мэдээ
М.Мандхай: Хорт хавдрын шалтгааны 35 хувь нь буруу хооллолттой холбоотой. Энэ бол агаарын бохирдлоос ч илүү өндөр үзүүлэлт

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 7 сарын 07

47

УИХ-ын гишүүн, ХХАА-ийн үйлдвэржилтийг дэмжих бодлогын ажлын хэсгийн ахлагч М.Мандхайтай ярилцлаа.
-Хаврын чуулган өндөрлөх шатандаа орж байна. Таны хувьд энэ хугацаанд ямар ажлуудыг түлхүү хийж хэрэгжүүлэв. Мөн 126 гишүүнтэй болсон энэ парламентын онцлог юу байв?
-Ер нь бол шинэ бүтэцтэй парламент анхны жилээ үдэж байна. 126 гишүүнтэй болсноор олон ургалч үзэл, мэргэжлийн төлөөлөл илүү хүчтэй орж ирсэн. Сонгогчдын эрх ашгаас гадна улсын бодлого дээр төвлөрч ажиллах боломжтой боллоо. Ялангуяа жагсаалтаар орж ирсэн гишүүд тойргийн “дараа дараагийн сонгууль”-д бус харин үндэсний хэмжээний бодлогын реформд анхаарч, хууль тогтоомжийг илүү гүнзгий судалж хэлэлцэх боломж гарч байна. Миний хувьд Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа хүнсний аюулгүй байдал, дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогыг түлхүү барьж ажиллалаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ХХАА-ийн үйлдвэржилтийг дэмжих бодлогын ажлын хэсгийг ахалж байгаа.
Энэ ажлын хэсэг Хүнсний хувьсгал, Шинэ хоршоо, Цагаан алт зэрэг гурван хөдөлгөөнийг дэмжих, хэрэгжилтэд хяналт тавих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой.
-Энэ ажлын хэсэг ямар тодорхой үр дүнд хүрсэн бэ?
-Нэг жилийн хугацаанд маш идэвхтэй ажилласан. Бид хүнсний хангамж, хүртээмж, аюулгүй байдлыг хангах зорилгоор гурван чухал хуулийг шинэчлэн боловсруулж, хаврын чуулганаар өргөн барьсан. Тухайлбал, Хүнсний тухай хууль 13 жилийн дараа анх удаа шинэчлэгдэж байна. Монгол Улс хүнснийхээ 50 орчим хувийг гадаадаас импортоор авч байгаа нь хүнсний баталгаатай байдал алдагдсаны илрэл. Энэ хууль батлагдсанаар хүнсний сүлжээ бүхэлдээ зохицуулалттай болж, хүнсний үйлдвэрлэлээс эхлээд нийтийн хоолны газар хүртэлх бүх шатанд чанар, стандарт, хяналт сайжирна. ХАА-н тухай хууль. Энэ хууль хүнсний үйлдвэрлэлийн суурь болох газар тариалан, мал аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэнэ. Хамгийн гол нь төрөөс олгох урамшуулал, татаасыг илүү оновчтой болгох, кластерчлал, дундын ложистикийн төвүүдийг хөгжүүлэх үндэс суурь болно. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль. Иргэдийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн пестицид, гербицид зэрэг хорт бодисын үлдэгдэлтэй байж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нөхцөлд шууд анхаарсан хууль юм. Судалгаагаар хорт хавдрын шалтгааны 35 хувь нь буруу хооллолттой холбоотой гэж гарсан. Энэ бол агаарын бохирдлоос ч илүү өндөр үзүүлэлт.
-Хууль эрх зүйн өөрчлөлтүүд яг ямар шинэ боломжуудыг бий болгох вэ?
-Хамгийн гол өөрчлөлт бол хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдэж байна. Жишээлбэл, өмнө нь нийтийн хоолны газрууд “хүнсний үйлдвэрлэл”-ийн ангилалд ордоггүй, хуульд зохицуулагддаггүй байсан. Шинэ хуулиар энэ бүхэн цэгцэрч байна. Мөн шинжлэх ухааны байгууллагууд хүнсний хэрэглээ, шим тэжээл, өвчлөл, эрүүл мэндийн хамаарлын талаар тогтмол тандалт, судалгаа хийдэг, улмаар хүнс үйлдвэрлэл, хэрэглээний зөв зургыг төрд, үйлдвэрлэгчдэд, хэрэглэгчдэд санал болгодог систем бүрдэж байна. Хүний нөөцийн бодлого ч мөн тусгагдсан. ХАА, хүнсний салбарт суралцах оюутны тоо жил бүр буурч байна. Бид энэ мэргэжлийн боловсон хүчин, судлаачдыг бэлдэх, дахин сургах, дэмжих механизмыг хуульд тусгасан.
-Импортын хараат байдал яагаад буурахгүй байна вэ. Төрөөс олон татаас, дэмжлэг үзүүлдэг шүү дээ.
-Зөв. Гэхдээ гол асуудал түүхий эдийн тогтвортой хангалт дутмаг байгаад оршиж байна. Үйлдвэрүүд Улаанбаатарт төвлөрсөн, харин түүхий эд орон нутагт бий. Эдгээрийн хооронд холбоо сүлжээ, стандарттай ложистик, дундын төвлөрсөн цэгүүд байхгүй. Үүнээс болоод үйлдвэрлэгч түүхий эдээ найдвартай, баталгаатайгаар хангаж чадахгүй байна. Шинэ ХАА-н хуульд яг энэ ложистикийн сүлжээ, стандарт, чанарт суурилсан үнийн тогтолцоог хөгжүүлэхийг тусгасан. Энэ тогтолцоо бий болж байж үйлдвэрүүд хоёр дахь салбараа орон нутагт байгуулна, малчид ноос, ноолуур, арьс ширээ ч эргэлтэд оруулж чадна.
-Иргэдийн оролцоо, хариуцлагын талаар хуулиар хэрхэн тусгасан бэ?
-Хүнсний бүтээгдэхүүний шошгололт, аюулгүй байдлын талаарх мэдээлэл, дата хэрэглэгчдэд ил тод, хүртээмжтэй болно. Иргэд сонголт хийх эрхтэй, мэдлэгтэй байх ёстой. Тиймээс мэдээллийг илүү нээлттэй болгоход анхаарсан.
Мөн “Хангер мап” гэх дэлхийн статистикийн платформд Монгол Улс “Анхаарал шаардлагатай” ангилалд багтсан байна. Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлаас үүдсэн өвчлөл нэмэгдэж байгаа энэ нөхцөлд бид илүү тодорхой бодлого хэрэгжүүлэх ёстой. Үүнд энэхүү шинэчлэгдэж буй гурван хууль шууд хариулт болж байна. Энэ гурван хуулийг баталж байж л Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хамгаална, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлнэ, иргэдийн эрүүл мэндийг хамгаална. Эдгээр нь зүгээр нэг салбарын хууль биш, үндэсний аюулгүй байдлын суурь болсон бодлого юм.





Хийлдэг завьтай салхинд туугдан, нуурын эргээс холдсон охиныг эсэн мэнд олжээ
Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Бэхт багийн “Хаялага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ “Хаялга” нуу...
4 цагийн дараа
Б.МӨНХБААТАР: 24 МЕГА ТӨСЛИЙГ АВЛИГААС АНГИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Нэгдсэн төслийн удирдлагын газрын төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар: -Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай нэ...
4 цагийн дараа
Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа. Долоодугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг ...
4 цагийн дараа
Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито өнөөдөр Чингис ха...
2 цагийн дараа
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэл...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд