мэдээ
Монгол Улсад анхны “Цемент экспо-2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Админ
2025 оны 5 сарын 05

19

Монгол Улсад анх удаа “Цемент экспо” арга хэмжээ 2025.05.02-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ ажиллаж, Монгол Улсын барилга, бүтээн байгуулалт, хүнд аж үйлдвэрлэлийн салбарын 500 гаруй гадна дотны мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид оролцож, шинэ технологи, тогтвортой хөгжил, салбарын өнөөгийн нөхцөл байдал, үгүйлэгдэж буй бодлогын шийдлүүд, олон улсын шилдэг практик туршлага, чанар стандарт зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, харилцан туршлага солилцов. “Бурхан хүнийг бүтээж, бусдыг нь барилгачин бүтээдэг” гэсэн үг бий. Арав хүрэхгүй жилийн өмнө Монгол Улс цементийн хувьд бараг 100 хувь импортын хараат байсан бол өдгөө дотоодын долоон цементийн үйлдвэртэй болж, барилгын салбарт нийт 77 мянга гаруй ажилтан, албан хаагч хамтран ажилладаг болжээ. Дэд бүтэц, барилгын салбар улс орны эдийн засагт онцлох байр суурь эзэлдэг. Иймд чанар стандарт, аюулгүй байдал нэн чухал. Хамгийн гол бүтээгдэхүүн нь “барилгын талх” гэгддэг цемент бөгөөд түүнийг үйлдвэрлэж, баялаг бүтээх, бүтээн байгуулалт хийхийн тулд ур ухаанаа дайчлан ажилладаг салбарынхан нэг дор цуглаж, асуудлаа ярилцаж, шийдэл гарцыг эрэлхийлэх боломжийг олгосноороо энэхүү уулзалт экспо онцлог болов. “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-ын тэргүүн Н.Мөнхнасан “Cement 2025″ арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг дагнасан нэг салбараас хараат бус байх аж үйлдвэржүүлэлтийн цогц бодлогыг төрөөс хэрэгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага хэвээр байсаар байна. Мөн улс орны хөгжилт цэцэглэгт дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахаас эхэлдэг бөгөөд үүний гол суурь бүтээгдэхүүн нь цемент юм. Сүүлийн арваад жил дотоодын цемент үйлдвэрлэгчид хууль эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал, цар тахал, эдийн засгийн хямрал дундуур олон бэрхшээлтэй тулгарч, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх өөрсдийн зам мөрийг гаргаж, бусад олон салбарыг дэмжиж явсаар ирсэн ч үйлдвэрлэл эрхлэхэд ээлтэй эрх зүйн орчныг шаардсан хэвээр байна. “Цемент экспо” арга хэмжээ цаашид жил болгон зохион байгуулагдаж, аливаа асуудлуудын гарц гаргалгааг хамтран шийдвэрлэн санал боловсруулах, мөн дэлхийн шинэлэг технологиудыг цаг алдалгүй дотооддоо нэвтрүүлэх барилгын салбарын хөгжлийг хөтлөхөд хувь нэмрээ оруулсан уламжлал болон зохион байгуулагддаг нөлөө бүхий арга хэмжээ болно гэж итгэж байна” гэв.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од “МҮХАҮТ-ын ууган салбарын нэг нь цементийн салбар. Дотоодын үйлдвэрлэгчид 1.9 сая тонн цемент үйлдвэрлэдэг бол үлдсэн 300 мянган тонныг импортоор оруулж ирж байна. МҮХАҮТ-аас гурван том асуудлаар барилгын салбар, тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж байна. Нэгдүгээрт, 14 мега төсөлд цемент үйлдвэрлэл хамгийн их үүрэг оролцоотой байна. Тиймээс үүн дээр танхим дэмжиж ажиллана. Мөн иргэдийн орлогод нийцсэн 150 мянган айлын орон сууц, цэцэрлэг сургууль, үндэсний төв байгуулах үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулах гэж байна. Орон нутагт зургаан бүсэд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ. Үүнд цементийн салбар хамгийн их үүрэг рольтой оролцоно. Гуравдугаарт, бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлын нэг нь хөрөнгө оруулалт байдаг. Энэ хүрээнд бид Хөгжлийн банктай хамтарч ажиллах санамж бичиг үзэглэсэн. Хөгжлийн банкны чиг үүргийг ЖДҮ, бүтээн байгуулалт руу илүү чиглүүлж, төслийн бүрэн циклээр санхүүжүүлдэг байх тогтолцоо бий болгоно. Мөн салбар яамнаас дотоодын үйлдвэрлэгчдээ бүрэн дэмждэг, экспортод гаргах боломжтой” гэв. Монполимет группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав хэлэхдээ “Цемент гэдэг бол барилгын салбарын талх гэж яригддаг үндсэн бүтээгдэхүүн. Гаднын улс орны хөгжлөөс харахад дэд бүтцээ хүртээмжтэй болгохын тулд хамгийн түрүүнд цементийн үйлдвэрээ байгуулсан байдаг. 2015 оноос хойш Монцемент тэргүүтэй үйлдвэрүүд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл туулсан бэрхшээл, хууль тогтоомжийн уялдаа холбоогүй байдал, төр засгийн гэнэтийн шийдвэрүүд, саад тотгор шийдвэрлэх асуудлаа ярьж байна. Хүнд үйлдвэрлэлийг барихын тулд хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай, ингээд зээл, хөрөнгө оруулалт татаад үйлдвэрээ барьсны дараа санхүүгийн хувьд, хүний нөөц, үйл ажиллагааны хувьд тогтвортой болтол нь бүх талаар бодлогоор дэмждэг талаар гадны мэргэжилтнүүд нээлттэй хуваалцаж байна.
Өнөөдрийн гол бэрхшээлүүдийг харахад судалгаагүй гэнэтийн шийдвэрүүд хүнд үйлдвэрүүдэд нөлөөлж байна. Жишээлбэл, манай улсын цементийн хэрэглээ 2.2 сая тонн, үүнийг нийлүүлэх бүрэн чадамжтай атал импортын тарифыг бууруулах, эсвэл тэглэх шийдвэр үе үе гаргаж байгаа нь дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа талаар бүх үйлдвэрүүд дурдаж байна. Эргээд энэ цемент нь чанар стандарт хангахгүй байсанг ХББОСЯ мөн хэлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого шийдвэр хувийн хэвшлийн үйл ажиллагаатай уялдаж чадахгүй байгаагийн нэг илрэл” хэмээн онцлов. “Цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбат Монгол Улсад цемент үйлдвэрлэдэг болсноос хойш 60 гаруй жил өнгөрсөн байна. Цементийн үйлдвэрлэл бол аж үйлдвэрлэлийн үндсэн суурь. Аливаа улс хөгжиж дэвшихэд барилгын материалынхаа үндсэн орц найрлагыг өөрөө үйлдвэрлэдэг байх шаардлагатай. Иймд 2010 оноос хойш маш тодорхой шийдвэрүүд гарч байсан. Тухайлбал, импортын цементийг хориглох үүднээс тарифын бодлогыг Монгол Улс явуулж байсан. Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчид үндэсний компаниудад маш том хэмжээний хөрөнгө оруулалт оруулж тус бүр сая тонны хүчин чадалтай 4-5 үйлдвэр, 500 орчим мянган тонны хүчин чадалтай 2-3 үйлдвэр ашиглалтад орсон. Гэтэл өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд энэ салбар руу чиглэсэн бодлогууд өөрчлөгдөж эхэлсэн. Тодруулбал, тарифын хамгааллын бодлогыг сулруулж, цементийн бүтээгдэхүүнд тавих импортын тарифыг 5 хувь руу бууруулсан. Энэ нь БНХАУ-аас хямд цемент орж ирэх нөхцөлийг бүрдүүлснээр үндэсний үйлдвэрлэгчдийн үр ашгийг багасгах, хөрөнгө оруулалтын хугацааг хойшлуулах сөрөг нөлөө бий болгож байна. Цементийн үйлдвэрүүд 2500 шууд ажлын байр бий болгосон. Ханган нийлүүлэлтийн сүлжээгээр 20-30 мянган ажлын байр бий болгож, улсад татвар төлж байгаа байгууллагууд бий. Гэтэл энэ байгууллагуудын үр ашигтай холбоотой ийм шийдвэр гарснаараа эргээд импортоос хамааралтай болох эрсдэл бий болж байна. Хоёрдугаарт, цементийн үйлдвэрүүд түүхий эдээ дагаад алслагдсан орон нутгуудад байршиж байгаа нь орон нутгийн хөгжилд оруулах томоохон хөрөнгө оруулалт” гэлээ. “Ховд цемент” үйлдвэрийн санхүүгийн хэлтсийн дарга Н.Хаянхярваа “2024 онд Монгол Улсын цементийн хэрэглээ 2.2 сая орчим тонн байсан. Дотооддоо үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд цементийн хэрэглээг бүрэн хангах хүчин чадал бий. Гэвч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй гаднаас цемент импортолж байгаа нь татвар тарифын бодлого болон төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй холбоотой гэж бодож байна. Энэ онд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарлалаа. Эдгээр төслүүдийг цементийн үйлдвэрүүд дотооддоо хангах боломжтой гэж харж байгаа. Гол нь ямар хэмжээний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчид ямар хуваарийн дагуу явах вэ гэдгээ нэг бодлого дор нэгтгэж чадвал уг төсөлд шаардлагатай цементийн хэрэглээг дотооддоо бүрэн хангах боломжтой гэж бодож байна” хэмээн хэлэв. “Ховд цемент” жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Улирлын шинж чанараас шалтгаалан үйлвэрлэл түр зогсдог ч өвлийн улирлаас үл хамааран 300 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай байдаг байна. Баруун бүсэд өнгөрсөн жил 160 мянган тонн орчим цементийн хэрэглээ үүссэн. Тус үйлдвэрийн хувьд баруун бүсийн цементийн хэрэглээг бүрэн хангах боломжтой. Цементийн өртгийн дийлэнх хувийг үндсэн түүхий эд, материалын зардал, ажилчдын цалин, тээврийн зардал, эрчим хүч дэд бүтэц гэх мэт урсгал зардалууд эзэлдэг. Сая Мөнхийн баян гал цемент үйлдвэрийн төлөөлөгчийн ярьснаас үзэхэд тус улс эрчим хүч дэд бүтцийн тал дээр төрөөс дэмжих бодлого баримталдаг юм байна. Тэр утгаараа Хятад улсын цемент үйлдвэрлэл өртөгийн хувьд хямд байгаа юм байна” гэв.
Мөн ууган үй лдвэрүүдийн нэг Налгар түшиг ХХК-ийн Гүйцэтгэх захирал О. Адъяа хэлэхдээ “Манай улс дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн чадамжтай, гагцхүү зөв бодлого шийдвэр дутагдаж байна. Манай үйлдвэр 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд төр засгийн оновчтой бодлого шийдвэр маш дутмаг. Бид ямар нэг татаас, эсвэл дэмжлэг гэхээсээ илүү үйл ажиллагаа явуулах ээлтэй эрхзүйн орчин л хүсч байгаа. Төр дэмждэггүй юмаа гэхэд аливаа хэлбэрийн дарамтаа багасгах шаардлагатай байна” гэв.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, хилээр цемент орж ирэхээс өмнө хяналт шалгалт хийдэг байхын тулд Замын-Үүд болон Алтанбулаг боомтуудад барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори байгуулах юм байна. Эдгээр лабораторуудын тоног төхөөрөмжийг 2025 онд суурилуулж, үйл ажиллагаа нь эхлэх ажээ. Тогтмол цемент нийлүүлэгч компаниудаас урьдчилсан байдлаар бүтээгдэхүүний дээжээс авч шинжлэн, шаардлага хангаагүй тохиолдолд буцаах тогтолцоо руу шилжих юм байна. Мөн цемент хэрэглэж буй хэрэглэгчид ч хяналт тавих ёстой бөгөөд барилгын материалтай холбоотой хууль дүрэм, норм стандартад зааснаар заавал шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой юм.
Дотоодын цемент үйлдвэрүүд ийн туулж буй сорилт бэрхшээлүүд, мөн ирээдүйн боломж, шилдэг технологиуд шийдлийн талаар идэвхитэй хэлэлцэж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд чөдөр тушаа болсон бодлого шийдвэрүүд гаргахгүй байхыг хүсч, хууль эрхзүйн орчныг сайжруулах дээр нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Д.ЭРДЭНЭТУЯА





“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобусаар үйлчилж байна
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобусаар үйлчилж байна Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван...
8 цагийн дараа
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Говь-Алтай, Завхан, Ар...
7 цагийн дараа
“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадмыг тавдугаар сарын 16-24-нд зохи...
7 цагийн дараа
Татвар төлөхөөс зайлсхийхийн тулд 1.3 тэрбумаар бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ...
6 цагийн дараа
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлалт гуйсан
Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Өнгөрсөн өдрүүдэд б...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд