мэдээ
Доктор Д.Ганбат: Коммунизмын үед “Төр мэднэ, нам шийднэ” гэдэг байсан. Ардчилал эсрэгээрээ иргэн сонголтоо хийдэг, амьдралын нөхцөлийг өөрөө бүрдүүлдэг зарчимтай

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 5 сарын 25

24

Улс төрийн боловсролын академийн УЗ-ийн дарга, доктор (Ph.D) Д.Ганбаттай ярилцлаа.
-Бид яагаад ардчилсан нийгэм байгуулж чадахгүй байна вэ. Ер нь Ардчилсан нийгэм гэж юуг ойлгох ёстой талаар ярилцлагаа эхэлье…?
-Монголын ардчилсан хувьсгалаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид олон зүйлийг өөрчилсөн ч үнэт зүйлсээ төлөвшүүлж, иргэний ардчилсан нийгмийг байгуулж чадсан уу гэх асуулт хариултгүй хэвээр байна.
Уг нь манай улс Үндсэн хуульдаа “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг хөгжүүлнэ” гэж тунхагласан. Гэвч энэ зорилгын агуулгыг бид өөрсдөө бүрэн ойлгож, хэрэгжүүлж чадаагүй байна. Намууд үүнийг мэдэхгүйдээ биш, харин мэдэж байгаа ч орхигдуулж ирсэн нь хамгийн эмгэнэлтэй нь юм. Ардчилсан нийгмийн гол цөм нь хувь хүн, иргэн өөрөө юм. Коммунизмын үед бол “төр мэднэ, нам шийднэ” гэдэг ойлголт байсан.
Харин ардчилал бол яг эсрэгээрээ иргэн өөрөө сонголтоо хийдэг, өөрийн амьдралын нөхцөлийг өөрөө бүрдүүлдэг зарчимтай. Гэтэл өнөөг хүртэл манай нийгэм энэ суурь ойлголт дээр гацсаар байна.
-Иргэд ардчиллыг хэр ойлгож байна вэ. Таны хувьд олон жил улс төрийн судалгаа, дүгнэлтүүд дээр ажилласан хүн шүү дээ…?
-Манай хийсэн судалгаагаар иргэдийн гуравны нэг нь л ардчиллыг ерөнхий ойлголтоор төсөөлдөг. Хоёр дахь гуравны нэг нь ардчиллыг хуучны социалист ойлголттой холин ойлгож байгаа бол, үлдсэн гуравны нэг нь ерөөсөө ойлголтгүй байна. Энэ нь Монголд ардчиллыг ойлгуулах боловсрол, үнэт зүйлсийн төлөвшил огт бодлогоор явагдаагүйг харуулж байна. Ардчиллыг зөвхөн сонгуулиар ойлгож, санал өгөхөөс цаашгүй гэж үздэг нь асуудлын нэг тал. Сонгуульд оролцох иргэдийн хувь жил ирэх тусам буурч байна. Орон нутгийн сонгуулиар бүр 50 хувьд ч хүрэхгүй оролцдог боллоо. Энэ бол нийгмийн итгэл үнэмшил доройтсоны том илрэл
-Хүний хэрэгцээ хангагдаагүй нийгэмд ардчилал цэцэглэхгүй гэдэг. Үүнтэй та санал нэг байна уу?
-Хүний хамгийн анхан шатны хэрэгцээ болох идэх уух, өмсөх зүүх, орон байртай байх зэрэг зүйл хангагдаагүй нөхцөлд хүн улс төрийн оролцоо, үзэл бодлын эрх чөлөө гэх мэт дээд түвшний хэрэгцээг эрэлхийлэхгүй. Хүн бол угтаа идэх хоолгүй байж үзэл бодлын чөлөө ярихгүй, гэр оронгүй байж Үндсэн хуулийн эрх эдлэхгүй. Бид нийгмээ доороос нь биш, зөвхөн дээрээс нь засах гэж оролдсоор байна. Энэ бидний том алдаа л даа.
-Мөн мэдлэггүй нийгэмд ардчилал тогтдоггүй гэдэг…?
-Ардчиллыг хамгаалдаг гол дархлаа бол мэдлэг, боловсрол юм. Иргэд худлаа амлалт өгч буй улстөрчдийг ялгаж таних чадвартай байх ёстой. Тэгж байж л улстөрчөөс шаардлага тавих, бодлогыг нь дүгнэх иргэний оролцоо бий болно. Гэтэл манай боловсролын систем 30 жилийн хугацаанд ардчиллын тухай мэдлэгийг бодлогын түвшинд төлөвшүүлж чадаагүй. Ардчилсан Нам ч, Ардын Нам ч хоёулаа энэ тал дээр түүхэн хариуцлага хүлээх ёстой. Иргэдийн боловсрол доройтвол улс төрч бүр боломж олж хардаг. Худлаа амлалт, сэтгэлийн доод түвшинд хүрсэн жижигхэн бэлэг, цай, гоймонгоор санал худалдаж авах гэсэн оролдлого амархан амжилтад хүрнэ. Ингэж ардчиллыг доромжилж, сонгуулийн тогтолцоог замбараагүй болгодог энэ сэтгэлгээ нийгмийн ёс суртахуунд ч заналхийлж байна.
-Институцийн сулрал Ардчиллын итгэл үнэмшлийг үгүй хийж байна гэж ойлгох уу?
-Хүмүүс ардчиллыг зөвхөн онол биш, бодит амьдрал дээр мэдрэхийг хүсдэг. Гэтэл ардчиллыг тээж явах ёстой институцүүд буюу парламент, засгийн газар, шүүх, цагдаа, татварын алба зэрэг нь өнөөдөр иргэдийн итгэлийг олж чадахгүй байна. Хүний эрхийг хамгаалах ёстой цагдаа, шүүх нь харин ч дарамтлагч болон хувирвал хүмүүсийн ардчилалд итгэх сэтгэл унтардаг. Энэ бол аюултай. Жишээ нь, төрийн алба өдгөө 300 мянга гаруй хүнийг тэжээж байна. 20 жилийн өмнө энэ тоо даруй хоёр дахин бага байсан. Ардчилал зах зээлийг дэмжиж, иргэний санаачилгыг эрх зүйгээр баталгаажуулж, оролцоог идэвхжүүлэх ёстой атал төрийн аппарат улам томорч, хувийн секторыг шахан дарамталж байна.
-Тэгвэл бид цаашдаа яах ёстой вэ. Яавал ардчилал бодитой хөгжиж, ардчиллын ойлголтууд зөв болох юм бэ. Бид өөрсдөөсөө эхлэх ёстой юу?
-Өнөөдөр залуу үе маань миллениалууд, Z үеийнхэн – ардчиллыг туулж биш, “үүсээд ирсэн” нөхцөл байдлаар л хүлээж авч байна. Энэ үед уламжлал, үзэл санаа, үнэт зүйлсийг бодлогоор дамжуулж ойлгуулах ёстой. Бусад улс орнууд жишээлбэл, Зүүн Европын орнууд Европын хуулийг шууд орчуулаад хэрэгжүүлсэн. Олон жил шүүмжлэлгүй хэрэгжүүлж байж, систем нь бэхэжсэн. Тэд ядаж л сураад, хууль тогтоогоод явсан.
Харин бид яаж байна гэдэг асуултад хариулт өгөх ёстой. Өнөөдөр улс төрийн нам гэдэг өөрөө ардчиллыг хамгаалах биш, ардчиллыг дарж буй бүтэц болон хувирчээ. Иргэний нийгэм хөгжихгүй, хүн боловсрохгүй бол ямар ч улс төрийн тогтолцоо ажиллахгүй. Тийм учраас “ардчилсан нийгмийг хөгжүүлнэ” гэдэг Үндсэн хуулийн заалтыг бодит амьдрал болгох, иргэн төвтэй, боловсролд суурилсан, институцээ хүндэлдэг, хариуцлагатай систем рүү бид яаралтай шилжих ёстой.
Э.МӨНХТҮВШИН





Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн “Жигэртэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 19 км-т/ өнөөдөр буюу 2025 оны тавду...
8 цагийн дараа
Жүдо бөхийн ДАШТ-нд оролцох тамирчид тодорчээ
Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгар...
7 цагийн дараа
Марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцжээ
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт боллоо. Өчигдөр 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг марафонд 41 улсын 30 мянга орчим и...
6 цагийн дараа
Нисэх хүчний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ нээлттэй өдөрлөг болж байна
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Нээлттэй өдөрлөг” нисэх хүчний үүсэл хөгжлийг харуулс...
5 цагийн дараа
Чуулган ирэх 7 хоногийн ажлын 5 өдөр хуралдана
УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гаригын /2025.05.23/ хуралдаанаар нийт есөн асуудлыг хэлэлцэх тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тан...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд