мэдээ
Н.Банди: Дэлхий дээр ганцхан хүн төрөлхтөн биш бусад бүх бодгаль адилхан амьдрах эрхтэй

Админ
2025 оны 7 сарын 27

33

ХАА-н ухааны доктор, профессор, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн соёрхолт Н.Бандитай ярилцлаа.
-Баяр наадмын босгон дээр төрийн шагнал хүртсэнд юуны өмнө халуун баяр хүргэе. Тахь адууг сэргээх, нутагшуулах ажлыг хэзээ эхлүүлж байсан талаараа ярина уу?
-Би уг нь мал зүйч мэргэжилтэй юм. ХААИС-д багшилж байгаад 1992 онд тахь авчрахаас өмнөхөн Монголын талаас зөвлөх биологичоор ажиллаач гээд Монголын байгаль хамгаалах холбооноос хүсэлт тавьсан юм. 1992 оны зургадугаар сарын 5-нд анхны тахь Улаанбаатарт буусан. Тэр үеэс эхлээд зөвлөгчөөр ажиллаад 1997 оноос Хустайн байгалийн цогцолборт газрын тахь нутагшуулах ажлын захиргааны даргаар 2015 он хүртэл ажилласан. Одоо ч мөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм.
-Тахь дэлхий дээр хэдэн оноос устаж үгүй болсон юм бэ. Одоо ганцхан Монголд бүртгэгдсэн байгаа юу?
-Тахь гэдэг зэрлэг адуу дэлхийд дээр үед, голдуу хээр талаар элбэг байсан. Хятадын зүүд хойд талаас Унгарыг хүртэл энд тэндгүй тахь байсан гэж яригддаг юм байна лээ. Жишээлбэл, 1637 онд Чүлтэм хан Шолой гэдэг хүний тэмдэглэлд “Манжийн хаанд тахь хэмээх гөрөөс барьж, бэлэглэв” гэдэг үг байгаа. Чүлтэм хан бол Хэнтий аймгаас зүүн хойшоо Сүхбаатар, Дорнод зүг рүү нутаглаж байсан хүн. Тэгэхээр тэнд тахь адуу байсан байгаа юм. Дэлхий дахинд мал ахуй хөгжихийн хэрээр тахь өөрөө зэрлэг, догшин амьтан учраас хүнээс зугтааж түрэгдээд, хамгийн сүүлд тахь гэдэг адууг шинжлэх ухаанд нээхдээ Монголын алтайн өвөр говиос олсон байдаг. 1878 онд Төв азийг судлахаар явж байсан Н.М.Пржевальский гэдэг хүн Монголын говь цөлөөс нэгэн зэрлэг адууны арьс, гавлын ясыг Киргизийн анчнаас бэлгэнд аваад, Ленинградын музейд аваачиж өгсөн байдаг. Энэ түүхийг хүмүүс их мэддэг л дээ.
Түүнээс хойш 1781 онд Санкт Петербургийн Зоологийн музейн амьтан судлаач зэрлэг адуу Монголд байна гэж дэлхий нийтэд зарлаад, түүнийгээ Пржевальскийн адуу гэж нэрлэсэн. Харин амьдаар нь тахийг барих ажил 1896 онд эхэлж, амьтны хүрээлэнд аваачих санаачилга эхэлсэн. Украины Аскание-Нова гэх амьтны хүрээлэнг байгуулагч 10 мянган рубль гаргаад тахь барих ажил эхэлж нийтдээ 88 тахийн унага барьж Орос руу гаргасан. Түүнээс 28-ыг нь Германы Хамбург хотын амьтны хүрээлэнгийн эзэн замаас нь худалдаж аваад Европт очсон. Харин Монголд байгальдаа явсаар устаж. “Сүүлчийн тахийг олохоор манай их сургуулийн ректор байсан амьтан судлаач Д.Цэгмэд гуайн ахалсан экспедиц яваад тахь олж хараагүй. Мөр л үзсэн. 1947 онд бас нэгэн экспедиц алтайн өвөр говиос тахийн хоёр унага барьсан. Тэр хоёр унагыг Жаргалантын “Морин зовуд” гэж газар аваачиж өгсөн юм билээ. 1957 онд 10 настай байхад нь нэг унагыг нь Зөвлөлтийн төрийн зүтгэлтнийг Монголд ирэхэд нь бэлэглэсэн. Тэр унагыг Аскание-нова амьтны хүрээлэнд аваачсан. Тэр нь зоо паркад цус ойртолтоос болсон хоргодлыг давж гарахад тус болсон юм байна лээ. Одоо Аскание-Нова амьтны хүрээлэнд хөшөө нь бий.
Ховдын Үенч сумын Муушар, Улаанбаатар хотын тавдугаар баазын жолооч Нохойцагаан гэдэг хоёр хүн 1968 оны есдүгээр сарын 16-нд алтайн өвөр говиор явж байгаад Хонин усны хойно дэнж дээр тахийн азарга байхыг харсан. Тэрнээс хойш Монголд байхгүй болсон. 1970-аад онд дэлхий дээр бүрмөсөн устсан гэж үзсэн. Харин буцаад байгальд нь нутагшуулах ажлыг 1992 оноос эхлүүлсэн байдаг.
-Анх тахийг манайд нутагшуулах ажлыг хэрхэн санаачилж байсан түүхээс хуваалцахгүй юу. Одоо тахийг ямар газраар нутагшуулж байгаа вэ?
-Дэлхий дээр тахь тархсан боловч зоо паркад 5-6 амьтантай, цөөн тоогоор үржүүлдэг байсан учраас цус ойртолт нэмэгдэж, унаганы хоргодол их болсон. Эрдэмтэд энэ чигээрээ байвал тахь адуу дэлхий дээрх хөхтөн амьтны жагсаалтаас бүр мөсөн хасагдах аюулд хүрнэ гэж үзсэн. Тэгвэл яаж аврах уу гэж олон удаа ярьсаар 1985 онд Олон улсын тахь хамгаалах эрдэм шинжилгээний хурал болсон юм. Энэ хурлаас Монголд нутагшуулъя гэсэн санаачилга гараад, комисс байгуулагдаад, Засгийн газрын дэмжлэгтэйгээр бэлтгэлээ хангасан. 1975 онд байгуулагдсан Голландын тахь хамгаалах сангаас байгальд суллахын тулд эхлээд шууд зоо паркаас гаргахгүйгээр бэлчээр дээрээ хашиж, байгалийн өвсөн дээр хашсан. 1990 онд хаана нутагшуулах вэ гээд Дорноговиос Завханы нутаг хүртэл яваад буцаад эргэж ирээд Хустай нурууг сонгож авсан байдаг. Хустай нуруунд бэлтгэлээ хангаад 1992 оноос эхлэн нутагшуулсан нь ийм түүхтэй.
Одоо бол Монголд тахийг дараах газарт нутагшуулж байгаа. Дорнодын Нөмрөг сумын Дархан цаазат газар, Говь-Алтайн Тахийн тал, Завханы Хомын тал, Төв аймгийн Хустайн нуруу гэсэн газруудад нутагшуулж байна.
-Тахийг нутагшуулахаас өмнө бүрмөсөн устсан ангилалд орсон байсан. Одоо ямар байгаа вэ?
-1990-ээд онд НҮБ-ын дор ажилладаг ОУ-ын байгаль хамгаалах нийгэмлэг гэж бий. Энэ холбооны дүгнэлтээр зэрлэг адууг 1990-ээд онд бүрмөсөн устсан гэсэн байсан. 2009 оны дүгнэлтээр устаж магадгүй ангилалд оруулж өөрчилсөн. Харин одоо бол зэрлэг тахь зөвхөн Монголд байгаа гэсэн дүгнэлттэй байна. Үүний гол ач холбогдол юу вэ гэвэл хүн төрөлхтөн зэрлэг амьтныг гаршуулж, гэршүүлдэг байсан. Тэгэхэд бид хүн төрөлхтний түүхэнд анх удаа гар дор байсан амьтнаа байгальд зэрлэгшүүлэх ажлаараа төрийн шагналыг хүртлээ. Энэ шагналыг тухайн үеийн Байгаль орчны сайд байсан Л.Батжаргал, Ховор амьтан хамгаалах үндэсний хорооны нарийн бичиг байсан О.Доржраа, Хустайд тахь нутагшуулах ажлыг зохион байгуулж байсан П.Галрагчаа, Говь-Алтай аймагт тахь нутагшуулах ажлыг хариуцаж байсан О.Ганбаатар гэж таван хүн төрийн шагнал хүртсэнд туйлын их баяртай байна.
-Та бүхний байгаль орчин, зэрлэг амьтны төлөө гэсэн энэ их хөдөлмөрийг үргэлжлүүлж авч явах залуу үеийнхэнд хандаж юу хэлэх вэ?
-Энэ дэлхий дээр олон амьтан устаж үгүй болсон. Үүнтэй адил устаж үгүй болох вий гэдгээс л бид хамгаалсан. Монгол хүн адуунд их элэгтэй, адууг дээдэлдэг шүү дээ. Дэлхийд ч гэсэн адуунд дургүй хүн ховор. Энэ утгаараа байгалийн жамаар өсөж үржихэд нь ач холбогдолтой болохоос биш эдийн засгийн ач холбогдол нь бага. Хамгийн гол нь тахь нутагшуулах ажил бол сайн санаат хүмүүсийн идэвхтэй тусламжийн үр дүн юм шүү дээ. Улсаас нэг ч төгрөг авахгүйгээр энэ их ажлыг хариуцдаг. Эрт дээр үеэс монголчууд маань байгальдаа маш элэгтэй байсан. Нэг газраас нүүхдээ хүртэл гадас ч орхидоггүй, бууриа цэвэрлээд, хог тарьж үлдээдэггүй байсан. Ялгаа байхгүй амьтан агнахдаа ч хааяа нэг агнаж, хүнсэндээ хэрэглэдэг байсан. Байгалиа хайрлах, байгальдаа элэгтэй хандах энэ сэтгэлгээ бидэнд эртнээс байсаар ирсэн. Үүнийг хойч үеийнхэн маань хадгалж яваасай. Байгаль байхгүй бол хүн төрөлхтөн байхгүй. Орчин үеийн хэллэгээр дэлхий дээр ганцхан хүн төрөлхтөн биш бусад бүх бодгаль адилхан амьдрах эрхтэй.
Г.БАЛГАРМАА





Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна
2025 оны ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 247.3 мян.га талбайд хийж гүйц...
5 цагийн дараа
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ
Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилг...
4 цагийн дараа
Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, а...
3 цагийн дараа
Баар цэнгээний газруудад шөнийн шалгалт хийхэд 23 иргэнээс мансууруулах бодис илэрчээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цаг...
2 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд