мэдээ
О.Амгаланбаатар: Аль ч Засгийн газар иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн биш агаарын төсөл хөөцөлдөөд байх юм бол нэмэргүй

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 8 сарын 06

49

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай ярилцлаа.
-Та саяхан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах хуулийн төсөл боловсруулсан талаараа мэдээлж байсан. Энэ хуульд оруулах гол өөрчлөлт тань юу байх вэ?
-Ноднин жил шинэ парламент бүрдсэний дараа УИХ дээр хууль хүчний байгууллагаас танилцуулсан мэдээлэл дунд хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь хар тамхи, Монголын залуу үе ихээр мансуурч байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ асуудал дээр УИХ санаачилгатай байж, холбогдох хуульд нь өөрчлөлт оруулахгүй бол нэлээд хэцүү байдалтай байгааг хэлж байсан. Мөн энэ тал дээр хийгдсэн судалгаа, хууль, шүүхийн байгууллагаас хар тамхитай холбоотой асуудал маш ноцтой байгаа гэдгийг тоо баримтад тулгуурлан мэдээлсэн л дээ. Ийм учраас үүн дээр үнэхээр анхаарах хэрэгтэй юм байна гэж миний бие үзээд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулгын хуулийн төслийг бэлдсэн. Бэлдэж байх явцдаа үнэхээр энэ хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Дэлхий нийтийн хар тамхитай тэмцэж байгаа хуулийн практикаас нь аваад үзвэл хэрэглэгч гэж хэлдэг мансуурч байгаа этгээдэд хүлээлгэдэг хуулийн хариуцлага их сул байдаг юм байна. Харин хар тамхийг борлуулсан, тээвэрлэсэн, энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон этгээдүүдэд өндөр ял хүлээлгэдэг жишигтэй юм билээ.
Манайх ч гэсэн энэ жишгийн дагуу л байгаа юм байна. Гэхдээ монголчууд бид цөөхүүлээ. Дээрээс нь хялбаршуулсан журмаар шүүхйин шатанд шийдэгдэж байгаа хэргийн бараг 50 хувь нь зөвхөн хар тамхитай холбоотой хэрэг байна. Эсвэл торгодог, хэд хоног баривчилдаг байдлаар л шийдэж байна. Бар цэнгээний газруудад мансууруулах бодис зардаг, хэрэглэдэг болчихсон, түүн дээр нь ямар ч хяналтгүй шахам л байна. Энэ чинь бараг л хуулийн байгууллагынхан хамгаалалтад авчихсан байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үүн дээр хуулийн хариуцлагыг нь чангатгах хэрэгтэй. Монгол бол хүн ам цөөтэй улс учраас хэрэглэж байгаа нөхдүүдэд нь өгдөг ялын хэмжээг ч нэмэхгүй бол болохгүй. Тийм ч болохоор хуулийн төслийг боловсруулсан. Засгийн газраас санал авахаар хүргүүлчихсэн байгаа. Санал нь ирэхээр, есдүгээр сарын 15-нд чуулган эхлэхээр УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөж байна. Ер нь хар тамхи гэдэг бол үндэстнээр нь мөхөөдөг зүйл. Манж гүрэн бол хар тамхинаас л болж сүйрсэн. Манай улс хэдхэн жилийн өмнө хар тамхи дамжин өнгөрдөг улс байсан бол одоо хэрэглэгч орон болчихсон. Хэрэглэгч дундаа хамгийн хурдацтайгаар нэмэгдэж байгаа орон болсон. Ингэхдээ хамгийн их химийн найрлага орсон мансууруулах бодисыг нь хэрэглэж байна гэж байгаа юм. Саяхан л гэхэд 2 килограмм хар тамхийг гаалийн байгууллагынхан илрүүлсэн. Тиймээс энэ тал дээр нэлээд хатуу хууль гаргахгүй бол Монгол Улсыг хойшид авч явах залуучууд нь хар тамхинд донтчих юм бол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, монгол хүний ген, хүн амын удмын сангийн асуудал дээр аюулын харанга дэлдээд байна.
-Энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь зөв байх. Гэхдээ нэмээд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг залуучууд, хүүхдүүдэд ойлгуулах, таниулах талын ажлыг хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Ер нь бол хар тамхитай холбоотой зөв ойлголтыг бид өөрсдөө өгөх ёстой юм байна лээ. Хар тамхи гэхээр л энэ сэдвээс зугтдаг. Гэтэл тэр тусам нь хүүхдүүд сонирхож, хэрэглэж байна. Нэгэнт хар тамхинд орчихсон хүн бол эргэж буцах замгүй шахам болж байна шүү дээ. Тэр хүний хувьд тэгээд л зүйл дуусч байна гэсэн үг. Тэгэхээр заавал ял өгөхөөс гадна соён гэгээрүүлэх, ойлгуулах тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй бол болохгүй. Гуравхан сая хүнтэй Монгол Улсын хувьд үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Дээрээс нь хууль хүчнийхэн, хил гаалийн байгууллагууд маш сайн уялдаа холбоотой ажиллах ёстой.
-Өөр ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна. Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай бас ярьж байсан. Энэ ажил тань юу болсон бэ?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуулиас гадна ажиллаж байгаа хуулийн төслүүд бий. Хөдөө орон нутаг хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь эрх мэдлийн төвлөрөл гэж хардаг. Сумын сургууль, цэцэрлэгийн эрхлэгчээс авхуулаад сум, аймгийн бүхий л томилгоонуудын бараг 70 хувь нь яам, Засгийн газар, Улаанбаатараас хамааралтай болчихоод байна. Энэ чинь эргээд орон нутаг бие дааж хөгжихөд хамгийн том саад болж байгаа юм. Тийм болохоор томилгооны эрх мэдлийг орон нутаг руу шилжүүлэх тал дээр аймаг болон дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан нөхдүүдтэйгээ хамтран Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад чуулган эхлэхээр өргөн барихад бэлэн болчихоод байж байна. Мөн Баяр наадмын тухай хууль байна. Наадам бүрээр яригдаад л дараа нь мартагддаг хэд хэдэн зүйл байгаа. Сумын заан цол авахын тулд хэдэн 10 сая төгрөгөөр худалдан авдаг. Наадам үздэг хүнгүй болчихсон. Зарим сумдад тав хүрэхгүй морь уралдуулсан тохиолдол ч бий. Монголчуудын өв соёл болсон, жинхэнэ ардын наадам байх ёстой зүйл маань хэдэн мөнгөтэй хүмүүсийн зугаа цэнгэл төдий болж хувирч байна. Улсын наадмын даваа авч өгдөг асуудлын цаана яригддаг мөнгө нь бараг тэрбум төгрөг хүрч байна гээд олон асуудал байгаа. Тэгэхээр үүнийг цэгцэлж, буцаагаад ард түмний наадам болгох, өв соёлоо ард түмэндээ үлдээхийн тулд Баяр наадмын тухай хуульд нэлээд хэдэн өөрчлөлт оруулахаар бүх холбооноос нь санал аваад бэлэн болчихсон байгаа. Сая наадмын өмнө өргөн барих гэснээ бас өөр ойлголт төрүүлчих байх гээд хойшлуулсан.
-Ямар, ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Нэлээд хэдэн өөрчлөлт байгаа. Тухайлбал, эрийн гурван наадам гэдэг зүйлийг оруулж ирье гэсэн. Энэ нь тухайн насанд хүрсэн хүн өөрөө барилдаад, морио унаад, сураа харвадаг төрлийг нэмэлтээр оруулъя гэж байгаа юм. Ингэснээр яг хөдөөгийн малчин залуус, хөдөө байгаа иргэд өөрсдөө наадах боломжтой болно. Дээрээс нь бөхчүүд хэд хэдэн сум, аймгийн наадам дамжаад барилдчихаж байна. Зүгээр ч нэг очоод үнэн хүчийг үзээд барилдахгүй элдэв асуудал гаргаж, даваа өгдөг авдаг зүйл байна. Үүнийг цэгцэлж, цол олгох барилдаанд ганцхан наадамд л барилддаг болъё. Аймгийн цолтонгууд нь сумын наадмыг бужигнуулдаг байдлыг больё, аймгийн цолтой нь аймагтаа, улсын цолтой нь улсдаа барилдъя гээд нэлээд олон өөрчлөлтийг оруулахаар тусгасан байгаа.
-УИХ-ын даргын захирамжаар гишүүд хэд хэдэн Ажлын хэсэгт орж ажиллаж байна. Таны орж ажиллаж байгаа Ажлын хэсгийн тань ажлууд хэр явж байна вэ?
-Би Монголын боловсролыг өөрчлөхөөс өөр замгүй гэж үздэг хүн. Өнөөдрийн Монголын боловсролын байгаа байдал ямар байна, дэлхийн хэмжээний нэг ч боловсон хүчин бэлдэж чадахгүй байна. Их сургууль, дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүд маань авсан мэдлэгээрээ яг сайхан амьдрах боломжгүй байна шүү дээ. Тийм болохоор Боловсролын хуулийг боловсронгуй болгох, төрийн албанд ажиллаж байгаа хүн үр дүнгээрээ цалин, урамшуулал авдаг байдлыг бий болгох бодолтой байдаг. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Боловсролын ажлын хэсэгт орж ажиллаж, өөрийнхөө санаа оноогоо хэлээд явж байгаа.
-Нэг хэсэг 14 мега төсөл гэж их яриад байсан ч одоо нэг их ярихгүй, ажлууд ч хийгдэхгүй байх шиг санагдах юм. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байна. Мөн тойрогт тань баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явцын мэдээлэл байна уу?
-УИХ-ын зүгээс аль ч Засгийн газрыг бүх талаас нь дэмжиж ажиллаж байна. Засгийн газраас ард түмний амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдэх ёстой. Өнөөдөр 30 жил ярьж байгаа утаа, түгжрэлийг шийдээгүй л байж байна. Тэгэхээр ард түмнийхээ амьжиргааг дэмжих тал дээр санаачилгатай ажиллаж чадаагүй юм байна гэдэг нь харагддаг. Миний хувьд хөдөөгийн ард түмнийхээ амьдралыг дэмжихийн тулд “Малын эзэн-Үйлдвэрийн эзэн” гэдэг шинэ санаа гаргасан. Хуучин нэгдлийн хамгийн сайн зүйлүүдийг оруулаад хувьцаат компани хэлбэрээр явуулах хэрэгтэй юм байна гээд төсөл боловсруулсан. Эдийн засаг хөгжлийн яаман дээр гурван тэрбум төгрөг тавиад Говь-Алтай аймагт ТЭЗҮ хийлгэхээр бэлдэж байна. Нэг аймагт сайн хийчихвэл бусдад нь хуулаад хэрэгжүүлж болно. Аль ч Засгийн газар иргэдийнхээ амьжиргаа руу биш агаарын төсөл хөөцөлдөөд байх юм бол нэмэргүй. Ард түмэнд наалдацгүй агаарын төслөөр яах юм бэ. Богд уулыг нүхлэх, Дүүжин гүүр гээд ямар ч ач холбогдолгүй төслүүд бол зогсох ёстой. Харин эрчим хүчний төслүүд бүгд явах ёстой гэж хардаг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол нэн тэргүүнд явах ёстой. Нэмээд Тавантолгойн цахилгаан станц байна. Дээрээс нь эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг бий болгох ёстой. Говь-Алтай, Ховд, Увсын сумдад эндээс хэдэн зуу, мянган километр зөөж байж эрчим хүчийг аваачиж байгаа. Тэгэхгүйгээр яг тэнд нь нар, салхины хосолмол эх үүсвэрүүдийг бий болгоод явах хэрэгтэй. Өнөөдрөөс 20 жилийн өмнө малчид маань лааны гэрэлтэй л байлаа. Гэтэл өнөөдөр малчин айл бүр гэрэлтэй, хөргөгчтэй, зурагттай болчихсон байна. Үүнийг жаахан томруулаад л сумдад үйлдвэрлэл явуулах хэмжээний эх үүсвэрийг байгуулах хэрэгтэй болчихоод байна. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүний мега төсөл хэрэгжүүлнэ” гэсэн. Энэ нь хүнээ хөгжүүлнэ гэсэн логик байх гэж хараад байгаа. Ер нь хүнээ хөгжүүлээгүй улс цаашаа явахгүй.
-Ирэх оны төсвийн хэлэлцүүлгүүд эхлээд явж байна. Гэтэл тойргоос сонгогдсон гишүүдэд 15 тэрбум төгрөг өгөх гэнэ гэсэн яриа явсан. Үнэхээр ийм зүйл болсон юм уу?
-Улсын төсөв үнэхээр хүнд байна, тиймээс гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэлээд өг гэдгийг бүлгийн зүгээс хэлсэн. Хамгийн дээд тал нь 15 тэрбумаас хэтрэхгүй байх хэрэгтэй гэсэн. Манай аймгийн хувьд л гэхэд Бургастайн боомтын автозам, аймгийн төвийн зам, сумдад тулгамдсан маш олон асуудал байна. Эдгээрийг нь бүгдийг нь тооцоод үзэхээр хэчнээн зуун тэрбум төгрөг болохоор байгаа. Сүүлийн хэдэн сонгууль дамжаад Говь-Алтай аймгийн бүх сумыг засмал замтай болгоно гээд МАН амалчихсан байдаг. Очихоор иргэд энэ асуудлыг л ярьж байна. Гэтэл 50 километр зам барихад хамгийн багадаа 50 тэрбум төгрөг хэрэгтэй. Ийм байхад нэн шаардлагатай гэснээ эрэмбэлээд 15 тэрбум төгрөгт багтаах хэрэгтэй гээд байдаг. Ийм байхад хэргээр мушгиад хувьдаа аваад байгаа юм шиг байдлаар буруу мэдээлэл өгөөд байна.





Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд м...
7 цагийн дараа
А.Гантөгс: Шүүх тэтгэмжийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог
Хуульч А.Гантөгстэй хүүхдийн тэтгэмжийн мөнгө болон гэрлэлт цуцлуулахад үүсдэг эд хөрөнгө хуваах маргааны талаар ярилцлаа. -Гэрлэлт ...
7 цагийн дараа
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба...
6 цагийн дараа
“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг орон тооны хамт Эрүүл мэнд...
6 цагийн дараа
Ул шагайх урлаг
Монголчууд энэ зун магнай тэнийлгэсэн олон сайхан үйл явдлын гэрч болж, залуусынхаа оюун ухаан, хурд, хүч, зангидсан гар шиг эв нэгд...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд