алдаа дутагдлыг олж харж, чимхлүүр хандаж байгаа байх, гэхдээ зарим нь үндэслэл муутай үгүйсгэн шүүмжилсэн нь ч харагдсан.

-Ардчилсан улсуудын жагсаалтаас Монгол Улс хасагдлаа, ардчиллаас ухарлаа гэж шүүмжлүүлэхэд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх?

-Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан болон хязгаарлаж мэдэх санаатай, санамсаргүй олон үйл, үйлдэл, тэдгээрийн нийлбэр нь ийм байдалд хүргэж байгаа. Жишээ нь, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээнд хандах хуучин нийгмээс улбаатай хаагдмал хандлага, арга барил байсаар байна. Бидний саяхныг болтол амьдарч ирсэн социалист нийгэмд л хувь хүний болоод сэтгэлгээний эрх чөлөөг хааж хориглодог. социализмын үед хэвлэл нь хэвлэл биш пропаганда, тэнд үнэн биш худал хуурмаг, үзэл бодол биш, суртал ухуулга л ноёлж байдаг гэж дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд үздэг тэр зүйл өнөө цагт манайд бодит байдал болчих гээд байна. Хэвлэлийн мэдээнээс харахад киноны уран бүтээлийн агуулгыг цензурдэн шалгасан тухай, “эрх бүхий” байгууллагаас 59 бүтээл түүний дотор эрт, эдүгээ цагт бүтээгдсэн дууны уран бүтээлүүдийг хар тамхи сурталчилсан гэж үзэв гэх зэргээр мэдээлж байна. Энд нэг бүтээлийг биш, нийтээр нь агуулгын хяналт хийн шүүрдэн “сэжигтэй зүйл илрүүлж” байгаа нь эргэлзээтэй юм, энэ янзаараа бол нөгөө алдарт Галавлет далд хэлбэрээр эргэн сэргэж байж ч мэдэх нь.

Ардчилсан нийгэм, соёлт ертөнцөд хэвлэл бол чөлөөт үзэл бодлын индэр, урлаг бол чөлөөт сэтгэлгээний талбар гэдгийг одоо болтол зөвшөөрөхгүй байж таарахгүй. Орчин үед хэвлэл мэдээлэл, утга урлагийг хянаж, чөлөөт сэтгэлгээ, үзэл бодлыг боомилох ийм арга технологийг ямар нэг байдлаар сэргээхээс сэрэмжилж, энэ хуулинд илүү тодорхой зааж хатуу хориглох ёстой.

-Тантай уулзсаных одоо өөр сэдвүүд рүү орж ярилцъя. Сэтгүүл зүйн хил хязгаар их л өргөсөж сошиал медиаг ч хамааруулж үзээд байна аа даа?

-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг XIX зүйлд хамаарах эрхийн хүрээнд гэх үү, дижитал эриний мэдээллийн талбар, арга хэрэгслийг их өргөн хүрээнд авч үзэх үзэл хандлага давамгайлах болсон ба огт үгүйсгэх аргагүй нь үнэн. Гэхдээ сошиал медиагаар мэдээллийн үйлчилгээний шалгарсан арга хэлбэр сэтгүүл зүйг үгүйсгэх, шууд орлуулах гэх нь өнөөхөндөө нийгэм, иргэдэд л хохиролтой. Тийм болохоор бид мэдээлэл харилцааны энэ шуурганд хэт хөтлөгдөн дагаж хөөсөрвөөс мэргэжлийн сэтгүүл зүй тэсэж үлдэхгүйд хүрнэ. Шударга ёс, хүний эрхийн тулгуур багана, нийгэм дэх хяналтын хүчирхэг хэрэгсэл сэтгүүл зүйн институцийг сошиал медиагаар сольж, хольж хутган хүчгүйдүүлэх ашиг, сонирхол тодорхой хэсэг бүлэгт байж ч болно. Тийм учраас чөлөөт хэвлэл, түүний оршихуй, хэвлэлийн эрх чөлөөг урьд урьдынхаас илүү бөөцийлөх, өмгөөлөх, эрхэмлэх шаардлага тулгарч байна.

-Нийгэмд сошиал ертөнцийн хуурмаг мэдээллийн хэрэглээ сэтгүүл зүйн бодит мэдээллийнхээс хамаагүй давамгайлж байна гэсэн үү?

-Тийм ээ, “лайв”-чид, “инфлүүнсэр”-үүдийн “мэдээлэл” чанартай мэдээл-лийн орон зайг хуваарьгүй эзлэх боллоо. лайвдах бол сэтгэцийн эмгэг юм. Олон хүн уурлах байх, одоо яая гэхэв. Өөрөө өөртөө таалагдах ийм эмгэгтэй хүмүүс/psychopathic nar­cissist/ одоо дэлхийн хүн амын нэг хувийг эзэлж байна гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Эдний мэдээлэл худал хуурмаг мэдээллийн ихэнхийг бүрдүүлж байдаг. Олонхи иргэд өөрсдийн соёл, боловсролоороо ийм худал мэдээлэлд автахгүй байж чаддаг ч бас олон хүн мэдээллийн боловсрол дутмагаасаа болж дэгс худал мэдээлэлд автаж, тэр хэрээр нийгэм хохирч байдаг. Тэгэхээр мэргэжлийн сэтгүүл зүй, түүний бодит мэдээлэл нийгэмд ямар хэрэгтэй, чухал болох нь харагдаж байгаа биз.

-Сэтгүүлчид муу байна, ёс зүйгүй худалдагдаж, хаалтын гэрээнд автаж байна гэх шүүмжлэл голлон юунаас болж гараад байна вэ?

-Сэтгүүл зүй, сэтгүүлчдийг үүргээ олигтой биелүүлж, сайн байсангүй гэж чамлаад, шүүмжлээд байгаа нь нэг ёсондоо хүний эрх, шударга ёсны хамгаалагч чөлөөт хэвлэлд итгээд, их зүйл хүлээгээд байгаа олон түмний итгэл юм. Тийм учраас сэтгүүл зүй ард олны дуу хоолой болох, тэдний төр, засагт тавих хяналтыг хэрэгжүүлэх үүргээ илүү өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллахгүй бол элдэв зүйлийн холимог болсон сошиал медиагийн сүүдрээс гарахгүйдээ тулаад байгаа нь үнэн. Олон редакц, сэтгүүлчид мэргэжлийн түвшинд ажиллах чадамжгүй, наад зах нь л нийгэмд анхаарал татсан томоохон үйл явдал, эсэргүүцлийн жагсаал ч юм уу болж байхад бараа нь ч үзэгдэхгүй алга болж, “бүлх залгицгаачхаар” чинь иргэд шүүмжлэх, ямар нэг хаалтын гэрээний тухай ярих, хардах нь аргагүй шүү дээ. Тухайн үйл явдал “зөв, буруу” байхаас үл хамаараад түүнийг сурвалжлах, дамжуулан хүргэх нь хэвлэлийн үүрэг нь юм.

Харин уг үйл явдал, асуудлыг дэмжих, эс дэмжих , түүнд хэрхэн хандах, ямар өнцөг сонгон мэдээлэх нь редакц, сэтгүүлчийн бүрэн эрх. Аливаа баримт, үйл явдал, түүний дотор олны анхаарал сонирхлыг татсан үйл явдал гэдэг чинь сэтгүүл зүйн “бурхан тэнгэр” нь байхгүй юу. Гэтэл манай зарим хэвлэл, редакц тодорхой эрх ашгийн үүднээс илт ялгавартай ханддаг нь сэтгүүл зүйн тэгш шударга мэдээлэх зарчим, олон түмний мэдэх эрхийг зөрчиж байгаа хэрэг. Энэ нь нөгөө л сэтгүүлчид худалдагдсан, “хиамарсан” гэж шүүмжлүүлэх гол сэжим болдог. Ер нь ч тэгээд ор үндэсгүй зүйл бас биш шүү дээ. Нэг сэдэв, асуудал гарлаа гэхэд л, гэрээний “хиамчид”, элдэв дүрд тоглогчид, тодрохыг хүсэгчид гээд хэд хуваагдаад байхаар хэвлэл яаж ч олны итгэлийг хүлээх билээ.

-Алдаагүй мэргэн гэж байдаггүй, алдаагаа олж засаж чадсан нь л мэргэн гэдэг. Олон нийтийн бодит мэдээлэл хүртэх эрх, чөлөөт хэвлэлийн тусын тулд сэтгүүлчид дутагдлаа ярилцаж засах нь чухал байна. Манай сэтгүүлчид мэргэжил, ур чадварын өөр ямар алдааг түлхүү гаргаад байна вэ?

-Уг нь сэтгүүлч хэнээс ч үл хамаарах, түүний дотор “өөрөөсөө” ч үл хамаарах “бүс”-д хараат бусаар ажиллах нь энэ ажил мэргэжлийн онцлог, үндсэн шаардлага байдаг. Гэтэл манай олон сэтгүүлч ажлаа хийхдээ хувийн үзэл бодол, үнэлэмждээ хэт хөтлөгддөг, түүнээ ямагт улайран хамгаалж нэг талыг барьдаг явдал түгээмэл байна. Энэ нь магадгүй хувь хүний бол сайн чанар байх, өөрийн үнэлэмжтэй, үзэл бодолдоо тууштай ч гэдэг юм уу, гэтэл сэтгүүл зүйд бол энэ ердөө л мэргэжлийн бус байдал юм. сэтгүүл зүй бол баримт, бодит мэдээлэл бөгөөд түүнийг бусдын ч тэр, сэтгүүлчийн өөрийнх нь ч тэр субьектив үзэл үнэлэмж, нөлөөллөөс ангид “цэвэр”-ээр нь уншигч, үзэгчдэд хүргэх зарчмыг ялангуяа мэдээ, мэдээллийн сэтгүүл зүйд хатуу баримталдаг. Мэргэжлийн энэ дүрэм олонтаа зөрчигдөх болсон нь сэтгүүл зүйг хэн хүнгүй хийдэг сайн дурын үйл сошиал медиатай их адилхан харагдуулж сөрөг үр дагавар авчирч байгаад дүгнэлт хийлгүй болохгүй.

-Сүүлийн үед нийгэмд их дуулиан тарьсан “Ноорог”-ийг тойрсон үйл явдал, экс Ерөнхийлөгчийн Өрөг.мн-д өгсөн ярилцлагын талаар гээд хэд хэдэн үйл, баримт дээр сэтгүүлчид ч салбар дотроо “хэлэлцүүлэг” хийж, нэлээд маргаан өрнөснийг та мэдэж байгаа. Эдгээрийн тухайд…?

-Хүн бүхний мэдэж байгаа нийгмийн анхаарлыг ихээр татсан “Ноорог”-ийн асуудал бол явж, явж эрх чөлөө, хүний эрх, үнэт зүйлээ хэзээд өмгөөлж, хамгаалж чадах нийгмийн сэтгэл зүйн бүрдэл, монголчуудын эрх чөлөөний мэдрэмжийг илэрхийлэн харуулсан явдал юм. үүнтэй холбоотой хэвлэл мэдээллийнхний дунд болсон нэгнээ “Ноорог”-ийг дэмжсэн, эс дэмжсэн, эерэг, сөрөг хандсан гэх маргаан, толхилцооноос олон сэтгүүлч чөлөөт хэвлэлийн үүрэг, мөн чанар, хэвлэлийн эрх чөлөөг нийгмийн ач холбогдол, илүү том зургаар нь харах чадвар сул байгаа нь ажиглагдлаа.

Тэгээд хүмүүс хэрсүү, ухаантай даа, арай холын, томоор харууштай энэ мэт нөхцөлд редакц өөрийн ашиг, явцуу сонирхлоо хамгаалах биш нэр төр, зоос мөнгөний золиос гаргаад ч болов ардчилсан нийгмийнхээ нийтлэг үнэт зүйлийн талд зогсох ёстой юм гэдэг мэдрэмж, сургамжийг чинаддаа авцгаасан байх. Сэтгүүлчид, редакцууд ажил мэргэжлийн, ёс зүйн холбогдолтой маргаан энэ мэтээр нэлээд өрнүүлэх болсон нь энэ салбарт ялгарал, шалгарал явагдаж, цэвэршин тунгалагшихад нь тустай юм. Хамгийн зөв, шударга байх ёстой хэвлэл мэдээлэл элдэв шантаажчид, “буруу замаар будаа тээгчид”-ээсээ салах цаг нэгэнт болсон, энэ чиглэл рүү сэтгүүлчид өөрсдөө чамгүй алхам хийж байгаа нь сайн хэрэг.

За мөн, “Өрөг”-ийн ярилцлагын эх сурвалж нь чухал, чухал биш хүн, захиалгатай, захиалгагүй нэвтрүүлэг, сэтгүүлчийн ажлын гүйцэтгэл нь сайн, муу болсон тухай салбарт, сэтгүүлчдийн дунд явсан яриа, шүмжлэл бол аль ч ажил мэргэжлийнхэнд байдаг, байх л зүйл. Харин ямар зочин урих, хэнийг сонгох нь редакцийн эрхийн асуудал учраас хөндлөнгөөс хэт шүүх, заах гэвэл тухайн хэвлэлийн хараат бус байдалд халдсан хэрэг болох төдийгүй сайн, муу хэн ч бай иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх ч хөндөгдөхөд хүрэхийг санах ёстой. Хүний эрхийг хамгаалах үүрэгтэй сэтгүүлчид өөрсдөө эрхийн мэдрэмжтэй байх, наад зах нь, хэнд ч хэвлэлд хандах, үг, тайлбар, үзэл бодлоо хүргэх, ямар гэм буруутан байлаа ч түүнд өөрийгөө өмгөөлөх эрх бийг санаж, түүнээ баримталж байх нь энэ салбарт ажиллагсдын хувьд нэг ёсны үүрэг нь юм.

Ярилцлагын зочин нь урьдчилан бэлтгэж захиалгаар орсон, эсвэл сэтгүүлч чухал эх сурвалжийг олж яриулж чадсан эсэх тухайд бол аль нь ч байсан яах вэ. Ер нь хэвлэлийнхэнд тэр бүр олддоггүй, ховор эх сурвалж ч гэнэт хэрэгтэй болохоороо хэвлэлд хандан “өөрөө гүйгээд ирдэг” нь сэтгүүл зүйн практикт байдаг л үзэгдэл.

Ярилцсан Д.Оюунтуяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Маргаашнаас Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэнэ

Монгол Улс АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу United Airlines агаарын тээвэрлэгч компани Монгол Улс руу нислэг үйлдэ...

img

8 цагийн дараа

ЗГ: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх ар...

img

8 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр с...

img

7 цагийн дараа

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник т...

img

7 цагийн дараа

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг цурманд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг цурманд /2025.04.30/ 04:00 цагт ор...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Irgen

Setgyylch nertei mungund hudaldagdsan ene ulsuudad hariuclag yarij ynen medeelel olon tymend hyrgedeg boloochee setgyylchdiin holboo medej bgaa bizdee bodit baidal yamar bna haaltii getee gedeg yumiig horiloh heregtei

trend

Irgen

Setgyyl syi gedeg neriig setgyylchid nertei biiee ynelegchid gutaaj duuslaa haaltiin geree gedeg yumiig zogsooh setgyylchiin medleg es zyig onc anhaatahgyi bol setgyylchid heryyl hiij ard olnii tarhi ygaadag mungund hudaldagdsan medleg bolovsrolgyi amitad boljee

Онцлох нийтлэлүүд