мэдээ
Г.Алтанзаяа: Татвар бол хэн нэгэнд давуу тал олгохгүй, ялгаварлал үзүүлэхгүй байх ёстой

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 8 сарын 27

43

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Г.Алтанзаяатай ярилцлаа.
-Засгийн газраас санаачилсан Татварын багц хуулийн төсөлд та ямар байр суурьтай байна вэ. Олон нийт үүнийг төсвийн алдагдлыг нөхөх арга гэж харж байна. Ер нь энэ хуулийг гаргах нь зөв үү, буруу юу?
-Татвар гэдэг бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс бүхэнд байгаа. Тусгаар тогтносон улсын иргэн байя гэвэл бид татвараас ямар нэгэн байдлаар ангид байх боломжгүй. Тэгэхээр татвар нь өөрт ирж байгаа ачааллаас гадна бүрэн эрхт улсын баталгаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь татварын талаар ярингуут л шууд төсвийн орлого нэмэгдэж байна, тэнд тансаглал явж байна гэж харахаасаа илүүтэйгүүр үүний цаана ямар зохицуулалт, ямар бодлого явж байгааг нь манай иргэд нэлээд өргөн хүрээгээр харах соёлд зайлшгүй суралцах ёстой.
Өнөөдрийн татварын хуулийн шинэчлэлийн асуудал нэлээд урт хугацаанд яригдаж байгаа. Өмнө ч хүчтэй яригдсан. Ингээд боловсруулагдаад гарч ирсэн төслийг мэргэжилтэн бидний зүгээс “Татварын шинэчлэлийн агуулга биш байна. Засварын агуулгатай байна” гэдгийг хэлж байсан. Миний хувьд одоогоор татварын багц хуулийн шинэчилсэн төслийг хараахан үзээгүй байна. Гэхдээ энэ татварын хуулийн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Учир нь татвар өөрөө нийгмийн амьдралыг зохицуулдаг. Тиймээс нийгмийн амьдралын өнөөдрийн өөрчлөлт болгон шинэ зохицуулалтуудыг шаардаж байдаг. Шинэ зохицуулалтуудыг дагаж мөрдөх тэр түвшин рүү явахад татврын хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Дээр нь олон улсын татварын стандартууд болон бичиг баримтууд, конвенцууд гээд зайлшгүй бичиг баримтууд гарч ирж байгаа. Монгол Улс маань олон улсын жишиг дагасан ийм татварын тогтолцоотой байх учраас татварын шинэчлэл зайлшгүй шаардлагатай.
-Татварын багц хуулиар НӨАТ, ААНОАТ-ийг эргэн харж байгаа гэж ажлын хэсгийн ахлагч нь мэдээлсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Татвар бол зөвхөн төсвийн орлого талаасаа харах нь өрөөсгөл гэдгийг түрүүн хэллээ. Тэгэхээр ААНОАТ, НӨАТ өөрөө маш өргөн хүрээтэй. Иймд энэ хоёр хуулийн хүрээнд зохицуулалтын өргөн хүрээ агуулагддаг. Зайлшгүй эргэж харахаас өөр аргагүй. Ялангуяа НӨАТ гэдэг төлбөр хийгээд хүний мөнгийг хүлээж авч байгаа этгээд нь тэр төлбөрийн баримтыг олгох үүрэгтэй гээд хуулийн зохицуулалттай. Үүний цаана бидний хүсээд буй шударга харилцааг зохицуулж байгаа гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын төлбөрийн баримтыг өнөөдөр иргэн болгон өгдөг, авдаг ийм харилцаанд орно гэдэг бол энэ хуулийн хэрэгжилтийн процессыг нь сайжруулах үүднээс зайлшгүй шинэчлэл хийж, дахин эргэж харахаас өөр аргагүй. ААНОАТ-ын хууль бол маш өргөн хүрээнийх. Гэхдээ нэлээд тодорхой бус зүйлүүд байдаг. Иймд жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд тодорхой бус зүйлүүдийг тодорхой болгож уялдуулах зайлшгүй шаардлагатай.
-Шаталсан татвар нэвтрүүлнэ гэж байна. Энэ нь дундаж орлоготой иргэдэд илүү дарамт болох эрсдэлтэй юм биш үү?
-Шаталсан татварын тогтолцоо онолын хувьд аль эртнээс хэрэгжиж ирсэн. Тэгэхээр Монгол Улсын иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд өнөөдөр хэлээд байгаа гол зүйл бол “Шударга байя” гэдэг асуудал. Татвар бол хэн бага орлого олж байгаа нь багаар, их нь ихээр төлье гэдэг тогтолцоо бөгөөд өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээ юм. Үүнийг өнөөдөр дэлхийн улс орнууд ялангуяа орлогын албан татвар дээр бүгдээрээ л хэрэглэж байгаа. Үүний цаана бид ямар зүйлийг шударга гээд байгаа юм бэ гэдэг асуулт гарна. Арван сая болон нэг сая төгрөгийн цалинтай хоёр хүнд очих татварын ачаалал нь яг ижил байх уу гэвэл үгүй. Тэгвэл энэ татварын бодлогын цаад санаа нь 10 сая төгрөгийн цалин авч байгаа хүний төлж байгаа татвар, нэг сая төгрөгийн цалин авч байгаа хүний өгч буй татвартай эн дүйцэхүйц мэдрэмжийг мэдэж байх үйл явцыг шударга гээд байгаа юм.
-Онлайн худалдаанд 10 хувь татвар ногдуулна гэсэн. Энэ нь хэрэглэгчид рүү шилжих үү, эсвэл худалдаа эрхлэгчдийн өсөлтийг боомилж байгаа хэлбэр үү?
-Ер нь шударга тогтолцоо гэж юуг хэлээд байгаа юм бэ. Хуульд юу гэж хэлж байна вэ гэдгийг санах ёстой. Хуульд татвар ногдох орлого ийм орлого олсон бол татвар ногдуулаарай гэдэг зүйлийг хэлдэг. Тэр дотор онлайн орлого олох юм бол татварт хамрагдахгүй шүү гэдэг үг үсэг байхгүй. Нөгөө талдаа орлого олж байгаа этгээдүүд татвар төлөгч байна. Өөрөөр хэлбэл, татварын хууль тогтоомжид заасан тэр зүйлийн орлогыг олж байгаа этгээд татвар төлнө шүү гэдэг агуулга байгаа. Тэгэхээр онлайн худалдаа гэдэг бол дэлхий нийтээр татваржуулах асуудал. Хамгийн сүүлчийн байдлаар Дижитал эдийн засгийг татваржуулах тулгуур нэг, хоёр гэдэг бичиг баримтууд олон улсын хэмжээнд гараад явж байгаа. Монгол Улсын хувьд олон улсын татварын тогтолцоонд нэгдсэн учраас тэр бичиг баримт конвенцуудыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн гэсэн үг. Иймээс онлайн худалдаа буюу лангуугаар орлого олсон хоёрын онлайнд нь татвар ногдуулахгүй гэдэг ойлголт байхгүй. Онлайн худалдаанд татвар ногдуулснаараа татвар төлөгчдийн ачааллыг нэмэгдүүлэх, татварын дарамт гэдэг зүйл байхгүй. Үүний цаана шударга ёс агуулагдаж байгаа.
-“800 мянган төгрөг хүртэл цалин татваргүй болно, орон сууц авахад 15 сая төгрөгийн дэмжлэг өгнө” гэх амлалтууд гарч байна. Энэ нь үнэхээр хэрэгжих боломжтой зүйл үү, эсвэл олон нийтийн анхаарлыг сарниулах, нэг ёсондоо гөлөг төөрүүлэх ажиллагаа гэж ойлгож болох уу?
-Ажлын хэсгээс иймэрхүү тоонууд хэлж байгаа нь нэг талаас иргэдэд сайхан сонсогдож байгаа байх. Энэ бол шаталсан татварын давуу тал юм. Дэлхий нийтэд байдаг л жишиг. Өөрөөр хэлбэл, бага орлоготой иргэдийн орлогыг дэмжиж байгаа үзүүлэлт юм. Тодруулбал, бага орлоготой иргэнээс бодитоор олох орлогыг дэмжиж буй зохицуулалтын бодлого гэж үзэж болно. Үүний цаана хамгийн гол нь иргэдийн амьжиргаанд нэмэр тус болох татварын ачааллын нөлөөллийг бууруулж байна гэсэн үг. Харин эсрэгээрээ өндөр орлоготой хүмүүс шударга байх зарчмын үүднээс татварынхаа ачааллыг үүрээд явах нь ээ.
-Нийгэмд “татварын өөрчлөлтийн жинхэнэ зорилго нь төрийн тансаг хэрэглээг санхүүжүүлэх” гэсэн хардлага байгаа. Үнэхээр тийм байж болох уу?
-Ер нь нийгэмд татварыг хардаг хандлага дийлэнхдээ сөрөг талдаа байгаа. Гэхдээ бизнес эрхлэгч болон иргэдийн хувьд татвар байж болно. Татвар төлөхгүй гэдэг хүн одоогоор үгүй. Гол нь шударга байя гэж байгаа юм. “Яг надтай адилхан үйл ажиллагаа явуулж буй нөхөр татвар төлөхгүй байхад би яагаад төлөөд байгаа юм бэ. Энэ чинь шударга бус байна шүү дээ” гэдэг. Тиймээс хуулийн зохицуулалт нь ерөнхийдөө татварын тогтолцоог шударга байх, нэгэнт хууль байгаа бол тэрийгээ дагаж мөрддөг байх үүднээс хийгдэх ёстой. Бүрэн эрхт тусгаар тогтносон улсынхаа хувьд Үндсэн хуулинд заасан үүргээ хэрэгжүүлдэг, хуулиа дагасан иргэдтэй, тар засаг нь иргэдийнхээ нийгмийн сайн сайхныг нь хангаж чаддаг хуулийн зохицуулалттай улс орон байхыг ард түмэн хүсч байгаа.
Бас нэг зүйлийг анхаарах ёстой. Татварын бодлого аль болох иргэд нь иргэнийхээ үүргийг хэрэгжүүлэх, төр нь иргэдийнхээ сайн сайхан амьдралын баталгааг нь хангасан зохицуулалт хийх, ийм тэнцвэрийг хангах зорилготой. Иймд аль болох бизнесүүдийг, бага орлоготой иргэдийнхээ орлогыг дэмжих, энэ бодлогыг тэнцвэржүүлэх гэсэн зохицуулалт бодлогын хүрээнд хийгдэх нь зайлшгүй юм. Гэхдээ үүнийг бодит байдал дээр яаж хэрэгжүүлэх вэ гэсэн механизмыг бүрдүүлэх ёстой. Манай хуулиудын хувьд ерөнхийдөө ийм байна шүү гэдэг зүйлийг тусгаад, бодлого болгоод оруулчихдаг ч гэсэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зохицуулалт дээр нэлээд учир дутагдалтай. Энэ нь өөрөө нийгэмд шударга бус зүйлийг үзүүлээд байдагт илүү анхаарах хэрэгтэй.
-Татварын орлого нэмэгдэхийн зэрэгцээ төрийн үрэлгэн зарцуулалтад хяналт тавих шинэ механизм бий юү?
-Бид татварын орлого нэмэгдэнэ гээд тоон дүнгээр буюу хэлбэр талаас нь хараад байдаг. Төсвийн орлогыг өнөөдөр өмнөх жилүүдтэй харцуулаад тоон дүнгээрээ өссөн байна гэдэг үзүүлэлт бий. Гэтэл үүний цаана татвараас илүү тэр тоон дүнг өсгөөд байгаа, иргэдийн амьжиргааны өсөлтөд шууд сөргөөр нөлөөлөөд байгаа инфляци, монгол төгрөгийн үнэгүйдэл гэдэг зүйлийг ярихгүй байна. Инфляци бол татвараас илүү иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөөд байдаг. Бид яаж даван туулах вэ гэдэг нь төрийн бодлогын асуудал юм. Төрийн үрэлгэн бодлогод хяналт тавих асуудал бол мэдээж төсөв. Тэгэхээр төсвийг хэр зэрэг үндэслэлтэй хийсэн юм, захиран зарцуулалт нь хэрхэн үндэслэлтэй явагдаж байгаа юм гэдэгт үндсэндээ нарийн нягт хяналт тавих механизмыг хараахан бүрдүүлж чадаагүй байна. Тухайлбал, төрийн мөнгө уйлдаггүй гэдгээр зах зээлийн ханшаас тухайн бараа бүтээгдэхүүнүүдийг илүү үнээр худалдан авах ёс бус зүйл байдгийг бид мэднэ. Үүнд л татвараас хяналт тавих гээд байна гэсэн үг.
-Иргэдийн хувьд татвараа шударгаар төлөх соёлыг бий болгохын тулд эхлээд төр юуг өөрчлөх ёстой гэж та хардаг вэ?
-Иргэд болон бизнес эрхлэгчид ямар шударга харилцааг хүсээд байна вэ гэхээр татварыг би ч төлдөг, чи ч төлдөг. Би төлснийхөө хэмжээгээр төрөөс үйлчилгээгээ авдаг. Татвар төлсөн, үүргээ хэрэгжүүлсэн учраас халамжаа авдаг, хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг механизмыг хүсээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ механизмыг бүрдүүлнэ гэдэг маань нэгдүгээрт, татварын бодлогод хөнгөлөлт чөлөөлөлт гэдэг зүйлийг маш оновчтой хэрэгжүүлэх асуудал юм. Ер нь татвар бол төвийг сахисан бодлоготой байх ёстой. Хэн нэгэнд давуу тал олгохгүй, ялгаварлал үзүүлэхгүй байхыг хэлээд байгаа юм. Татварын бүх хуулиуд дээр хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогууд явдаг. Ер нь ямар нэгэн форум, үйлчилгээн дээр бүгдээрээ л татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүсдэг. Гэтэл амьдрал дээр чухал бус зүйлүүд гэж байдаггүй. Хамгийн гол нь илүү үр өгөөж өгөхөөр зүйл дээрээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөө үзүүлэх ёстой. Ялгаварлал үзүүлсэн зүйлүүдээсээ ангижирч байж татварын тэгш, шударга тогтолцоог бүрдүүлнэ гэсэн үг.
М.МӨНХЦЭЦЭГ__





Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын х...
2 цагийн өмнө
Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих “Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто з...
2 цагийн өмнө
“AMAZING ZOO PARK” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаандаа оролцоод дараах онцгой эрхийн эзэн болоорой
Есдүгээр сарын 6, 7-нд зохион байгуулагдах “Amazing Zoo Park” арга хэмжээний хүрээнд: Хүүхдийн төсөөллөөр бүтээгдсэн “Гайхамши...
3 цагийн өмнө
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөн...
3 цагийн өмнө
“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгалаа
“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд