мэдээ
Профессор Ц.Одгэрэл: Эрүүл амьдралын хэв маяг нь цус өтгөрөлтөөс хамгийн сайн сэргийлэлт болдог

Админ
2025 оны 5 сарын 25

31

АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Цус судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Ц.Одгэрэлтэй цус өтгөрөлтийн талаар ярилцлаа.
-Цус өтгөрөлт гэж юу вэ?
-Хүний биеийн цус өтгөрөхөд нөлөөлөгч маш олон хүчин зүйл бий. Энэ нь бидний амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй гэж ойлгож болно. Жишээ нь, өдөр бүр утаат тамхи татах, хөдөлгөөн бага хийх, хэт их махан бүтээгдэхүүн хэрэглэсний үр дүнд хүний биед цус өтгөрөх үйл ажиллагаа явагддаг. Мөн муу өөх тосны хэт их хэрэглээ, чихрийн шижин, таргалалт, архаг үрэвсэлт өвчин гэх мэт тодорхой шалтгаануудын улмаас хүний биед цусны зуурамтгай чанар ихэсч, цусны урсгал удааширч, саатсанаас болж судас бөглөрөх, цусны бүлэгнэлт ихсэх, тархинд харвалт өгөх, зүрхэнд шигдээс үүсэх зэрэг ноцтой хүндрэлд хүргэдэг бүлэг эмгэгийг цус өтгөрөл гэдэг. Өөрөөр хэлбэл, цус өтгөрөхөд цусанд эргэлдэж байгаа цусны эсүүдийн тоо хэмжээ, цусны сийвэнд агуулагдаж буй уураг, эрдэс, усны харьцаа, судасны ханын бүрэн бүтэн байдал, тэр тусмаа түүний уян чанарт хүртэл шууд нөлөөлдөг.
-Цус нь өтгөрсөн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Цус өтгөрснөөс цусны урсгал саатах, судсанд бүлэн болон эсийн бөөгнөрөл үүсдэг. Аль эрхтэнд, ямар судсанд бөглөрөл үүсч, цусны урсгал саатаж байгаагаас хамаарч харилцан адилгүй шинжүүд илэрдэг. Нийтлэг шинж тэмдэг гэвэл толгой өвдөх, дүйнгэтэх, хөл гар бадайрч, мэдрэхүй өөрчлөгдөх, зүрхээр гэнэт хатгах, судас дагаж өвдөх гэх мэтчилэн шинж тэмдгүүд илэрч болно. Түүнээс гадна, эмчилгээ сэргийлэлт сайн хийгээгүйгээс үүдэн тархинд цус харвах, зүрхний бах, шигдээс үүсэх хүртэл амь насанд аюултай хүндрэл үүсгэж болдог эмгэг юм. Цус өтгөрнө гэхээр л амь наснаас холуур өвчин юм шиг ихэнх хүмүүст санагддаг байх. Гэвч хүмүүс цус нь өтгөрөхөд төдийлөн анхаарч арга хэмжээ аваагүйгээсээ болж тархины цус харвалтад маш их өртөж байна.
-Тэгвэл манай монголчуудын цус ихэвчлэн ямар шалтгаанаас болж өтгөрдөг вэ?
-Монголчуудад гэсэн өвөрмөц шалтгаан байхгүй. Дээр дурдсанчлан монголчуудын амьдралын буруу хэвшил цус өтгөрөхөд ихээхэн нөлөө үзүүлдэг. Бид далайн түвшнээс дээш буюу ойролцоогоор 1300-1500м өндөрт байрладаг. Үүнтэй холбоотойгоор Монголын баруун бүсэд амьдарч буй хүн амын цусны улаан эсийн тоо зүүн бүсэд амьдарч буй хүн амын улаан эсийн тоо хэмжээнээс их байдаг шүү дээ. Хүчилтөрөгчийн сийрэг байдал, архаг тамхидалт, агаарын бохирдол, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг нь хүчилтөрөгчийн архаг дутагдалд хүргэх тал ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, энэ нь эсийн шалтгаант цус өтгөрөлтөд хүргэдэг юм. Амбулаториор үзүүлж байгаа залуучуудын дунд таргалалт, тамхины шалтгаант цус өтгөрөлт нэлээдгүй тохиолддог. Энэ бол ирээдүйд цус өтгөрлийн сөрөг үр дагаврын тусгал эд явагдаж байгааг илэрхийлж байна шүү дээ. Хүний цус шууд өтгөрдөггүй. Маш олон амьдралын буруу хэв маягийн нийлэмжээс нэг цогц эмгэг болж гарч ирдэг.
Уушги, зүрхний архаг эмгэг бол хүчилтөрөгчийн дутагдлын шалтгаант цус өтгөрөлтөд хүргэх гол шалтгаан. Харин чихрийн шижин, бодисын солилцооны хямрал, тэр тусмаа өөх тосны солилцооны алдагдал, системийн архаг эмгэгүүдийн үед цусны сийвэнгийн өтгөрөлт үүсдэг. Энэ нь эд эрхтэнд цусан хангамжийн алдагдал, өвчин хүндрэх нөхцөл болдог. Амьдралын идэвхгүй хэв маяг, таргалалт, хөдөлгөөний хомсдол нь цусны урсгал удааширч эд эрхтэнд цусан хангамжийн алдагдал бий болоход хүргэдэг. Өмнө нь тайлбарласанчлан цус өтгөрснөөс цусны урсгал саатаж, эд эрхтний тэжээлийн алдагдал, үйл ажиллагааны дутагдал үүсэхээс эхлээд тархины харвалт, зүрхний бах, шигдээс үүсэх маш том сөрөг үр дагавартай гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Цус өтгөрөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Мэдээж энэ бол сэргийлж болох эмгэг гэдгээрээ онцлогтой. Мөн ихэнх нөлөөлөгч хүчин зүйлс нь зөвхөн тухайн хүнээс шалтгаалдаг. Сэргийлэлт нь маш энгийн юм. Амьдралын хэв маягаа өөрчлөхөөс бүх зүйл эхэлнэ. Хэрэв та тамхи татдаг бол нэн түрүүнд тамхиа хаях хэрэгтэй. Мөн илүүдэл жингээ хаяхын тулд аль болох идэвхтэй хөдөлгөөн хий. Даралт ихэсдэг бол даралтаа хяна, чихрийн шижинтэй бол сахар, өөх тосны үзүүлэлтээ хэвийн түвшинд байлгахыг хичээ. Архаг өвчтэй бол хэвтэн эмчлүүлэхээс илүүтэй, эмчийн хяналтад зааврын дагуу эмээ ууж, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх тал дээр мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Цус өтгөрөлтөд хүргэсэн шалтгаанаас хамаарч авах арга хэмжээ харилцан адилгүй. Хүмүүсийн хэлдгээр муу өөх тос ихэссэн бол түүнийг бууруулах эмийг эмчийн зөвлөсний дагуу ууж хэрэглээрэй. Зүрх судасны архаг эмгэгтэй бол аспирин болон цусны бүлэнг бууруулах үйлдэлтэй эмийг эмчийн зөвлөснөөр ууж, хэрэглэх шаардлагатай. Хамгийн гол нь амьдралын хэв маяг маш чухал.
А.ДАвААДулАм





Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн “Жигэртэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 19 км-т/ өнөөдөр буюу 2025 оны тавду...
7 цагийн дараа
Жүдо бөхийн ДАШТ-нд оролцох тамирчид тодорчээ
Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгар...
6 цагийн дараа
Марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцжээ
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт боллоо. Өчигдөр 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг марафонд 41 улсын 30 мянга орчим и...
5 цагийн дараа
Нисэх хүчний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ нээлттэй өдөрлөг болж байна
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Нээлттэй өдөрлөг” нисэх хүчний үүсэл хөгжлийг харуулс...
4 цагийн дараа
Чуулган ирэх 7 хоногийн ажлын 5 өдөр хуралдана
УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гаригын /2025.05.23/ хуралдаанаар нийт есөн асуудлыг хэлэлцэх тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тан...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд