мэдээ
А.Гантөгс: Шүүх тэтгэмжийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог

Админ
2025 оны 8 сарын 06

66

Хуульч А.Гантөгстэй хүүхдийн тэтгэмжийн мөнгө болон гэрлэлт цуцлуулахад үүсдэг эд хөрөнгө хуваах маргааны талаар ярилцлаа.
-Гэрлэлт цуцлуулахад ямар асуудлууд ихэвчлэн яригддаг вэ?
-Гэрлэлт цуцлалтын хувьд захиргааны болон шүүхийн журмаар гэсэн хоёр төрөлтэй. Захиргааны журмаар цуцлуулахад эд хөрөнгийн болон бага насны хүүхэдгүй бол шууд Улсын бүртгэл дээр очиход болно. Харин бага насны хүүхэд, эд хөрөнгийн маргаантай тохиолдолд заавал шүүхийн журмаар гэрлэлтийг цуцалдаг. Ингээд үндсэн асуудлууд болох гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг, асрамж, эд хөрөнгө хуваах ажиллагааны асуудал яригдаж эхэлнэ. Асрамжийн асуудал дээр тухайн хүүхэд долоо болон түүнээс дээш настай бол саналыг нь заавал асуудаг.
Өөрөөр хэлбэл, аав, ээжийнхээ хэнтэй нь амьдрахыг хүсэж байгаа эсэх саналыг нь асууж шийддэг. Харин долоогоос доош настай бол санал авахгүй журамтай. Хоёрдугаарт, хүүхдийн тэтгэмжийн асуудлыг тогтооно. Ингэхдээ амьжиргааны баталгаажих түвшний хэмжээгээр тогтоодог. Арван нэг хүртэлх насны хүүхэд байвал амьжиргааны баталгаажих түвшин 50 хувь, арван нэгээс дээш настай бол 100 хувь. Үндэсний статистикийн хорооны газрын даргын А9-дүгээр тушаалаар амьжиргааны баталгаажих түвшнийг шинэчлэн тогтоосон.
Үүгээр амьжиргааны баталгаажих доод түвшнийг 495000 төгрөг гэж тогтоож өгсөн юм. Гуравдугаарт, тухайн хүүхэд ээж дээрээ асрамж тогтоолгоод, аав нь тэтгэмж төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарлаа гэж бодъё.
Ингэхдээ амьжиргааны баталгаажих доод түвшнээс гадна тэтгэмж төлөх ёстой аавынх нь авдаг цалин хөлсийг ч харгалзан үзээд тогтоодог.
-Тэгвэл энэ бүх үйл ажиллагаа дууссаны дараа тэтгэмжийн мөнгө зөвхөн хүүхдэд зориулагдаж байна уу. Хүүхдийн тэтгэмжийн мөнгийг хамаатан садан, эмээ, өвөө гээд өөр хүмүүс хувьдаа хэрэглэх тохиолдол байдаг шүү дээ?
-Юуны өмнө хүүхдийн тэтгэмжийн мөнгө гэдэг энэ үгийг сайн бодох хэрэгтэй. Бодоод үзвэл энэ нь хүүхдэд зориулагдах мөнгө гэсэн үг. Үүн дотор ээж, эмээ, өвөө, үеэл ах, эгч гэсэн үг байхгүй. Тиймээс энэ мөнгөөр хамгийн түрүүнд хүүхдийн анхдагч хэрэгцээг хангах ёстой. Хоол, хувцас, цэцэрлэг, сургуулийн хэрэглээг нь хангахад зориулагдсан юм. Яагаад гэвэл тэтгэмж төлөгч тал энэ мөнгийг зөвхөн өөрийн хүүхдэдээ өгч байгаа шүү дээ. Өөр хэн нэгэнд бус. Угаасаа хүүхдэд л зориулахын тулд хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шүүхээр ярьдаг.
Түүнээс биш хамаатан садан, өвөө, эмээгийнх нь амьдралд дэм болгох гэж төлдөг мөнгө бол биш шүү. Зөвхөн хүүхдийн өсөж бойжих хэрэгцээг хангах гэж тэтгэмжийн мөнгийг тогтоодог гэдгийг л шүүх хэлээд байгаа. Тэтгэмжийн мөнгөний мөн чанар нь зөвхөн хүүхдэд л зориулагдах. Хэрэв энэ мөнгийг өөр хүмүүсийн талхыг худалдан авахад зориулвал өөрөө утгагүй. Бүр тэтгэмжийн мөнгө төлж буй талдаа хүртэл энэ нь маш алдагдалтай. Учир нь шүүх тэтгэмжийн мөнгийг хүүхдэд зориулж тогтоосон болохоос өөр хэнд ч зориулаагүй.
-Тэгвэл энэ мөнгө үнэхээр хүүхдэд зориулагдаж байгаа эсэхийг хянах, шалгах арга бий юу?
-Тэтгэмж олгогч тал энэ мөнгө юунд зориулагдсаныг шаардах, хянах эрхтэй. Жишээ нь, энэ сард та хүүхдэдээ 500.000 төгрөг өглөө. Энэ мөнгө миний хүүхдийн хэрэгцээнд зориулагдсан уу гээд мэдэх эрх танд бий. Хүүхдэд тэтгэмж өгөх үүрэг байгаа шиг өөрийн тань төлсөн тэтгэмж бодит амьдрал дээр юунд зарцуулагдаж байгааг мэдэх, хянах эрх ч бий. Миний хүүхдэд зориулагдаж чадаж байна уу гэдгийг шаардах эрхтэй. Үүнийг хянах боломжтой.
-Гэрлэлт цуцлалтад эд хөрөнгийн маргаан их үүсдэг. Гэтэл гэрлэлтээ цуцлуулах болоод шүүх дээр ирэхдээ хөрөнгөө нөхөр эсвэл эхнэр нь аль хэдийнэ өөрийн талын аав, ээж хамаатан садныхаа нэр дээр шилжүүлчихсэн байдаг. Тэгээд надад хуваах, өгөх хөрөнгө байхгүй гэж хэлэх жишээтэй. Энэ үед яах ёстой вэ?
-Сууриас нь товчхон ярихад гэрлэхээс өмнө бий болсон хөрөнгө гэж нэг тусдаа ойлголт бий. Жишээ нь А гэх эрэгтэй гэрлэхээсээ өмнө байр, машин худалдаж авлаа гэж бодъё. Тэгэхээр гэрлэхээс өмнө бий болсон хөрөнгийг хуваарьт хөрөнгө гэдэг. Гэрлэлтээ батлуулснаас хойших хөрөнгийн хувьд хамтран өмчлөх буюу дундын өмч юм. Гэрлэлтээ цуцлуулахаар эртнээс төлөвлөөд хөрөнгөө хөдөлгөж эхэлдэг тохиолдлууд бий.
Гэхдээ энэ асуудлын хувьд би энэ хүнээс салах учраас хөрөнгөө өөрийн хамаатан садан руу шилжүүлээд юу ч хуваахгүй гэх хандлага гаргаж болохгүй. Энэ нь хуульдаа ч боломжгүй зүйл юм. Учир нь тухайн гэр бүлийн хүүхдүүд насанд хүрсэн тохиолдолд тэдний саналыг заавал авах ёстой. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор зөвшөөрөл авч байж хөрөнгөд хөдөлгөөн хийнэ гэсэн үг.
-Гэр бүлийн гишүүдийнхээ саналыг авалгүйгээр хөрөнгөө нууцаар хөдөлгөөнд оруулсан тохиолдол байдаг. Энэ үед үлдсэн гэр бүлийн гишүүд хөрөнгөө нэхэмжлэх боломжтой юу?
-Хэрэв санал, зөвшөөрөл авалгүйгээр тухайн хөрөнгөд хөдөлгөөн хийсэн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүд нь буцаан шаардах иргэний хуулийн зохицуулалттай. Бага насны хүүхдээс зөвшөөрөл авах боломжгүй ч гэсэн тухайн хөрөнгийн өмчлөгч мөн гэж явдаг. Шүүх дээр маргаан үүсгэхэд бага насны хүүхдэд тухайн хөрөнгийн 25 хувь оногддог. Тиймээс хуулийн хүрээнд гэр бүлийн гишүүн хамтын өмчөө бусад гишүүдийнхээ саналыг авалгүйгээр хөдөлгөөнд оруулах боломжгүй. Жишээ нь, А болон Б хоёр гэрлэсэн. Том хүүхэд нь 19, бага нь 18 настай гэж бодъё. Гэтэл А өөрөө дур мэдээд байр, машинаа ээжийнхээ нэр дээр шилжүүлчихлээ. Тэгэхээр энэ бол хуульдаа боломжгүй үйлдэл юм. Заавал гэр бүлийн гурван гишүүний саналыг авсны дараа хөдөлгөөнд оруулна. Үүнд тухайн хүн салахаар төлөвлөсөн болон салах гэж байгаа эсэх ямар ч хамаагүй.
А.Даваадулам





Орон сууцны 1 мкв-ын үнэ дунджаар 4.5 сая төгрөг болжээ
Өнөөдрийн байдлаар орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 4.5 сая төгрөгт хүрчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2025 оны эхний ...
7 цагийн дараа
ЭТТ: 32 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган ...
7 цагийн дараа
ГЕГ: Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.9 хувь, Швейцар-т 5.0 хувь, АНУ-д 1.2 хувь, ОХУ-д 0.4 хувь тус тус ног...
6 цагийн дараа
Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд м...
5 цагийн дараа
А.Гантөгс: Шүүх тэтгэмжийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог
Хуульч А.Гантөгстэй хүүхдийн тэтгэмжийн мөнгө болон гэрлэлт цуцлуулахад үүсдэг эд хөрөнгө хуваах маргааны талаар ярилцлаа. -Гэрлэлт ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд