мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны нээлт “гайтай” улс төрд дарагдаад өнгөрлөө

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА
2025 оны 5 сарын 16

67

Монгол Улс, БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт хоёр орны хилийн зурваст амжилттай болж, хоёр улсын Засгийн газрын түвшинд энэхүү ёслолын арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцов.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам юм. 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэж, түүх бүтээсэн хэрэг л дээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтад орсноор, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая.тн байгаагаас 165 сая.тн болж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно.
Нүүрс борлуулалтын орлого жилд дунджаар 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгална. Эдийн засгийн өсөлтийг 6%+ түвшинд хадгалж, Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Экспортын хүчин чадал 30 саятн-оор нэмэгдэж, тогтмол 200 ажлын байр бий болох маш чухал ач холбогдолтой.
Үүнээс гадна хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж буй юм.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү бүтээн байгуулалтыг зогсоохгүй байх бүх эрх зүйн орчныг бүрдүүлсэн бөгөөд гадаад ажиллах хүчнээс гадна дотоодын мэргэжилтнүүд, багш нарыг татан оролцуулж, ялангуяа орон нутгийн боловсон хүчнийг сургаж, энэхүү бүтээн байгуулалтад оролцуулахыг гол зорилго болгож байгааг дуулгана лээ.
Нээлтийн ёслолын маргааш барилгын ажил нь эхэлсэн энэхүү бүтээн байгуулалт нарийн төлөвлөгөөний дагуу 22 сарын хугацаанд баригдаад дуусна. Манай нефтийн үйлдвэр шиг лав найм, есөн жил л хийхгүй байх. Ажил дуусмагц комисс сайн хүлээгээд авчихвал “буух эзэн, буцах хаягтай” л юм. Ингээд Монгол Улсын орлогын үүд нээгдэж байгаа гэж хэлж болохоор бөгөөд энэ Засгийн газрын шийдэж, эхлүүлж чадсан маш том ажил гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Төмөр замын бүтээн байгуулалтын нээлттэй холбоотойгоор асар том улс төр Монголд өрнөлөө. Өөрөөр хэлбэл, “Ерөнхий сайдын 25-тай хүү сүйт бүсгүйдээ өндөр үнэтэй бэлэг авч өгсөн. Энэ хүү ямар мөнгөөрөө ийм өндөр үнэтэй бэлэг авч өгдөг юм бэ. Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж, хүүхдэдээ өгсөн” гэх зэрэг хар сэрийн дор асар том улстөржилт болж өрнөлөө.
Цуурч цуурч, эцэс сүүлд нь “Бөгж авч өгсөн”-өөс бусад нь худлаа болж байх шив дээ. “Онгоцоор ниссэн” гэх тухайд Амундра нарын зугаалга дээр л таарсан гэж дуулдаж байна. Бас тэр хүү ч өөрийн гэх бизнестэй юм гэв үү. Хэрвээ ийм зүйлүүд болсон гэвэл шалгаад л, үнэн мөнийг нь тогтоочихно шүү дээ. АТГ нь шалгаж тогтоох биз.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Улс төрд нэг муухай жишиг тогтоод байна. Аливаа асуудал болохоор гэр бүл рүү нь, эргэн тойрных нь хүмүүс рүү ордог байж болохгүй. Ерөнхий сайд арван сая төгрөгийн цалинтай, бүх юмыг нь улс дааж байхад хэдэн юм байх байлгүй дээ” гэж хэлсэн.
Судлаачид ч “Жагсаал цуглааныг том төсөл эхлүүлэхийг эсэргүүцсэн шалтгаанаар зохион байгуулсан” гэж таамаглаж байгаагаа илэрхийлнэ лээ. Ингэж хардах болсон шалтгаан нь нөгөө түрүүний жагсаал цуглаан хийгээд байсан хүмүүс ихэд идэвхтэй оролцож байгааг харснаас үүдэлтэй байх аа.
Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэл “Төрийн өндөр албан тушаалтан бол орлогоо нотлох ёстой. Ерөнхий сайд өөрийн биеэр тайлбараа өгөх байх. Хөрөнгө хураах хуулийг Оюун-Эрдэнэ өөрөө дэмжиж байгаа” гэж хэлсэн. Тэгэхлээр өөрөө хулгайлчихаад л маниусыгаа “хулгай хийвэл шоронд хийнэ” гээд суухгүй байлгүй дээ.
Уг нь Л.Оюун-Эрдэнэ хулгай хийхээргүй, олон жил шалгуулсан баймаар. АТГ нь олон жил шалгасан баймаар юм. Хулгай хийж байна гээд цагдаа, тагнуул нь шалгадаггүй байсан юм уу гэж харагдана.
Ер нь том албан тушаал хашиж байхад хулгай хийнэ гэж байдаггүй юм шүү дээ. Энэ олон жилд тийм практик бидэнд ерөөсөө тохиолдож байгаагүй. Том дарга болохынхоо өмнө л юм хийсэн байдаг даа. Л.Оюун-Эрдэнийн хувьд бол тийм бололцоо нөхцөл ч байгаагүйг түмэн мэднэ. Бодоод үз дээ, яг Ерөнхий сайд байхдаа хулгай хийсэн тохиолдол байна уу гээд. Бүхний нүдэн дээр л бүх ажил нь ил өрнөж байдаг.
Хэрэвзээ талбай дээр жагсагчдын яриад байгаа шиг тийм их хэмжээний мөнгө гаргасан байдаг юм бол яаж ч байсан мэдэгдэхээр. За энэ ч яах вэ, энийг ингээд орхиё. Яваандаа хийсэн хэрэг байвал илрэх байлгүй. Хийсэн, хэлсэн үгийг нь эргээд бодож байхад яасан ч бидний бодоод байгаа шиг хулгай хийх хүн биш л дээ.
Уул нь монголчууд бид “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Дараа нь Эрдэнэбүрэн, Туулын хурдны зам эхэлнэ гээд, томоохон ажил эхэлж байхад баярлаж байх учиртай юмсан.
Гэтэл тэрний оронд хэн нэгнийг идсэн уусан гээд, үнэн худал нь мэдэгдэхгүй дэмий юмаар эхлүүлж буй ажлаа гутааж байна. Улс төр гэдэг нь энэ юм л даа. Албан тушаал горьдсон, өс хонзон авах гэсэн улсуудын бохир үйл ажиллагаа ийм байдаг л даа.
Засгийн газар солигдоод Монгол Улс хожиж байсан удаа нэг ч үгүй гэдгийг баттай мэдэж байна. Тиймээс ч би Засгийн газар огцрохын эсрэг байдаг. Засаг огцорлоо гээд ард түмэн хождоггүй, хохирдог юм.
Бид үнэндээ энэ бүтээн байгуулалтыг эхлүүллээ гээд баяр ёслолын арга хэмжээ л хийх ёстой байсан. Одоо дараа дараагийнхдаа анхаарах хэрэгтэйг хэлье.
“Том төсөл том эрсдэл дагуулдаг” гэдэг үнэн юм аа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Том төсөл хөдөлгөнө гэдэг том эрх ашгийг хөнддөг бөгөөд том сорилтуудыг даван гарна гэсэн үг” гэж хэлсэн бол Шадар сайд Т.Доржханд “Гашуунсухайттай холбоотой шийдвэр болгон дээр эсэргүүцэл гардаг” гэж онцолно лээ. Нэгийг хэлээд байгаа биз.
Засгийн газраас дээрх бүтээн байгуулалтын нээлтийн өмнөхөн “Энержи ресурс”-ийн хоёр боть эмхэтгэлийг гишүүд, сэтгүүлчдэд тараасанд MSC-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал дургүйцсэн юм гэнэ лээ… гэж хүртэл ярилцацгааж байна.
Жагсаал цуглаан хийх бол байдаг л зүйл. Энэ бол эрүүл үзэгдэл, харин маш том төсөл эхэлж байхад тэрийг нь мартагдтал улстөржих бол одоо бидний л зан юм байх даа. Өөр оронд мөнгөтэй болох нь байна гэж баярлах байтал бид Ерөнхий сайдынхаа нас биед хүрсэн хүүхдийнх нь тухай ингэтлээ улайрах нь байгаа оноогүй, дээрээс нь цагаа олсонгүй үйл явдал байлаа.
“Улс төрөө даавал улс төр хий” гэж улстөрчид ярьдаг. Үнэхээр үнэн үг аж. Монголд юм хийх хүн улс төрийг нь даах мөн ч хэцүү эд байдаг юм байна аа.
Д.ЭРДЭНЭТУЯА





Морингийн даваа чиглэлийн наадамчдын гудамжийг маргаашнаас түр хаана
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Залуус-I орон сууцны хорооллын гаднах дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Морингийн даваа ч...
4 цагийн дараа
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн-2025” эхэллээ
“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн 11 дэхь жилдээ Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдаж ...
3 цагийн дараа
Багш Ц.Намуун: Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна
Физикийн багш Ц.Намуунтай Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шударга явагддаггүй болон энэ нь багш нарт дарамт болж байгаа талаар ярилцлаа...
3 цагийн дараа
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг...
3 цагийн дараа
“Гэгээн муза-18” наадамд нэр дэвшигчид
“Гэгээн муза 18” наадмын шилдгүүд тавдугаар сарын 24-ны бямба гарагт тодорно. Ингээд тус наадамд өрсөлдөх театрууд боло...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд