мэдээ
Ц.Түмэнбаяр: Гуравхан жилийн дотор Улаанбаатар яндангүй хот болох бүрэн боломжтой

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 8 сарын 06

32

Нийслэлийн АН-ын гишүүн, “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын Тэргүүн Ц.Түмэнбаяртай ярилцлаа.
-Засгийн газраас ирэх оны төсөвт иргэдээс санал авч эхэлсэн байна. Гэр хорооллыг хөгжүүлэх тал дээр иргэд ямар саналтай байгаа бол?
-Шинэ Засгийн газраас 2026 оны төсөвт олон нийтээс санал авч байна гэсэн мэдээг манай гэр хорооллын иргэд сонсоод саналаа нэгтгэж эхэлсэн байгаа. Удахгүй наймдугаар сарын 14-нөөс өмнө бичгээр хүргүүлнэ. Гэр хорооллын иргэдийн саналд нэн тэргүүнд эрчим хүч, тог цахилгаанаа тасалдалгүй өгдөг байх хэрэгтэйг хүсч байна. Яагаад гэвэл 220 вольт бүтэн 160,170-тай ирээд байгаа учраас цахилгаан хэрэгсэлүүд шатаж иргэд эдийн засгаараа хохирч байна. Ядаж л яндангаа буулгаад цахилгаанаар гэр орноо халаая гэхээр хүчдэл хүрэхгүй байна шүү дээ. Иймд гэр хорооллын эрчим хүчний сүлжээгээ сайжруулахад үе шаттай төсөв суулгахыг хүсэж байгаа.
Хоёрдугаарт, гэр хорооллын иргэд хашаандаа шинээр байшин барих, хуучин байшингаа засахад нь зориулж ипотекийн хүү багатай, урт хугацаатай зээл өгөхийг хүсэж байна. Мөн гэр хорооллын иргэд өвөл нүүрс бага түлж утаа бууруулахын тулд гэр, байшингаа дулаалах сонирхол ихтэй болсон. Энэ тал дээр нэлээд их санал дэвшүүлж байна. Энэ мэтчилэн иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгээд удахгүй Г.Занданшатарын Засгийн газарт хүргүүлнэ.
-Улаанбаатарын утааг бууруулах тал дээр жил бүр тэрбум тэрбумаар нь төсөвлөдөг ч үр дүн байдаггүй. Ингэхэд утаанаас салах ямар шийдлүүд харж байна вэ?
-Сүүлийн найман жилийн хугацаанд жил бүр 300-400 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс болон бүх ард түмний хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Таван толгой”, “Тавантолгой түлш” ХК-д татаас хэлбэрээр өгч ирсэн. Улаанбаатарыг утаанаас салгах ёстой эдгээр олон их наяд төгрөг нийслэлчүүдийн уушгийг хордуулахын зэрэгцээ авлига болж цөөхөн хүнийг баяжуулсан. Хорт утаанаас болж 700 гаруй хүний алтан амийг авсан байна. Үүнийг бүгд мэдэж байгаа. Эндээс бид хэд хэдэн зүйлийг ойлгох ёстой. Нэгдүгээрт, шатдаг түлш нүүрсэнд хичнээн хөрөнгө мөнгө зараад нэмэргүй юм байна. Улам л зардал өснө. Хулгай нэмэгдэнэ. Тийм болохоор утаа буурахгүй байгааг бүгдээрээ харлаа. Одоо тэгэхээр хэмнэлт буюу аль болохоор бага нүүрс түлэх, цахилгаан бага хэрэглэх зүйлд мөнгөө зарцуулах ёстой. Хамгийн энгийн шийдэл нь дулаалга байна.
-Эндээс төрийн мөнгийг хэрхэн хэмнэх боломжтой юм бэ?
-Дулаалга бол гэр байшингийн дулаан барих чадварыг нэмэгдүүлж нүүрс түлэх, цахилгаанаар халаах хэрэгцээг багасгаж өгнө. Нэг монгол гэрийг дулаалж халаахад 3-5 сая төгрөг, 40-50 квадрат метр, нэг байшинг дулаалахад 10-15 сая төгрөгийн зардал тус тус гарахаар байгаа. Ингээд харахаар нэг жилд “Тавантолгой түлш” ХК-д өгч байгаа татаасаар Улаанбаатар хотод байгаа 95 мянган монгол гэрийг бүрэн дулаалж чадна. Ингэснээр эхний ээлжинд жилийн дотор 95 мянган янданг буулгах боломж байгаа. Ийм боломж, гарц гаргалгаа байсаар атал шийдвэр гаргагчид ашигладаггүй нь харамсалтай. Энэ маягаар дулаалаад явбал гурван жилийн дотор Улаанбаатар яндангүй хот болох бүрэн боломжтой.
-Нэг хэсэг гэр хорооллыг хийн түлшээр хангах асуудал яригдаж байсан. Үүнийг иргэд хэрхэн дэмжиж байна?
-Юм бүхнийг үгүйсгэх хэцүү. Хий утаагүй түлш мөн. Гэхдээ бидэнд хий алга, хойд хөршөөс импортоор авна. Дахиад л нэг зүйлийн хараат болно. Тэгээд ч манайд хий газаар халаах дэд бүтэц, стандарт алга. Ойрын үед шийдвэр гаргагчид бүтэхгүй санаагаа ярихаа больсон байна лээ, судлаж үзээд ойлгосон байх.
-Хагас коксжсон нүүрс түлбэл утаанаас амархан салчих юм биш үү. Урд хөршөөс энэ төрлийн нүүрсийг авах асуудал хөндөгдөөд эхэлсэн байна лээ?
-Яг үнэндээ манайд хагас кокс түлш түлэх бэлтгэл хангагдаагүй. Нэгдүгээрт, зуух, яндан хайлах магадлал маш өндөр. Гэр хорооллын айл өрхийн 80 хувь нь уламжлалт махан төмөр зуухтай. Эдгээр зуух 600-гаас дээш градусын темпаратурт хайлж гал түймрийн эрсдэл үүснэ. Хоёрдугаарт, хагас кокс өөрөө маш өндөр температурт асна. Шахмал түлшнээс илүү хэцүү асна, агаар их шаардана. Агаар дутаж асахгүй уугисан тохиолдолд СО буюу үхэлд хүргэдэг угаарын хий ихээр ялгарна. Тэгэхээр хагас кокс түлш хэрэглээд эхлэхээр угаартаж нас барах тоо өмнөх үеэс эрс нэмэгдэнэ. Гуравдугаарт, түлш бол тоглоом биш стратегийн бүтээгдэхүүн, дотооддоо үйлдвэрлэх ёстой. Үнэ бол ярилтгүй хамаагүй өндөр. Татвар төлөгчдийн мөнгөнөөс маш их татаас өгнө.
-Иргэд гэр, байшингаа яаж хямд төсөр өртгөөр дулаалах боломжтой вэ?
-Иргэд гэр байшингаа дулаалахдаа сууринаасаа эхлэх хэрэгтэй. Тэгээд хана тааз, дээвэр, хаалга цонх гэсэн дарааллаар явбал зүгээр. Дулаалга хийхдээ нэг дор бүхнийг хийх гэж улайрах хэрэггүй. Нэгдүгээрт, зардал мөнгө, цаг хугацаа их орно, буруу хийвэл алдаа их гарна. Тэгэхээр бага багаар буюу жилдээ ганц нэгээр нь хийх хэрэгтэй. Эхний жил шал сууриа, хана туурга гээд хамгийн их дулаан алдаж байгаа хэсгээ дулаалах хэрэгтэй. Ийм маягаар 2-3 жилийн дотор гэхэд сайхан дулаалгатай тохилог гэр, байшинтай болно. Монгол гэрийг нэг удаа сайн дулаалж болно. Зөвхөн бууринд нь хөөс дэвсээд бетон цутгаад дулаалахад түлшний хэрэглээ 50 хувь буурдаг. Дээвэр эсгий гурван давхар байх ёстой. Дулаалгаас гадна битүүмж гэж нэг чухал зүйл бий. Монголчууд тэвнийн чинээ нүхээр тэмээн чиний жавар орно гэдэг дээ. Их учиртай үг байж. Хэчнээн сайн дулаалсан ч хаалга, тооно, дээвэр туурганы завсраар жижиг зай үлдэхэд дулаан маш их алдаж, дулаалга үр дүнгүй юм шиг болдог. Иймд гэр, байшингийн алинд нь ч дулаалга хийвэл битүүмжээ маш сайн няталж шахдаг хөөс зэргээр таглаж өгөх хэрэгтэй. За тэгээд дулаалаад битүүмжлээд ирэхээр агаар дутаад эхлэнэ. Тэгэхээр битүүмжилсэн нэмэлт дулаан солилцууртай агааржуулалт тавьж өгч дотор агаарын чанараа сайжруулах хэрэгтэй. Наадмын дараа намар гэдэг дээ. Гэр, байшингаа одооноос дулаалбал, улаанбаатарчууд утаагүй дулаан өвөлжих боломжтой.





Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд м...
7 цагийн дараа
А.Гантөгс: Шүүх тэтгэмжийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог
Хуульч А.Гантөгстэй хүүхдийн тэтгэмжийн мөнгө болон гэрлэлт цуцлуулахад үүсдэг эд хөрөнгө хуваах маргааны талаар ярилцлаа. -Гэрлэлт ...
7 цагийн дараа
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба...
6 цагийн дараа
“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг орон тооны хамт Эрүүл мэнд...
6 цагийн дараа
Ул шагайх урлаг
Монголчууд энэ зун магнай тэнийлгэсэн олон сайхан үйл явдлын гэрч болж, залуусынхаа оюун ухаан, хурд, хүч, зангидсан гар шиг эв нэгд...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд