мэдээ
Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн Гашуунсухайтын хил холболт дахиад гацах нь дээ…

Админ
2025 оны 8 сарын 27

141

2008 оны УИХ-ын сонгуульд МАХН ялсан ч Санжийн Баяр АН-ыг Засгийн газартаа урьж өөрөө нэрлэснээр стандарт бус Засгийн газар байгуулсан. Оюу толгойг эхлүүлэх гэж тэгсэн гэдэг. Тэрийгээ ч хийсэн. Тэр шийдвэрийнхээ өмнө хэвлэлийн нэг магнаттай уулзаад: Хамтрахгүй бол хоёр нам улстөржөөд Оюу толгой явахгүй юм байна гэсэн гэнэ лээ. Санжийн Баяр Оюу толгойн гэрээг 2009 онд байгуулаад хоёр, гуравхан сарын дараа Ерөнхий сайдын ажлаа өгөөд бууж байсан. Тэр үед ид байсан улстөрчид: Дараагаар нь ирэх дайралт мэтийн улс төрийг мэдэрч хийсэн алхам байсан байх гэдэг.
2024 оны УИХ-ын сонгуульд МАН ялсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ялагдал хүлээсэн намуудыг урьсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт АН-ын сайд нар супер ажилласан, хамаг хүнд ачааг үүрсэн. Төлөвлөсөн ажлууд нь ч урагшилсан. Тэрний нэг нь Гашуунсухайт-Ганцмодны хил холболт юм. Энэхүү ажлын нээлтийг хийгээд л унасан болохоор ард иргэд санаж байгаа. Гашуунсухайт-Ганцмодны хил холболт ямар учраас дурдав гэхээр: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэг мэдэгдэл хийж. Уул нь тэрбээр Хамтарсан Засгийн газрыг унагах үеэр тухайн үгийг хэлжээ. Гэвчиг тэр нь 1-2 хоногийн өмнөөс дахиж сэвэгдээд эхэллээ. Н.Энхбаяр: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ аймшигтай хулгайч. Тэрээр төмөр зам барих нэрээр 24 тэрбум доллар хулгайлсан гэжээ.
Н.Энхбаярын үгийг бариад улс төр хийнэ үү, бие биенээ барьж шорон гяндандаа хорино уу, ард иргэдэд падлийгүй. Харамсалтай юм нь: Хамтарсан Засгийн газрын үед эхэлсэн Гашуунсухайт-Ганцмодны хил холболт дахин гацах магадлалтай. Ж.Оджаргал, Х.Баттулга хоёрын бүлэглэл 20 жилийн турш дундаа хийгээд гацаасаар ирсэн юм. Ж.Оджаргал, Х.Баттулга хоёр бол Таван толгойд дуртай. Өөрийн болгох хүсэлтэй. Хэрэвзээ Гашуунсухайт-Ганцмодны хил холболт хийгдчихвэл Тавантолгой тэр хоёрын хэнд ч очихгүй. Мөрөөдлөө хураахаас өөр гарцгүй. Тэгэхлээр Н.Энхбаяраар ингэж дуугаргаж байгаад Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг л дахин гацаах гэж санаархаж байгаа нь лав байна. Үнэхээр л тэнд тийм аймшигтай хулгай явчихсан юм бол Н.Энхбаяр АТГ дээр очиж гэрчийн мэдүүлэг өгөөд Л.Оюун-Эрдэнийг баривчлуулж шалгуулах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол худал гэсэн үг. Н.Энхбаяр ч төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан том түүхээ энэ мэтийн явцуу эрх ашигт үйлчилсэн хямдхан улс төрөөр худалдах хэрэггүй.
Энэ дээрээс залгаад хэлэх нь ээ: Монголын улстөрчид улс төр хийхдээ улсаа огт боддоггүй. Улс даяар хэдхэн хүний эрх ашигтай. Тэрний төлөө л улс төрөө явуулдаг. Тэгсэн байтлаа: Манай улсын эрх чөлөөт ард түмээн гэж ярьдаг. Тэгэх нь ээ: Эрх чөлөөний баталгаа бол эдийн засаг, эд хөрөнгө байдаг. Хөрөнгөгүй хүн эрхгүй. Эрхгүй учраас өөрсдөөр нь наадаж байгаа хэдхэн тооны улстөрчид, наймаачдаа хараад алга ташин суудаг зомби дүр байдалтай ард түмэн болчихсон. Эрх мэдэлд шунасан, эсхүл тэрийгээ хадгалж үлдэх гэсэн улстөрчдийн үлээсэн ховны салхийг дагаж намирсан толгойгүй хэдэн хүн л болсон. Энэ бол: Монголын өнөөгийн улстөрчдөд ёс суртахуун огтоос байдаг үгүй гэдгийг онолынхон нотолчихож. Сүүл рүүгээ бие биенээ алах л үлдэж байх шиг. Тэрний л нэг илрэл нь Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын ээлжит гацаа болох улс төрийн нөхцөл үүсэх нь.
Өөрөөр хэлэх нь ээ: Хамтарсан Засгийн газрын үед 100 хоногоо төлөвлөөд Ерөнхий сайд нь албан даалгавар гаргачихаж байж. 2024 оны долдугаар сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаар: 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг хэлэлцэж. Одоо энэ Н.Учрал тэгэхэд ЗГХЭГ-ын дарга байсан. Тэр төслийг тэргүүн шадар сайд Л.Гантөмөртэй хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулж байж.
Тэгээд: Хамтарсан Засгийн газар 100 хоног дээрээ Эрдэнэбүрэнгийн гэрээ, 200 хоног дээрээ Ораногийн гэрээ, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг зурж дуусгасан. Арай гэж ажил болгосон. 14 мега төсөл зарлаад дөрвийг нь эхлүүлсэн.
Одоо Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног ойртлоо. Дэлхийн бүх Засгийн газар чанар чансаагаа харуулдаг 100 хоног гэж байдаг. Харин тэр юу төлөвлөсөн бэ. Юу хийсэн бэ. Энээ, тэрээ гээд заачих, ярьчих тогтсон юм алга. Базах нь ээ: Баримжаагаа алдчихлаа. Жолоодлогогүй завь шиг болчихлоо. Засгийн газар дотроо ч сайд нар зөрчилдөөнтэй. Ерөнхий сайд Г.Занданшатарын бодлого гэж байгаад хувийн бодлоо хэрэгжүүлдэг болсон. Ерөнхий сайд нь ч дандаа улс төрийн арга хэмжээ хийдэг боллоо. Татварын талаар залуустай ярилцлаа гээд МАН-ынхаа НАМЗХ-ны залуустай уулзаж ч байх шиг. Намынхаа Их хурлаар намын дарга болох нь чухал болчих шиг. Гэвчиг улсынхаа эдийн засгийг авч явах чиглэлээр яг тодорхой явахгүй бол улс цагаа алдана. Одоо адаглаад Онтрег шийдэх хэрэгтэй.
Уул нь өөрөө чадахгүй бол өмнөхийнхөө сайныг аваад хэрэгжүүлэх хэрэгтэй. АН-тай хамтарсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаад Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсан. Л.Оюун-Эрдэнэ болоод АН-ынхан маш муу ажилласан. Бид ажлыг умалзуулж өгнө өө л гэсэн. Хаа байна тэр умалзаад бүтээд байгаа ажил нь. Бензин байн байн тасарч, валютын нөөц тасалдаж, юмны үнэ тэнгэрт гарлаа. Эдийн засаг элэг дөрвөөр бараг хэвтчихлээ. Гэтэл Засгийн газар 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 28 оны УИХ-ын сонгууль, ойрд болох намынхаа Их хурлыг угтсан пиар, популизм л хийж байна. Нэмж хийж чадахгүй мөртлөө эхлүүлсэн төслийг намнаж зогсоож байгаа нь гутамшиг. Байгуулагдсан цагаасаа өмнөх Хамтарсан Засгийн газрыг үгүйсгэсэн. Улс төр учраас тэр болно. Гэвчиг арай ч атийсан жижиг улс төрөөсөө болоод Гашуунсухайт-Ганцмодны хил холболт зэрэг улсын хувь заяатай холбоотой төслөөр оролдож огтоос болохгүй.
Ө.Билэг





Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын х...
2 цагийн өмнө
Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих “Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто з...
2 цагийн өмнө
“AMAZING ZOO PARK” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаандаа оролцоод дараах онцгой эрхийн эзэн болоорой
Есдүгээр сарын 6, 7-нд зохион байгуулагдах “Amazing Zoo Park” арга хэмжээний хүрээнд: Хүүхдийн төсөөллөөр бүтээгдсэн “Гайхамши...
3 цагийн өмнө
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөн...
3 цагийн өмнө
“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгалаа
“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

сонгогч
Эзэнгүй болсон монголын нэг тод жишээ нь хэдэн арван жил яриагдаж байгаа Гашуунсухайтын хил холболтын асуудал мөн….

ЗОЧИН
Л.ОЮУНЭРДЭНЭ ШИГ ГЭНЭН ТЭНЭГ ! ШУНАЛТАЙ ! ЖЕНКО БҮЛЭГЛЭЛИЙН ТОГЛООМЫН ХҮҮХЭЛДЭЙ ! МОНГОЛЫГ МИНЬ ХОРЛОСОН ЭРГҮҮ МОНГОЛ ТӨРД ДАХИН БҮҮ ТӨРӨГ !!!