мэдээ
Гавьяат мал зүйч, АИХ-ын депутат Авирмэдийн ДАЛХЖАВ гуайнд өнжлөө

НОРОВЫН ГАНТУЛГА
2025 оны 6 сарын 09

74

Эдүгээ 92 насны сүүдэр зэрэгцэж буй буурал Авирмэдийн Далхжав гуайнд өнжлөө. Монгол Улсын гавьяат мал зүйч, АИХ-ын депутат, мөн Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт ахмад зохиолч, бичгийн хүн тэрээр он цагийн түүхийн гэрч болсон нэгэн. Тэртээ 1950 оны намар Булган аймгийн Хутаг-Өндөрөөс ахыгаа даган Сөгнөгөр баян голын техникумд суралцахаар ЗИС-5 машинтай гарснаас улбаалан түүний амьдрал дандаа түүхийн хуудсан дундуур явж ирсэн байдаг. Англиас бухны үр авчирч Баруунхараагийн сангийн аж ахуйн үнээнд суулгаж байсан, “Барга хонины өсөлт, ашиг шим, биологийн онцлогийг судалж МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгээр батлуулан барга, үзэмчин хонийг бие даасан омог болгосон, нэгдлийн домогт дарга, Хөдөлмөрийн баатар Намжиг гуайтай ажиллаж байхдаа алдарт Буур Жамъян аваргын “нүцгэлэх”-ийг дэргэдээс нь харж суусан нэгэн юм.
Одоогоос 70 гаруй жилийн өмнө 1953 онд Цэрэнжавын Уламбаяр зохиолчийн удирдсан Архангайн утга зохиолын нэгдэлд элсэж, тэр галын дэргэд ном бүтээлд шамдан явахдаа Бямбын Ринчен гуайд шүлгээ уншиж, алдарт Дашзэвэгийн Сэнгээ шүлгээ уншихыг дэргэдээс нь харж, тавиад оны сүүл үед Улаанбаатар хотод орж ирэхдээ Р.Чойномтой нөхөрлөж утга зохиолын алтан үеийг нүдээр үзсэн хүн бол эл эрхэм. Мөн түүний эмэг ижий нь Хатанбаатар Магсаржавтай нэг гэрт өссөн түүхтэй. Тодруулбал, Цэцэрлэг Мандал уулын аймгийн Намнан уулын хошууг 40 гаруй жил захирч төр барьсан жанжин Түшээ гүн хошуу ноён Ганжууржавын ганц охин нь Лхамжав буюу Далхжав гуайн эмэг ижий. Лхамжав ижийгээс хоёр хүү, хоёр охин төрсний нэг нь Дүйдэнсүрэн буюу төрсөн ээж нь. Ийм л сонин түүхтэй хөгшнийд өнжиж буй минь энэ.
Эхлээд ижий аавынх нь тухай ёс болгож асуулаа. “Ээж минь Даржаа тавнангийн охин. 28 жил аавыг хүлээж, эцэст нь цаазлуулсан гэх бичиг авч амьдын хагацал, амьдралын хатууг биеэрээ амссан.
Ээж минь аавтай нийлж зургаан хүүхэд төрүүлсэн. Аав минь Жамц тойны хүү Авирмэд тайж гэж байгаад гучин долоон онд хэлмэгдэн ердөө 49-хөн насандаа цаазлуулсан.
Тайж угсаа гарвалтай нам төр, бичгийн хүн байсан. Намын хоёрдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцон их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хамт нарийн бичгийн даргаар сонгогдож байсан нь түүхийн баримтаар нотлогддог. Зохиолч Өөлдийн Чимидийн “Нацагдорж минь ийм хүн байсан юм” гэх дуртгалд тэр тухай тодорхой бий. Аавыг баригдаад явахад хамгийн бага нь өлгийтэй үлдэж байсан. “Миний хүүхдүүд эцгийн хайр халамж үзсэнгүй, ээж нь ханийн жаргал эдэлсэнгүй” гэж айхтар хэлж билээ” хэмээн дурслаа.
Далхжав гуай Хатанбаатар Магсаржавын бага насны тухай “Монхоон” баримтат өгүүллэг бичсэн. Уншсан хүмүүс “Хатанбаатар судлалд их том үүрэг гүйцэтгэлээ” гэж хэлсэн нь бий. Энэ тухай буурал гавьяатаас тодруулахад “Би түрүүнд Ганжууржав ноён гэж ярилаа. Тэр хүн бол миний өвөг дээдэс. Эмэг ээжийн маань аав. Хатанбаатарын Магсаржавын аав Сандагдорж, Ганжууржав ноён хоёр, нэг нутаг усны төдийгүй хамаатан садан хүмүүс. Ганжууржав ноён хэргэм зэргээ залгуулах хүүгүй байсан учир Сандагдорж гуайн ууган хүү Магсаржавыг өөрийн ам бүлийн хүн болгож, эрдэм номд сургаж, угсаа залгамжлуулахаар шулуудсан байдаг. Ингэж Хатанбаатар, миний эмэг ээжтэй нэг гэрт өссөн. Сандагдорж гуайнхан бол Ганжууржав ноёныг төрөлсөж “Ажаа” гэдэг, ноён хатан хоёр Магсаржав гуайг бага залууд нь “Миний хүү” гэж дууддаг байж. Ээж маань Магсаржав гуайг танихаар барахгүй хуримлахад нь өөрийн төрсөн ээж Лхамжавтай хамт очиж байснаа хөөрөлхөн ярьдаг сан.
Ээж минь хүүхдүүдээ дагаад 1960 онд Улаанбаатарт ирж суурьшаад Магсаржав гуайн ууган хүү Сандуйсүрэн гуайнд үргэлж очин хуучилдаг байж билээ. Буурал эмээ Лхамжав 1957 онд, миний ээж Дүйдэнсүрэн 1978 онд, М.Сандуйсүрэн ах 1960 онд бие барахад би залуухан байж шүү гэж хэлэхэд нь бахархал хүндэтгэл төрж байлаа.
Далхжав гуай АИХ-ын депутатаар сонгогдон Ардчилсан Шинэ Үндсэн хуулийг батлалцсаны түүхэн гавьяа болгож Монголын төрөөс өгсөн хоёр өрөө байрандаа тохьтой тухтай амьдарч байна. “Аав минь энэ өндөр настай хэрнээ ганцаараа, бидний гар харалгүй, бидний тус авалгүйгээр амьдардаг. Хоолоо өөрөө хийнэ. Гэр орныхоо бүх зүйлийг өөрөө цэмцийтэл цэвэрлээд янзалчихна. Аавд нэг их сайхан чанар байдаг. Энд тэнд явахад сонирхол татахуйц, амттай нандин хоол хүн хийж өгөх юм уу, тийм зоогтой таарсан бол түүний орц найрлагыг нь харж байгаад дараа нь өөрөө заавал хийж иднэ. Тэгээд зочдоо болоод биднийг дайлдаг. Би айлын том охин. Өнөөдөр жаран хэдэн настай айлын эмээ болжээ. Гэвч аав шигээ ийм гоё хоол унд хийгээд, зохиол бүтээлээ бичээд, өдөр бүр өөрийгөө сонирхолтойгоор амьдруулж чадахгүй байна. Аавынхаа энэ мэт олон чанараар бахархдаг” гэж том охин Ариунаа нь хэлсэн.
Ариунаа эгчийн тухайд Орос хэлнийн дээд сургуулийг дүүргээд аавынхаа төрсөн нутаг Хутаг-Өндөр сумын С.Магсаржавын нэрэмжит сургуулиас ажлын гараагаа эхэлжээ. Бүхий л насаараа орос хэлний багшаар ажилласан эрхэмсэг, даруухан нэгэн. Буурал гавьяатынх гурван хүү, нэг охинтой. Гурван хүүгийн том нь улсын циркэд үе үеийн алдартан гавьяатнуудтай ажиллаж ирсэн акробатчин Д.Эрдэнэбат. Моксвад циркийн сургууль төгссөн. Дараагийн хүү Д.Булган Германд хөдөө аж ахуйн сургууль төгсөж аавынхаа алдар замналыг үргэлжлүүлсэн бол бага хүү Отгонбат нь Багшийн дээд сургуулийн англи хэлний ангийг төгсөж, одоо УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагийн зөвлөхөөр ажиллаж байна. “Миний бага хүү чинь ардчиллын төлөө зүтгэж явсан залуусын нэг” гэж аав нь хэлнэ билээ. Ийм дөрвөн сайхан үрийг нь төрүүлж өсгөж, сургууль соёлтой болгож, амьдралыг нь өдий зэрэгт хүргэсэн ханиараа буурал гавьяат үргэлжид бахархдаг нь мэдээж. Арын хангай нутаг надад сайхан хань заяасан юм шүү гэж тэрээр сэтгэл дүүрэн хэлсэн билээ.
Хань нь Самбуугийн Долгорсүрэн гэж улсын Гуравдугаар төв эмнэлэгт сувилагч, бага эмчээр ажиллаж, ухамсарт амьдралаа хүн зоны эрүүл ахуйн төлөө тэр чигт нь зориулсан алтан гартай эмч, сувилагч байжээ. “Хань минь бага залуу, нялх амьтан надтай учирч манайх гэдэг айлын ачааг үүрч ирсэн буянтан юм. Тэртээ тавин есөн онд бид хоёр нийлж байж. Тэгэхэд би Архангай аймгийн гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын ерөнхий мал зүйчээр ажиллаж байв. Хань минь Гуравдугаар төв эмнэлгийн алтан гартай сувилагч гэж ард олонд дээдлэгдэн хүндлэгдсэн нэгэн байлаа. Дондов гэж эрдэмтэн доктор, за тэгээд өнөө алдарт Хайрулла, тархины Нота, зүрхний Баасанжав гээд домог болсон эмч нарын удирдлагад нэр төртэй ажиллаж байсан даа” гэж бурхны оронд одсон ханиа өрөвдөн хайрлан дурссан.
“Эмээ минь гарч орсон хүн бүрийг дайлж цайлсан өгөөмөр буянтай хүн байсан. Багадаа өнчрөл зовлон үзсэн болохоор хүнийг өлсөж цангах вий гэхээс айдаг, өглөө нүдээ нээхэд галын дэргэд намайг хүлээгээд “Миний охин цайгаа уу” гээд өрөм боорцогтой угтана. Ёстой л өөрөө сүү ханхлуулсан хүн байсан. Бага насны хамгийн баяр хөөртэй дурсамж гэвэл өвөө эмээ дээрээ Гачууртад өнгөрүүлсэн тэр үе. Хичээл тараад яаран, яаран Гачуурт явна. Автобус зогсчихсон байхад хүртэл алхаад л оччихно” гэж Ариунаа эгчийн охин, Далхжав гуайн хайртай зээ Баатарцогтын Туул өрөм сүү ханхлуулсан хайрт эмээгээ дурссан. Туул хатагтайн хувьд “Бадамлхянхуа” йогийн төвийн үүсгэн байгуулагч, Монголын Йогчдын холбооны тэргүүн.
Гадна дотчны олон зочидтой уулзах, хажуугаар нь олон багш нартаа хичээл заахаас аваад ажил нь ёстой “буцалж” байдаг тэрээр өвөөгийнд нь зочид ирсний сургаар хүндэтгэн ирсэн. “Йог бол хөдөлгөөн заах мэргэжил биш. Хүний сэтгэлийн гүн рүү аялах, түүнийг мэдэрч, чиглүүлж, дотоод өөрчлөлтийн замд хөтлөх ур ухаан юм” гэж эл эрхэмсэг хатагтайн хэлсэн үг сэтгэлд бодогдоод байлаа. Тэрээр өвөөгийн хайртай охин. Гэхдээ зүгээр нэг хайрлаад дээдлээд байх биш бүтээл туурвилыг нь эрхлэн хэвлүүлэхээс аваад олон ажлыг нугалдаг нэгэн болох нь илт мэдрэгдсэн. “Нас бие өтөлж өвгөрсөн ч авьяас билиг хөгширдөггүйг өвөөгөөсөө үлгэрлэж бие сэтгэлдээ шингээдэг. Өвөөгийнхөө “Ухаарахуйн 108 чагтага” номын өмнөтгөлд сэтгэлийн үгээ ариусган бичиж байсан бол “Өвсний налархай” бүтээлийг нь эх барьж авах ерөөл оногдсон. Саяхан “Хаяа шуусан ханын нүдээр” номыг нь эрхлэн гаргаж, нөхдийг нь урьж баярыг нь хийсэн” гэж тэрээр гэрэл цалгиулан хэлсэн юм.
“Та АИХ-ын депутатаар сонгогдож ардчилсан Шинэ Үндсэн хуулийг батлалцаж явснаа ярина байгаа” гэж үг өдөхөд тэрээр буурал сахлаа шувтран ингээд алдаад ийн өгүүлсэн. “Ардын Их хурлаа байгуулж, Улсын Ерөнхийлөгчийг болон Улсын Бага хурлыг тэр цагаас хойш олон он улирч дээ. 400 гаруй депутатын маань бараг талаас илүү нь бурхны орондоо одсон байна. 1991 оны 11 дүгээр сард хоёрдугаар чуулган нээгдлээ. Танхимын баруун жигүүрийн 3 дугаар эгнээнд би Лу.Болдтой зэрэгцэн сууна. Би ахмад настай, тэр цэл залуу яг л аав хүү хоёр шиг. Үндсэн хуулийн төслийг шүүн хэлэлцэж гурван өдрийн туршид шуугилдсаны эцэст сая нэг хурлын дэгээ баталж билээ. Хэл, бичиг үсэг, үндэстэн ястны асуудал яригдахад депутат бүр өөрийн яс үндэс, удам угсаа, хэл соёлоо хамгаалан сүрхий айхтар үг хэлцгээнэ.
Ямар сайндаа Баян-Өлгийн депутат Харжаубай чуулганы танхимд өлсгөлөн зарлана гэж сандаргаж байхав. Хурал орхих, завсарлага авах, бие биенээ нохой гахайгаар дуудах хэвийн үзэгдэл байлаа. Сэлэнгээс сонгогдсон депутат “Монгол Улсын иргэн хоёр эхнэртэй байх тухай” санал гаргаж олныг нойрноос сэрээж байсан сан. Миний хувьд цөөнгүй босч ярьдгуудын нэг. “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна байхгүй” гэдэгт хэдэн өдөр санал зөрөлдөв. “Байх ёсгүй” гэдэг санал давамгайлж байдал бишдэх үед би хурлын даргад хандаж завларлага авсан. Гавьяат зоотехникч Д.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар Ч.Аварзэд гээд хөдөө аж ахуйг сайн мэдэх олон хүний дэмжлэг авч “байна” гэдгээр батлагдсанд сэтгэл хангалуун явдаг” гэв. Түүнийг ийн хэлэхэд урилга авч гэрт нь морилсон зочдын нэг СГЗ Үржингийн Хүрэлбаатар “Далхжав гуайг депутат байх үед би Төрийн ордонд сурвалжилга хийж явлаа. Тэр үеийн дүр төрхийг нь маш сайн санадаг. “Мал хувийн өмч болж байгаа тохиолдолд төрийн ивээлд байх ёстой гэдэг чинь өөрөө зөрчилдөж байна” гээд нэлээн маргаан болсон. Энэ бүхний эцэст шинжлэх ухаанч олон яриа, санал гарснаар “Мал төрийн ивээлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалт батлагдаж байсан. Манай улс мал аж ахуйгаас холдох ямар ч боломжгүйг олж харж, тэрхүү заалтыг батлуулахад гол нь хүч нь болж өгсөн Далхжав гуайдаа талархдаг. Бид сахлаараа садансаж, зохиол бүтээл оюун санаагаар садансаж яваа хүмүүс. Авьяас бол аугаа их хувь заяа юм гэдгийг Далхжав гуай харуулдаг” хэмээн өчсөн.
МАА-н 7 бурхан” гэгддэг эрхмүүд. Зүүн гар талаас: Ч.Арилды, Д.Самданжамц, С.Нямсүрэн, А.Далхжав, Т.Ядам, Г.Баттөмөр, Д.Чулуунбаатар.
Гэрийнх нь хананд олон түүхтэй зураг өлгөөтэй байна. Тэр бүгдээс Англид явж байх үеийнх нь дурсгал зураг харагдана. Гавьяат мал зүйч маань өөрийн мэргэжил нэгтэй хоёр эрхэм хүнийг гэртээ урьсан нь Мал аж ахуйн газрын даргаар олон жил (1978-1990) нэр төртэй ажилласан Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц, ахмад мал зүйч Г.Баттөмөр нар. Самданжамц гавьяат “Би 1970 оноос хойш өнөөг хүртэл Далхжав гуайтай найзалж нөхөрлөж явна. Их сургууль төгсөөд юугаа ч мэдэхгүй хүүхэд байхад Далхжав гуай ахмад мал зүйч нэр нөлөөтэй хүн байсан. Тэр үед ган зуд тогтоон гэж лут ажил байлаа. Ус цаг уурын газрын дарга Түвдэндорж, Батлан хамгаалахын сайд байсан Лхагвасүрэн жанжин нартай Завхан аймагт ган тогтоох ажлаар явах боллоо. Залуу хүүхэд юугаа мэдэхэв, Далхжав гуай “Чи аль аль сумаар орох гэж байна. Очих газрынхаа байгаль цаг уур, бороо орсон ороогүйг нь сайн мэдээд өвс ургамлыг нь хүртэл судалж, мэд. Голдуу ямар мал байгааг нь нарийвчлан судал, тэгж байж бэлтгэлээ сайн ханга гэж айхтар зөвлөгөө өгч билээ. Би гэдэг хүн СнЗ-ийн 1 дүгээр орлогч дарга Т.Рагчаа, Төв хорооны нарийн бичиг М.Даш, Бугын Дэжид гуай, Сангийн сайд Молом гуай, ХАА-н яамны 1 дүгээр орлогч сайд Равдангийн Цагаанхүү гээд олон хүний дэмжлэгээр ажлаа гайгүй шиг авч явсан. Тэр нөөлөгт хүмүүсийн нэг яалт ч үгүй Далхжав гуай байсан гээд буурал гавьяатын ХАА, тэр дундаа МАА-н шинжлэх ухаанд оруулсан онцгой гавьяаг нь хэлсэн.
“Одоогоос 50 гаруй жилийн өмнө Англиас малын эмч Т.Цэдэндамбын хамт явж Англи улсын шилмэл үүлдрийн бухны 1000 гаруй тун, хөлдөөсөн үр онгоцоор авчирч Баруунхараа тэргүүт саалийн механикжсан фермүүдийн үнээнд анх удаа хээлтүүлэг хийсэн нь амжилттай хэрэгжсэн. Бүр 70 гаруй жилийн өмнө буюу 1954 онд Архангайн Батцэнгэлийн “Хөгжил” нэгдэлд анх удаа 1500 хонинд зохиомол хээлтүүлэг хийж, ирэх хавар нь олон эрлийз хурга гарч нэгдлийнхнийг сандаргаж байсан түүх бий. Дээрээс нь жараад оны эхэн үед аймаг бүрт үржил зохиомол хээлтүүлгийн станц байгуулж Далхжав гуай зоотехникч нь байж малын үүлдрийг сайжруулах, эрлийзжүүлэх ажлыг хийж шинжлэх ухааны үндсийг бүрэн суулгаж өгсөн гавьяатай хүн” болохыг нь хэлсэн.
“1963 онд Архангай аймгийн 40 жилийн ойгоор “хар” Гүржав дарга оройн цайллага дээр алдарт Буур Жамьян аваргыг “Та нэг нүцгэлээч, бид бүхэн хармаар байна” гэж хэлжээ. Нас өндөр гарсан ч Буур аварга Гүржав даргын үгийг хүндэтгэн хүлээн аваад дээл хувцсаа тайлж нүцгэлж аймгийнхаа удирдлага, цайллагад уригдсан хүндтэй зочдын өмнө дэвж шавж үзүүлдэг юм. Аварга аваргаараа төрдгийг тэгэхэд харсан. Булчин шөрмөс нь зангираад ёстой ярих юм биш. Бид чинь ховор үзмэр үзэх шиг болж бүгд дуун алдаж билээ” гээд гэрийн эзэн хуучилж, хоол унд болсны дараа зочиддоо гадны гоёмсог “идээ” задлан тэртээ наяад оны эхээр Лаост гурван хуц хүргэн Лаосын Эрх чөлөөний одонгоор шагнуулж явсан Баттөмөрийнхөө одонг дахин угааж байгаа юм хэмээн наргиад хундага тулгалаа. Энэ зуурт би буурал гавьяатаас “Бямбын Ринчен гуайд шүлгээ уншиж явснаа ярихгүй юу” гэхүйд “Ээ дээ урт түүх хөвөрнө дөө” хэмээн товчхон өгүүлсэн.
“Ринчен гуай нэг удаа Баян-Өлгийгөөр очоод буцах замдаа Архангайгаар дайрч дугуйлангийн нөхөдтэй уулзлаа. Их эрдэмтэн казах үндэсний дээл малгайгаар гоёсон нь мөн ч донжтой харагдаж байж билээ. Энэ үед би “Алт” шүлгээ уншиж, Ринчен гуай ногоон нүдээ том том эргэлдүүлэн Умбаа буюу Цэрэнжавын Уламбаяр гуай руу харж байснаа гэнэт “Алт” шүлэг уншиж байсан над руу хандан “Чи юуны тухай юу хэлэх гээд байна даа. Чамайг “тойрч” гүйсээр байтал нөгөө алт чинь алга болчихлоо шүү дээ” гэж жуумалзан инээвхийлсэн. Ингэж л би тэр агуу хүнд шүлгээ уншиж, их эрдэмтнээс үнэт зөвлөгөөг нь сонссон азтай. Ер нь Бямбын Ринчен зохиолчийнхтой манай хувь тавилан холбогдож ирсэн нь гайхмаар. Ганжууржав ноёны албыг Сайн ноён хан Намнансүрэнгийн шадар түшмэл Цогт-Очир бэйс залгамжлаад 1920-иод оны эхээр Сэлэнгийн Алтанбулаг руу таван хүүхэд сургахаар явуулсны нэг нь миний ээж Дүйдэнсүрэн байсан. Алтанбулагийн орос сургуулийг эрдэмтэн гүүш Ринчений аав Бямбаев гуай санаачлан байгуулсан гэдэг. За тэгээд охин Зандармаатай нь Архангайд хамт ажиллаж байсан, охин Индратай нь ХАА-н сургуульд багш шавийн барилдлагатай явсан, хүү Барсболдтой нь АИХ-ын танхимд хамт сууж Шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан гээд олон учралт сэжмээр холбогддог нь сонин” хэмээсэн нь бас л хүндэтгэм сайхан хувь заяа санагдсан.
Өнжиж буй айлын маань эзэн юм л бол “Хан Намнан хайрхан, хатан Сэлэнгэ ээж минь” гэж дуун алдах аж. Тэр л ус нутгийн унаган хүү, “Сэлэнгэ пресс” компанийн захирал Болдын аав, гавьяат тээвэрчин, хурандаа Ж.Моломжамц гуай ус нутгийнхаа буурал ахынд мөн л морилсон байна. Тэрээр Ерөнхийлөгчийн ивээл дор хүүгийнх нь компани хэвлэсэн “Монголын нууц товчооны тайлбар толь”-ийг хадагтай хамт ахдаа барилаа. Моломжамц гуайн ээж Жарантай бага ангийн багш байсан бөгөөд Далхжав гуай эрдмийн А үсгийг Жарантай багшаар заалгаж, тэртээ дөчөөд онд нэгдүгээр ангийн сурагч багшийндаа сууж байсныг дурссан юм. Гачууртын сангийн аж ахуйг олон жил үр бүтээлтэй удирдахдаа АИХ-ын депутат болсон гавьяат мал зүйч, Д.Сүхбаатарын одонт төр нийгмийн зүтгэлтэн эрхэм хүмүүнийд ийм л дурсамж дуртгал, ховор нандин түүхийг өдрийн туршид хуучилж өнжсөн минь энэ.
Н.Гантулга





ТЕГ: 1.2 кг хар тамхи оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатуулжээ
Тагнуулынхан өнөө өглөө /2025.06.09/ гадаадаас 1.2 кг хар тамхи оруулж ирэх гэж байсныг “Чингис хаан” олон улсын нисэх б...
5 цагийн дараа
Г.Занданшатар: Засгийн газрын бодлого бол ард түмний амьдралд шууд нөлөөлдөг, иргэдэд мэдрэгддэг байх ёстой
Г.Занданшатар: Юуны өмнө Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд, итгэл үнэмшил нэгт нөхдөдөө талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхи...
4 цагийн дараа
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд байрлах барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэл 1.5 км авто...
4 цагийн дараа
Гавьяат мал зүйч, АИХ-ын депутат Авирмэдийн ДАЛХЖАВ гуайнд өнжлөө
Эдүгээ 92 насны сүүдэр зэрэгцэж буй буурал Авирмэдийн Далхжав гуайнд өнжлөө. Монгол Улсын гавьяат мал зүйч, АИХ-ын депутат, мөн Монг...
4 цагийн дараа
“Лавай” худалдааны төвийн уулзвараас “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх авто замыг хаана
Чингисийн өргөн чөлөө, “Лавай” худалдааны төвийн уулзвараас “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар, шинэчлэлтий...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд