мэдээ
З.Пунсалдулам: Гадаа худалдаа хийлгэхгүй гэж өдөр бүр цагдаа нараар дарамтлуулдаг ийм дарангуйлагч төрийг анх удаа үзлээ

Админ
2025 оны 5 сарын 16

41

ТҮЦ ажиллуулж амьдралын эх үүсвэрээ олдог байсан иргэн З.Пунсалдулам аргагүйн эрхэнд гудамжинд задгай наймаа эрхэлж байгаа аж. Гэвч цагдаа нар гадаа худалдаа хийлгэхгүй хэмээн хөөн дарамталж буй талаар түүнтэй ярилцлаа.
-ТҮЦ ачсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Одоо нөхцөл байдал ямархуу байна вэ?
-Миний хувьд дөрөв дүгээр сарын 10-ны өдөр Багшийн дээдийн автобусны буудлын байршил дээрээс цагдаагийн бүчлэлтээр ТҮЦ-ээ ачуулсан. Түүнээс хойш нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ч орлогогүй байсан учраас бусад өр шир, байрны түрээс, ус, дулааны мөнгөө төлж чадсангүй. Гэртээ зүгээр сууж байгаад өлбөрч үхэлтэй нь биш гэж бодоод өчигдрөөс задгай талбайд бараагаа зарж эхэлсэн. Гэтэл дахиад цагдаа нар ирээд хөөсөн. Цагдаа нар “Та нарыг гадаа наймаа хийлгүүлж болохгүй гэж дээрээс үүрэг өгсөн” гэж хэлсэн.
Одоо удахгүй дахиад ирэх л байх. Энэ төр иргэдээ яаж амьдар гээд байгаа юм. Ядаж нэг автобусны буудал дээр хоёр, хоёр ТҮЦ үлдээж болох л байсан. Улаанбаатар хотын хэмжээнд 1400 гаруй ТҮЦ ачлаа гээд бахархаад байх юм. Иргэдээ хоолноос нь салгачихаад өөрөөрөө бахархдаг төр болон эрх бүхий албан тушаалтныг анх удаа харлаа. Яг үнэндээ 1400 гаруй айл өрхийг хоолноос нь салгасан гэмт хэрэг үйлдсэн шүү дээ. Хамгийн гол нь биднийг юугаараа хоногийн хоолоо залгуулна гэж бодоод ийм захирамж гаргасан юм бол, энэ хотын дарга. Энэ захирамж болон иргэдийнхээ амьдрал хоёрын авцалдааг эргэж хармаар байна. Би Багшийн дээдийн энд 30 жил ТҮЦ ажиллуулсан хүн. Миний амьдралыг ингэж орвонгоор нь эргүүлсэн Х.Нямбаатарт гомдохын дээдээр гомдож байна. Энэ олон жил өнгөрөхөд хэзээ ч ийм хотын даргатай таарч байсангүй. Иргэдээ дайсан, гэмт хэрэгтэн мэтээр үзэж, харьцдаг ийм дарангуйлагч төр, Засгийн газар байдаг юм уу.
-Та үүнийг дарангуйлал гэж үзэж байна уу?
-Энэ бол жинхэнэ дарангуйлал мөнөөсөө мөн. Ийм харгис, хэрцгий улстөрчид дунд амьдарч байгаадаа үнэхээр гутарч байна. Би 60 наслахдаа ийм дарангуйллыг үзээгүй. Сарын өмнө л үзлээ. Одоо бүр айл өрхүүд хашаандаа юу тарихыг нь хүртэл зааж байна. Хувь хүний хөрөнгийг дур мэдэн төрийн эзэмшилд орууллаа. Мөн хувь хүний эзэмшлийн өргөтгөл, барилгыг хүчээр нурааж байна. Ер нь нураая, сүйтгэе, хүч хэрэглэе гэхээс өөр хийж чадаж байгаа зүйл байна уу. Иргэн баян бол улс баян. Гэтэл өнөөдөр манай төр өөрийн гараар иргэдийнхээ амьдралыг гудамжинд гаргалаа. ТҮЦ ямар ч эрүүл ахуйн стандарт байдаггүй гээд л буруутгаад байдаг. Тэгвэл ТҮЦ, эсвэл шууд гудамжинд задгай наймаа хийх хоёрын аль нь дээр вэ. ТҮЦ шүү дээ. Одоо энд, тэндгүй хүмүүс гудамжинд суугаад наймаа хийж байна. Өлбөрч үхэх гүйн төлөө шороон дунд ч хамаагүй сууж байна шүү дээ. Гэтэл цагдаа нар биднийг хаана ч суулгахгүй, гишгүүлэхгүй гээд хөөгөөд байдаг. Уг нь төрийн цагдаа иргэдээ хамгаалах үүрэгтэй. Гэтэл манай цагдаа нар энэ чиг үүргийнхээ эсрэг ажилладаг.
-Таныг цагдаа нар өдөрт хэдэн удаа хөөсөн бэ?
-Би өчигдөр өглөө гарч ирэхэд гурван цагдаа ирээд өдөржин хөөсөн. Тэгэхээр нь “Би хаашаа ч явж чадахгүй ээ. Бараанууд эхнээсээ хугацаа нь дууслаа. Үүнийг л зарж би хоногийн хоолтойгоо залгаж, өр ширээ бага ч гэсэн төлнө” гэж үнэнээ хэлсэн.
-Харин цагдаа нар юу гэж хэлсэн бэ?
-Битүү камер байгаа учраас та эндээс явахгүй бол бидэнд хариуцлага тооцно, яв гэж хөөсөн. Уг нь Х.Нямбаатар Хууль зүйн яамны сайд байхаа больсон, хотын дарга болсон биз дээ. Гэтэл яагаад Х.Нямбаатар Хууль зүйн яамны сайд О.Алтангэрэлийн ажлыг булааж хийгээд байгаа юм бэ. Яагаад Х.Нямбаатар цагдаа нарыг дарамталж иргэдээ алхсан газар бүрт хянаж, цагдаж, хөөлгөөд байна вэ. Цагдаагийн байгууллага Хууль зүйн яаманд захирагддаг. Мөн хотын даргад Цагдаагийн байгууллага ямар ч хамаа байхгүй. Гэтэл Х.Нямбаатар зургаан дүүргийн цагдаагийн байгууллагыг бүрэн бүрэл дэхүүнээр нь хөдөлгөж байна шүү дээ.
-Та нарт өөр газарт наймаа хийх боломж бүрдүүлж өгнө гэж хэлсэн үү?
-Х.Нямбаатар биднийг Нарантуул, Хархорин зах дээр наймаа хийх боломжоор хангаж, нэг жилийн түрээсийг төлж өгнө гээд хулдаа яриад байгаа юм. Бүр шал худлаа ярьсан байгаа юм. Бид шалгаж үзье гээд Нарантуул, Хархорин зах дээр очиж үзсэн. Та нарыг суулгах лангуу битгий хэл бид өөрсдөө лангууны дутагдалтай, хэрүүл маргаантай, гадаа гудамжинд бараагаа зарж байна гэж хэлсэн. Дандаа худлаа ярина. Ард иргэдийнхээ төлөө хийж, бүтээж байгаа зүйл нэг ч алга. Хамгийн эмгэнэлтэй нь иргэдээсээ ямар ч санал, хүсэлт хүлээж авдаггүй. Ядаж сонсох ажиллагаа явагдах ёстой шүү дээ. ТҮЦ эрхлэгчдийг ингэж дорд үзэж байгаа явдлын цаана ямар нэгэн эрх ашгийн зөрчил байгаа. Иргэн хүнийхээ хувьд би харддаг. Үүний цаана заавал нэг эрх ашиг бий. Энэ олон ТҮЦ-ийг нурааж, сөнөөснөөрөө Х.Нямбаатарт ямар ашигтай юм бэ. Би хар ухаанаар бодоход л сэжигтэй байгаа юм. Удахгүй СU, GS25-ын жижгэрүүлсэн ТҮЦ шиг хэлбэртэй худалдааны дэлгүүрүүд тавигдана гэж яригдаад байгаа. Гэхдээ яг хэдэн сард тавигдахыг нь мэдэхгүй байна.
-Гадаа гудамжинд наймаа хийхэд бие засах гэх мэтчилэн бэрхшээл байна уу?
-Одоо шууд гудамжинд задгай бараа зардаг болсон болохоор бие засахад бүр хэцүү байна. Өмнө нь ТҮЦ-ээ цоожилчихоод л бие засахаар явдаг байлаа. Одоо бол тэсэж байгаад өдөрт хоёр удаа л бие засдаг.
Өмнө нь би боломжоороо хоёр зээдээ 2000-5000 төгрөгийн хооронд идэх юм аваад гэртээ ордог байлаа. Сүүлийн нэг сарын хугацаанд юу ч өгч чадсангүй. Миний хоёр зээ ч “Яах юм бэ эмээ” гэдэг болсон. Ийм өрөвдөлтэй байдалд ортол нь төр миний хүүхдүүдийг хүчирхийлж байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам





Морингийн даваа чиглэлийн наадамчдын гудамжийг маргаашнаас түр хаана
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Залуус-I орон сууцны хорооллын гаднах дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Морингийн даваа ч...
4 цагийн дараа
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн-2025” эхэллээ
“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн 11 дэхь жилдээ Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдаж ...
4 цагийн дараа
Багш Ц.Намуун: Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна
Физикийн багш Ц.Намуунтай Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шударга явагддаггүй болон энэ нь багш нарт дарамт болж байгаа талаар ярилцлаа...
4 цагийн дараа
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг...
3 цагийн дараа
“Гэгээн муза-18” наадамд нэр дэвшигчид
“Гэгээн муза 18” наадмын шилдгүүд тавдугаар сарын 24-ны бямба гарагт тодорно. Ингээд тус наадамд өрсөлдөх театрууд боло...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд