мэдээ
Дүнжингаравын дэлбэрэлтийн хохирогч Д.Нарангарав: Түрээсийн байрны асуудлыг шийдэхгүй бол бид гудамжинд гарах сонголттой нүүр тулчихлаа

Админ
2025 оны 5 сарын 29

23

Дүнжингаравын уулзварт осол болоод жил гаруй хугацаа өнгөрөөд буй ч 207 дугаар байрны оршин суугчид түрээсийн байранд амьдарсаар байгаа юм. Гэвч түрээсийн хугацаа нь энэ сарын 30-нд дуусах аж. Үүнтэй холбогдуулан тус байрны оршин суугч Д.Нарангаравтай ярилцлаа.
-Өнгөрсөн сард Дүнжингаравын осолд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн үеэр ямар зүйл яригдав?
-Өнгөрсөн сарын 22-нд шүүх хурал нь болсон. Миний хувьд анх удаа л шүүх хуралд сууж үзсэн. Тухайн үед прокурортойгоо хоёр тал нь маргалдах маягийн зүйл болж өнгөрсөнд үнэндээ гайхсан. Түүнээс асуудлыг яаж шийдэх талаар огт яриагүй. Дээрээс нь бид эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирсон байхад “Дашваанжил газ” ХХК-ийн өмгөөлөгчийн ярьсан нэг зүйл дээр сэтгэл өвдсөн л дөө. Өмгөөлөгч нь Онцгой байдлын гурван залууг техник нь эвдэрч гэмтсэнээс болж амиа алдсан гэж хэлж байна лээ. Гэтэл үгүй шүү дээ.
-Түрээсийн байрны хугацаа хэзээ дуусах вэ?
-Одоогоор манайх түрээсийн байранд амьдарч байгаа. Хугацаа нь энэ сарын 30-нд дуусна. Энэ талаар шат шатанд нь бид өөрсдөө гар бие оролцоод явж байгаа. Хэрэв түрээсийн байрны асуудлыг шийдэхгүй бол бид гудамжинд гарах сонголттой нүүр тулчихлаа. Бид цаашид яах вэ гээд өргөдөл, гомдлоо бичиж өгсөн. Энэ долоо хоногтоо шийдэж өгөхгүй бол байдал хүндэрнэ гэсэн үг.
Түрээсийн байр чинь манай гэр биш, айлын гэр болохоор юм хийе гэхээр хүртэл болдоггүй юм байна. Өөрийн гэр байсан бол сэтгэл гаргаад нэг юм хийнэ шүү дээ. Манай байрны эзэн нь гадаадад байдаг тулдаа л байрны эзнээс ирэх санал, гомдол байхгүй байна. Түүнээс манай байрны оршин суугчдын түрээсэлж байгаа байрны эздүүд нь хэцүүхэн хүмүүс байдаг юм билээ. Дэлбэрэлт болох үеэр манай байранд нэлээн хэдэн жирэмсэн эмэгтэй байсан. Тэдний нэг болох залуу гэр бүл байр түрээслээд амьдарч байтал байрны эзэн нь “Одоо гар, өөр хүнд түрээслэхээр болсон” гээд төрөх дөхсөн хүнийг хөөгөөд гаргасан байгаа юм. Одоо цагт хүний мөн чанар хүртэл ямар ч муухай болсон юм.
-Тендер олон удаа зарласан шүү дээ?
-Гурван тендер зарлагдсан. Тендер зарлалаа гэхээр л оршин суугч бид баярладаг юм. Гэтэл нөгөө тендерийн шалгаруулалт нь дуусаад, хаах хугацаа нь ирэнгүүт араас нь гомдол санал ирээд больчихдог. Тэгээд дахиад үргэлжлээд байдаг юм. Бид энэ байрыг хурдан нураагаад, дараагийн ажил нь хурдан шуурхай хийгдээсэй л гэж бодож байна. Гэтэл өнгөрсөн өвөлжингөө л тендер зарлалаа. Тэр нь ямар ч нэмэргүй.
-Дэлбэрэлтийн үед юу болсон талаар ярихгүй юу. Танай байрыг хэдэн хувийн шаталттай гэж үнэлсэн бэ?
-Манайх энэ байрнаас 100 хувийн шаталттай ганц айл нь. Гурван өрөө байртай байсан. Тухайн үед оймсоо ч өмсөж амжаагүй, өвлийнхөө гутлыг углаад тэр чигээрээ гарсан. Байрнаас маань юу ч үлдээгүй. Манайд гурван том хүн, гурван хүүхэд байсан. Эгч маань хоёр хүүхэдтэйгээ унтаагүй, нөгөө өрөөндөө байсан. Өрөө рүү нь хар утаа орж ирэхэд л мэдээд, хүүхдүүдээ сэрээсэн. Тэгээгүй бол араг яс болоод үлдэх байсан. Энэ үйл явдлын дараа ээжийн маань даралт хэлбэлзэж, бүгдээрээ л угаарын хордлогод орсон байсан. Гал гарсны дараа буудалд очсоны оройхон шүүх шинжилгээний эмнэлэгт шинжилгээ өг гэхээр нь хүүхдүүдээ үлдээчихээд, эгч бид хоёр өөрсдөө очиж өгсөн. Шинжилгээ авбал ядахдаа цуснаас авмаар юм. Гэвч тэгээгүй. Зүгээр л анхан шатны тусламж шиг даралт үзээд, нүд шалгаад л болчихсон. Тэгээд хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан. Ер нь босож чадахгүй болтлоо зодуулсан гэмтэлтэй хүн л гэмтлийн зэргийн мөнгө төгрөг авдаг юм билээ. Хамгийн гол нь энэ осол болоод 500гаад хоног боллоо. Тэгж байхад хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулахгүй байгаад асуудлын шалтгаан нь байна. Айл гэрт чинь өмсөж зүүхээс эхлээд аяга таваг гээд бүх юм хэрэгтэй болно. Манайх байраа 100 хувийн төлөлтөөр авч, ямар нэгэн даатгалд хамрагдаагүй байсан. 2017 оны намар энэ байранд орсон. Тэрнээс хойш авсан эд зүйл бүгд л манай хөрөнгө шүү дээ. Гэтэл үнэлгээний компани манай хөрөнгийг маш багаар үнэлсэн. Яагаад гэсэн чинь эдэлгээнийх нь хугацаа дууссан байна гэсэн. Хөл нь хугараад эвдэрчихгүй л бол модон сандлыг айлууд хэрэглэж л байдаг биз дээ. Хоёр жилийн өмнө авсан хувцсаа өнөөдөр ч гэсэн өмсөөд л явж байгаа шүү дээ. Гэтэл багаар үнэлсэнд сэтгэл хангалуун бус байгаа.
-Танай байрны хохирогчдыг иргэний нэхэмжлэгч болгосон гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-207 дугаар байрныхан бүгдээрээ хохирогч шүү дээ. Тэгэхэд иргэний нэхэмжлэгч болгосон. Ингэхээр анхан шатны хэлэлцүүлэг болсон ч бид таван үг хэлэх эрхгүй болчихож байгаа юм билээ. Хууль хяналтын байгууллага нь шалгаад, мэдээж буруутай этгээд нь гарч ирнэ л дээ. Бид өөрсдөөсөө болоод байраа шатаагаагүй. Тийм учраас дуу хоолойгоо гаргая гэхээр хаалттай. Бид хохирогч болж байж л цаашаа таван үг хэлэх эрхтэй болох юм билээ. Манайд зургаан хүн амьдардаг. Энэ хүмүүсийн сэтгэл санааны хохирол гээд тооцоологдох байтал тийм зүйл нэхэмжлэгч дээр байдаггүй юм байна. Зүгээр л өнөөдөр таван төгрөг нэхсэн бол түүнийгээ л авах ёстой юм билээ.
-Хэрэг шийдэгдэхгүй явсаар удлаа. Үүнд ямар нэгэн хардлага төрж байна уу?
-Анх энэ хэрэг прокурор дээр байхад нь очиж уулзахад “Дашваанжил газ” ХХК-ийн жолооч Ч.Рэнцэндорж, захирал Н.Баатаржав хоёрыг хохирогч нартай уулз, уулзвал ял нь хөнгөрнө гэж хэлсэн гэсэн. Гэтэл бидэнтэй ирж уулзаагүй. Уулзана гэж өөрийнхөө өмгөөлөгчөөр цаг товлуулсан хэрнээ ирээгүй. Манай байрны доор хүссэн үедээ уулзалт цуглаанаа хийгээрэй гээд оффисын өрөө хүртэл гаргаж өгсөн байхад ирээгүй. Бид тэр орой нь очоод “Та нар уулзъя гэж цагаа товлонгуутаа ирээгүй нь хохирсон иргэдийг дорд үзэж, сэтгэл санаагаар тоглож байна” гээд өргөдөл, гомдол гаргасан. Дараа нь хэвлэл мэдээлэлд өгсөн яриаг нь харахад эцэс сүүлд нь тэд буруутан биш байхад яагаад очиж уулзах ёстой юм гэсэн агуулгатай юм ярьсан байна лээ.
Осол болсон тухайн замаар өдөрт хэдэн зуун мянган машин явж байгаа. Гэтэл газын машин тэр замаар яваагүй байсан бол өнөөдөр бид сэтгэл амар амьдрах байсан. Гэтэл араас нь ийм зүйл яриад явсанд нь үнэхээр хэлэх үг ч олдохгүй байна.





Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татжээ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг АН-аас хүргүүлээд байсан юм. У...
8 цагийн дараа
Владимир Зеленскийн анхны айлчлал
Германд шинэ засгийн газар байгуулагдсаны дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Берлинд анх удаа айлчилж, энэхүү айлчлалын үр...
7 цагийн дараа
П.Ганзориг: ХҮН нам Монгол Улсын эрх ашгаа бодож Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байна
Улсын их хурлын гишүүн, ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзоригтой ярилцлаа. -Засгийн газартай холбоотой асуудал хоёр доло...
7 цагийн дараа
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх ...
7 цагийн дараа
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
Өчигдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Соёлын төв өргөөний баруун замд лексус маркын тээврийн хэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд