Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Г.Эрдэнэцолмон: Хушин ойн тогтвортой менежментийг ЗАЙЛШГҮЙ хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна

trend

ДАВААДОРЖИЙН ОТГОНТУЯА

img

2025 оны 6 сарын 10

img

21

news-img

Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн Ганбаатарын Эрдэнэцолмонтой хуш мод ашиглахад тулгарч буй асуудал, нөөцийг хэрхэн бэлтгэх болон хохирол тооцох талаар ярилцлаа. Тэрбээр 2009 онд МУИС-ийг ой зүйч мэргэжлээр төгсөж, 2015 онд ойн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, улмаар 16 жил байгаль орчны салбарт ажилласан туршлагадаа үндэслэн нутгийн иргэдэд түшиглэн, байгаль хамгаалах чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн байна. Мөн зөгийний аж ахуйн төсөл, ойн тогтвортой менежментийн төсөл, мод тарьж ургуулах, орон нутгийн хамгаалалттай газрын менежментийн төсөл дээр тус тус ажиллаж байгаа аж. 


-Хушин ойг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаас хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Юуны өмнө хушин ойн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө их байна уу, эсвэл хүний буруутай үйл ажиллагаа илүү нөлөөлж байна уу гэдгийг тодорхойлох чиглэлээр миний хувьд зургаа дахь жилдээ судалгааны ажил хийж байна. Мөн ойн нүүрстөрөгчийн худалдааны чиглэлээр хэд хэдэн төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа. Мод тарьснаар эргээд эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий болгох төсөл боловсруулж, зөвлөхөөр ажиллаж байна.

-Хийж байгаа судалгааныхаа явцын талаар товч танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хушин ой уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг байгаа нь ажиглагдсан. Уур амьсгалын нөлөөнөөс үүдэн хушин ойн талбайн хэмжээ багасах хандлагатай байгаа юм. Сүүлийн 12 жилийн хугацаанд хушин ойн талбай 12 хувиар багассан. Монгол Улсын хэмжээнд нийт 612 мянган га талбайг хушин ойн талбай эзэлдэг. Энэ нь томхон сумын газар нутагтай тэнцэх хэмжээний талбай юм. Хушин ойн нь экологийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтойд тооцогддог. Учир нь, энэ ойд хамгийн олон зүйлийн хөхтөн амьтад, шувууд амьдардаг буюу ойролцоогоор 70 орчим зүйлийн хөхтөн амьтан, 200 гаруй зүйлийн шувуу бий. Ой гэдэг нэр томьёо нь “зэрлэг амьтдын диваажин” гэдэг үгнээс гаралтай. Тэгэхээр ой бол орон байр, хоол тэжээл гэсэн үг. Хүний хувьд ч, амьтдын хувьд ч ялгаагүй. Эко системийн үйлчилгээний хувьд хамгийн өндөр үр өгөөжтэй нь байдаг.

-Хушин ойн нөөц бүрдүүлэх, хохирлыг тооцох аргачлалын талаар сургалт зохион байгуулж байна уу?

-Монголын байгаль хамгаалагчдын холбоо, Монгол Самрын Кластерийн холбоо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд хамтарч хушин ойн самрын нөөц, хохирлыг хэрхэн тооцох аргачлалыг байгаль хамгаалагч, экологийн цагдаа, ойн ангийнханд зааж сургалт явуулдаг. Мөн самар бэлтгэдэг хүмүүст хугацаанд нь зөв түүж авах талаар уриалга болон зарим нэг технологи, арга аргачлалыг танилцуулдаг. Зөвхөн төр үүнийг хэрэгжүүлнэ гээд хараад суувал хүний нөөц, санхүү хаанаа ч хүрэхгүй. Тиймээс төр, ТББ-ууд, самар түүж бэлтгэдэг иргэд, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд, ойн анги, байгаль хамгаалагчдын хамтын хүчээр энэ зүйл рүү явах юм байна гэдэг санаачлагаар ажиллаж байгаа юм. Монголын байгаль хамгаалагчдын холбооны эрхэм зорилго бол байгалиа хамгаалах. Байгалиа хамгаалж байна гээд хүрч, ойртож, хөндөж бологүй гэсэн үг огт биш. Байгаль бол бидний гэр. Бид гэрээ цэвэрлэдэг, гэртээ хоол хүнсээ бэлтгэн хийдэг болохоос биш гэртээ хог, тариад бүтэн байсныг нь эвдээд байдаггүйтэй адилхан. Хамгийн чухал нь зүй зохистой ашиглалт, зөв менежментээр л байгалиа хамгаалах, мөн үр шимийг нь хүртдэг байх хэрэгтэй. Тиймээс энэ ажлуудыг хийгээд явж байна. Энэ зөвхөн нэг хэсэг нь.

-Монгол орны газар нутгийн хэчнээн хувийг ойн сан эзэлдэг вэ. Хэдий өргөн уудам газар нутагтай ч яг ойн сан маш бага талбайг эзэлдэг байх, тийм үү?

-Монгол Улсын нийт газар нутгийн 12 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Үүнээс 8.3 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзлэх бөгөөд үүнээс 612 мянган га буюу 5.25 хувийг хушин ойн талбай эзэлдэг. Таны хэлдэгээр ойн сан үнэхээр бага талбайг эзэлдэг.

-Тэр дундаа хушин ойн эзлэх хувь асар бага атлаа ан амьтдын амьдрах өгөөжтэй бүс болдог нь ойлгогдож байна…?

-Тэгэлгүй яах вэ. Хушин ойн хамгийн гол зохицуулах үйлчилгээ нь амьтдын орон байр, хоол тэжээлээс гадна цэвдэгийг тогтоон барих онцлог юм. Энэ утгаараа голуудын эх бүрэлдэхэд хушин ой гол хүчин зүйл нь болдог. Алтайн нурууны голууд мөнх цаснаас эх авдаг бол Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаар байгаа голууд хушин ой ихтэй өвөрмөц онцлогтой. Тиймээс усыг тогтоон барих, цэвдэгийг хадгалахад хушин ой чухал ач холбогдолтой. Хушин ой нь нарсны ойн овогт хамаардаг, таван шилмүүст нарс гэж үздэг. Манайд ургасан нь пинус сиберика/pinussibirica/. Орос, Монгол, Казахстан, Хятадын зарим хэсэгт пинус сиберика зүйл байдаг. Хүмүүс бусад зүйлтэй андуурдаг. Манайд Хянганы уулсаар, мөн Солонгосын хойг тал руугаа пинус кореаника гэдэг зүйл нь байдаг. Харин Газар дундын тэнгисээр өөр төрөл зүйл нь ургадаг. Тэгэхээр яг тархдаг нутаг нь Монгол, Орос гэж ойлгож болно. Хушин ой нь бореал ойн гол индикатор болдог. Эко системийн хувьд өндөр ач холбогдолтой гэдгийг дахин хэлье. Мөн нүүрстөрөгчийн хуримтлалыг хамгийн ихээр хадгалдаг.

-Ойн сан дундаа хушин ойн эерэг хүчин зүйл, ач холбогдол нь асар өндөр гэж ойлголоо. Нөгөөтэйгүүр эдийн засаг, экологийн үнэ цэнийн тухайд та юу хэлэх вэ?

-Хушин ойд экологийн үнэ цэн асар их. Эдийн засгийн хувьд өгөөжтэй. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний дөрөвт хушны самар ордог. Дунджаар 100 орчим сая ам.долларын экспортын орлогыг бий болгодог. Нэг сонирхолтой судалгаа хэлье л дээ. 2020 оны байдлаар 40 мянган хүн хушны самар бэлтгэхээр ажилласан байдаг. Цалингаас нь хэд дахин өндөр орлого олдог учраас самар гарсан жил орон нутагт ажил хийх хүн олдохоо байчихдаг нь үнэн. Үүнээс харахад хушин ой хэдийгээр бага талбай эзэлдэгч гэсэн эдийн засгийн хувьд үр өгөөж асар их байгаа юм. Хушны самар хамгийн тэжээллэг хүнс. Тиймээс ихэнх ичээнд ордог амьтад хушны самраар хооллож, тарга тэвээргээ авдаг. Хүний эрүүл мэнд ч гэсэн хушны самрын шим тэжээл өндөр ашиг тустай. Тэр дундаа бусад хүнснээс авч чадахгүй витамин, амин дэмээ хушны самраас нөхөх боломжтой юм. Тиймээс хушны самар ашиг тус, амин дэмээрээ дэлхийд тэргүүлэх хүнсний тоонд ордог. Энэ утгаараа манай улсаас гадны орны хүмүүс хушны самар авах сонирхол өндөр байдаг.

-Энэхүү ашиг шимт модны бүтцийн талаар ярихгүй юу?

-Модны хамгийн гол зүйл нь үндэс. Үндэс нь тулгуурын үүрэгтэй. Модны сахлаг үндэс дээр осмосын даралт үүсч байж фотосинтез явуулна. Модны бүтэц ердөө гадна талруугаа явагддаг. Мод цөм, ксилем, камбиум, флоем, холтос гэсэн давхарга бий. Хамгийн дотор байх цөм давхарга нь модны гол тулгуур яс. Цөмийн гадна талд ксилем гэх давхарга орно. Үндэснээс титэм рүү шим тэжээлийн бодис усыг дамжуулах үүрэг гүйцэтгэнэ. Камбиум давхарга нь өсөлт явуулдаг давхарга юм. Зуны өсөлт илүү өргөн, өвлийн өсөлт тайван байдалд орчихдог учраас нарийн хар зураас үүсгэдэг. Холтосны дотор талын давхаргыг флоем гэнэ. Титэм дээр үүссэн цардуул, сахарыг үндэс болон их бие рүүгээ дамжуулдаг. Өсөлтийг явуулах шим тэжээл энд бий болдог.

-Хохирол учирч буйг яаж мэддэг вэ. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Хохирол учруулаад байгаагаа хүмүүс төдийлөн ойлгодоггүй. Богдхан ууланд хийсэн судалгаагаар 600 см квадратын/20*30см/ хохирол учирсан байсан. Жишээлбэл, 11*13см буюу 100см/кв-ыг хүмүүс бага хохирол гэдэг. Гэтэл үүнийг харахад бага ч гэлээ өсөлтийн камбиумын давхаргыг гэмтээгээд байгаа учир гэмтсэн талаараа өсөлт явуулж чадахаа болино гэсэн үг. Энэ нь асар өндөр хохирол болчихож байгаа юм. Мод хүнтэй адил стресстэнэ. Мөн эсэргүүцэх чадвар буурна. Бүх модон дээр ийм сорви бий. Нэгд, модны гоо сайхны асуудал, хоёрт дархлааг нь унагаад байгаа юм. Хуш, нарс, хар мод зэрэг шилмүүст мод механик гэмтлийн улмаас үүссэн гадаргуу дээрх шархаа эдгээхийн тулд давирхай ялгаруулдаг. Давирхай модны шархыг бүрхэн царцаж, модыг хатах, мод руу хортон шавж, мөөгөнцөр орохоос сэргийлдэг.

МУНААР ЦОХИСОН МОД БҮРЭН ШИМ ТЭЖЭЭЛЭЭ АЛДАЖ БОРГОЦОЙНЫ ТОО БАГАСАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

-Давирхайг модны бодисын солилцооны дархлааны эмчилгээний бодис гэдэг юм билээ?

-Тийм ээ. Давирхай модны шархыг түргэн эдгээхэд тусалдаг. Ялангуяа хушин, нарсан ойд. Жилд 3мм өсдөг байсан мод 2 мм болж буурч байна. Энэ нь ой доройтож байгааг илэрхийлж байгаа юм. Монгол Улсад 2100 он гэхэд хушин ой устах хэмжээний аюул ойрхон байна гэдэг сэтгэл эмзэглүүлсэн зүйл ажиглагдсаар байна. Түймэр, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйлдэл хавсарч, эдгээр зүйлс нөлөөлж байна. Мунаар цохисон мод бүрэн шим тэжээлээ алдаж байгаа учраас боргоцойны тоо багасах хандлагатай байна. Гэхдээ эцсийн дүгнэлтийг хараахан гаргаагүй байна. Ерөнхийдөө мунадуулснаас болж мод стресстэж байгаа учраас өөрийнхөө бүрэн шим тэжээлээр боргоцойгоо тэтгэж чадахгүй байна гэж ойлгож болно. Мод болгон харилцан адилгүй үрлэдэг учир урт хугацаандаа олон жил авч ашиглахаа бодвол модоо гэмтээхгүйгээр болц гүйцсэн үед самрыг нь авах чухал.

-Мунаар цохиод гэмтээсэн мод үржил шимээ бага авдаг байх нь ээ?

-Энэ ил гарсан шарханд шавж, бактери, мөөгөнцөр үржиж, модыг өвчлүүлэх орчин бүрдэнэ. Яг л хүний шалбарсан арьс үрэвсэж идээлэхтэй адил.Түүнчлэн чийгээ алдсан флоем давхарга хатангиршиж, шим тэжээл зөөвөрлөн түгээх сувгууд нь хаагддаг.Өөрөөр хэлбэл, цусны эргэлтийн тогтолцоо нь доголдон, яваандаа бүрэн хаагдаж, шим тэжээлийн дутагдалд орсон мод аажмаар хатаж үхнэ. Иймээс холтос нь гэмтсэн хуш мод гаднаа эрүүл юм шиг харагдавч жил бүр боргоцой нь давжаарч, гарц нь багасаж, мөчир нь хатаж, дотроо алгуур өвчлөн,үхэж байдаг.

-Иргэд хууль бусаар самар түүдэг асуудал жил бүр яригддаг. Иргэдийн хууль бус үйл ажиллагааны улмаас ойд ямар хохирол учирдаг вэ?

-Монгол Улсын хувьд аравдугаар сарын 20-ныг самар түүх хугацаа гээд журамдаа заасан. Харин бодит байдал дээр очоод үзэхээр дээр дурдсан хугацаанаас өмнө боловсорсон газар их таардаг. Тэгэхээр бүсчилсэн байдлаар хугацаагаа тогтоох ёстой гэдэг асуудлыг ярьж байна. Мөн нутгийн иргэд нь ашиг хүртдэг тогтолцоотой болгох хэрэгтэй. Манайхан модны физиологи гэдэг зүйлийг төдийлөн ойлгодоггүй. Харахад гол иш, титэм, үндэстэй. Гэхдээ энд ямар процесс явагдаж гэдэг нь юм. Модны хийдэг ажил нь үйлдвэрлэл. Биомасс буюу цардуул үйлдвэрлэнэ. Тэгж байж өсөлт явагдана. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийг фотосинтез явуулдаг. Нарны гэрэл хэрэгтэй. CO2 буюу дэлхийг дулааруулаад байгаа нүүрсхүчлийг шингээж, нарны гэрэл авч, хөрснөөс ус авахаар энэ нь цардуул, биомасс үүсгэдэг.Тиймээс мод юуны төлөө гэрэл рүү тэмүүлж, өндөр болж байгаа шалтгаан нь нарны гэрэл байхгүй бол фотосинтезийн процесс явагдахгүй. Жишээлбэл, Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарал 70 сая орчим тонн байгаа. Энэ тоо жил ирэх тусам уул уурхай, мал аж ахуйтай холбоотойгоор нэмэгддэг. Үүний 50 хувийг ойн салбар дангаараа шингээж байдаг. Нөгөө 8.3 хувийн ой ийм өндөр ач холбогдолтой. Дэлхийн дулаарлыг тогтоон барьж байгаа гол зүйл нь ой гэхэд буруудахгүй. Нэг хүн 18 ширхэг мод тарихад насан туршдаа авч хэрэглэсэн хүчилтөрөгчөө байгальд нь буцааж өгдөг гэсэн судалгаа ч бий. “Тэрбум мод тарья” гэдгийн цаад ач холбогдол нь дэлхийн дулаарлыг бууруулахад иргэдийн оролцсон хувь нэмэр гэдэг зүйл чухлыг харуулна.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна. Энэхүү арга хэмжээний үр дүнгийн талаар та ямар бодолтой явна вэ?

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болж байгааг бүгд хүлээн зөвшөөрч байна. Үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэхээр эхлээд одоо байгаа ойгоо хамгаалъя. 2030 он гэхэд дэлхий нийтээрээ ойн доройтол, хомсдолоос сэргийлье гэсэн зорилт тавьсан. Бидний тарьж буй ой доройтол, хомсдолын биш дасан зохицохоос илүү сааруулах чиглэлийн арга болдог. Монгол Улсын хэмжээнд жилд 140 мянган ой доройтож байна. Харин сүүлийн 10 жилд 5400 га хомсдож байгаа гэсэн тоо баримт гарсан. Жилд 540 орчим га талбай юм.Хомсдол нь ойтой байснаа шууд ойгүй болохыг хэлнэ. Харин доройтол бол ойн нь байгаа ч чанар, бүтэц, бүрэлдэхүүн нь мууддаг. Нэг ёсондоо сийрэгжиж байгаа гэсэн үг.

-Монгол Улс сүүлийн жилүүдэд хушны самрыг экспортод нэлээд гаргаж байгаа талаар та юу хэлэх вэ?

-Хушны самар 2500-15000 тонн хүртэл хэмжээнд экспортод гарч байна. Нөөцийг жил бүрийн наймдугаар сард тогтоодог. Одоогоор урьдчилсан судалгаа хийж байна.Тухайн жилийн ургац харилцан адилгүй байдаг. Их, дунд ургацын жил гэж бий. Их ургацын жилд Монгол Улсаас экспортод гаргахыг зөвшөөрдөг. Бага болон дунд ургацын жилд экспортлохгүй, харин ахуйн зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг. Ийм хуулийн зохицуулалттай. Их ургацын жил тухайн жилийн уур амьсгалаас хамаардаг. Хур тунадас, хаврын цочир хүйтрэлтээс шалтгаална. Хуш мод хоёр жилийн циклиэр явагддаг. Энэ жилийн хувьд есдүгээр сарын сүүлээр бүрэн боловсорно. Бүс нутгийн хувьд хэлбэлзэлтэй. Монгол Улс дэлхийн 13 биомийн тавыг нь агуулдаг. Тиймээс ургац харилцан адилгүй гарна.

-Ямар аргачлалаар нөөц, хохирлыг тодорхойлдог вэ?

-Самрын нөөцийг бүсчилсэн байдлаар тодорхойлно. Бид арга зүйг нь заагаад, орон нутгийн ойн анги, байгаль хамгаалагчид тогтооно. Тухайн жилийн ургацыг сумын хэмжээнд 60 орчим хувийг ашиглах зөвшөөрөл өгдөг. Хариин тусгай хамгаалалттай газар 40 орчим хувийг зөвшөөрнө. Онгон бүс, онцгой бүсэд огт самрын бэлтгэл явуулж болохгүй. Энэ нь зөвхөн хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд орно. Энэ үлдсэн 40, 60 хувь нь амьтдын хоол тэжээл, орон байрны гол эх үүсвэр болдог учраас тодорхой хувийг үлдээх ёстой. Нөөцөө зөв тодорхойлох хэрэгтэй. Тиймээс сургалтаар дамжуулж ойн анги, байгаль хамгаалагчдад зааж өгч байгаа юм. Нөөцийг тодорхойлохдоо нэг суманд 12 цэг авч дунджаар гаргадаг.

-Нэг модонд хэр хэмжээний хохирол учруулж буйг тооцдог аргачлал бий юү?

-Бий. Тооцдог аргачлалыг боловсруулж батлуулсан. Энэ хүрээнд болц гүйцээгүй байхад нь түүсэн, буруу технологиор түүсэн хүмүүст хариуцлага тооцдог механизмыг бий болгох гээд байгаа юм. Ингэхээр хүний мууг үзэх гэлээ, алт ухаж буй хүмүүстэйгээ тэмц гэдэг. Бид Монголын байгаль хамгаалагчдын холбоо гэдэг утгаараа уул уурхайн асуудал руу нэлээд ордог. Гол орлого олж буй зүйл нь самар байхад гэдэг зүйл ярьж байна. Бид Монгол Улсаас экспортлохыг хориглох гэдэг зүйл огт яриагүй. Харин болц гүйцсэн үед хугацаанд нь авдаг тэр иргэдийг бэлтгэе гэдэг зүйлийг яриад байгаа юм. Нөөцөд тулгуурласан зүй зохистой ашиглалт гэдэг зүйлийг бий болгоё гээд байгаа юм.

-Энэ талаар тодруулъя?

-Үнэндээ самар чинь жимс шүү дээ. Жимсээ авч ашиглах нь зүйтэй ч тодорхой хувийг нь байгальдаа үлдээгээд, байгалийн сэрүүн ургалтад ургах боломжийг хангаж өгч авах ёстой байхгүй юу. Нөөцөд тулгуурласан зүй зохистой ашиглалт гэдэг зүйлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ойд хохиролгүй түүдэг арга технологийг хайж, гарц олъё гэж уриалж, шаардаж байна. Зүй зохистой бэлтгэх нь дараагийн чухал зүйл. Даацын зузаан резинээ 3 метр орчим өлгөнө. Өнөөдрийн түвшинд энэ аргыг тохиромжтой гэж үзэж байна. Модонд гэмтэл учруулахгүйгээр авах боломжтой. Мөн болц гүйцсэн үед авах хэрэгтэй. Резинээр муна, мод хоёрт хамгаалалт хийж, болц гүйцсэн үед нь түншье гэдэг зүйлийг л сануулж байна. Түнэр харанхуйд суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг шиг…

-Зарим нь энэ аргыг шүүмжилдэг?

-Трактор ч юмуу, сэгсрэгч машин, доргиогч байж болохгүй юм уу гэдэг зүйл ярьж байна лээ. Гэтэл бодит байдал дээр том оврын техникийн төрлийг самар бэлтгэж байгаа хүмүүс тэр болгон авч чадахгүй шүү дээ. Даацын резинээр хамгаалчихад эхний ээлжинд модондоо гэмтэл учруулахгүй байх зүйл хийе гэж мэргэжлийн байгууллагуудад уриалж байна. Яах вэ, арга ядсан арга л даа. Ядаж үүнийг хийвэл модоо гэмтээхгүй шүү дээ. Нэг хушин ой 300-500 насалж байна. Ерөнхийдөө болц гүйцсэн үед нь түүх ёстой гэдэг зүйлийг зайлшгүй шаардах ёстой.

-Монголд ойн салбарын мэргэжилтнүүд олон бий юу?

-Монгол Улсын хэмжээнд 1074 байгаль хамгаалагч бий. Ийм өргөн уудам газар нутагт цөөн байгаль хамгаалагч ойг хамгаалах боломжгүй байна. Тиймээс идэвхтэн байгаль хамгаалагчдыг олноор бэлтгэж байна. Ууланд явж байгаа, бэлдэж байгаа хүмүүстээ дээрх шаардлагыг тавьдаг байх юм.

-Хушны самар бэлтгэж ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчин ямар байдаг вэ. Зөрчил их гардаг уу?

-Ойн тухай хуулиас гадна хэд хэдэн хуулиуд дээр ажилласан.Ялангуяа журам дээр илүү ажиллаж байна. Шуудай самар үүрээд явж байгаа иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Журамд зааснаар хуш модны 1 кг самрын эдийн засгийн үнэлгээ нь 96.900 төгрөг байдаг. Энэ нь нөхөн төлбөр. Мөн дээр нь байгалийн ховор ургамал гээд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл зөвшөөрөл авсан иргэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Мөн тусгай хамгаалалттай газар дээр хушин ойн 70 гаруй хувь нь бий. Тэгэхээр үйлдвэрийн зориулалтаар тусгай хамгаалалттай газар бэлдэхгүй. Гэтэл гарч байгаа нөөцүүд нь эндээс л гарна. Энд хууль эрх зүйн маш том цоорхой үүсээд байгаа юм.Үнэхээр Монгол Улс түүнийгээ хамгаалаад, гаргахгүй гэж байгаа бол экспортод гаргахгүй гэдгээ нээлттэй зарлачих хэрэгтэй. Угаасаа л тэндээс авч байгаа бол нөөцөө зөв тогтоогоод, ашиглалтын горим руугаа орчих хэрэгтэй. Хушин ойн гол асуудал нөөцийг үнэн бодит тогтоолгүй ашиглалт явуулснаас болж 100 хувь цөлмөх хандлагатай байдаг.Тиймээс хариуцлагын тогтолцоог чангатгах хэрэгтэй.

-Зарим жил самар их том, зарим жил бага хэмжээтэй ургадаг. Энэ нь ямар учиртай вэ?

-Самрын үр том учраас хамгийн шим тэжээлтэй байдаг. Мөн томынхоо хэрээр эрсдэл ч бий. Монголд гацуур, жодоо, нарс, шинэс, хуш гээд таван зүйл шилмүүст мод ургадаг. Зарим боргоцой далавчгүй. Далавчтай нь хол салхиар тархана. Самар том байгаагийн шалтгаан амьтдыг татах зориулалттай. Хоол тэжээлээ болгож хэрэглэдэг. Нөгөө талдаа амьтад байгалийн сэрүүн ургалт хийдэг. Самарт шаазгай, хэрэм зэрэг амьтад боргоцой авч булчихаад мартчихдаг. Энэ нь мод ургах нөхцөл бүрдүүлж байдаг юм. Байгальд хаях зүйл байдаггүй. Бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Хүн ч гэсэн өөрийн үүрэгтэй. Гэвч сүүлийн жилүүдэд шунал нь ихдээд байгальдаа хамгийн хортой зүйл нь болж хувираад байгаа юм.

-Ойг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо чухал. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Самар ашиглахтай холбоотой судалгаа хийгээд явж байхад гурван зүйлийг онцлохоос өөр аргагүйд хүрч байгаа юм. Нэгдүгээрт, ойн хэмжээ 12 хувиар багассан гол шалтгаан нь түймэр. Хушин ой нь шинэсийг бодвол түймэр тэсвэрлэх чадвар муу. Нарсны төрлийн үндэс газар дээр хавж ургадаг, давирхай их бол шинэс доошоо үндэстэй учир гүнээс ус татах боломжтой байдаг. Давирхай их байдаг нь эфирийн тостой учраас хурдан шатдаг. Сүүлийн жилүүдэд хамгийн их талбай хорогдож байгаа нь харамсалтай. Нийт хушин ойн талбайн экологи, эдийн засгийн үнэлгээ ойролцоогоор 120 орчим их наяд төгрөг байгаа санагдаж байна. Энэ тоо мужаас хамаарч зэрэглэл, эдийн засгийн үнэлгээ нь өөр өөр байх нь бий.

-Хоёрдугаарт…?

-Уур амьсгалын нөлөө хушин ойд хамгийн өндөр эрсдэл дагуулдаг. Өрөмний судалгаа хийдэг.Өрөмний судалгаагаар хэдэн жилд түймэр гарсан байна, хэдэн жилээс хуурайшиж байгаа болон мод стресстэж байна уу гэдгийг судалдаг. Эндээс үзэхэд хушин ойн өсөлт буурах хандлагатай байгаа юм. Мөн өмхөрч байна. Гуравдугаарт, самарт явсан хүмүүс модыг түншээд, маш их гэмтээсэн. Миний явсан газруудаар цээжний өндрийн диаметр нь 14-өөс дээш хушин ойд гэмтэлгүй хуш бараг л байхгүй болсон байна лээ. Хүмүүс 70 гаруй хувьд нь хүрч, мунадсан байна. Мөн болц гүйцээгүй байхад нь мунаддаг.

-Та иргэдэд мод тарихдаа юуг анхаарах хэрэгтэй талаар товчхон зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүмүүс мод тарихдаа үндэсний систем нь хатчихсан мод аваад тарьдаг. Сахлаг үндэсгүй мод аваад байна. Осмос даралт гэдэг зүйлийг мэдэхгүй байна. Нахиа хөөсний дараа авахаар даралт үүсэхгүй болчихож байгаа юм. Энэ нь сорох процесс. Ойд яагаад чийгшил их байдаг гэхээр энэ нь газраас ус татаж, агаар чийгшүүлж байдаг. Ойд дуу чимээ бага. Ой хамгийн цогц эко систем. Хушин ой гэдэг юугаар ч орлуулашгүй. Мөн хушин ойн талаар сонирхсон хүмүүс Монголын байгаль хамгаалагчдын холбоотой хамтран ажиллаж болно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Батбаатар: Төрийн тунгалагшил, зарчмын хариуцлагын үнэмлэхүй том өөрчлөлтөд чармайж, цаг үеийн нэхэгдлийг мэдэрч ажиллах ёстой

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Батын Батбаатартай ярилцлаа. -Шинэ Ерөнхий сайдад Г.Занданшатарыг МАН-ын Бага хурал дэмжлээ. Үүн дээр т...

img

8 цагийн дараа

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, шинэчилнэ

Чингэлтэй дүүрэг, 24-р хороо, Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гүнтийн п...

img

8 цагийн дараа

ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.10) хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах т...

img

7 цагийн дараа

Э.Өнөрбилэг: ТҮЦ-ээ буцаагаад тавьсан чинь ойр хавийн үйлчилгээний газрынхан нэг нүдээрээ ч үзэхгүй байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үз...

img

7 цагийн дараа

Хүүхдийн эрх зөрчсөн 61 иргэнийг 18.3 сая төгрөгөөр торголоо

Өнгөрсөн 7 хоногт хүүхдийн эрх зөрчсөн 61 иргэнийг хууль хяналтын байгууллагууд 18.3 сая төгрөгөөр торголоо. Гэр бүлээ удаа дараа хү...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд