мэдээ
Ж.Галбадрах: Багш ажлаас гараад байгаа нэг шалтгаан нь эцэг эхчүүдийн дайралт, сөрөг хандлага, харилцаанаас үүдэлтэй. Үүнийг цаашид хуулиар зохицуулах ёстой

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 6 сарын 26

46

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахтай багшийн хомсдолын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Багшийн хомсдолын асуудал өнөөгийн Монголын боловсролын салбарт үнэхээр тулгамдаж байна. Уг асуудлын учир шалтгаан, гарц шийдлийг олох гэж мэргэжлийнхэн Төрийн ордонд цуглаж хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үр дүн ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
-Үнэхээр таны хэлдэгээр боловсролын салбарт багшийн хомсдолын асуудал тулгамдчихаад байгаа нь үнэн. Энэ утгаараа багшийн хомсдол, өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хамгийн чухал нь бид юуг шийдэх юм бэ гэж. Нэгдүгээрт боловсролын үндсэн суурь анхдагч хэрэгцээ болсон сургуулийн хүртээмжийн асуудал байна. Ер нь нэг ангид 40-өөс дээш хүүхэд суралцаж байгаа нийт хүүхдийн тоо 214 мянга буюу улсын хэмжээнд 29 хувийг эзэлж байна. Үүнийг бид хэвийн хэмжээнд буюу нэг ангид 30 орчим хүүхэд байхаар шийдэх хэрэгтэй. Ингэхийн тулд сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ сургуулиудыг ихээр барих шаардлага бий. Энэ оны төсөвт ч шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн тоог чамгүй нэмсэн.
-Сургууль нэмэгдэх тусам багшийн хомсдол улам ихэснэ. Тэгэхээр яг ямар зохицуулалт хийнэ гэсэн үг вэ?
-Өнгөрсөн хичээлийн жилд 4200 багш дутагдалтай байсан. Эдгээр багш нарыг нөхөх, дутагдлыг арилгах олон арга хэмжээ авч багасгаж байгаа боловч эргээд сургууль, цэцэрлэг нэмэгдэх энэ хэрэгцээгээ гүйцэж чадахгүй байгаа нь үнэн. Иймээс бид нөхөгдчихнө, эсвэл багшийн хомсдол яваандаа арилчихна гэж харж суухгүйгээр одооноос уг асуудлыг шийдэх, тэр дундаа зөв системтэйгээр цааш бодлогоо тодорхойлж, хэрэгжилтийг нь хангаж явах нь чухал байгаа юм. Энэ ч утгаараа хот, хөдөө, орон нутаг, хувийн, төрийн гээд боловсролын салбарын бүхий л төлөөллүүд энэхүү хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, санал, шүүмжээ хэлэлцлээ. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд бид хаана алдаа байна, багшийн хомсдолыг арилгахын тулд юуг анхаарах уу, ямар бодлогын зохицуулалт шаардлагатай байгаа талаар тодорхой санал, санаачлагууд гарлаа. Үүнийг цаашид бид эрчимтэй хэрэгжүүлээд явах нь чухал байна.
Нөгөөтэйгүүр энэ хүмүүсээс гаргасан саналыг нэгтгээд УИХ дээр байгуулагдсан Ажлын хэсэгт оруулна. Улмаар холбогдох Байнгын хороонд оруулж танилцуулаад тогтоол шийдвэр гаргуулаад УИХ-ын чуулганд оруулна. Ирэх жилийг бид боловсролыг дэмжих жил болгон зарласан. Үүнтэйгээ уялдуулаад энэхүү асуудлыг далайцтай, системтэйгээр авч хэрэгжүүлнэ.
-Багш хомсдолын шалтгааныг та юу гэж харж байна. Хэзээнээс багшийн хомсдол бий болчихов?
-Нийгмийн салбар учраас хамгийн том шалтгаан нь хүн амын тоо, тэр дундаа хүүхдүүдийн тоо өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл сургуулийн насны хүүхдийн тоо эрс өссөн нь багшийн хомсдол, сургуулийн хүртээмжийн асуудлын гол шалтгаан болсон. Одоогийн байдлаар 704 төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль байна. Эдгээр сургуульд 800 гаруй мянган хүүхэд сурч байна. Сүүлийн арван жилийн хугацаанд сурагчид 45 хувиар огцом өслөө. Харин багш нарын тоо 20 хувиар л өссөн гэсэн статистик тоо байна. Тэгэхээр хүүхэд өсч, сургууль нэмэгдэж байгаатай уялдуулан багш бэлтгэх, багшийн хүртээмжийг нэмэх бодлогоо барьж явах учиртай байсан. Нөгөөтэйгүүр багш нарын хувьд ажлаасаа нэлээд их тоогоор гарч байна. Энэ утгаараа яагаад ажлаасаа гарч байна, яавал ажилдаа сэтгэл ханамж өндөр, авч байгаа цалин нь хэрэглэндээ хүрэх вэ гэдэг асуудлыг авч үзэх шаардлагатай. Энэ шалтгааныг тодорхой болгож, засч байж багш нар ажлаасаа гарах нь багасна. Мөн багш мэргэжлийг сонгож байгаа хүүхдүүдийн тоо эрс багасчихлаа. Нэмээд суралцаж төгссөн оюутнууд багш мэргэжлээрээ ажиллахгүй байгаа нь багшийн хомсдол нүүрлэх өөр нэг шалтгаан болж байгаа юм.
-Нэг хэсэг багш бэлтгэх бодлого гэж гаргаад багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг хөнгөлөх, тэтгэлэгт хамруулах олон ажил хийгдсэн. Үүнээс болоод сурлага тааруу хүүхдүүд багш болдог гэсэн яриа нийгэмд гарах болсон. Багшийн хомсдол боловсон хүчин бэлтгэх энэ бодлого дээрээ алдсан гэж та үздэг үү?
-Өндөр онооны тэтгэлэг гэж бий. 700-гаас дээш оноотой хүүхдүүд тэтгэлгээр багш болсон тохиолдолд олон байгаа. Энэ бодлогын үр нөлөөгөөр маш олон шилдэг багш нар бэлтгэгдэн гарч ирсэн. Харин ч эсрэгээрээ багшийн нэр хүндийг өсгөсөн бодлого байсан. Гэхдээ босго оноог нь доошлуулсан зүйл бол бий. Энэ бол багш мэргэжлийг сонгож байгаа хүүхдийн тоо цөөн байсан учраас ийм бодлого гаргасан болов уу гэж боддог. Таны хэлдгээр оноог доошлуулна гэдэг бол нөгөө талдаа багш мэргэжлийн үнэлэмжийг яах аргагүй доошлуулж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр цаашид оноог дээш доош болгох тухай ярих биш, харин багш мэргэжлээр сонгон суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг хөнгөлдөг бодлого хэвээрээ байх ёстой гэж үзэж байна. Нэмээд шилдэг оюутнуудад цалин олгох буюу амьжиргааны түвшинд нийцүүлсэн тэтгэлэг олгодог болгъё гэж байгаа юм. Гэхдээ энэ бол санал. Яг таг шийдэгдсэн асуудал биш гэдгийг хэлье. Нөгөө талдаа багшийн нэр хүндийг өсгөе гэвэл багшийн карьерийн асуудлыг авч үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, багшаар ажиллаж байгаа бол насаараа багш байх юм шиг хандлагыг залуучуудад өгч байна. Тэгвэл багш мэргэжлээрээ таван жил ажилласан бол яах юм. Цаашлаад арван жил ажилласан багшид ямар боломж гарч ирэх юм гэдгийг тодорхой болгож өгөх ёстой. Үнэхээр бодит үр дүн гаргаж байгаа бол тухайн багшийг магистрт сургах, гадаадад мэргэжил дээшлүүлэх зэрэг боломжийг нь төрөөс нээж өгөх ёстой.
-Энэ салбарт эрх зүйн хувьд дахиад өөрчлөх, шинэчлэх зүйл юу байгаа вэ?
-Боловсролын ерөнхий хууль 2023 онд батлагдсан. Одоо хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Энэхүү хуульд манай ажлын хэсэг дүн шинжилгээ хийсэн. Энэ хүрээнд түрүүн ярьсан санал, энэхүү хэлэлцүүлгээс гарч байгаа саналуудыг нэгтгээд хуульд тусгаж өгөх бодлогыг барьж байгаа. Нөгөөтэйгүүр багшийн нэр хүндийг өсгөх, сургуулийн бие даасан байдлыг хангах гэдэг чухал байна. Багшийн ажлаас гараад байгаа нэг шалтгаан нь эцэг эхчүүдийн дайралт, сөрөг хандлага, харилцаанууд бас нөлөөлдөг. Мөн сурагчтай харилцах харилцаа нэлээд төвөгтэй асуудлын нэг. Тэгэхээр эдгээр асуудлуудыг бид бүрэн эрх зүйн хүрээнд шийдэж өгөх ёстой.





Долдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Долдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 7...
3 цагийн дараа
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30...
3 цагийн дараа
ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ...
2 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын э...
2 цагийн дараа
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Энэ 7 хоногт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ тү...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд

убис
сургуулиас нь онц төгссөн амжилттай төгссөн гээд шалгалтгүй шууд магистрантурт элсүүлдэг

сант
ма дүү сантад сурч байхад залуу багш чинь цалингаа авсан уу гэтэл 6 сар болоход цалин аваагүй байсан. бүтэхгүй газрууд их байнаа.

зг
төр олон мянган сэхээтэн цомхотголд оруулна. багш болгохгүй юу дөө

б
хувийн сургууль эхнээсээ л цалин мөнгийн нь өгөхгүй залхаан тамлана доромжлоно. ирэнгүүт нь зайлуулна