мэдээ
Засангийнхны эцэг хэмээн хүндлэгдсэн домогт хурандаа Сүхийн Баатар

Админ
2025 оны 7 сарын 27

76

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, нийгэм, соёлын албаны дарга “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулгын “Монголын шүүхийн шийдвэрийн Алтан үеийнхэн” ном удахгүй олны хүртээл болох гэж байна. Уг номонд орж буй хурандаа Сүхийн Баатарын тухай дурсамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөрт зориулан уншигч танаа толилуулъя.
Тэртээ 1963 оноос 1976 он хүртэл тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар 13 жил тасралтгүй ажиллаж “Засан хэмээх айл”-ыг орох орон тулах баганатай болгож, гол нь хийх ажилтай болгосон гавьяатан бол домогт хурандаа Сүхийн Баатар юм. Тиймдээ тэрээр Засангийнхны дунд эцэг хэмээн дээдлэгдэж, өдгөө сэрүүн тунгалаг байгаа буурлууд сэтгэлдээ яг л эцэг шигээ хүндлэн зүрхний угаас дурсан сууна.
Одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1973 оноос Шаргалжуутын хорихын даргаар томилогдож байсан Д.Амгалан хурандаа “Тэр үед манай газрын дарга Сүхийн Баатар гуай байлаа. Энэ байгууллагыг аргагүй хөл дээр нь босгосон хүн” гэж бахархан хэлсэн бол гавьяат хуульч, хурандаа Р.Оюунбадам “Би 1973 онд МУИС-ийн инженер, эдийн засгийн ангийг төгсөөд Зүүнхараагийн колонид эдийн засагчаар очиж ажилласан. Энэ үед шинээр томилогдсон бидний хэдэн залуусыг хурандаа Баатар гуай хүлээн авч уулзсан. Баатар дарга маш дайчин, ангийн дарга нарт өндөр шаардлага тавьдаг. Ер нь Засан хүмүүжүүлэх байгууллагыг тухайн үедээ хөл дээр нь босгосон хүн” гэж гэсэн нь Амгалан хурандаагийн хэлсэнтэй ижилхэн дүйж байлаа.
Шүүхийн шийдвэрийн алтан үеийнхэнтэй мөр зэрэгцэн зүтгэж явсан Хорлоожав гуайтай гавьяат хуульч П.Бадамдорж хурандаа бид хоёр очиж уулзсан. Тэрээр “Пүрэвхүү даргын дараа Сүхийн Баатар гэж ёстой бурхан шиг хүн манай газрын дарга болж байсан. Тэр хүний хүчинд Засан хүмүүжүүлэх газар чинь өнөөдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болтлоо өргөжиж дэвжин дээшилсэн. Засан хүмүүжүүлэх газар тухайн үед орох орон гэж байхгүй. Энд тэнд айлын мухарт л хавчуулагдаж явсан үе бий. Баатар гэдэг хүн ирээд өөрийн гэсэн орох оронтой, албан контортой болгож ажилчдын орон сууц барьж ёстой нэг айлын дайтай айл болгосон юм даа. Засан хүмүүжүүлэхийн алтан үеийнхэн Баатар даргыгаа эцэг гэж хэлдэг нь ийм учиртай юм.
“Өө манай эцэг ирэх гэж байна гэнэ ээ” гээд л хоорондоо ярина. Тэгээд л Баатар дарга ирээд ажил албатай танилцана. Зүгээр нэг дарга зан гаргахгүй. Ахуй амьдралыг хүртэл харна. Одоогийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хөл дээр нь босгосон хүн бол хурандаа Сүхийн Баатар юм шүү. Даанч тэр гавьяа шагнал гэдэг юмыг аваагүй юм. Аргагүй генерал болох байсан хүн. Гавьяат байтугай баатар болох байсан хүн. Гэхдээ бид бүхэнд эцэг шиг хүндлэлээр үлдсэн нь том гавьяа. Өөр юу гэхэв. Хүмүүсийн яриагаар бол дээшээгээ дарга нартай шударга тэмдэг, үнэнийг нь ил цагаан хэлдэг тийм хүн байсан учир авах ёстой юмаа аваагүй л гэдэг юм” гэж чин үнэнийг өчсөн билээ.
Засангийн эгэл жирийн албан хаагч Хорлоожав гуайн эл үг Сүхийн Баатар гэж ямархан хүн байсныг тодхон гэрчилнэм буюу.Хурандаа Баатар 1927 онд өнөөгийн Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Зэлтэр нутгийн Жаргалмандах хайрхан уулын өвөрт Ардын Хувьсгалын партизан Х.Сүхийнд мэндэлжээ. 1947 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1948-1952 онд хуучнаар ЗХУ-ын Свердловск хотын Хуулийн дээд сургуулийг тус тус суралцан төгсч, улмаар 1952-1957 онд Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд Мөрдөн байцаах хэлтсийн дарга, 1957-1959 онд СнЗ-ийн дэргэдэх Хуулийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байв. 1959-1963 онд Улсын Ерөнхий Прокурорын 1 дүгээр орлогч, 1963-1976 онд НАХЯ-ны коллегийн гишүүн, Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын дарга, 1976-1982 онд БНМАУ-аас ЗХУ-д суух ЭСЯ-ны дэргэдэх Цэргийн атташегийн туслах, 1982-1984 онд НАХЯ-ны харьяа Цэргийн дээд сургуулийн дэд захирал, 1984-1986 онд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Улсад 34 жил хөдөлмөрлөхдөө гадаад харилцааны салбарт 6 жил, хууль зүйн салбарт 28 жил, үүнээс хууль сахиулах салбарт буюу Засан хүмүүжүүлэх байгууллагад 13 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, 43 насандаа хурандаа цолоор шагнагдсан тухайн үеийн цөөн хурандаа цолтнуудын нэг байсан.
Хууль сахиулах салбарын хөгжилд оруулсан бүтээлч ажил үйлсийг эргэн дурсаж, заримаас нь бахархан дурдахад тэрээр ЗХБУГ-ын даргаар ажиллах хугацаандаа Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай анхны хуулийг санаачилж, уг хуулийн төслийг боловсруулахад биечлэн оролцсон. 1967 оны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай анхны энэхүү хууль нь тухайн үедээ шинэлэг, энэрэнгүй хууль байсан бөгөөд хорих ял эдлүүлэх ажиллагааг Монгол Улсад анх удаа системчилж, онцгой, чанга, жирийн дэглэмийн ялгааг хуульчилсан нь шинэлэг байсан юм.
Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг бүхэлд нь аж ахуйн тооцоонд шилжүүлэх үйл ажиллагааг анх зохион байгуулсан бөгөөд үүний үр дүнд хорих ангиуд нүүрс, жонш, гялтагануур зэрэг байгалийн баялгийг олборлох, экспортлох, барилга, байгууламж, орон сууц барих, зам, гүүр тавих, мод бэлтгэх, зүсмэл банз, тоосго үйлдвэрлэх зэрэг уул уурхай, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт томоохон ажлуудыг эхлүүлж хэрэгжүүлсэн онцгой гавьяа түүнийх билээ. Эрхэм түүний хөдөлмөр, гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Цэргийн гавьяаны одон 1, Алтан гадас одон 3, БНМАУ болон гадаад орны 10 гаруй медалиар шагнасан, мөн Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг Удирдах газрын даргын 1976 оны тушаалаар тус газрын үүрд хадгалагдах “Хүндэт дэвтэр”-ийн 11-т гавьяат үйлсийг нь мөнхжүүлж,ШШГЕГ-ын таван алдартны нэгээр тодруулж алдаршуулсан юм.
Ухамсарт амьдралынхаа нэгэн үеийг “Засан” хэмээх айлын төлөө зүтгэсэн домогт хурандааг журмын нөхөд, хамтран зүтгэгчид нь хэрхэн дурссаныг хүргэе.
ЗХБУГ-ын даргын орлогч, хурандаа Ц.Дамдин: Би 1965 оноос 11 жил Баатар даргын удирдлагад хэлтсийн дарга, газрын орлогчийн албыг хашсан. Тэр хүн ямар их зүйл бүтээснийг өнөөдөр дурсахад бахархалтай байна. Зарим нэг зүйлээс дурьдахад Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газар 1965 оноос эхлэн жилдээ 100 сая төгрөгийн үйлдвэрлэл явуулдаг болсон. Хоригдлыг ажлын байраар хангахад их анхаарал тавьж, бараг бүх хоригдол ажилтай болсноор дээрх амжилтанд хүрсэн юм. Жилд 170 мянган тн жонш олборлож байсан гэхэд одоо гайхах биз. Ажлын тохитой орчин бүрдүүлэх, амьдрах орон сууц барих гээд ажилтны нийгмийн асуудлыг их анхаардаг байсан. Одоогийн ШШГЕГ-ын конторын барилгыг 1972 онд бариулсан. Бас “Ганган ягаан” гэж нэрлэдэг засангийн ажилтнуудын 60 айлын орон сууц, Толгойт дахь ногооны зоорийн томоохон байгууламж болон орон нутагт бариулсан барилгууд гээд нэрлэвэл барагдахгүй. Хоригдлын хоол, хувцасны нормыг хийлгэж Цалин хөлсний хороогоор батлуулсан нь анхных юм.
Баатар дарга өөрийнхөөрөө муйхарлан зүтгээд байдаггүй. Нөхцөл байдлыг маш сайн мэдэрч, асуудлыг байгууллагадаа ашигтайгаар эргүүлж чаддаг байсан. Нэг удаа бид СнЗ-ийн референт хурандаа Вандан гэдэг хүнд орон тоогоо хянуулахаар очлоо. Колони бүрээр гаргасан бидний төсвийг хурандаа Вандан нэг бүрчлэн үзэж байгаад нэг колонийн нябо-гийн орон тоог хасчихав. Дарга юу ч хэлсэнгүй. Тэгж байтал нярав гэсэн орон тоо гарч ирэхэд Баатар дарга “наадахаа ч хасчих” гэтэл Вандан гуай “Үгүй яаж болдгийм” гэхэд нь “Нягтлангүй няраваар яах ч билээ” гэснээр нягтлан бодогчийн орон тоог батлуулж билээ”.
Гавьяат хуульч, хурандаа А.Лхагваа: Хурандаа С.Баатар нь Засан хүмүүжүүлэх байгууллагын олон талт ажлыг жигд явуулахын тулд боловсон хүчний асуудалд онцгой анхаарч, алс ирээдүйгээ харсан тун ухаалаг бодлого хэрэгжүүлж байсныг дараа дараагийн он жилүүдийн ажил, амьдрал нотолж байсан. Хурандаа Баатар шинэ албаа хүлээж авмагц сургууль төгссөн таван ажилтныг авсан бол МУИС-ийн 1968 оны төгсөлтөөс 10 залуу авч, Удирдах газар болон колониудад эдийн засагч, нягтлан бодогчоор томилон санхүү, эдийн засгийн албаа бэхжүүлж байсан. 1965 онд Засан хүмүүжүүлэх байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг СнЗ-д оруулж, тогтоол гаргуулснаар өндөр мэргэжилтэй залуучуудаар бүрэлдэхүүнээ сэлбэсэн. Мөн ажилтнуудын мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд жил бүр 10-20-н хүнийг ЗХУ-д дамжаанд явуулж сургадаг байсан”.
Бэлтгэл хурандаа Дугарын Чимэддорж: Баатар дарга 1963 оноос газрын даргаар ажиллахдаа Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай хуулийг боловсруулан батлуулж, мөрдүүлсэн, Монгол Улсад анх удаа хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг системчлэн хэрэгжүүлсэн гавьяатай хүн. Мөн хуулийн дагуу онцгой, чанга, жирийн дэглэмтэй хорих ангиудад хоригдол бүрийг хөдөлмөрөөр хангаж, Засан хүмүүжүүлэх байгууллагыг бүхэлд нь аж ахуйн тооцоонд бүрэн шилжүүлсэн явдал нь түүний гавьяа юм. Түүнчлэн ялтныг хорих ангиудад дэглэмийн ялгаанд оруулсан төдийгүй урьдчилан хорих байрыг “Улаан байшин”-гаас “Ганц худаг”-т нүүлгэж, хорих ял эдлүүлэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан юм. Тэрээр цэргийн алба хаагчдад хатуу шаардлага тавьж, ажиллуулж ч чаддаг, бас тэднийг хайрлан халамжилж ч чаддаг дарга байсан юм”.
Бэлтгэл хурандаа Г.Толя: Би 1973 онд мод үржүүлгийн ангийн даргаар томилогдон Дарьтад очиж байсан билээ. Мод үржүүлгийн анги ч шинээр байгуулагдаж байсан. Тийм болохоор Баатар дарга их анхаарч ажилдаа юуг чухалчлах, ажилтнуудаа хэрхэн зохион байгуулах, хоригдлуудтай яаж харьцах гээд олон талын зөвлөгөө өгсөн. Тэр ч байтугай Бэрлэг, Зүүнхараагийн колонийн хашир туршлагатай дарга нарт “Дарьтад очиж байгаа шинэ залуу даргад тусалж бай” хэмээн даалгавар өгснөөс гадна Бэрлэг, Зүүнхараагийн колониос олон сайн ажилтнуудыг манай ангид шилжүүлэн томилж билээ. Цэрэгжигч жагсаалч байхыг хатуу шаарддаг, энэ нь ч алба хаагчдын сахилга, хариуцлагад их нөлөөлж байсан нь мэдээж. Бидний ажлын хүнд хэцүүг маш сайн мэдэрч ойлгодог, хурц ширүүн ч “болохгүй юм юу байна, дээш нь асуудал дэвшүүлэх, шийдвэрлүүлмээр зүйл байна уу? Санал хүсэлтээ ний нуугүй хэлээрэй” гэдэгсэн. Энэ их ажлыг нугалж байгаа цаад хэдэн хоригдлынхоо хоол ундыг сайн өгч бай, хөл гарыг нь гэмтээж бэртээчихвий” гээд л хоригдлын төлөө ч их анхаарна. Баатар дарга шударга, бас их наргианч хүн, спортод дуртай, анд хорхойтой, яггүй сайн буудна”.
Бэлтгэл дэд хурандаа С.Цагаанчулуун: Хурандаа Баатар том алаг нүдтэй, биерхүү, цэгц шулуун яриатай, тун шийдмэг байрын, цэргийн хувцас биед нь маш зохисон, гоё ганган хэрнээ бас ч сүрдмээр хүн байлаа. Энэ хүний удирдлагад би ердөө жил шахам ажилласан боловч сайхан сэтгэгдэл үлдэж хоцорчээ. Ахмадуудын дурдатгал ярианаас үзэхэд тэр үед Засан хүмүүжүүлэх байгууллагын ажил нэлээд задгайрсан, тухайн үеийн нөхцөл байдал тус байгууллагыг бүх талаар улам өргөжүүлэх шаардлагатай байсан зэрэг нь Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын удирдлагыг чадваржуулах үндэслэл болсон ажээ. Иймд хуулийн өндөр боловсролтой, аж ахуйг хөтлөн явуулах мэдлэгтэй, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас чадвар, туршлагатай боловсон хүчнийг шилж сонгох нь чухал байв.
Уг сонголтод Баатар шалгарсан гэдэг. Энэ үед Засан хүмүүжүүлэх байгууллагад дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчин тун цөөн, ихэнх нь НАХЯ-ны харьяа байгууллагад ажиллаж байсан, эсвэл олон талт ажлыг жигд явуулахын тул боловсон хүчний асуудалд онцгой анхаарал тавьж ирсэн нь алс ирээдүйгээ харсан тун ухаалаг бодлого байсныг дараа дараагийн он жилүүдийн ажил амьдрал нотолж байв.
1965 онд Засан хүмүүжүүлэх байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг Сайд нарын Зөвлөлд оруулж, тогтоол гаргуулснаар өндөр мэргэжилтэй залуучуудаар ийнхүү бүрэлдэхүүнээ сэлбэсэн байна. Түүнчлэн ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, жил бүр 10- 20 хүнийг ЗХУ-д төрөл бүрийн дамжаанд явуулан сургадаг болжээ” хэмээн удирдлагад нь ажиллаж байсан олон хурандаа нар халуун дотноор дурсчээ.
Баатар хурандаагийн тухай “Партизаны хүү” гэж нийтлэл бичигдэж байсан. Тэр үнэхээр халуун эх оронч алдарт партизаны хүү байсан. Түүний эцэг Сүх бол жанжин Д.Сүхбаатарын удаа дараагийн даалгавар, тухайн үеийн нам төрийн гишүүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж, түмний үйлсийн төлөө амь бие хайргүй зүтгэж явсан партизан хүн гэдгийг эс дурдваас алдас болохсон хэмээн ном бүтээлд бичигдсэн. 1956 оноос Цэрэг ба НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс гэж нэрлэгдэх болсон байгууллагыг 1962 онд Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газар болгосноор үйл ажиллагааны цар хүрээ нь бүх талаар өргөжсөн байдаг.
Энэ үед Сүхийн Баатарыг Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар томилсон нь тохиолдлын зүйл биш байсан гэх. Тэрээр Улсын прокурорын орлогчоор ажиллаж, ажил төрлийн холбоотой байсны хувьд Засан хүмүүжүүлэх байгууллагын тухай тойм мэдлэгтэй ч яг бариад авахаар ямар хатуу боорцог болохыг мэдэрсэн гэдэг юм. Хурандаагийнх дөрвөн охин, хоёр хүүтэй. Эдүгээ үр сад нь улам өнөр өтгөн болж сайн сайхан амьдарч явна. Чимэдийн Лийдаа гэж хүний их эмчийн мэргэжилтэй халамжит ханийг нь мэдэх хүмүүс нь хүндэтгэн дээдэлдэг. Лийдаа гуай ханийнхаа тухай ингэж дурссан байдаг. “1952 онд Баатар маань сургуулиа төгсч ирсний дараа бид хоёр, хадам ах Жамсрангийн хашаанд сангийн таван ханатай гэр барьж орсон юм. Гэртээ цэрэг ногоон төмөр ортой, орон дээрээ Германы плюша гэдэг одъяалтай, орны аравчтай, нэг нэг чемодантай, сангаас авсан хувцас, аяганы шкафтай, конторт тавьдаг бичгийн том ширээтэй, төмөр зуух, шинэ хөх даалимбан шалавчтай, телефон утастай, утсаа барааны цаасан хайрцаган дээр тавьчихдаг байсан. Баатар маань ажил хийж, би оюутан байсан.
Оюутан байхдаа би хүүхдүүдээ төрүүлсэн. Аав, ээж маань Хандгайтын пионерийн зусланд манаач, тэд хүүхдүүдийг маань өсгөж, бид хоёрт ажиллах, сурах боломж олгож, амьдралд минь маш их тус дэм болж байсан. Бид хоёрын хамт амьдарсан 35 жил аз жаргалтай, сайхан, үлгэр шиг санасан бүхэн санааны зоргоор бүтдэг, идэж, өмсөх элбэг дэлбэг, аав, ээж дүүгээ сайхан асарч, халамжилж, сайн өргөж өнгөрүүлсэн. Баатар маань хүүхдүүд, ач, зээ нартаа их хайртай, их өгөөмөр, сайхан сэтгэлтэй, тусархаг хүн байсан” хэмээн хүндэтгэл дүүрэн дурссан бол том охин Б.Дэлгэрмаа “Бид аав ээжийнхээ өмөг түшиг, хайр ивээл дотор баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байсан мартагдашгүй цаг үеэ ямагт дурсан санадаг. Аав ээж маань үр хүүхдүүдээ хүнлэг сэтгэлтэй, үнэнч шударга зан чанараар хүмүүжиж төлөвшихэд асар их анхаарал халамж тавьдаг байсан. Сурч боловсрох нөхцөлийг бүх талаар дэмжиж, тусалж байсны үр шим нь бидний зургаан хүүхдээс гурав нь хөнгөн, хүнсний үйлдвэрийн технологийн инженер, нэг нь эрүүл ахуйн их эмч, хоёр нь хуульч юм.
Аав маань хүнд байвал зохих олон сайхан зан чанаруудтай. Тэрээр шулуун шударга, зарчимч, ухаалаг, аливаа асуудлын эвийг олох арга барил, зохион байгуулах өндөр ур чадвартай, уужуу сайхан сэтгэлтэй хүн байсан. Үр хүүхдүүд, ач, зээ нартаа хайртай, халамжтай сайн аав, өвөө нь байсан юм. Аавын минь олон сайхан зан чанарууд үр хүүхдүүд, ач, зээ бидэнд ямагт үлгэр дууриалал, бахархал нь болж, зүрх сэтгэлд үүрд хадгалагдан бид бүгдийн амьдралыг чиглүүлэгч, эрч хүчний ундрага нь байх болно” гэж бахархан өгүүлсэн юм.
Ийнхүү Монголын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэнд домогт хурандаа Сүхийн Баатарын байгуулсан гавьяа цагийн цагт Алтан соёмбо адил гэрэлтнэм буюу.





Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна
2025 оны ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 247.3 мян.га талбайд хийж гүйц...
5 цагийн дараа
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ
Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилг...
4 цагийн дараа
Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, а...
3 цагийн дараа
Баар цэнгээний газруудад шөнийн шалгалт хийхэд 23 иргэнээс мансууруулах бодис илэрчээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цаг...
2 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд