Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Б.Шүүдэрцэцэг: Номын баяр бол зүгээр л нэг худалдаа биш. Үндэсний уран зохиолоо түгээдэг, сурталчилдаг гэгээлэг төдийгүй оюун санааны баяр юм

trend

Админ

img

2025 оны 5 сарын 16

img

52

news-img

Өнөөдрөөс эхлэн ням гаригийг дуустал Д.Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр болно. Үүнтэй холбогдуулан МУСГЗ, зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа.


-Та уран бүтээлийн сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Би томоохон зохиол бичээгүй удаж байна. Шинэ бүтээл гэвэл өнгөрсөн онд болсон Эх дагина Дондовдулам хатны 150 насны ойд зориулан “Эх дагины түүх” зурагт номыг зураач Б.Гэрэлцэцэгтэй хамтран хийж хэвлүүллээ. Түүний хүү Маргад-Эрдэнэ хавтасны зургийг нь компьютерээр зурсан. Гараар зурсан зурагтай учир нэлээд удчихлаа. Монгол хүүхдүүдэд зориулсан монгол зохиол, тэр дундаа эх түүхээ таниулах монгол ном бараг л алга. Энэ номоос бяцхан уншигчид маань Монголын сүүлчийн эзэн хаан хэн байв, төрийн хатан нь хэн байв гэдгийг мэдэж аваасай. Ингээд уншигчдынхаа хүсэлтээр гурав дахь удаагаа зурагт түүхийн ном хийсэн нь энэ юм.

Өмнө нь “Ану хатан”, “Хотулун гүнж” гэсэн зурагт номууд хийсэн. Бас “Орфей” театртай хамтраад энэ намартаа багтаж шинэ жүжиг тавина. Аль романаараа жүжиг тавихаа зарлах хараахан болоогүй байгаа. Түүнчлэн “shuudertsetseg.b” гэх “You­tube” сувагтаа “Гайхамшигт монгол хатад” гэсэн подкаст хийж байгаа.

-Таныг ОХУ-ын Эрхүү хотын их сургууль болон МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, оюутан ахуй цагаасаа тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд ажиллаж эхэлсэн гэдэг. Та сонины аль албанд ажиллаж байсан бэ?

-Надад бол гоё асуулт байна. Би Эрхүү хотын их сургуулиас МУИС-д шилжиж ирээд гуравдугаар дамжаанд байхдаа “Ардын эрх” сониныг Төрийн ордонд байхад уртын дадлагаа хийгээд тэндээ үлдэж байлаа.

Ажилд орж байгаа сэтгүүлчдийг гурван сар туршилтаар явуулдаг байсан мөртлөө намайг үлдээснийг бодоход их тоогдсон юм байлгүй дээ. Эдийн засгийн хэлтэст ажиллаж байхад манай хэлтсийн дарга УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин байсан. Манай сонинд Э.Сонинтогос, Н.Тунгалаг, Л.Одонтуяа гээд хэдхэн эмэгтэй сэтгүүлч ажиллаж байсан. Тэр үедээ хамгийн залуу эмэгтэй сэтгүүлчид нь Цоодолын Хулан бид хоёр байлаа. Өглөөний шуурхай дээр хүн бүхэн гурван шинэ мэдээ хэлэх ётой. Ганц үсгийн алдаа гаргавал шагналаа хасуулдаг гээд л ёстой “шүүслүүлдэгсэн”. Нэг удаагийн шуурхай дээр Ц.Хулан хажуугаас нудраад баахан инээдтэй юм яриад, харин би Ц.Балдорж эрхлэгчид загнуулахаас айгаад инээж болдоггүй тэсэх гэж их л зовж билээ. Сонинд ажилласан тэр он жилүүдэд их юм сурч, хамгийн гоё дурсамж үлдсэн дээ.

-Та яагаад ном зохиол бичье гэж шийдсэн юм бэ. Багаасаа энэ талаар боддог байв уу. Эсвэл гэнэтийн шийдвэр байв уу?

-Айхтар гэнэтийн шийдвэр биш ч гэсэн яг үнэндээ би зохиолч болно, анхны номоо өлгийдөн авахдаа нээлт хийнэ гэх мэт юм хэзээ ч мөрөөдөж байсангүй. Би жаахнаасаа л их сайн уншигч байсан. Багадаа шовгор оройт Хүүхдийн номын сан, дараа нь Сталины нэрэмжит Төв номын сангийн байнгын уншигч байлаа. “Каллистогариг”, “Геная” гэх мэт уран зөгнөлт ном уншаад, сансрын нисгэгч болохсон гэж мөрөөдөж явснаа арай том болоод “Консуэло”, “Керриэгч”, “Америкийн эмгэнэлт явдал” гэх мэтийг уншиж том эдлэн газартай байх гоё юм аа гэхчлэн байнгын номоор амьсгалсан охин байлаа. Зөвлөлтөд сэтгүүлчээр сурч байхад сэтгүүлч гэх хос мэргэжлээр сургадаг, дэлхийн уран зохиолыг эртний Египетийн хаосын домог, эртний Грекийн уран зохиолоос эхлэн заалгаж байсан нь надад бичих сайн суурь болсон. Ханьтайгаа хамт чөлөөт сонин эрхэлж байхдаа сониндоо оруулах цуврал зохиолоо өөрөө бичихээр шийдсэн нь “Хулан” тууж. Захиалагчид “Энэ зохиолоо ном болгон хэвлээч” гэж баахан хүсэлт ирүүлээд 2003 онд эргэлзээ тээнэгэлзээн дунд 1000 ширхэг номоо хэвлүүлж өдөрт нь 128 ширхэгийг зарж хэвлэлтийн зардлынхаа ихэнхийг олж байлаа. Тэр үед УИХ-ын гишүүн асан, яруу найрагч Г.Мөнхцэцэг маань хэвлэх үйлдвэрийн гүйцэтгэх захирал байсан болохоор номыг минь анх зээлээр хэвлэж өгсөн. Бас нэг мөсөн 1000 ширхэг хэвлэвэл хямд болно гэж зөвлөсөн нь тэр. Ингэж л уран зохиолд өөрийн мэдэлгүй орсон доо.

-Өнөөдрийг хүртэл хэдэн номын ард гарсан байна вэ. Бичихэд хамгийн их хугацаа шаардсан номоо нэрлэвэл?

-Тууж, өгүүллэгийн түүврүүд, сонсдог номууд, романууд гээд нэлээн олон номтой. 2010 онд хэвлүүлсэн “Домогт Ану хатан” хэмээх анхны романаасаа хойш долоон роман бичсэн байна. Хамгийн удаан бичсэн нь 2011 онд эхлээд 2018 онд хэвлүүлсэн Айлдал энэрлийн дээд, Ачлалт Ялгуусан эх дагина Дондовдулам хатны намтар роман болох “Хүйлэн огторгуйн заадас” байна даа. Долоон жил судалж, эхний 100 хуудас бичсэнээ устгаж, Дондовдулам хатны төрсөн нутгаар нь хөндлөн гулд явж байж бичсэн роман.

-Та Дондовдулам хатан гэлээ. Дондогдулам хатан гэдгээр нь хүмүүс мэддэг шүү дээ?

-Социализмын үед нэг дураараа түүхч нэрийг нь буруу бичээд тэр чигтээ хэвшсэн юм байна лээ. Соёрхол өргөмжлөлдөө Дондовдулам гэж байдаг. Дондовдулам гэдэг нь сахилын нэр нь юм. Багын нэрийг нь Дунгаамаа гэдэг.

-Та “Хагацашгүй” романаа бодит явдлаас сэдэвлэн бичсэн гэдэг. Эрхүүд сурч байх үед тань танилцсан найзын тань эмээгийн түүхээс “Сүнжидмаа”-гийн дүрийг гаргасан гэдэг. Номоо яагаад тийн нэрийдэх болов. Та тэрхүү зохиолоороо кино бүтээх тухай хэдэн жилийн өмнө ярьж байсан?

-Тийм ээ. Эрхүүд манай орос группт байсан Лена гэдэг охины эмээ нь 1937 оны хядлагаар Зөвлөлтөд ачигдсан эр нөхрөө хайж очоод тэндээ үлдэж, орос хүнтэй суусан юм гэсэн. Тэр үед би дөнгөж 19 настай байсан. Хэлмэгдэл гэж ямар аймшигтай явдал болсныг огт мэддэггүй, хожим зохиолч болно гэж зүүдлээ ч үгүй явсан болохоор Ленагаас эмээгийнх нь түүхийг цааш яриулаагүйдээ их харамсдаг. Социализмын үед үнэн түүхийг хэн ч ярьдаггүй, бичдэггүй байсан болохоор хэлмэгдэл, их хядлагын тухай ч олигтой ойлголт байсангүй. Номын нэрийг хань маань олж өгсөн. Нөхөр маань “Манай зохиолчид уянгын нэр зохиолдоо өгөх юм. Энгийн мөртлөө бүр нэг мартагдахааргүй, эсвэл ядаж ганц үгээс бүтсэн нэр олооч” гэхээр нь, би “Чи тэгвэл энэ зохиолд нэр олж өг” гэсэн юм. Тэгсэн хань маань, наадах чинь зүрхэнд мөнх хайрын түүх юм байна, “Хагацашгүй” гэвэл ямар вэ гэхээр нь шууд хэлснээр нь нэрлэчихсэн. Киноны тухайд ОХУ болон Монголд кино зураг авах асар их зардалтай. Тэр төсвийг босгож чадаагүй ээ. Кино урлагийг дэмжих санд ноднин төслөө өгсөн боловч шууд хасагдсан байсан.

-Та өөрийнхөө ном зохиолуудын бичиглэлийн хэв маяг, сэдвийн сонголтыг хэрхэн тодорхойлох вэ. Таны зохиол бүтээлүүдийг орчин үеийн монгол хүний дүр төрх, хүсэл мөрөөдлийг тусгаж байсан бол сүүлийн үеийн бүтээлүүддээ Монголын түүхэн хатдын сэдвийг хөндөх болсон гэдэг?

-Зохиол болгоноо бичихийн тулд маш их судалгаа хийдэг. Бас бичих хэл буюу хэл найруулгыг ямар байлгах вэ гэдгээ их боддог. Жишээ нь “Үүлэн хээтэй орчлон” романд 1900-гаад оны эхэн үеийн тухай өгүүлдэг учир сонгодог монгол бичгийн найруулгаар бичсэн бол, “Хүйлэн огторгуйн заадас” романыг ХХ зууны эхэн үеийн монголчуудын хууч ярианы маягаар найруулсан.

-Та ном зохиол бичихээс гадна гадаадын номуудыг эрхлэн хэвлүүлдэг. Жишээ нь “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” ном. Та хэчнээн номыг ийнхүү эрхлэн хэвлүүлсэн бэ?

-Намайг багад “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” хэвлэгдэж байсан. Энэ ном надад их сонирхолтой санагдаж байсан юм. Тэр ч утгаараа он жил өнгөрсөн ч мартагдалгүй үлдсэн номуудын нэг. Хожим тэр хэвлэлийг нь олж үзэхэд, их хүнд найруулгатай, яг “Үнэн” сонины хэл шиг санагдсан. Тиймээс том охин Б.Аминадаа хэлж англи хэлнээс орчуулуулсан юм. Охиныхоо орчуулсныг би хянан найруулж орчин цагийн нэр томьёогоор, өнөө цагийн хүүхдүүдэд уншууртай байлгах гэж хичээсэн. Сүүлд манай бага охин Б.Анхилмаа миний өөрт нь бэлэглэсэн “Virjinia Woolf”-ын өгүүллэгийн түүврийг сайн дураараа орчуулаад “Гүн ахайтан ба инжаан” гэж ном болгосныг нь хэвлүүлсэн. Бас англи хэлтний алдарт эмэгтэй зохиолчдын Английн сонгодог уран зохиолын түүхэнд тодоос тод ул мөрөө үлдээж чадсан Шарлотта Бронте, Эмили Бронте, Энн Бронте хэмээх эгч дүү гурван зохиолч бий. Тэдний зохиолуудаас сонгон Шарлотта Бронтегийн бичсэн “Жейн Эйр”-ийг эрхлэн гаргаж байлаа.

-Та орчин үеийн утга уран зохиолын чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?

-Уран зохиол ямар ч хайрцаг, изм-д баригдахгүй болжээ гэж харж байна. Жишээ нь, гурван жилийн өмнө Нобелийн шагнал хүртсэн зохиолч Анни Эрно зөвхөн өөрийнхөө намтрыг хэсэгчлэн бичдэг. Роман нь 100 хүрэхгүй хуудастай жижигхэн дурсамжууд. Манайхан агуу ихийн өвчтэй хүмүүс учир хэрэв Анни Эрно монгол эмэгтэй зохиолч байсан бол, “Уран зохиол хэзээ ийм байсан юм бэ”, “Анни Эрно ч гэх шиг…” гэх мэтийн шүүмжлэл бичиж бөөнөөрөө түүн рүү чулуу шидлэх байсан биз. Гэвч тэр хүний туулсан амьдралын түүх, зохиолчийн өнцөг нь сонирхолтой болж чадсан. Одоо хиймэл оюун ухаан бүтцийг нь гаргаад зохиол бичээд байгаа. Тэгэхээр хүний мэдрэмжийг л сайн хүүрнэж чадах хэрэгтэй гэж бодож байна.

-Номын дэлгүүрүүдийн долоо хоногийн бестселлер болсон номын нэрсийг харж байхад монгол ном тун цөөн харагддаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Их чухал асуулт байна. Хэдхэн жилийн өмнө бестселлерт монгол номууд ядаж талаас илүү нь байдаг байлаа. Гэтэл одоо голдуу гадаад ном байх болж. Гадаад хэлээр гарч байгаа шинэ, шилдэг номуудын эрхийг дор нь аваад хэвлүүлдэг газрууд олон болж байна. Монгол зохиолчдод бас тэднээс дутахгүй сайн бичих шаардлага тулгарч байна. Их юм бодож л байна.

-Одоо бичихээр төлөвлөж буй ном бий юу?

-Социализмын үеийн талаар жижигхэн ном бичих бодолтой байгаа. Энэ зохиолоо эхэлсэн ч гэсэн гацсан. Би 18 нас хүртлээ социалист нийгэмд амьдарсан учир тэр үеийн талаарх мэдлэг зохиол бичихэд багадах юм байна гэдгээ ойлгоод гэх үү дээ. Бас реалист түүхэн зургийн өнөө үеийн мастер Б.Хонгорзул найзынхаа Хүн гүрний сэдэвт томоохон бүтээл “Хүн гүрний үйлчид” уран зургаас сэдэвлэн зохиол бичих хорхой асаад яваад л байгаа. Залуу уншигчид надаас аймшгийн зохиол нэхдэг.

-Номын баяр өнөөдөр эхэлж байна. Таныхаар энэхүү баярын ач холбогдол юу вэ?

-Би энэ баярыг хориодхон оролцогчтой анх зохиогдож байсан үеэс эхлэн тасралтгүй оролцож ирлээ. Тэр үед идэвхтэй бичдэг зохиолч цөөхөн байсан. Өөрөө номоо хэвлээд номын яармагт талбай аваад оролцдог зохиолч нь би ганцаараа байсан бол яах вэ. Одоо уламжлал ёсоор бүтэн асар аваад оролцоно. Энэ дашрамд, “Шүүдэрцэцэг” асарт уншигчдаа урьж байна. Уншигчидтайгаа биечлэн уулздаг, санал бодлыг нь сонсдог амьд харилцаа үүсгэдэг баяр учраас их ач холбогдол өгч, асраа жил бүр өөр өөрөөр чимэглэж засна. Энэ бол зүгээр л ном зардаг худалдаа биш. Ном унших соёл, үндэсний уран зохиолоо түгээдэг, сурталчилдаг гэгээлэг төдийгүй оюун санааны баяр юм. Нээрээ, номын баярын өдрүүдэд асарт маань элэг нэгт өмнөд монгол хүү Сэнгээринчингийн бүтээл “Шалтав докторын гайхамшигт үлгэр” гэдэг номыг ээж Сарнай нь сууж зарна. Үсэрсэн цус, тасарсан мах Өмнөд монгол хүүгийн бүтээлийг авч дэмжээрэй.

-Та уншигчдад ном уншихын ач тусын талаар уриалахгүй юу?

-Уншдаг хүн сэтгэдэг. Уншдаг ард түмэн урагшилдаг. Та бүхэн Монгол зохиолчдынхоо бүтээлийг бас уншаарай. Монгол үндэсний оюун санааг тээгч нь монгол уран зохиол юм шүү гэдгийг хэлье.

Ө.АНХЗАЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Морингийн даваа чиглэлийн наадамчдын гудамжийг маргаашнаас түр хаана

Хан-Уул дүүргийн 10-р хороо, Залуус-I орон сууцны хорооллын гаднах дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Морингийн даваа ч...

img

4 цагийн дараа

“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн-2025” эхэллээ

“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн 11 дэхь жилдээ Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдаж ...

img

4 цагийн дараа

Багш Ц.Намуун: Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна

Физикийн багш Ц.Намуунтай Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шударга явагддаггүй болон энэ нь багш нарт дарамт болж байгаа талаар ярилцлаа...

img

4 цагийн дараа

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг...

img

3 цагийн дараа

“Гэгээн муза-18” наадамд нэр дэвшигчид

 “Гэгээн муза 18” наадмын шилдгүүд тавдугаар сарын 24-ны бямба гарагт тодорно. Ингээд тус наадамд өрсөлдөх театрууд боло...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд