Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа. Долоодугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 9-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.
11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар өдөртөө хална.