мэдээ
О.Номинчимэг: Өргөдлийн байнгын хороо нийтийн ашиг сонирхол хөндөгдөж буй асуудал дээр төвлөрнө

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 8 сарын 18

95

Улсын Их хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй ярилцлаа.
-Шинэ тогтолцоогоор үүссэн анхны 126 гишүүнтэй парламент анх удаа Өргөдөл гомдлын байнгын хороогоо төвхнүүлээд авлаа. Ахалж ажиллаж байгаа байнгын хорооны даргын хувьд ямархуу бүтэц чиг үүрэгтэй явах вэ?
-Сая УИХ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад УИХ тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бүтцээ шинэчилсэн. Үүний хүрээнд УИХ байнгын найман хороотой болж байгаа. Түүний дотор Өргөдлийн байнгын хороог сэргээсэн. Өргөдлийн байнгын хороо анх 2012 онд байгуулагдаад хоёр парламентын турш үйл ажиллагаа явуулсан. Харин 2020 онд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт ороод байнгын хороог татан буулгасан бол сая 2025 онд дахин үүсгэн байгуулах шийдвэрт хүрсэн.
Ер нь ямар угшилтай газар вэ гэвэл манай бүх зүйл Үндсэн хуулиас эхэлдэг. Манай Үндсэн хуульд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх тусгагдсан байдаг. Түүний нэг нь Монгол Улсын иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж, шийдүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан, иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.
Өргөдлийн байнгын хороо нь олон улсын парламентын бүтцэд байдаг. Гол зорилго нь ард иргэдийн дуу хоолойг парламентын үйл ажиллагаанд тусгах гүүр юм. Байнгын хороонуудыг харах юм бол дандаа бодлогын шинж чанартай байдаг. Үүнээс гадна ард иргэд ямар санал хүсэлт явуулж байна гэдгийг гишүүд нэгдсэн дуу хоолойгоор сонсож, арга хэмжээ авдаг байх ёстой гэдэг утгаараа Өргөдлийн байнгын хороог байгуулж байгаа. Өргөдлийн байнгын хороо УИХ-ын тухай хуульд орсон хоёр гол чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, бид D-парламент гэдэг төсөл хэрэгжүүлээд цахимаар иргэдийн өргөдөл гомдлыг аваад, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд байнгын хороогоор хэлэлцэж, ажлын хэсэг байгуулдаг. Эсвэл чуулганаар авч хэлэлцэх зохицуулалт орж ирсэн.
Иргэдийн санал гомдлыг авч хэлэлцээд холбогдох байнгын хороодтой хамтраад шийдвэрлэх нь бидний чиг үүрэг. Хоёрдугаарт, УИХ, байнгын хороо, дэд хороодуудад ирж байгаа иргэдийн өргөдөл гомдлыг судалж, шаардлагатай тохиолдолд тодорхой арга хэмжээ авах чиг үүрэгтэй. Мөн чиг үүргийн хувьд өргөдлийн байнгын хороо шинж чанараасаа хамаараад илүү гүйцэтгэх засаглалын шийдвэр гаргалтад хариу өгсөн, хариу өгөх мэдээлийг авч ажиллах нь бий. Шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсгол хийнэ. Тэгэхээр бид иргэдийнхээ дуу хоолойг УИХ дээр сонсож, үүн рүү чиглэсэн бодлогын үйл ажиллагааг яаж тусгах вэ гэдэг дээр гүүр болж ажиллана.
-Таны хувьд төрийн албаны бүх шатанд ажиллаад үзсэн. Энэ байнгын хороог ахалж байх үедээ ямар зарчим баримталж ажиллана гэж бодож байгаа вэ?
-УИХ бол иргэдээсээ сонгогддог төлөөллийн байгууллага. Тэгэхээр гишүүдэд тойргийн сонгогчдын санал хүсэлт маш их ирж байгаа. Өргөдлийн байнгын хороо бол яалт ч үгүй бодлогын асуудал буюу нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудал дээр төвлөрнө. Жишээ нь, 100 мянган хүний гарын үсэг цугларахад үүнийг яаж хэлэлцэх вэ. D-парламент дээр цугларч байгаа асуудлуудыг яаж хэлэлцэх вэ гэдэг асуудалд нэлээн төвлөрч ажиллах байх. Хоёрдугаарт, өргөдөл гомдол бол янз бүрийн хэлбэртэй байдаг. Бид Тамгын газраасаа шинэ парламент байгуулагдсанаас хойш өргөдөл гомдлын судалгааг хийж үзсэн. Тэгээд 2025 оны долдугаар сарын 22-ны байдлаар иргэд сонгогчдоос 1856 өргөдөл гомдол, санал хүсэлтийг УИХ-ын дарга болон гишүүдэд ирүүлсэн байсан. Энэ санал хүсэлтийн дийлэнх олонх буюу 70 хувь нь нийслэлийн иргэд сонгогчдоос, 25 хувь аймаг сумдын сонгогчдоос ирсэн байна. Нийслэлийн асуудал ялангуяа газар олголт, СӨХ, оршин суухтай холбоотой асуудал дээр иргэд маань санал хүсэлтээ өгч буй нь ажиглагдаж байгаа. Бүлэглээд авч үзвэл нийт өргөдөл гомдол ирүүлсэн салбар нийгмийн хамгаалал буюу эрүүл мэнд боловсрол дээр 17.5 хувь. Дараа нь хууль хяналтын үйл ажиллагаатай холбоотой шударга ёсны биелэлт хэр байна гэсэн асуудлаар өргөдөл гомдол маш их байгаа. Тэгээд хот байгуулалт, хөдөө аж ахуй гээд янз бүрийн салбараас өргөдөл гомдол ирж буй. Бас 1111 төв дээр ирж байгаа болон УИХ дээр ирж байгаа өргөдөл гомдлын агуулга мэдээж өөр. Нэг нь гүйцэтгэх засаглал. Нөгөөх нь УИХ буюу бодлогын шийдвэр гаргадаг хууль тогтоох үйл ажиллагаа явуулдаг. Үүн дээр хувь хүний асуудал яригдахгүй. Дандаа нийтийн асуудал ашиг сонирхлыг хөнддөг. Эсвэл системийн гажуудал гараад түүнээс болж хувь этгээд иргэн байгууллага аж ахуйн нэгжүүдийн эрх нь зөрчигдсөн саналуудыг авч үзэж байгаа.
-Танай байнгын хороо хэчнээн гишүүнтэй вэ. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах өөр ямар суваг байгаа вэ?
-Байнгын хороо болон дэд хороонд бичгээр ирэх санал хүсэлтүүд бий. Энэ бол нээлттэй байгаа. Цахим, и-мэйл гээд олон арга зам бий. Манай байнгын хороо нийт 25 гишүүнтэй. Бүх намын төлөөлөл оролцсон шинэ байнгын хороо байна. Өргөдлийн байнгын хороо нэг салбар хариуцсан хороо биш. Бүхий л салбарын асуудлууд орж ирдэг учраас бусад байнгын хороодтойгоо нягт ажиллах ёстой гэдгээрээ онцлогтой.
-Ирэх намрын чуулганаар ямар ажил хийхээр бэлдэж байгаа вэ?
-Байнгын хорооны хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг иргэдийн саналыг цуглуулж шийдвэрлэх процессыг илүү сайжруулах ёстой гэж харж байгаа. Өмнөх захирал Золжаргал ч гэсэн энэ талаар санаачилга гаргаад нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Орж ирж байгаа асуудлыг харахаар санал гаргаад олон нийтээс дэмжлэг аваад 300 мянга хүрсэн, хүрээгүй олон санал бий. Эргээд энэ маань ямар түвшинд шийдвэрлэгдэж байна. Байнгын хороонд хэллээ. Байнгын хороо яамдууд руу хэллээ. Яамдууд ямар хариу өгч, ямар шийдэлд хүрэв гэх зүйл өөрөө эргэх холбоотойгоор тэр бүр очихгүй байгаа. Бид эхний ээлжинд үүн дээр сайжруулалт хийхээр ажиллаж байна.
-Танай парламентын хугацаанд стратеги төлөвлөгөө баталсан. Үүнд хүн төвтэй, хүнээ дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ гэсэн. Танай байнгын хороо үүний нэг биелэл болж байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн гэдэг бол угаасаа бидний туйлын зорилго. Парламент өөрөө ард түмний төлөөллийн хувьд иргэдийн дунд тулгамдаж байгаа асуудлыг сонсох нь номер нэг асуудал. Тиймээс парламент нээлттэй, сонгогч нартайгаа эргэх холбоотой ажиллаж, түүнийгээ үр дүнтэй шийдвэрлэх нь хүн төвтэй байхад маш ач холбогдолтой гэж үзэж байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүд, байнгын хороодод өргөдөл гомдол ирэхээр хэн нэгэн рүү цохож явуулдаг. Ингээд шийдвэрлэгддэггүй. Засгийн газар, нийслэл, аймгийн Засаг дарга руу цохдог дамжлагын процесстой болчихсон байсан. Шийдэл нь тодорхойгүй. Цохоод, цохоод живдэг бус үнэхээр системийн чанартай, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг УИХ анхааралдаа авч хянан шалгах үйл ажиллагаа явуулах. Холбогдох байгууллагаас нь мэдээлэл авах. Эсвэл хууль тогтоомжийг үүнд нийцүүлэн өөрчлөхөд хамгийн том гүүр нь болсон бүтэц нь байх зорилготой.
-Та өөрөө Япон, Англид сургууль төгссөн. Өргөдлийн байнгын хороон дээр хувь гишүүнийхээ хувьд хүсч буй зүйл тань биеллээ олоход хэр орйхон байгаа вэ?
-Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ үед бол цахимаар өргөдөл, гомдол авах системийг Англи, Австралид ч Өргөдлийн байнгын хороо нь хариуцдаг. Түүн дээрээ хэлэлцээд цаашлаад байнгын хороо, УИХ дээрээ хэлэлцээд бодлогын мэтгэлцээн явуулах уу, Засгийн газарт явуулаад хариуг нь авч өгөх үү гэдэг энэ шийдвэрээ гаргадаг. Манайх өмнө нь Өргөдлийн байнгын хороогүй учраас тус тус байнгын хороонууд нь хариуцаад явж байсан. Ер нь бол жигдрэх шинэчлэл байсан. Нээлттэй, цахимжсан, иргэдтэйгээ холбоотой байх гүүр нь УИХ-ын цахим платформ. Үүнийг амилуулаад илүү үр дүнтэй болгох нь бидний үүрэг. Монгол Улсын иргэний хувьд өргөдөл гаргаад саналаа өгөөд үүнийг нь УИХ сонсоод боломжтойг шийднэ. Боломжгүйг нь мэтгэлцээн явуулаад нээлттэйгээр иргэддээ хэлдэг байх нь өөрөө бодлогын мөн чанар. Парламент, төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд ч нөлөөтэй гэж бодож байгаа.
-Тэдэн хүний санал ирсэн тохиолдолд гээд тоо заасан байдаг. Тухайн асуудлыг олонхын санал авсан гэдгээр нь авч хэлэлцэж байна уу?
-Хууль өөрөө нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар парламентад хүсэлтээ явуулж байгаа шүү дээ. Энэ бол хэрэгждэг зарчмаараа байгаа. Нэг саналыг тэр бүр авч хэлэлцэнэ гэвэл боломжгүй. Бид нөөц бололцоогоороо хамгийн үр ашигтай зүйлд зарцуулахын тулд хамгийн олон саналд чиглүүлж анхаарлаа хандуулна. Тэгэхээр үүнийг хуульчлаад, судалгаа явуулна. Цаг хугацаа болон нөөц бололцоо угаасаа хязгаарлагдмал байдаг. 100 мянган иргэн нэг саналтай байгаа тохиолдолд заавал байнгын хороогоороо хэлэлцдэг байя. 30 орчим мянга байвал ажлын хэсэг байгуулаад үүнийг нь судлаад мэдээлэл өгөх хууль гаргасан. Үүнийхээ дагуу л явна. Ажиллагаа хий гэдэг дээр та бүхэн анзаарсан бол сүүлийн үед нийгмийн даатгал, татвартай холбоотой асуудал хүн бүрийн амьдралд хамаатай. Хүн бүр үүнд бухимдалтай байгаа. Тиймээс УИХ үүнд анхаарал хандуулж, ажиллахаас өөр арга байхгүй.
-Иргэдийн хувьд засаглалын хэлбэрээ ялгаж салгахгүйгээр, төрөөс гэдэг нэг нэршил өгөөд тэндээсээ нэхдэг, хүсдэг ойлголттой болчихсон. Их хурлын гишүүд бодлогын түвшиндээ шийдвэр гаргадаг гэдэг ойлголт цөөхөн, үүнээс болоод олон өргөдөл овоорчих вий дээ гэдэг хөндлөнгийн зүйл ажиглагдаж байсан л даа?
-Их хурлын Өргөдлийн байнгын хороо хүлээж авах, хэлэлцэх, өргөдөл гомдлын хүрээ хязгаар нь юу байх вэ гэдгийг бид олон нийтдээ сайн таниулах ёстой байх. Гүйцэтгэх засаглал бол хүний эрхийг зөрчиж байна уу, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргадаг учраас 1111 төвөөр дамжуулаад олон өргөдөл ирдэг. Их хурлын Өргөдлийн байнгын хороо бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар бодлогын чанартай холбоотой асуудал дээр төвлөрч байж, эсвэл системийн шинж чанартай хууль хэрэгжилтийн ажиллагаа явахгүй байгаа гэдэг өргөдлүүд байвал Засгийн газартайгаа, орон нутагтайгаа мэдээллийг авч байгаад засаж янзлах зүйл дээр бодлогын шийдвэр гаргана гэсэн үг. Чуулган эхлээд, гишүүд цуглаад байнгын хороон дээр үйл ажиллагаа эхлэх үед таниулах үйл ажиллагааг бид шинэ байнгын хорооны хувьд хийх ёстой.
-Таны хувьд сонгогдоод нэг жил болж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Ямар бэрхшээлтэй тулгарав?
-Цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна. 126 гишүүнтэй парламентын хувьд онцлогтой, шинэлэг, олон намын төлөөлөлтэй, тэр ч утгаараа асуудлыг олон талаас нь хэлэлцэх давуу талтай. Парламент бол засаглалын шинж чанаруудаа харвал гүйцэтгэх засаглалаасаа өөр шинж чанартай. Парламент өөрөө зөвшилцлийн талбар. Олон намын, олон нийтийг төлөөлсөн төлөөлөгч нар зөвшилцөл хийдэг. Харин гүйцэтгэх засаглал шийдвэр гаргадаг. Тэр утгаараа бид хүссэнээрээ яамдуудын сайд нар шиг асуудлаа шийднэ гэдэг шинж чанар байхгүй. Нэг жилийн хугацаанд хуульч хүний хувьд шийдэх асуудлууд нэлээд байсан. Ялангуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль, Иргэний эрхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулахын тулд системийн өөрчлөлт хийхгүй бол иргэдийн эрх зөрчигдөж байна уу, шударга ёс тогтож байна уу гэдэг асуудал тэнд очоод гацдаг. Шүүхэд итгэх итгэлд нөлөөлдөг хүчин зүйл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл байдаг. Үүнийг шинэчлэх ажилд оролцъё гээд хууль маань өргөн баригдсан боловч гишүүн болсон нэг жилээ харахад төсвийг дөрвөн удаа баталлаа. Тэгэхээр бодлогын шинж чанартай асуудал руугаа яаж чиглүүлэх вэ гэдэгт УИХ нэлээд анхаарсан. Хувь гишүүний хувьд УИХ-ын даргын иргэн төвтэй хууль эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан. Мөн тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Энэ хууль өргөн баригдахад дөхөөд, бэлэн болсон байгаа. Мөн нийслэлд ажиллаж байсны хувьд СӨХ-ны тухай хуульд ажиллаад, дундын өмчлөлтэй холбоотой асуудлуудыг иж бүрнээр нь зохицуулсан хуулийн төслүүдийг боловсруулсан. Үүнийг мөн намрын чуулганаар оруулж хэлэлцүүлэх зорилготой байна. Энэ мэт өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон ажлын хэсэгт орж ажиллалаа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ





Зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад цагдаагийн байгууллагад “… буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэц...
5 минутын өмнө
Трамп-Зеленскийн уулзалт 01:15 цагт эхэлнэ
АНУ, Украины төрийн тэргүүн нарын уулзалт Астанагийн цагаар 22:15 цагт /Улаанбаатарын цагаар 19-ний өдрийн 01:15 цагт/ эхэлж, бүтэн ...
5 минутын өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 08 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 86 гомдол, мэдээллийг ш...
30 минутын өмнө
Данжаад дампуурах тусмаа гангардаг…
Орлогоосоо хэт давсан тансаглалыг зунжингаа харлаа. Бай шагналын жишиг хамгийн үнэтэй машин бол жээ. Тэрбум төгрөг бэлэглэх нь ердий...
1 цагийн өмнө
Хэн ч эх орноо тэнэгүүдийн орон байгаасай гэж хүсэхгүй
Дэлхийн хэвлэл мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн турш нэг л үйл явдлыг тойрч шуугилаа. Цэнхэр гаригийн тэргүүлэх хоёр гүрний удирдагч...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

Isabella Cruz
Hey Z7Live1, I’m super excited to play live casino games and place sports bets, but I lost my login info. Can you help me recover it so I can jump in and start winning big? Let’s make today lucky!

дорж
Өргөдлийн байнгын хороо нийгмийн оюун санаанд хамгийн сөрөг нөлөө үзүүлж байгаа, олон түмнийг байнга хагаралдуулдаг, улс төрчийн байтугай иргэн хүний ёс зүйгүй, төрийн нэр хүндийг гутаасан 2 авгай нара мөнхтуяа гэгчид авах арга хэмжээ байхгүй юу ингээд байг уу үндсэн хуулийн нэмэлт алдаа болсон шүү