мэдээ
XX зууны шилдэг тамирчин З.Ойдов: Дэлхийн аварга гэдэг цолны араас өөр цол авч болохгүй юм байна гэж бодоод л начин цолны араас хөөцөлдөөгүй

Админ
2025 оны 6 сарын 26

184

Энэ удаагийн зочин маань их өвөрмөц. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга,Ази тивийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, XX зууны шилдэг тамирчин Зэвэгийн Ойдов. ДАШТ-ий мөнгө, хүрэл медалийг нь алгасаад тоймтойхноос нь нэрлэхэд ийм. Хувь ертөнцийнхөө тухайд хамгийн даруу нэгэн. Энэ эрхэмтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Би тантай ярилцалгүй яг 20 жил болж. Тэр үед та “Тамирчин хүн аатай байж амжилтад хүрдэг” гэж хэлж байсан. Өөрөө Аатай гэдгээ ч хэлж байсан. Таны энэ үг хэвээрээ юү?
-Хэвээрээ.
-Ж.Мөнхбат аваргын хөшөө нийслэлд бослоо. Та энэ хөшөөний нээлтэд яагаад ирсэнгүй вэ?
-Би хөдөө ажилтай явж байгаад ирж чадаагүй юм. Энэ хөшөөг би фэйсбүүкээр харлаа. Үнэхээр гайхамшигтай амьд хөшөө байна. Яагаад вэ гэхээр дотоод сэтгэл нь хүртэл харагдаж байна. Олон жилийн өмнө, бараг 1974, 1975 оны үед байх Зүүнхараагийн галт тэрэгний буудал дотор, шөнийн арван хоёр цагийн вагонд Улаанбаатар руу суух гээд явж байсан. Хүн ч цөөхөн байлаа. Тэр дотор хэдэн ачаатай тэмээ хөтөлсөн хүний зураг байсан юм. Тэр зураг амьсгалж байгаа нь харагдаад байгаа ч юм шиг, нүд нь хөдлөөд байгаа ч юм шиг харагдаж байсан. Тэгээд би зураг гэдэг чинь ийм юм байдаг юм байна даа. Энэ ямар мундаг уран хүн нь зурсан юм бол гэж харж байсан. Түүнээс хойш олон сайхан зураг их үзсэн. Энэ Ж.Мөнхбат аваргын хөшөөг утсан дээрээс хараад, хаанаас нь ч харсан дотоод сэтгэл нь гарсан амьд бүтээл юм гэж бодож байгаа
-Амьддаа хөшөөгөө босгуулсан хүний нэг нь Та. Ямар байсан бэ?
-Анх ичдэг л юм байна лээ. Надад манай нутгийн Дамдинбазар гэдэг хүү ахдаа хөшөөг нь босгож өгнө гэсэн. Тэр үед МУИС-ийн урд байдаг Х.Чойбалсан гуайн хөшөөнөөс өөр ч нэг их олон хөшөө харагддаггүй байсан цаг.
Дамдинбазар хүү гурван жил хөшөө судалсан юм билээ. Тэр Зөвлөлтөд сургуульд сурсан хүн. Тэгээд газар газрын хөшөөнүүдийг судлаад, судалж дууссаныхаа дараа л одоо хөшөөгөө барина гэж шийдсэн гэсэн. Нэг өдөр над руу утасдаад “За одоо хөшөөгөө яаж барих вэ” гэж байна. Тэгээд л хөшөө барьсан. Барих болсон чинь ярьж байгаад Х.Энхбаяр гипсээр баримлаа хийсэн. Тэрнийхээ гаднаас хэв аваад дараа нь уусгалт хийнэ. Араас нь уусмалаа биежүүлдэг юм билээ. Ингээд хөшөө барьсан. Анхандаа жаахан ичиж байсан. Сүүлдээ ч хамаагаа алддаг юм билээ.
-Юунд ичих вэ?
-Анх олон хүнд дэлгэрээгүй юм хийхэд хүн чинь зовдог л юм билээ. Болдог ч юм уу, болдоггүй ч юм уу гээд л. Тэгээд ажаад байтал янз бүрийн хүмүүс очно. Хамаатан садан очно. Амьддаа хөшөөгөө босгуулна гэдэг сайхан юм байна лээ.
-Та бол 1974, 1975 оны дэлхийн аварга хүн. 1973 онд “Би түрүүлнэ” гэж хэлсэн байдаг. Тэр нөгөө аагийн илэрхийлэл үү?
-Аатайгийн шинж ч бас бий. Аа гэдэг чинь идсэн уусан юм нь биедээ энерги болж хувираад сүүлдээ биедээ багтахгүй амаараа л хэлж байгаа илэрхийлэл. Ж. Мөнхбат аварга их аатай байсан гэдэг чинь багтаж ядаж байгаа л гэсэн үг шүү дээ.
Уг нь би чинь 1973 онд түрүүлнэ гэж хэлэх гээд байдаг. 1971 1972 онд би хоёуланд нь цэвэр ялагдсан хүн шүү дээ. Тэгчихээд 1973 онд түрүүлнэ гэж хэлэх чинь хүнд бас л эвгүй байхгүй юу. Тэгээд би Ираны 62 кг-ын талыг мэдээд ирээч гэж С.Магсар багшид хэлсэн юм. Цэрэндагва багш шигшээ багийн дасгалжуулагч байлаа. Аль нь ч мэдэж ирээгүй. Миний өрсөлдөгч Навай гэдэг хүн болсон. Ингээд би түрүүлнэ гэж чадахгүй байхгүй юу. Боксын дасгалжуулагч Б.Олзод багш тааралдаад “Энэ жил танайхнаас хэн хэн сайн барилдах вэ” гэж байна. Хуучин сайн барилдсан хэдээс хоёр залуу сайн барилдана аа гээд аваад хаялаа. Тэгээд хэл гэхээр нь хэлэхгүй гэсэн. Шалаад болдоггүй. Ингээд би нэгийг нь хэлье гэсэн. “За тэг” гэж байна. Энхтайван сайн барилдана. Нэгийг нь би хэлэхгүй гэсэн. Нэрийг нь хэлэх юм бол би түрүүлнэ гэх гээд байгаа хэрэг.
-Х.Намшир багш цагтаа таныг олимпод хоёр удаа түрүүлэх байсан, Баянаа аварга дэлхийд зургаа түрүүлэх байсан гэж хэлсэн байдаг юм билээ?
-Тийм үү. Яах вэ багш нар, зарим хүн нь тэгж бодож байсан байх.
-Та их жин хасаж байсан. Тамирчин хүнд жин хасах ямар хэцүү байдгийг би мэднэ. Та бас 100 грамм хасаж байсан түүхээ надад ярьж байсан?
-“Би 1976 оны олимпод 68 кг-д оръё. Тэгвэл би түрүүлнэ. Манай улс олимпийн аваргатай болно оо” гэж С.Магсар багш, Ж.Мөнхбат багш хоёрыг хамт байхад нь орж хэлсэн юм. Тэгээд жаахан байж байгаад Ж.Мөнхбат багш гараад явсан.
-Ж.Мөнхбат аварга уу?
-Тийм. Ний нуугүй ярихад, айхтар ухаантай хүн болохоор “Энэ хүнд асуудал болох нь байна, С.Магсар багш өөрөө шийдэг гэж бодоод явсан байх” гэж би одоо боддог юм. Харин С.Магсар багш юу ч дуугараагүй. Юм дуугарахгүй болохоор нь “Ц.Нацагдорж гуай 68 кг-д ороод түрүүлэхгүй. Медаль ч авахгүй. Аз байвал зургаад орно. Аз байхгүй бол зургаад орох ч үгүй. Харин 62 кг-д Нацагдорж гуай орчих юм бол гуравт орж хүрэл медаль авна. 62 кг-аас дээшээ барилдана гэж бэлдсэн таван залуу өгсөнө. Хэрэв тэр таван залуу өгсөөд 68 кг-д орчихвол дороос нь таван мундаг залуу 62 кг-д алга болчихож байгаа юм. Тэгээд оронд нь дандаа шинэ залуучууд ирнэ гэж хэлсэн. Тиймээс тэнд Ц.Нацагдорж гуай медаль авна. Би 68 кг-д түрүүлчихнэ гэсэн чинь дуугардаггүй. Бүр аргаа бараад би гарсан. Тэгээд Ц.Нацагдорж гуайтай уулзлаа. Тэгсэн Ц.Нацагдорж гуай зөвшөөрдөггүй.
-Та хоёр чинь бүр хэрэлдсэн гэсэн биз дээ?
-За тийм. Би чинь одоо настай хүнтэй хэрэлдэж нэг их гийгүүлээгүй л дээ. Зүгээр хорон үг хэлсэн юм. “Та одоо ерөөсөө түрүүлэхгүй ээ. Дороос манайхаас таван залуу өгсөнө. Тэгээд тэдэнтэй таарахад та алийг нь ч дийлэхгүй шүү дээ” гэж хэлээд галыг асаав аа. Тэгээд “Та бөх гэж юу ч мэддэггүй юм байна. Та бид хоёр жинтэй спорт гарч л бөх гэж өвчигнөж яваа болохоос биш та бид хоёрын бөх гэж ямар юм байдаг юм. Та бол цэргээс халагдаад улаан говьдоо очиж хэдэн үдээр болсон тэмээтэйгээ худаг дээр хэдэн гүрвэлтэйгээ л хамт өдөржингөө ховоо татаж зогсож байгаа шүү дээ. Би адууны хүзүү эргүүлж чадахгүй юм хонь хариулаад л морины наймаа хийгээд нэг сайр үзүүлсэн явж байгаа байх. Ийм л гэж бодож ойлгох хэрэгтэй, та бид хоёр. Тиймээс энэ сайхан спортоор, сайхан гал устай байгаа дээрээ хоёулаа медаль авчих хэрэгтэй байна шүү дээ” гэсэн. Тэгсэн ярьдаггүй дээ. Би яагаад үүнийг үндэслэлтэй хэлж байгаа вэ гэхээр тэр үед 100 бөхийн судалгаатай байсан юм. Би өөрийнхөө 30 бөхийг 57-гийн дороосоо жин их хасдаг 10 бөх дээрээсээ 68-д жин бага хасдаг 10 бөх гээд. Дүү Дүвчин дээр байгаа учраас тэрний 30-г дээд доод 10 10-тай нь судлахаар 100 бөх болж байгаа юм. Энэ 100 бөхийн үйл ажиллагаанаас илүү гардаг цаад таван жингийн бөх гэж байдаггүй юм. Бүгдээрээ л энэ дунд багтдаг. Ийм учраас их найдвартай мэдэж хэлж байгаа юм.
-Олимпийн мөнгөн медаль, дэлхийн хоёр удаагийн аваргаар таны амжилт зогсчихлоо шүү дээ. Та үүнд харамсдаг уу?
-Харамсалгүй яах вэ. Яагаад вэ гэхээр С.Магсар багшид их тодорхой хэлсэн юм. “Миний биологийн өсөлтийн нас ингээд дууссан. 73, 74 кг болсон энэ сайхан төлжиж өссөн биеэ нэг сэгсрээд л дахиж чадахгүй нь ээ. Дараа нь яаж төлжиж яаж медаль авах юм бэ? Одоо би 1976 оны олимпод 68 кг-д орчих юм бол би 1976, 1977, 1978 оны ДАШТ-д дараалан түрүүлнэ ээ. Манай Монголд олимп, дэлхийн таван удаагийн аварга хэрэггүй юм уу” гэж хоёр дахь уулзалтан дээрээ тулгасан. Тэгсэн “Хэрэгтэй” гэдэг ганцхан үг л хэлсэн. “Тэгээд тийм хэрэгтэй байгаа юм бол намайг яагаад 68 кг-д оруулахгүй байгаа юм” гэхэд бас л юу ч дуугараагүй. Дараа нь би өөрөө жингээ жаахан тордсон. Би 10 кг хасаж дэлхийн аваргад ордог байсан бол 12 кг хасчихаж байгаа юм. Ёстой сайхан ч байсан. Тэгээд би С.Магсар багшид сарын дараа дахиад хэлсэн. Тэгсэн “Дарга нар зөвшөөрөхгүй байна аа” л гэсэн.
-Өөр юм хэлээгүй юү?
-Өөр юм хэлээгүй. Тэгээд одоо яах вэ дээ. Болохгүй юм байна гээд би 62 кг руу хассан. Би жингээ 14 хоногт оруулдаг байсан бол 19 хоногийн өмнөөс эхэлсэн. Тэгсэн 67.5 кг дээр би таг гацсан. Тав хоног алчихаж байгаа байхгүй юу. Тэгээд л муу Б.Адъяатөмөр минь тэгж хэлсэн шүү. “Чи бол 62 кг-д орохгүй юм байна. Миний барилдах ч яах вэ. Чамайг тэмцээний өмнө 62 кг дээр зогсоочих арга байна уу, хоёулаа тэгээд үзье дээ” гэж. Миний дэргэдээс тав хоног салаагүй шүү.
-Өөрөө бас тамирчин байсан хүний хувьд олимп үзээд огшино биз?
-Огшилгүй яах вэ. Сайхан байдаг юм.
-Гэхдээ харамсал нь бас байх уу?
-Байлгүй яах вэ. Яагаад вэ гэхээр нэгийн даваан дээр Намайг гурав цэвэр дарж ялж байхад оноог нь ч өгөөгүй луйвардчихсан байхгүй юу. Тэгээд л би хоёрт орсон. Түүнээс биш би бүгдийг нь л ялсан юм. Ер нь бол тэмцээнд орох, үзэх сайхан байдаг.
-Ж.Мөнхбат аварга санхүү эдийн засгийн сургууль төгссөн задаргаа сайтай, гаргалгаа ихтэй, томьёолол өндөртэй мундаг бөх байсан. Таныг тэр хүнээс дутахгүй гэж боддог. Та бас л задаргаа сайтай хүн дээ?
-Ж.Мөнхбат аваргыг улс их олон янзаар ярьдаг. Мөөгий бол шатар мундаг тоглоно. Их ухааны хүн. Бэлтгэл сургууль дээр олигтой юм хэлэхгүй. Дасгалжуулагч болчихоод ч олигтой юм хэлэхгүй. Яг хүнд нөхцөл тулаад ирэхийн үед, хэн ч ялж мэдэхээр хүнд нөхцөлийн үед хатигны толгой дээрээс хатгаж байгаа юм шиг л хэлнэ шүү дээ. Гайхалтай. Одоо ингэ гэнэ. Тэгээд л тэрийг хийхээр аваад л явна. Яаж ч болохгүй юм дээр тэр хүний үг хэрэг болно. Дасгалжуулагч хүний хувьд, маш их барилдаан үзсэн хүний хувьд, мэддэг хүний хувьд “Одоо ингэ” гээд тэрийг нь хийж чадвал, чадах юу байх вэ, ур чадвартай тамирчин хийнэ шүү дээ. Тэгээд л ялна. Тийм учраас Ж.Мөнхбат аварга бол барилдааны талаар мэднэ. Хэнтэй яаж барилдвал хэн нь хэнийгээ унагах вэ гэдгийг онцгой сайн мэддэг.
-Та Ж.Мөнхбат аваргын “Сайн бөх нэг мэхэнд гурав унадаггүй” гэдэг үгийг их өөрөөр тусгаж авсан байсан?
-Дээр үеийн бөхчүүд ч хэлдэг, Ж.Мөнхбат аварга ч хэлдэг. Тэр үг чинь сайн бод, сайн бясалга, бүх талаас нь боловсруул гэсэн үг шүү дээ. Сайн бөх болохын тулд нэг мэхэнд гурав унахгүй л гэж бид боддог. Манай М.Мөнгөн арслангаас нэг сурвалжлагч асууж л дээ. Үндэсний бөх хэр сайн хөгжиж байна гэсэн чинь хөгжөөгүй гэж. Яагаад гэсэн надад гурван жилийн өмнө унасан хүүхэд гурван жилийн дараа яг тэр байдлаараа гурван жилийн дараа уналаа. Тэгэхлээр хөгжихгүй байна. Өөр маягаар хүрч ирээд унасан бол энэ хөгжиж байна. Бодож байна, сэтгэж байна гэхсэн гэж хариулсан байдаг.
-Манай бөхчүүд ийм хурдтайгаар мэх сурч иймэрхүү байдлаар бэлтгэл хийх юм бол Монголын бөхчүүд дундаас би хамгийн түрүүнд дэлхийн аварга болно гэж бичиж байхдаа та 19 настай байжээ?
-Яг одоо ингээд бодоход яаж ч бодсон юм, юугаа бодож тэгж хэлсэн юм бүү мэд. Тэгэхдээ л хамгийн түрүүнд дэлхийн аварга болсон доо.
-Та дэлхийн аварга болохдоо хэдтэй байсан бэ?
-26-тай байсан.
-Орон орны дасгалжуулагчид таныг дүгнэхдээ “Ойдовын хийх гэж байгаа мэх нь мэдэгддэгүй. Тонгорчихлоо гэхэд тонгорсон барьц байдаггүй” гэсэн байсан. Тэгэхээр та нэлээн бусгаатай мэх хийдэг, камераас мэхээ нуудаг хүн байсан юм шиг ээ?
-Камераас мэхээ нуулгүй яахав. Мэхээ нуухгүй бол дараа нь илүү боловсруулна. Гадаадынхан чинь манайхнаас илүү боддог. Илүү дүгнэлт хийдэг. Бүгдээрээ тэрийгээ ярилцаж дараа нь давтдаг улс байхгүй юу. Манайхан бол тэгж чаддаггүй. Тэгээд би бодсон л доо. Тонгорох барьц барьчихаад тонгорох юм бол “Тонгорлоо шүү дээ чи хамгаал” гэж байгаад тонгорсон хэрэг болно. Тэгээд би илүү хүчтэй бол унагана. Дутуу бол унагаж чадахгүй. Түүнтэй адилхан бодоод би дандаа мэхнийхээ барьцыг барьдаггүй юм. Яг хөдлөхдөө гүйлгэж аваачаад тонгорлоо гэхээрээ л мэхнийхээ барьцыг бариад мэхээ хийгээд унагана.
–“Ойдов” нэрээр алдаршсан мэх дэлхийд бүртгэлтэй. Энэ мэхийг та дотроо анх бодсоноосоо хойш 20 жил нууж яваад хариултыг нь олоогүй гэдэг. Одоо хоёулангийх нь ярилцаад суух энэ мөчид энэ мэх тэмдэглэгдээд 50 жил болж. Та хариултыг нь олсон уу?
-Олоогүй. Хариулт байхгүй юм билээ. Энэ бол сайхан зөв хийвэл цэвэр дардаг, их сайхан мэх юм байгаа юм шүү дээ. Энэ мэхийг эзнийх нь нэрээр нэрлэхийг А.Басхүү л санаачилсан хүн.
-Та 1973 онд Ираны Навойд оноогоор ялагдаад дараа нь занаатай очиж энэ “Ойдов” мэхээ хийж цэвэр ялсан байдаг шүү дээ?
-Тийм. Хойтон жил нь очоод занаатай байлгүй яах вэ дээ. Навойг л би ялчихсан бол дэлхийн аваргын эрхэндээ үзэх гээд байгаа юм л даа.
-Тэгэхээр та үндэсний бөхөд хэр ханддаг вэ. Үндэсний бөхөөр барилдахгүй яасан юм бэ?
-Үндэсний бөхөд бол би маш сайн ханддаг. Би дэлхийн нэг номерын барилдаан Монгол үндэсний бөхийн баридаан байх гэж боддог. Яагаад гэвэл өвдөг, тохой, толгой газар шүргээ л бол унасан гэж үздэг. Хоёрдугаарт, энэ чинь өөрийнхөө хүмүүжигч өөрийнхөө барилдагч хүнийг бол гайхалтай хүмүүжүүлдэг барилдаан. Нэгдүгээрт, нэг хоёрын даваанд хамгийн том цолтой бөхтэй хамгийн бага цолтой бөхийг аваачиж тавьдаг. Нэг хоёрын давааг Монгол үндэсний алтан босго гэдэг учраас хэнийх ч болдог. Тэр ч байтугай Намхай аваргыг Лувсанжав аваргатай хоёрын даваанд тааруулаад Намхай аварга нь бууж өгөөд Лувсанжав аварга түрүүлсэн түүх бий. Намхай аваргын түүхийн номон дээр хоёрын даваанд нэг унасан гэж бичсэн байдаг юм байна лээ. Алтан босгон дээр хэнийг ч хэнтэй ч тааруулж болдог учраас тэндээсээ битгий тороосой гэж залбирдаг юм байна лээ бөхчүүд. Тиймээс би үндэсний бөхийг маш их хүндэлдэг. Гуравдугаарт, дээхнэ үед сайнаас нь эхэлж шилж амладаг байсан байна лээ. Одоо бол муугаас нь эхэлж шилж амладаг болсон. Ингээд хөгжлийн явцад эдийн засгийн талаасаа ч гэсэн ийм болж байгаа юм байна. Энэ бол олон түрүүлэх олон сайн барилдахын тулд хичээж хөдөлмөрлөж байгаагийн янз янзын хэлбэр л дээ. Би 1970 онд сумандаа барилдаж түрүүлж ирээд шигшээд орсон хүн шүү дээ.
-Сумын заан юм байна, тийм үү?
-Тийм.
-Улсад барилдаагүй юу?
-Уг нь бараг больсон хойноо 1977 оноос эхэлж дөрвөн удаа улсад гурав давсан байдаг юм. Монгол бөхийн барилдаан чинь тэнцвэрийг мундаг олгодог. Барьц байрлалыг зөв болгодог. Мэхийг зөв хийхийг шаарддаг. Хэнийг яаж ялах вэ арга тактикийг боловсруулдаг. Мэхийг зөв оноож барилддаг болгодгоороо гайхамшигтай.
-Дүү чинь бол бас нэртэй бөх улсын заан З.Дүвчин. Тэгэхээр танд боломж байсан юм шиг санагддаг. Ядаж улсын начин болох?
-Нуулгүй хэлэхэд, нэгдүгээрт би жижиг биетэй хүн. Хоёрдугаарт, сарын дараа дэлхийн аварга болох гээд байдаг. Тиймээс хамаа намаагүй жингээ дээшлүүлж явуулж чадахгүй. Надад бол дэлхийн аварга сонин байгаад байдаг. 1977 оноос нэг цол авчих юмсан гэж боддог байсан юм. Яагаад гэвэл надаас намхан хүн болчихсон байдаг. Тэгэхээр болчих юм байна гэж бодсон чинь дүү зургаа даваад улсын начин болчихсон. Манай үндэсний бөхийн барилдааны нэг лут юм нь дээд цолтой хүний үгэнд л орохоос биш доод цолтой хүний үгийг сонсдоггүй байхгүй юу. Би бол хэчнээн цол аваад тав давбал давна. Дүүгээ үгэндээ оруулж чадахгүй бол яах юм бэ, би тэртэй тэргүй багш болох хүн. Заан хүн арслан хүнийг үгэндээ оруулж чадахгүй бол багш болох хэрэг юу вэ.
1974 онд хамгийн сүүлийн бөхийг унагаад гараа өргүүлснээс хойш Д.Сэрээтэр гуайгаас эхлээд багийнхан аварга аа гээд л эхэлсэн. Миний ичиж байгаа гэж жигтэйхэн. Тэгэхдээ зэрэгцээд би аварга гэдэг цолны араас өөр цол авч болохгүй юм байна гэж бодоод л начин цолны араас хөөцөлдөөгүй.
-Тамирчин хүнд ар гэр гэдэг маш чухал байдаг. Тамирчны гэргий байна гэдэг хүнд даваа. Хүн ханиа л зөв сонгосон цагт амжилтад хүрдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нийлнэ. Би чинь дэлхийд хоёр түрүүлсэн хойноо хөгшинтэйгөө нийлсэн юм. Олимпийн өмнө нэг гэрт л ороогүй байсан болохоос биш их дотно сайхан болчихсон байсан. 1977 онд бас л түрүүлэх байсан ч луйвар гээд янз бүрийн жин хассанаас болоод би хүрэл медаль авсан. Түүнээс хойш би дасгалжуулагч болсон. Энэ хооронд бид дөрвөн хүүхэдтэй болсон. 1977 онд анхны охин минь төрсөн. Тэр үед би бол бараг хүүхдээ өсгөөгүй. Бэлтгэлийн дундуур 10 20 минут салхинд гаргана. Өөр нэг их тус хийгээгүй хүн шүү дээ. Тийм учраас манай хадам аав ээж, манай хөгшин бүгдийг нь өсгөсөн. Манай хүн багш байсан.Тэр үед багш хүн чинь өглөөнөөс эхлээд орой 10 цаг хүртэл ажил дээрээ байна. Анги даах хэцүү шүү дээ. Манай хэдэн хүүхэд тэгж л өссөн. Манай хөгшин бол миний бүх арыг дээд зэргээр даасан хүн дээ.
Бид ийн ярилцав. Нэгэн цагт дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байсан энэ эрхэм өдгөө “Цагаан нуга” зусландаа бяцхан үйлчлүүлэгчдээ хүлээж аваад бужигнаж суугаа даа.
Ярилцсан Н.Саранчимэг





Долдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Долдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 7...
8 цагийн дараа
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30...
7 цагийн дараа
ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ...
7 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын э...
6 цагийн дараа
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Энэ 7 хоногт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ тү...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд