Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Багш Ц.Намуун: Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна

trend

Админ

img

2025 оны 5 сарын 16

img

56

news-img

Физикийн багш Ц.Намуунтай Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шударга явагддаггүй болон энэ нь багш нарт дарамт болж байгаа талаар ярилцлаа.


-Та багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд ямар байр суурьтай байдаг вэ?

– Миний хувьд гүйцэтгэлийн үнэлгээ өгөх ангиа оруулчхаад сууж байна. Үнэндээ яамнаас зохион байгуулдаг шалгалт, семинар, гүйцэтгэлийн үнэлгээнүүд багш нарт зөвхөн дарамт болдог. Гүйцэтгэлийн үнэлгээ тавьснаараа тухайн багшийг чадваржуулна гэдэг. Хамгийн эмгэнэлтэй нь энэ үнэлгээнд чадвартай, мундаг багш нар нь орж чаддаггүй шүү дээ. Олон дотор аливаа зүйлийг аргацаадаг хүмүүс бий. Тэд сэргэлэн зан гаргаад хүүхдүүддээ хуулуулдаг, эсвэл танил талаараа яриулаад өндөр үнэлгээ авдаг. Ийм тохиолдлууд олон бий. Мөнчгөрөөрөө, өөрөөрөө яваа багшид үнэхээр хохиролтой, гомдолтой санагддаг. Мөн цаашаагаа энэ нь хүний амьдралын санхүүтэй холбоотой асуудал юм.

Би 6-12 дугаар ангид физикийн хичээл заадаг. Үүн дотроос долдугаар ангийн гурван бүлэгт ганцаараа хичээл ордог. Гэтэл сая намайг үнэлэхдээ юу ч хийдэггүй, зүгээр л ирцээ өгөөд явж байдаг ангиас сорил авч байгаа юм. Энэ шударга үнэлэлт, дүгнэлт болж чадах уу. Миний харж байгаагаар багш нарт гүйцэтгэлийн үнэлгээ хэзээ ч өгөхгүй. Харин ч эсрэгээрээ дарамтлах, шантаажлах хандлагатай ажил явагдаад байна. Яагаад багш өөрөө сонголт хийж болдоггүй юм. Бүх бурууг багшид тохох гэж байгаа юм шиг хагас жилийн хичээлийн гүйцэтгэл нь 30-40 хувьтай гарсан ангиас шалгалт авч байгаа юм. Манай сургуулийн гурван физикийн багшийг үнэлэхдээ хамгийн муу ангийг нь сонгоод маш муу үнэлгээ тавьдаг. Дээр нь шалгалт өгсөн ангийн сурагчид тухайн багшид дургүй бол асуудал хурцадна.

-Тэгэхээр сурагчид дургүй багшийгаа үнэлүүлэхдээ сорилоо албаар муу хийдэг гэсэн үг үү?

-Тийм ээ. Би ийм бохир явуулгын золиос болж байсан. Учир нь би шаардлага тавьдаг багш байхгүй юу. Сурагчид долоо хоног бүр үзсэн томьёогоо заавал цээжилсэн байх ёстой, хичээл бүрийн сүүлд таван минутын шалгалт авч ахицыг нь үнэлдэг. Ер нь би хичээл орж байх үедээ хүүхдүүдэд утас

үзүүлддэггүй, ярихыг хориглодог. Үг хэллэгт нь хүртэл анхаардаг юм. Гэтэл би сургуульдаа “Шулам” гэдэг нэртэй. Тийм болохоор шударга, чанга дүнгээ гаргадаг, ялангуяа байгалийн ухааны багш гүйцэтгэлийн үнэлгээ авахад үнэхээр хэцүү байдаг. Эцэг эхчүүд нь биднийг огт үнэлэхгүй. Миний хичээл ордог нэг анги гэрийн даалгавар хийгээгүй гэж намайг загнадаг гэх шалтгаанаар бүгд шалгалтаа албаар муу өгч байсан. Тухайн сорилын зөв хариултыг мэдэж байсан ч буруу хариултыг нь албаар дугуйлдаг байхгүй юу. Ийм шударга бус явуулгын хариуцлагыг зөвхөн багш хүлээдэг. Бүх муу нэрийг багш л үүрдэг. Яагаад багш хүн хийгээгүй хэргийнхээ хариуцлагыг үүрэх ёстой юм бэ.

-Энэ бүх дарамт ажилдаа хандах хандлагад тань нөлөөлдөг үү?

-Цаашдаа багшаар ажиллах итгэл, урам зориггүй болж байна. Хаврын шалгалтуудын хажуугаар багш нарт дарамт болж байгаа юм шиг гүйцэтгэлийн үнэлгээ тавьдаг. Үүнд нь бид маш их стресстдэг. Манай хоёр багш гэхэд нойргүйдэлд ороод одоог хүртэл унтаж чадахгүй байгаа. Бид хагас жил тутам өөрийн биеэр заавал тайлан тавьдаг. Уг нь жилийн эцэст нь бүгдийг нь базаад Заах аргын нэгдлийн дарга тавьдаг байсан юм. Гэтэл одоо багш бүр тайлан тавина гэж дарамталдаг. Принтер, бичгийн цаас хоёр л багш нарын ажил болж байна даа. Хэрвээ үүнийг хаяад хичээлээ ороод явчихвал хоолноосоо сална. Мөн сурагчид зодоон хийвэл бүгд багшийн буруу болно. Тухайн сурагчтайгаа ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар бидэнд хариуцлага тооцдог. Багш хүүхэд нэг бүрийг нүдний цөцгий мэт хараад, хянаад байж чадахгүй шүү дээ. Энэ бол боломжгүй. Одоо анги дааж удирдах багш олдохоо байсан. Би 13 жил физикийн хичээл зааж байгаа. Анхны жилдээ болон 13 дахь жилдээ багшаар ажиллаж байгаа хоёр хүн хоорондоо асар ялгаатай. Арга зүй гэдэг зүйлийг 13 жилийн хугацаанд өөрийн туршлага дээр тулгуурлаж бий болгосон. Мөн би өөрийн хэмжээндээ дүүрэг, нийслэлдээ чамлахааргүй амжилт гаргасан. Гэтэл энэ бүх хөдөлмөрөө юу биш юм шиг үнэлүүлж байна. Багш гэдэг зүгээр л самбар дээр шохой бариад зогсдог мэргэжил биш шүү дээ. Ар гэртээ, өөрийн хүүхдэдээ ч цаг гаргах боломжгүй ажилладаг. Гэтэл хичээл орох, хүүхдүүдтэйгээ тулж ажиллах цагаасаа хомслон байж янз бүрийн семинар, сургалт, гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан бэлтгэж байна. Ингэж багш нараа дарамтлахаа болиоч ээ. Одоо үнэхээр багшаар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун хүн нэг ч байхгүй болсон. Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна.

-Энэхүү дарамтуудаас болж манай улс багшлах боловсон хүчний дутагдалд ч орж байна уу?

-Одоо ихэнх багш нар хувийн сургууль руу шилжсэн. Эсвэл хувиараа сургалтын төв нээгээд ажиллаж, амьдарч байгаа. Ядаж л дарамтгүй шүү дээ. Энэ гүйцэтгэлийн үнэлгээ хэзээ ч бодит үнэлгээ байгаагүй. Халуун тогоон дотроо юу болдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хүүхэд бүр байгалийн ухааны хичээлийг сонирхдоггүй. Нэг ангиас гурван хүүхэд л математик, физикийн хичээлийг ойлгодог. Ихэнх сурагчид л хими, физикийн хичээлээс илүү багшид нь дургүй байдаг. Би дахин хэлье, байгалийн ухааны багш сайн гүйцэтгэлийн үнэлгээ авна гэж хэзээ ч байхгүй. Бүх нөхцөл байдлыг багш нарынхаа эсрэг тааруулдаг. Бид яаж ажиллавал ойлгох юм бол, бүү мэд. Сүүлдээ би буянаараа болог гээд орхисон. Багш сурагчдадаа ямар хичээл заах ёстой юм, түүнийгээ сайн заахад л болно шүү дээ. Янз бүрийн аргаар хэдэн төгрөг авах гэж оролдох юм. Сүүлдээ арай боломжийн амьдралтай эцэг эхчүүд хүртэл багш нарыг дорд үзсэн өнгөөр харж, харьцдаг. Энэ бүгдийн үр дүнд багш нар өөрсдийн гол үүргээ мартсан. Хэдэн төгрөг илүү авахын төлөө ямар ч утга учиргүй сургалт, семинар, гүйцэтгэлийн үнэлгээг нь янз бүрийн аргаар таглах гэж оролдоно. Сүүлдээ үнэхээр багшлах ямар ч сонирхолгүй болж байна. Эцсийн эцэст шавь нь багшаа үнэлдэг ийм утгагүй систем дэлхийн хаана ч байхгүй.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Морингийн даваа чиглэлийн наадамчдын гудамжийг маргаашнаас түр хаана

Хан-Уул дүүргийн 10-р хороо, Залуус-I орон сууцны хорооллын гаднах дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Морингийн даваа ч...

img

4 минутын дараа

“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн-2025” эхэллээ

“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн 11 дэхь жилдээ Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдаж ...

img

22 минутын өмнө

Багш Ц.Намуун: Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна

Физикийн багш Ц.Намуунтай Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шударга явагддаггүй болон энэ нь багш нарт дарамт болж байгаа талаар ярилцлаа...

img

24 минутын өмнө

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг...

img

1 цагийн өмнө

“Гэгээн муза-18” наадамд нэр дэвшигчид

 “Гэгээн муза 18” наадмын шилдгүүд тавдугаар сарын 24-ны бямба гарагт тодорно. Ингээд тус наадамд өрсөлдөх театрууд боло...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд