Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Ж.Түмэн: Тариа хураана гэдэг маш нарийн ажил. Тэр чигээрээ амьд организмтай харьцаж байна гэсэн үг

trend

Админ

img

2025 оны 9 сарын 06

img

79

news-img

ХААТТХ (НҮ.ТББ)-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Ж.Түмэнтэй ярилцлаа.


-Энэ жил гангийн байдлаас үүдэн зарим аймагт тариа намхан, тачир ургаж хураан авах боломжгүй болсон гэх асуудал үүссэн. Намхан ургасан тариаг үнэхээр хурааж авах боломжгүй юу?

-Хурааж авах арга бий. Тариа тачир, намхан ургах явдал үргэлж гардаг. Ихэвчлэн бороо орохгүй, чийггүй үед тариа тачир ургадаг юм. Улаанбуудай ганд тэсвэртэй ургамал учраас амархан үхдэггүй онцлогтой. Халуу шатаж байхад ургаад л байдаг. Гэхдээ хөгжлийн үе шатандаа хэрэгцээтэй чийгээ аваагүйн улмаас өсөж, торниж чадахгүй тачирхан ургадаг сул талтай. Энэ жилийнх шиг үр нь цайраад намхан ургасан тариаг хаддаг тусгай инженерийн аргууд байдаг. Би энэ аргыг анх 1965 онд Масквогийн Хөдөө аж ахуйн академийн инженерийн ангийг төгсөж, Зүүнхараагийн сангийн аж ахуйд инженерээр томилогдоод тэнд хэрэглэж, хэрэгжүүлж байсан юм. Тэр жил ургац их сайн байсан ч тариа налчихаад яагаад ч хадаж болохгүй байлаа. Тэгээд тариагаа хураахын тулд комбайныхаа хөрөөг өөрчилсөн. Энэ жилийнх шиг намхан тачир ургасан, эсвэл налсан тариа хадуурын хөрөөнд орохгүй тариан талбайд их хэмжээгээр хаягддаг. Хөрөөний хувьд доод тал нь газраас 15 см өндөрт тохируулагддаг учраас тачир ургасан тариа түүнд орж хадагдахгүйгээр тариан талбайд үлддэг. Тиймээс хөрөөгөө тариан доогуур орж хадах боломжтой болтол нь доошлуулах хэрэгтэй. Энэ жил нийт нутгийн 46 хувь гантай, гандуу байна. Үүнээс шалтгаалан манай орон үр тарианыхаа дотоодын нийт хэрэгцээний 64 хувийг л хангах боломжтой гэх мэдээлэл бий. Уг нь энэхүү хэрэгцээгээ хангах тачирхан, намхан тариагаа бид бүгдийг нь хураах ёстой. Үүний тулд комбайныхаа хөрөөг өөрчилж чадахгүй бол 64 хувь маань илүү буурна.

Энэ жилийнх шиг намхан ургасан ургацыг яаж хадуурын хөрөөнд оруулах вэ. Тариаланчдад хамгийн их хэрэгтэй байгаа учраас энэхүү аргынхаа талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

– Арвай, овъёос гэх мэт үр тарианы ургамлыг хураах үед тачирхан ургасан иш, зарим түрүү, хадуурын далбааны ялтсууд нь хадуурын тавцан дээр гаргахаас өмнө газарт унаж их хэмжээний хаягдал гардаг. Тиймээс хаягдлаас сэргийлэх зорилгоор хадуурын далбааны ялтсуудад резинэн уртасгуурыг уртын энгээр нь тавьж, далбааг хадах, хөрөөний хэрээ хошуунуудыг шүргэж байхаар тооцоолж, тохируулж тавина. Ингээд резинэн туузууд, хадуурын мушгиа зөөгүүр дээр унасан тачирхан ишийг шүүрдэж хадуурын тавцан дээр гаргах ёстой. Тачирхан, шингэхэн тариаг ангид төвтэй далбаагаар хадахад хэцүү байдаг. Учир нь тармуурын шүднүүд тарианы ишийг самнаж, хөрөөг муу цэвэрлэдэг юм. Мотовило (далбаа)-ны модон далбаагаар тарианы иш хадуурын ар талын салхины хаалтан дээгүүр шидэгдэхээс хамгаалахын тулд хаалтыг нимгэн төмөр ялтсаар болон модон банзаар дээш нь 200-250 мм-ийн өндөртэй болгож, өндөрлөх хэрэгтэй. Хадуурыг доогуур (намхан) хадахад зориулан, тоноглоход хадуурын хэрээ хошууг бэхэлдэг дамнуур булан төмрийг 180 градусаар эргүүлж, булан төмрийн дээд талын тавиурыг доод талд нь гаргаж бэхэлнэ. Ингээд дамнуурын булан төмрийн доод талдаа гарсан тавиурт хэрээ хошуунуудыг боолтоор нь бэхэлнэ. Ингэхэд хөрөөний хадалтын өндөр 50-55 мм-ээр доошилж, тэр хэрээр хаягдал багасна. Комбайнаар шууд хураахад хадагдсан тариа хадах хөрөөний ард шууд овоологдож, мушгиа дамжуулга (шнек)-ын урд овоологддог. Энэ нь тарианы цулыг цайруулах хэсэг рүү, хэсэг, хэсгээрээ тасалдаж ороход хүргэнэ. Хаягдал ч ихэснэ. Иймд хөрөөний ард овоологдоод байгаа тариаг жигд урсгалаар шнекэнд дамжуулж өгөхийн тулд хөрөө, шнекийн хооронд хадуурын шалан дээр нимгэн төмөр, товгордуу ялтас хийж, хөдөлгөөнгүй бэхлэх хэрэгтэй. Үүнийг гагнуураар, эсвэл тавтай хадаасаар хадаж, тогтоож болох юм. Өөр нэг арга нь намхан ургасан тачирхан тариаг, тэр тусмаа налчихсан байвал хос хөрөө хийж, хадалтыг бүр доошлуулж болно. 1985-1987 онд Сэлэнгэ аймгийн аж ахуйн нэгжүүдэд вандуй хураах, налсан тариа хураахад хос хөрөө бүхий хадах хадуурыг СК-5М “НИВА” комбайнд зориулан хийж, 8500 га орчим талбайн вандуйг хадаж, цайруулахад энэ аргыг хэрэглэж байсан билээ. Мөн “Атар-III аян”-ны жилд цасанд дарагдсан, налсан тариаг хадахад бас хэрэглэж байв.

-Саяхан Өвөрхангай аймаг 2000 га талбайгаа мөндөрт цохиулж дахин ашиглах боломжгүй боллоо гэсэн. Мөндөрт цохиулсан тариаг хураан авах боломжгүй гэсэн үг үү?

-Тариа мөндөрт цохиулаад норно бас налдаг. Гол нь тариагаа хөндөхгүйгээр талбайд нь орхиж хатаах хэрэгтэй. Хатахаар нь иш өргөгчтэй нам хаддаг хөрөөгөөр хурааж болно. Би Сэлэнгэ аймгийн Зүүнхараад гавьяат агрономич Б.Доржтой тэр чигтээ цасанд дарагдсан 420 га газраас бүх ургацаа амжилттай хурааж байлаа. Тухайн үед намар орой болж байхад хөрөө орох боломжгүй болтлоо манай тариан талбай цасанд даруулчихсан. Тэгээд би хөрөөгөө жаахан оролдож байгаад нэг шийдвэрт хүрсэн юм. Ерөөсөө цасанд даруулсан тариагаа өвөлжүүлээд хавар цас хайлахаар нь хөрөөгөө оруулъя гэж. Ийнхүү тариагаа өвөлжүүлээд хавар цас ханзраад талбай хатсаны дараа хадаж байсан. Тэр үед будаа жаахан хорчийсныг эс тооцвол бүх ургацаа хураасан. Тэгэхээр мөндөр орсон бол тэр тариаг битгий хөндөөрэй. Наранд хатаад ирэхээр нь хураа. Даанч үүнийг мэдэх хүн ховордоод байна уу даа.

-Яагаад вэ?

-Газар тариалангийн компаниуд хөдөө аж ахуйн инженерүүд авахгүй байгаа юм чинь. Зарим газар тариалангийн компани гэр бүлийн аж ахуй болсон байна. Ихэнх нь урсгал зардлаасаа хамаараад мэргэжлийн инженер, агрономич авдаггүй. Гэвч газар тариалангийн аж ахуйд доод тал нь тусгай дунд мэргэжлийн сургууль төгссөн механик мастер байх ёстой. Ядахдаа ийм хүнтэй байж л ургац хураах асуудал яригдана. Өнөөдөр мэргэжлийн инженер, агрономич, механик мастер байхгүй учраас ургацаа ч хурааж чадахгүй түвшинд хүрсэн байна. Хөдөө аж ахуйд мэргэжлийн хүн байхгүй болчихсон байхад л хөгжиж байна гээд яриад байдаг. Гэвч бодит амьдрал дээр тариагаа ч хурааж сураагүй байна. Туршлагатай комбайнч, инженер, агрономич алга. Залуучууд хөрөөгөө яаж янзлахыг ч мэдэхгүй. Одоогийн газар тариалангийн компаниудыг харахаар захирал нь эхнэртэйгээ комбайн бариад явж байна. Бодит байдал ийм байхад яаж мэргэжлийн түвшинд алдагдалгүй ургац хурааж чадах вэ дээ. Тариа хураана гэдэг чинь өөрөө маш нарийн ажил. Тэр чигээрээ амьд организмтай харьцаж байна гэж ойлгох хэрэгтэй. Нэг ёсондоо манай хөдөө аж ахуйн салбарын муу тал гэвэл ургацаа хурааж чадахгүй байгаа явдал болоод байна.

-Тэгвэл сүүлийн арван жилд манай хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн ямар дэвшил гарав?

-Мэдээж дэвшил бий. Бид дэлхийн 10 гаруй улсын 300-450 морины хүчтэй, цагт 30 км хурдалдаг комбайн, тракторуудыг ашиглаж байна. Энэ бол үнэхээр техникийн дэвшил мөн. Гэвч энэ өндөр хүч, бүтээмжтэй машинуудыг ашиглаж, үр шимийг нь гаргах мэргэжлийн инженер, механикжуулагчид байхгүй учраас эдгээр машинууд сүүлдээ эвдрээд Монгол орны хөдөө аж ахуйн салбар олон улсын техникийн оршуулгын газар болж байна. Дэвшил байгаа ч гэсэн бид ашиглаж чадахгүй байна шүү дээ. Бас нэг асуудал нь өнөөдөр Монгол Улс га-аас улсын дунджаар 15-хан центр авдаг. Заримдаа долоо, наймхан центр авдаг ургац муутай нөхцөлд 300-450 морины хүчтэй, өндөр бүтээмжтэй комбайнаар яах юм. Нэгдүгээрт, техникийн сонголт буруу байна. Ийм хүчин чадалтай техник 1га-аас доод тал нь 40 центр, дээд тал нь 100-150 ценрт тариа авах боломжтой нөхцөлд ажиллахаар зориулагдсан комбайнууд. Харин манайд эдгээр комбайн дизель түлш шатаагаад агаарт утаа болгож л байна. Өөр ямар ч үр дүн алга. Би олон жил хөдөө аж ахуйн үйлдвэр, техниктэй ажилласан хүн. Техник бол малтай адилхан зүйл гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энэ утгаараа ямар ч техник тухайн нутаг орныхоо цаг уур, тарьж буй ургамлынхаа онцлогт тохирсон байх ёстой. Тиймээс бид аль болох өөрсдийн цаг уур, нөхцөл байдалдаа тохируулан техникээ оновчтой сонсгох ёстой. Сайн, хүчтэй, хурдтай гэсэн бүхэн манайд тохирно гэсэн үг биш.

Монгол орны нэг онцлог нь таван жил бороо ороод нэг арван жилд ган болдог юм. Сүүлийн 10 жилд бороо орж хур тунадастай байлаа. Одоо гангийн үе эхлэх магадлал өндөр байна. Гэхдээ чухам газар тариалангийн бүс нутгийн хэдэн хувь нь гантай байхыг би хэлж мэдэхгүй. Ган дандаа давтагддаг учраас тариачид ганг туулсаар ирсэн. Өнөөдөр дэлхийн хэмжээнд буюу ОХУ, Хятад зэрэг улс гантай үед ургац алдахаа больсон. Их бороотой цастай үед бол арга байхгүй ургац алддаг. Гэхдээ ганг аргалж болдог юм. Гантай үед хүнсний ногоо, улаанбуудайгаас ургац авдаг технологи ч бий. Энэхүү Оросын технологийг Монгол оронд туршъя, нэвтрүүлье гэж би Б.Батзориг сайдын үеэс Хүнс, хөдөө аж ахуйн яаманд таван жил санал хүсэлт бичгээр илгээсэн боловч намайг сонсоогүй. Бүр төсөл боловсруулж, турших технологи тоног төхөөрөмжийн сонголтыг нь хүртэл хийж өгсөн.

Б.Лхагвадорж: Тогтвортой ургац хурааж авах техник технологийн цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгтэй

ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн ахлах багш, доктор Б.Лхагвадоржтой ярилцлаа.


-Ихэнх тариаланчид харилцан адилгүй комбайн машин техник хэрэглэж байгаа. Тиймээс аль ч улсад үйлдвэрлэсэн комбайны хадах аппаратыг өөрчилж болох уу. Мөн хурдыг нь яаж тааруулах вэ?

-Үндсэндээ тарианы ямар ч хадуур нэг л үндсэн зарчмаар зохион бүтээгдсэн байдаг. Өөр өөр орны үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн комбайнуудын хадах аппаратыг тэдгээрийн тус бүрийнх нь хийцийн онцлогт тохируулж, өөрчлөн тоноглох хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж, газар дээр нь урлан бүтээж болно. Үүнийг мэргэжлийн инженер, механикжуулагчид хийж чадна. Хийх аргачлал, зураг бүдүүвчийг ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн байгаа. Намхан хадахад зориулж тоноглосон хадуур газарт шаах эрсдэлтэй тул комбайны хадуурын шаахайнуудыг хамгийн доод байрлалд нь оруулж, тохируулгын хэрэгслийг сайтар бэхлэх хэрэгтэй. Хадах үедээ комбайны хадуурыг хоёр шаахайны дээр нь гулсуулж явна.

Шаахайгүй комбайны хадуурыг хамгийн доод байрлалд нь тавьж, шингэний жолоодлогын хөшүүргийг хөдөлгөөнгүй барьж явна. Тачир тариаг хадаж, цайруулахдаа комбайныг нэгдүгээр араагаар нь удаан явуулахаас өөр арга байхгүй. Хурд ердөө л 5.0 км/цаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, комбайн явган яваа хүнтэй зэрэгцэж явна гэсэн үг. Хадуур маш доогуур 5.0-5.5 см өндөрт хадах тул хөрөөнд шороо орж, улмаар шнек, налуу зөөгүүр, доод талын туслах хөдөлгөөнгүй хүрд, сэгсрэх самбар, сүрэлний даруулуудын ажиллагааг хүндрүүлж магадгүй тул тэдгээрт хяналт тавьж, шалгаж байх хэрэгтэй.

-Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой явуулахад юун дээр анхаарах хэрэгтэй байна?

-Дэлхийд уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа энэ үед бид үйлдвэрлэлийн аливаа эрсдэлийг даван туулсны дараа биш, урьтаж арга хэмжээ авч байх ёстой. Аливаа ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж, хэрэгжүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна. Үүний тулд тогтвортой ургац хурааж авах техник технологийн цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ нь салбарын яамны дэргэд “Хөдөө аж ахуйн техник технологийн хүрээлэн”-г шинэчлэн байгуулж ажилд оруулахаас эхэлнэ дээ.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

7 цагийн өмнө

“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

“Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй 7 худагт эхэллээ. Тэмцээнд элит ангилалд Сингапур, Яп...

img

8 цагийн өмнө

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасчээ

Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн ...

img

9 цагийн өмнө

АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам лхагва гарагт мэдэгдэл гаргаж, АНУ-ын Засгийн газар гадаад оюутнууд болон сэтгүүлчдийн визний хуга...

img

10 цагийн өмнө

Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин төр...

img

11 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд